Г.Батхүү гишүүн БХЯ-ны наймаа хөө

2009/11/20
Share |
Хүмүүс: Г Батхүү | 
Г.Батхүү гишүүн БХЯ-ны наймаа хөө

Батлан хамгаалах яамны харьяанд байсан уг БТР-ийг авсныхаа дараа бага биш хугацаанд хүч хөдөлмөр, ур ухаан шингээж байж иргэний зориулалтаар шинэчилсэн байна.

Энэ БТР-ийн ингэж "төрөл арилжих" хууль эрхзүйн үндэс нь  Батлан хамгаалахын сайдын 2001 оны Н/17, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2001 оны 1044-р тушаал. Уг тушаалаар Зэвсэгт хүчний үндсэн хөрөнгийн данснаас хассан хуягт танкийн техникийг улс ардын аж ахуйн зориулалтаар иргэний хэрэгцээнд ашиглах болсон байна. Г.Батхүү гишүүний хувийн энэ унаа өнгө зүсээ засаж 03-07 УБА улсын дугаар зүүчихсэн, автомашин сонирхогчдын хорхойг хүргэхээр унаа болжээ.

Энэ үед БТР 60ПБ хуягт тээвэрлэгч нь бүрэн тоноглолтой бүх жин нь 10 тонн, овор хэмжээ нь 7220 х 2825 х 2055 мм, эргэх чадвар нь R12, 6.96 багтаамжтай 90 морины хүчтэй, Газ 51 маркийн хоёр мотортой, хөтлөгч тэнхлэг 4 гэсэн техникийн үзүүлэлттэй байсан гэдэг. Харин хуягтыг эрхэм гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар хэрхэн өөрчилсөн нь хамгийн их сонирхол татаж байлаа.

Хьюндай маркийн автобусны 240 морины хүчтэй 540 маркийн дизель хөдөлгүүрийг хурдны хайрцгийн хамт тавьж Газ 66 маркийн автомашины туслах коробкийг ашиглаж бүх тэнхлэгт хүч дамжуулах боломжийг хангасан байна. Ингэснээр тухайн автомашины туулах чадвар болон хурдыг нэмэгдүүлж найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Бүх цахилгаан хэрэглэгч болон үүсгүүрүүд тогтмол гүйдлийн байсныг хувьсах гүйдлийн эх үүсвэр хэрэглэгчтэй болгосноор цахилгаан хэрэглэгчдийн найдвартай ажиллагааг хангах болсон. Автомашины өөрийн жинг бууруулах, дотор салоны зайг томсгох, чөлөөтэй үзэгдэх орчинг сайжруулах зорилгоор хуягласан кузовыг авч хаян дизайн загварыг шинэчилж 4 мм-ийн листээр шинээр кузов хийж салхины шил, цонхыг байрлуулсан байна. Авааргүйн шилийг хүрээ нуухны хамт захиалгаар хийж суурилуулжээ. Хянах самбарын хувьд Хьюндай 520 автобусны моторын дагуу хөргөлтийн систем, спидометр, амперметр, бүх горимд ашиглах гэрэлтүүлгийн ба дохиоллын систем, халаалтын хөргөлтийн ба цахилгаан хэрэгслийг залгах, салгах зэрэг хянах хэмжих хэрэгслийг тавьсан байна. Мөн жолооны механизмыг нь гидромеханик дамжуулагчтай болгосон нь жолоодлогыг сайжруулжээ. Хурдны дамжуулгыг хий шингэн хосолсон удирдлагатай болгосон. Заалны халаагчид микроавтобусны салоны халаагч тавьж, хөргөлтийн системийг эйркондейшноор хийсэн. Шаллагаа нь битүүмж сайтай, бүхлээр авч болох хэсгүүдээс бүрдсэн гэнэ.

Салоны доторлогоог нь сонирхвол яг л жип машин дотор байгаа мэт ая тухтай, намбалзаж байв. Урд суудлуудад нь "Бенз" машины халаагууртай суудлууд, хойно нь "Старекс" микро автобусны ор болдог суудлуудыг суурилуулсан нь аялж явахад ихэд тохиромжтой орчин бий болгосон санагдсан. Мөн дээш харвал автомат ажиллагаатай люкийг салоныхоо таазанд суурилуулсан байх аж. Гадаад өнгө үзэмжийг сайжруулах, тээврийн хэрэгсэлд тавигддаг шаардлагыг хангах зорилгоор зэвэрдэггүй ган лист болон никель труба ашиглан урд хойд куперийг хийжээ. Араа, моторны таг нь ч цэвэр үзэмжтэй хийсэн нь илт байлаа.

Г.Батхүү гишүүний санаачлан шинэчилж зориулалтыг нь өөрчилсөн энэ машин нь техникийн шийдлийн хувьд манай улсад анх удаа санаачлан хийгдсэн ажил гэж болно. Үүнээс харвал бид цаашид энэ мэт техник хэрэгслийг зөв зохистой зүйлд шинэчлэн ашиглах боломж нээлттэй байна. Зүс, царайгаа өөрчилсөн энэхүү БТР 60ПБ автомашин нь 4 тэнхлэг, 8 дугуйгаар хүч дамжуулдаг нь Монгол орны нөхцөлд уул даваа, бартаа саадыг туулах чадвараар өндөр үзүүлэлттэй техникийн шийдэл болсон ба тохилог салон, техник хэрэгсэл нь зорчигчийн ая тухтай байдлыг бүрэн хангасан нь мэдрэгдэж байлаа. Үүнийг үзэх далимдаа Г.Батхүү гишүүн энэ унаагаа юунд яаж хэрхэн ашиглах гэж байгааг нь сонирхвол "Юутай ч машинаа өөрийн санаж бодсоноороо ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээсэн техникийн мастеруудын хамтаар шинэчилж чадлаа. Бусад улс оронд иймэрхүү зэвсэглэлийн зориулалттай техникийг энхийн үйлсэд ашиглаж байгаа жишээ олон бий. Тэр жишгийг дагаад улс орондоо хэрэг болсон үед нь ашиглуулахад ч болохгүй юмгүй" гэлээ.

Түүнд "Улаанбаатар Лүнгийн хэцүүдсэн замаар таны унаагаар явбал зүгээр юм биш үү?" гэвэл "Тэр ч харин тийм байж мэднэ шүү" гэсээр явж одов. "Төрөл арилжсан" машинтай танилцсан түүхээ уншигч тантай хуваалцлаа.

TSAG.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.