Х.Наранхүү: Өнөөдрөөр амьдрах биш ирээдүйгээ харж ажилламаар байна

2009/11/21
Share |
Хүмүүс: Халзхүү Наранхүү | 
Х.Наранхүү: Өнөөдрөөр амьдрах биш ирээдүйгээ харж ажилламаар байна

Ашигт малтмал, дэлхийн зах зээлийн хямрал тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй ярилцлаа. Тэрбээр ашигт малтмал хариуцсан салбарын яам удирдаж, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан нэгэн билээ.

-Ашигт малтмалын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн мэдээллийг холбогдох Байнгын хорооны гишүүд сонслоо. Салбар хариуцаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Зах зээлд шинэ нөхцөл байдал үүсэж, хамтарсан Засгийн газар байгуулсан үед Ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль тухайн үеийн нөхцөлд нийцсэн байсан. Зэсийн үнэ 1560-1750 ам. доллар байхад гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд чөлөөтэй хууль гаргасан. Зах зээлд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр уул уурхайн мэргэжлийн компани гэхээсээ илүү зүгээр л мөнгөтэй болох гэсэн, өнөө маргаашийн ашиг бодсон хүмүүс олноор орж ирсэн нь будлианы эхлэл болсон. Нийгэмд ч буруу ойлголт төрүүлээд эхэлсэн байдаг юм.

Эргээд бүтээгдэхүүний үнэ уначхаар өнөө олон хөрөнгө оруулагчид байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, 2006 оны нөхцөл байдал дахиад үүссэн учир Ашигт малтмалын хуулийг өөрчлөх шаардлага байхгүй. Хууль хэрэгжээд удаагүй, үр дүнг нь хараагүй байж яарч болохгүй. Оюу толгой, Таван толгойг цаг алдалгүй бизнесийн эргэлтэд оруулах нь л хамгийн чухал. 2006 оны хуулийг өөрчлөхгүйгээр хуулийн хүрээнд хоёр ордыг ашиглах маш сайн нөхцөлтэй Хөрөнгө оруулалтын гэрээг бэлэн болгох хэрэгтэй. Уян хатан, шуурхай ажиллах боломж Засгийн газарт олгохын тулд УИХ тогтоол гаргах боломжтой. Ашигтай нөхцөл бий болохыг хүлээж цаг алдаж таарахгүй.

-Нөхцөл байдал таагүй ийм үед дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох уу?
-Том хөрөнгө оруулагчид өнөө маргаашийн ашиг боддоггүй. Үйл ажиллагааны ашгаа олон жилээр тооцдог юм. Уул уурхайн салбартаа дэлхийд эхний гуравт ордог "Рио Тинто" зэсээс олох арван жилийнхээ дундаж ашгийг 3000 ам. доллараар тооцсон байж магадгүй л юм.

Хүлээн зөвшөөрөгдсөн том хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нь Монголд ашигтай. Манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой Америкийн том компаниуд байж л байгаа. Улстөрчдөд итгэлцэл бий болж чадвал тулгараад байгаа бэрхшээлийнхээ 70-80 хувийг даваад гарчхаар харагддаг. Хамтарсан Засгийн газар байгуулсан нь хэтэрхий их хөөрцөглөсөн уур амьсгалыг бага багаар намжааж, итгэлцэл төрүүлэх нөхцөл бий болгож  эхэлж байна.

-Зэсийн үнийг 3400 ам. доллараар төсөвт тооцсон. Түүнээс ч доош орох хандлага бий. Энэ талаар танд тооцоо   байдаг уу?

-2001 онд нэг тонн зэсийн жилийн дундаж үнэ 1560 орчим ам.доллар байсан. Дараа жил нь 1580 байснаа 2003 онд 1760 ам. доллар болсон. Одоогийн үнэтэй харьцуулахад хэтэрхий бага байгаа биз. Тэгэхэд "Эрдэнэт" үйлдвэр зургаан сая ам. долларын ашигтай ажиллаж, дөрвөн сая долларыг хоёр тал хувааж авсан. Бид тэр үед тонн зэсийн жилийн дундаж үнэ 2000 ам. доллар хүрээсэй гэж мөрөөдөж байлаа шүү дээ. Тийм учир өнөөдрийн үнэ бага биш юм.
Зэсийн үнэ өсөж ашиг нэмэгдэхээр л манайхан баахан хууль гаргаж өндөр татвар тогтоогоод эхэлсэн. Өндөр татвар үйлдвэрт зардал болж тусдаг. Тэгэхээр зэсийн үнийн 68 хувийн татварыг уян хатан болгох хэрэгтэй. Алтанд ногдуулсан гэнэтийн ашгийн татварын босгыг 850 ам. доллар болгоход л үр дүн нь шууд мэдрэгдэж байгаа.

-Төсөв хүндэрч байгаа нь Засгийн газрын "шүдний өвчин" боллоо. Ашиг олохын хэрээр зардал гаргадаг байсныхаа горыг амсаж эхэллээ гэвэл санал нийлэх үү?
-Улстөрчдийн хариуцлагын асуудал шүү дээ. Улсын эдийн засгийн чадавхаас хэтэрсэн амлалтаар намууд өрсөлддөг нь муу үр дагавар үзүүлж байна. Нэгэнт амласнаасаа буцахад маш хэцүү. Энэ хэрээр төсвийн зарлага тэлсэн нь Засгийн газарт хүндээр тусч байна. Гэхдээ бүр ч мухардалд орчхоогүй. Ордуудад хөрөнгө оруулагчдаас зарим төлбөрийг урьдчилаад авч болно. Олон улсад ийм жишиг байдаг. Нэгэнт хэрэгжээд эхэлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг хасаж болохгүй, бас нэмээд ч хэрэггүй. Илүү гарсан орлогоо хөрөнгө оруулалтад чиглүүлэх нь ашигтай. Дандаа "тансаглаад" байж таарахгүй учраас нэг хэсэгтээ бүсээ чангалах хэрэгтэй болох л байх.

-Зэсийн үнэ өндөр байх үед "Эрдэнэт"-ийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр байгуулчихгүй яав гэсэн харамсал Танд төрдөг байх?
-Төрөлгүй яах вэ. Гэнэтийн ашгийн татварын нэг жилийн татварын орлогоор зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломжтой байсан гэж харамсдаг. Өмнө нь ярьдаг байсан. Хоёр ч төсөл бий. "Эрдэнэт" үйлдвэр хамтарсан хөрөнгө оруулалттай учир удирдлагын нүсэр зохион байгуулалттай. Төсөл хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын 7-8 яамнаас санал авах болдог. Оросын талын саналыг авах гэсээр байтал сонгууль болж хүмүүс нь өөрчлөгддөг. Тэдэнд асуудлаа танилцуулах гэсээр байтал манайд сонгууль болж бүх зүйл өөрөөр эргэдэг гэх зэрэг олон бэрхшээл үүсдэг.
Зориглоод хийчих юм бол үр ашгаа амархан өгнө. Зэс хайлуулах үйлдвэр байгуулчихвал түүнийг дагасан олон ажлын байр бий болж, татвар төлөгчид нэмэгдэнэ. Зэс хайлуулдаг "Эрдмин" үйлдвэрийн жишээ байна. Зэс утас үйлдвэрлэх нь баяжмал гаргаснаас 2-3 дахин ашигтай ажилладаг гэсэн. Технологийн боловсруулах дамжлага нэг шаг ахихад л   түүнд түшиглэсэн боловсруулах үйлвэрлэл 2-3 дахин өсдөг. “Эрдэнэт” үйлдвэр 120 мянган тонн металл баяжмал хэлбэрээр гаргадаг. Боловсруулаагүй болохоор бараг 600 мянган тонн болчихдог юм. хэрвээ120 мянган тонн зэсийн баяжмалыг эцсийн бүтээгдэхүүн болгочихвол түүнийг дагасан олон үйлдвэр Монголд байгуулагдана.

-Өнөөдрийн бэрхшээлийг түргэхэн шиг даваад зэс хайлуулах үйлдвэр байгуулах эрмэлзэл төр засагт байгаа болов уу?
- Хоёр тал энэ тухай олон удаа ярьсан. Зэс хайлуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй гэдгийг аль аль нь ойлгосон. Хоёр төсөл бий. Түүнээс сонголтоо хийх л үлдсэн. Ирэх жил гэхэд шийдвэр гарах байх гэж найдаж байгаа.

-Оюу толгой,  Таван  толгойд төрийн оролцоо хэдэн хувьтай байх тухай асуудал улстөрчдийн хэрүүлийн нэг сэдэв болдог. "Эрдэнэт" үйлдвэрийг анх байгуулж байсан хөрөнгө оруулалтын гэрээ бэлэн туршлага болж чадах уу. Анх 50:50 байсан харьцаа тодорхой хугацааны дараа 51:49 болж Монголд ашигтай болсон шүү дээ?
-51 хувиас доошгүй байх ёстой гээд сонгуулийн үеэр ярьсан л даа. Одоо энэ тухай ярих боломж багаслаа. Төрийн оролцоо 34 хувь байна гэдгээрээ анх тохироод тодорхой хугацааны дараа Монголын тал 51 болно шүү гэж ярих нь зөв байх. Ажлын хэсэг ч ийм саналтай байгаа. Бүхнийг өнөөдрөөр харж боломгүй. Хөрөнгө манай улсын нутагт орж ирэх учраас давуу тал бидэнд үлдэнэ. Хөрөнгө оруулагч орж ирээгүй байхад хувь оролцооны тухай ярих хэрэггүй юм. Том хөрөнгө оруулагчид хэдхэн сар болоод буцаад гарчихна гэж байхгүй. Аажуухан явсан нь илүү ашигтай байх болно. Ирээдүйгээ харсан бодлого дутаад байна. Тэгж чадвал тав, арван жилийн дараа өнөөгийн Эрдэнэт шиг олон хот байгуулагдсан байх болно. Ирээдүйгээ харах нь чухал. Энэ хямралаас бид том сургамж авч, дүгнэлт хийх хэрэгтэй. Сайн үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес бий болгож чадах юм бол хямралд тэр бүр өртөөд байхгүй шүү дээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.