Х.Наранхүү: Азаар "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмч учраас хямралаас хамгаалагдсан

2009/11/21
Share |
Хүмүүс: Халзхүү Наранхүү | 
Х.Наранхүү: Азаар

Арваадхан хоногийн дараа Хөрөнгө оруулалтын гэрээ бэлэн болж, монголчууд гаднынхантай баялгаа хуваах хувиа тохирохоор болсон. Засгийн газраас уг гэрээний төслийг бэлтгэж байгаа. Сонсоод «цус харвахаар» айхавтар хурц шийд эндээс гарахгүй ч бидний ирээдүй, хувь заяатай салшгүй холбоотой энэ гэрээний талаар эдийн засагчийн үгийг сонсох нь зүйтэй болов уу.

Тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Үйлдвэр худалааны яамны сайд гээд хариуцлагтай албыг хашиж байсан УИХ-ын гишүүн Х.Наранхүүг "өглөөний зочин"-оор урьж ярилцлаа

-Тавантолгой, Оюутолгой  ордуудыг ашиглах хөрөнгө  оруулалтын гэрээг Засгийн  газар ирэх хоёрдугаар сарын нэгний дотор оруулж ирэх ёстой. Гэрээнд заасан  Монголын талын эзэмших хувийн талаар дахиад л маргаж эхэллээ. Энэ гэрээнээс монголчууд ихийг хүлээж байгаа?
-Бид   дотроо   маргах нэг хэрэг. Гадаад нөхцөл байдлаа сайн мэдэж байж маргах хэрэгтэй. Хамгийн гол нь жилийн өмнөх байдал өнөөдрийнхөөс эрс тэс ялгаатай. Үүнд хямрал нөлөөлж байна. Дээр нь түүхий эдийн зах зээлийн үнэ 6-8 жилд хэлбэлздэг онцлогтой. Гэтэл өнөөдөр эрэлт хэрэгцээ буурчихсан байдаг. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчдаас хүсэн хүлээж байсан хариугаа авна гэж итгэхэд бэрх. Хэрэв тэр үед гэрээг байгуулж чадсан бол тухайн үедээ хамгийн «муугаар» тохирсон ч өнөөдрийн хувьд хамгийн сайн тохироо болох байлаа. Харамсалтай нь бид улстөржөөд, бие биеэ сайн, муугаар хэлсээр олигтой шийдвэр гаргаж чадсангүй. Өнөөдрийн тохироо мэдээж тэр үеийнхээс хамаагүй муу тохироо болж таарна. Тэглээ гээд хийхгүй байж болохгүй.

Яагаад?
-Хямралаас гарах үед л түүхий эд маань хэрэг болно. Тэгэхэд бид үйлдвэрээ босгоод, боловсон хүчнээ бэлдэж, дэд бүтцээ барьж байгуулсан байх хэрэгтэй.

-Гадны шинжээчид, хөрөнгө оруулагчид энэ мөчид ямар байр суурьтай байгаа бол? Хамтарсан байгууллагыг толгойлж байсны хувьд танд ямар таамаглал байна?
-Би тэдний байр суурийг сайн мэдэхгүй ч нэг л юмыг баттай хэлж чадна. Жил, хагас жилийн өмнөхтэй харь-цуулахад байдал хамаагүй муудсан. Тэр их өндөр үнэтэй үед зарим татвар, төлбөрөө урьдчилаад өгчихье гэсэн компани байсан бол одоо ийм зүйл хүлээхийн ч хэрэггүй. Нөгөөтэйгүүр Монголын тал мөнгөгүй ч гэсэн оролцъё гэж байна. Жилийн өмнө уг төслийг авахын тулд «зөвшөөрье» гэж байсан бол өнөөдөр тэгэхгүй. Төсөлд оролцъё гэвэл мөнгөө оруулах ёстойг хатуу шаардана.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах боломжтой юу?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байж болно. Гэхдээ энэ гэрээ өөрөө хяналтын нарийн механизмтай байх ёстой. Энэ гэрээний нэг онцлог нь хэдийгээр хоёр тал бүтээгдэхүүнээ, эсвэл ашгаа тохирсон хувь хэмжээгээр хуваадаг ч компанийн зардал ямар гарав гэдгийг нарийн хянах шаардлагатай. Бид тэгж нарийн хянаж чадах уу гэдэг өөр хэрэг.

-Энэ гэрээнээс болж маргаан үүсэх тохиолдол хэр их байдаг вэ? Яаж зохицуулбал хамгийн шударга болох вэ?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээг олон улсын практикт үндсэндээ газрын тос, очир алмаз зэрэг цөөн хэдэн түүхий эдийн олборлолт дээр л хэрэглэдэг. Уул уурхайд өргөн хэрэглэдэг практик байхгүй.

-Дэлхийд цуутай олон компани хямралаас болж хаалгаа барьж, орон тоогоо цомхотгоход хүрлээ. Монголчуудыг тэтгэгч «Эрдэнэт» үйлдвэрийн хувьд байдал ямар байна? Та удирдаж байсны хувьд ийм байдалд хүрэхгүй гэж хэлж чадах уу?
-Эрдэнэт үйлдвэр «азаар» төрийн өмчид байна. Тиймээс төр зохицуулах боломжтой. Төрийн зохицуулалттай эдийн засаг өнөөгийн нөхцөлд хожиж байна. Орос, Хятадад ч адилхан. Хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн гэж шүүмжлүүлдэг энэ зохицуулалт өнөөдөр аминд орж байна.

-Яаж?
-Наад зах нь хувийн ба төрийн байгууллагуудад орон тоо цомхотгох, ажилтнуудыг эмх замбараагүй, бөөнөөр нь ажлаас халахыг хориглосон. Бүр зайлшгүй халахад хүрвэл бүтэн жилийн цалинг өгч халах шийдвэр гаргалаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд сайн, муу аль ч үед ажилтнуудаа халдаггүй. Хямралаас гарах арга нь тэр биш. Цалин багасгах, эргэж харах тохиолдол гарч болно. Үндсэн цалинг хасахаа байг гэхэд нэмэгдэл, урамшуулал буурч, өөрчлөгдөх шаардлага гарч таарна.

-Эрдэнэт үйлдвэр хэр өртэй байна?
-Хямралын үед голдуу ийм байдалд орчхоод байдаг юм. Өмнө нь зэс өндөр үнэтэй байхад өгч байсан татвар, төлбөрөө он дамжин төлдөг. Бүр 3-4 жилээр ч цувуулж өгч байсан түүхтэй. Энэ удаа ч тийм л юм болох байх.

-Энэ нь өрийн сүлжээ үүсгээд байдаг байх, тийм үү? Өнөөдрийн байдлаар цахилгаан станц, уурхай гээд Эрдэнэтээс үүдэлтэй өрийн сүлжээ үүсээд байгаа «муу мэдээ» дуулдах боллоо.
-Зарим жилд, байдал хүн-дэрсэн үед цахилгааны төлбөрөө саатуулсан тохиолдол гарч байсан. Жишээ нь 2001, 2002 онд зургаахан тэрбум ам.долларын ашигтай гарч байсан. Бараг ашиггүйтэй адил. Мөнгө нь 2-3 сарын наанатай цаанатай орж ирнэ, хүлээгдэнэ. Тэр үед цахилгаан станцынхан эрчим хүчээ өгч чадахгүй байдал хүндрэх тохиолдол бишгүй л гарч байсан. Тэгэхээр манайхан хэтэрхий ойрхноор сэтгээд, цахилгаанаа хаачихдаг. Цахилгаан хааж, үйлдвэрийг зогсоолоо гээд дараагийн орж ирэх мөнгө л улам оройтно уу гэхээс байдал сайжрахгүй шүү дээ. Иймэрхүү байдлаар бие биенийхээ онцлогийг харгалзаж, зөв зохицуулалт хийх хэрэгтэй.

-Ашигт малтмалын ханшийн мэдээтэй байнга холбоотой ажилладгийн хувьд ойрын үед зэсийн үнийн талаар ямар таамаглал дэвшүүлж болохоор байна. Нааштай байдал харагдаж байна уу?
-Зэсийн үнэ эргээд 3000 гаруй ам.долларт хүрч байгаа нь сайны тэмдэг. Хятадад зэсийн эрэлт нэмэгдэх, бас нөөцөлж магадгүй гэх мэт шинэ мэдээллүүд ирсээр байна. Хэд хэдэн банкны дундаж прогнозоор бидний төсөвтөө суулгасан 3400 ам.доллар орчимд оччих болов уу гэсэн найдлага төрж байна. Тэгвэл байдал тэгтлээ хүндрэхгүй.

-Газрын тосны үнийн талаар ОХУ, Украин тохиролцоонд хүрчихлээ. Үнэ 41 ам.доллар хүртлээ буурсан ч эргээд 45 болж өслөө. Энэ нөхцөлд Монгол Улс шатахууны онцгой албан татварыг нэмэх эсэх дээр маргаж байна. Таны бодлоор?
-Шатахуун нийт хэрэглээгээр аваад үзэхэд дэл-хийн хэмжээнд 20-30 жилийн нөөцтэй байна. Ийм хязгаарлагдмал нөөцтэй, онцгой түүхий эд учраас хямд байгаа нь ердийн үзэгдэл биш. Маш богино хугацаанд хямд байна. Эргээд өсөх магадлал өндөр. Дээр нь улирлын онцлог бий. Өвөлдөө жаахан хямдраад, хавар эргээд өсдөг. Монгол шиг өөрөө ганц ч литр бензин үйлдвэрлэдэггүй орны хувьд шатахуун үнэтэй байх нь зөв.

-Яагаад? Таныг ингэж хэлэхээр олон хүн эсэргүүцэх байх?
-Зөв гэдэг нь хоёр талтай. Нэгдүгээрт, өөрсдөө үйлдвэрлэдэггүй болохоор энэ үнэтэй чухал юмыг арвилж хэмнэж сурах хэрэгтэй. Хоёрдугаарт боломжийн чинээлэг хүмүүст бензиний үнэ 1300 төгрөг байна уу, 1500 төгрөг байна уу гэдэг нэг их чухал биш. Гэтэл нөгөө хэсэгт нь хоногийн хоолтой холбоотой. Түүнээс гадна нийтийн тээвэр улсаас татаастай байх хэрэгтэй. Үүний тулд зах зээлийн үнэ өндөр байж, тэр хэмжээгээр улс татвар аваад энэ татвараасаа нийтийн тээвэрт татаас болгон өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шатахууны үнэ тэртээ тэргүй буурна. Буурахдаа нэг хэсэг нь татвар руу явчхаж байгаа хэрэг юм. Үүгээр нийгмийн бусад асуудлыг шийдэж болох юм гэдгийг зөв ойлгоорой.

-Та хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах санаачилга гаргасан. Энэ санаа яг одоо хэрэгжвэл мөн ч их хэрэгтэй байхсан. Таны санаачилсан энэхүү төсөл ямар шатанд явна?
-Судалгааг бага багаар хийж байна. Хөрөнгө оруулагчид бензин шатахууны үнэ буурсантай холбоотойгоор түлшний бүх төрлийн хөрөнгө оруулалтаа зогсоосон. Судалгаа ч хөрөнгө оруулалтын нэг хэсэг байдаг.

-Ямар орнууд хөрөнгө оруулахаар болсон бэ?
-Германууд техник технологи сайтай, бас Хятадын зах зээлийг их сонирхож байгаа болохоор уг төсөлд нэлээд ач холбогдол өгч байна. Ямар ч байсан уг төсөл бүр зогсохгүй нь үнэн. Нэгэнт дэлхийн хэмжээнд нефтийн нөөц багасаж байгаа учраас зардаг, авдаг компаниуд наашаа анхаарал хандуулна. Хямрал гарцаагүй нөлөөлснөөс болоод ойрын үед хүлээх хэрэгтэй болоод байна.

-Манай улс газрын тос олборлоод, улсын төсөвт тодорхой хэмжээгээр орлого оруулах боллоо. Үүнийг цаа-шид хөгжүүлэх, ашгийг нэмэгдүүлэхэд юуг анхаарах вэ?
-Энэ боломж харин хэвээрээ байна. Яагаад гэвэл Хятадын тал угаасаа нефтийн үнэ өссөн ч, буурсан ч экспортлогч орон. Өөрийнх нь үйлдвэрлэдэг газрын тос хүрэлцэхгүй. Тиймээс манайд хайгуулаа өргөжүүлэх сонирхол нь хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ ажил үргэлжилж байгаа,, харин ч түүхий эдийн үнэ; буурч байгаа учраас хөрөнгө оруулалт хийх зардал багасах төлөвтэй байна.

-Төрийн дээд хэмжээний, айлчлалын үеэр бараг улс орон бүр манай ашигт малт-малыг сонирхож байгаагаа'' илэрхийлэх боллоо. Үүнийг манай зарим хүмүүс руу ойлгоод, нэг их баян орон болчхож, үүнийгээ харамлах, гамнах, «үнэд орох хэрэгтэй» гэж ярьж, байна. Бид үүнийг ямар түвшинд, хэрхэн ойлгох ёстой вэ?
-Жишээ нь Японыг хар. даа. Япон улс дэлхийн аль болох олон орноос бүтээгдэхүүн, түүхий эд авахыг боддог. Саяхан л гэхэд Ойрхи Дорнодод Израиль Палестины хооронд дайн үүсэхэд тэр" хавийн тээвэр холбооны асуудал зогсож байна. Тэндээс тээвэрлэж авчирч байгаа. Ойрхи Дорнодын газрын тос хомсдож эхэллээ. Аюулгүй байдлын бодлого талаасаа ийм. Нөгөөтэйгүүр тухайн түүхий эдийн чанарын асуудлаас. шалтгаалдаг. Тухайн орны бодлогын асуудал гэх зэрэг шалтгаанаар аль болох олон эх үүсвэртэй байхыг боддог. Монголд сайн тал гэхээсээ сөрөг тал нь давамгайлдаг. Сайн тал нь ердөө л Япон, Солонгост ойрхон. Мөн манай түүхий эд харьцангуй бага судлагдаж, ашиглагдсан учраас ашиглахад өртөг багатай, олборлолт сайтай. Сөрөг тал нь гэвэл дэд бүтцийн хөгжил муу, үүнд асар их зардал шаардагдана. Далайд гарцгүй. Үүнээс гадна Засгийн газар нь байр сууриа олигтой тодорхой гаргаад өгчихдөггүй. Бид улс төр гэж гоё үг хэрэглээд байгаа юм. Үнэндээ зохион байгуулалт муутай болоод л тэр гэж би хэлнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.