Ц.Мянганбаяр покер тоглож, Б.Наранхүү төрийн ордноор сэлгүүцэж явна

2009/11/24
Share |
Хүмүүс: Б Наранхүү | 
Ц.Мянганбаяр покер тоглож, Б.Наранхүү төрийн ордноор сэлгүүцэж явна

Өнгөрсөн оны дундуур “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр ба түүний  нөхөд “Зоос” банкнаас  60 орчим тэрбум төгрөг зээлжээ. Гэвч зээлдэгчид авсан өдөр байхад төлөх өдөр байдаг гэдгийг мартсанаас тус банк дампуурлаа. Одоо “Зоос” төрийн мэдлийнх болох нь тодорхой болов. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлээ хэрхэн цуглуулах бол, хэдэн арван тэрбумын барьцаанд байгаа “Монгол газар”-ын Олон овоотын уурхайн лицензийг төр авах уу. Зүв зүгээр мөрөөрөө ажиллаж байсан банкны “амыг барьсан” Ц.Мянганбаяртай хэн хариуцлага тооцох вэ. “Зоос”-ыг төр эзэмшилдээ авсны дараа зогсолтгүй эргэх болов уу гэсэн олон асуулт хариу нэхэж байна.

Ц.Мянганбаяр гэдэг хүнийг монголчууд бизнесийн салбарт хүч үзэж яваа нэгэн гэхээсээ илүү өөрөөсөө үе мултарсан охидыг сонирхдог, байсхийгээд л урлаг соёлын залуу хүүхнүүдтэй нэр холбогддог гэдгээр нь мэднэ. Сонин хэвлэлийн хуудас, интернэтийн сайтад Ц.Мянганбаяртай холбоотой арвин мэдээлэл байгаагийн олонх нь түүний хайр дурлалын түүх. Хувь хүний хувьд Ц.Мянганбаярын хэнд дурлах, хэнтэй гэрлэх,  салах нь нийгэмд хамаагүй гэж бодъё. Тэгвэл  “нялх” амрагуудаа Сингапурт зугаацуулж, салсан эхнэр, хүүхдэдээ тансаг байр, сүүлийн үеийн загварын үнэтэй машин ёс мэт худалдан авч өгсний горыг монголын төр, татвар төлөгч, хадгаламж эзэмшигчид яагаад үүрэг ёстой юм бэ.  Мэдээж, тэр их мөнгө тэнгэрээс бууж ирээгүй, Ц.Мянганбаяр хөрөнгөө барьцаалж банкнаас зээлдэг. Зөвхөн “Зоос” банкнаас гэхэд л “Монгол газар” компанийнхаа нэр дээр  60 тэрбум төгрөг зээлсэн бол “Анод” банкны зээлдэгчдийн жагсаалтыг  авсан зээлийнхээ хэмжээгээр тэргүүлж байгаа юм.

Ц.Мянганбаяртай адил банк дампууруулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Мон Уран”-ы захирал Б.Наранхүү. Нэг л их морь ярьсан, уралдуулсан  залуу гэнэтхэн л “Алтжин”-тай дөрөө харшуулан гарч ирээд бийлэгжүү загнасаар Монголын бизнесийн ертөнцөд орж ирсэн. Морины хорхойтон гэхээс илүү газрын наймаачин гэсэн тодотгол түүнийг дагалддаг. Улаанбаатар хотод байршил сайтай, аятайхан газар болгоныг үнэ хүргэн зарсны үрээр Б.Наранхүү овоо хөрөнгөжсөн гэдэг.  “Нийслэлд хамгийн сайхан, орчин үеийн тохилог зах барьж байгуулна, нэр нь хүртэл “Дүнжингарав”,  хэн ч сонсоогүй содон” гэж олныг шуугиулсан.

Өнөөдөр аль хэдийнэ ашиглалтад орох ёстой “Дүнжингарав”-ын барилга гэх улбар шар өнгө  хос-луулсан төмөр бетон цутгамал хотын үзэмжийг гутаан навсайж буй. Ичих булчирхайгүй захирал нь “Анод”, “Зоос”  банкийг дампууруулахад багагүй хувь нэмэр оруулчихаад юу ч болоогүй мэт инээд алдан сэлгүүцэж, тэр бүү хэл экс Ерөнхийлөгч Н.Багабандитай хөтөлцөх шахам  Төрийн ордноор зугаалж, гишүүдийн өрөөгөөр хэсч  явсан тухай  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Амраг хүүхнүүдээ  эрхлүүлэх гэж хоёр банк дампууруулж бэлэг барьсан  Ц.Мянганбаяр “Кёкюүшү цамхаг”-т покер тоглосон шигээ хээвнэг сууж байгааг ч зарим сайтад  мэдээлжээ. Монголоос олимпийн аварга төрөхөд Б.Наранхүү нэг сая доллараар шагнана гэж сүржигнэж байсан бол Ц.Мянганбаяр таван кг алт өгнө гэж олныг алмайруулж байлаа. Үнэхээр өгөх юм болов уу  гэтэл тэр нь бизнесийнхээ нэр хүндийг өсгөх гэсэн явуургүй арга байснаас өгөөмөр сэтгэл  гаргасан нь  үгүй.

Банк дампууруулчихаад худал амлан бизнесээ сурталчилж, тэр бүү хэл төрийн ордноор сэлгүүцэж яваа Б.Наранхүү, санаа зовох юмгүй покер тоглож байгаа Ц.Мянганбаяр нарт  өнөөдөр хэн хариуцлага тооцох вэ. Яагаад өдий болтол хэн ч юу ч хэлэхгүй байна. Өрөө нэхэж,  тайлбарыг нь сонсч яагаад болохгүй гэж. Монголын төр  тэдний өмнө  яагаад хүлцэнгүй дуулгавартай, хэлгүй юм шиг  чимээгүй байна вэ.  Тэд хэний хамгаалалтад байна вэ гээд олон асуулт тавигдаж байгаа юм.  Жирийн иргэн банкнаас ганцхан сая төгрөг зээлээд  төлөөгүй бол өдийд дээлээ нөмөрчихсөн “Ганц худаг” руу ачигдах нь тодорхой. Гэтэл хоёр ч банк дампууруулсан хүмүүст хариуцлага тооцсонгүй, хэн нэгэн эрх мэдэлтэн ямар нэгэн байдлаар хамгаалсаар байна. Тиймээс өнөөдөр дампуурсан банкийг төр мэдэлдээ авлаа, авах авахдаа  “Хадгаламж банк”-ны 14 тэрбумын өртэй хэвээр нь худалдсан шиг өртэй чигээр нь  авч байгаа юм. Банк төрийн мэдэлд очно гэдэг улс төр шууд оролцоно гэсэн үг. МАХН, АН хамтран засаг барьж байгаа үед банкны удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүдийг хоёр намаас томилно. Томилсон хүн нь зээл авья гэхэд банкны удирдлагууд  үгүй гэж чадахгүй. Ийм байдлаар “ХОТШ”, “Сэргээн босголт”, “Ард даатгал” банкийг  дампууруулсан гашуун баримт бий. “Анод”-ын хувь заяаг шийдэхэд Монголбанк  хувийн компанид эрсдлийг  үүрүүлээд төрөөс тодорхой хэмжээний мөнгө гарган байршуулж, үйл ажиллагаа нь хэвийн болоход буцаан татах хувилбарыг дэвшүүлж байв. Банк, санхүүгийн салбарт хамгийн тохиромжтой хувилбарыг сонгосон мөртлөө энэ алхмаасаа ухарч, төрийн мэдэлд авч байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. 

Ц.Мянганбаяр, Б.Наранхүү нарын толгойг илэх ямар нэгэн учир шалтгаан төрийн томчуул, банк санхүүгийн олигархиудад байдаг юм биш биз. Сэтгүүлч хардах эрхтэй байдаг хойно хардахгүй байж  болохгүй нь. Жирийн иргэн Дорж, Дондог хэн ч бай банкнаас зээл авчихаад төлөөгүй бол ямар ч өчиггүйгээр хурааж хуримтлуулсан жаахан хөрөнгө, орон байр, эд хогшлыг нь шүүхийн шийдвэрийн-хэн хураахыг нь хураагаад, лацдахыг нь лацдаж орхидог. Тэдний зээл чанаргүй гэсэн үзүүлэлтэд яасан ч орохгүй. Өөрөөр хэлбэл, төр зээлээс нь нэг төгрөг ч  төлөхгүй.

Тэгвэл Ц.Мянганбаяр, Б.Наранхүү хоёрыг яагаад Монголын төр эрхлүүлээд байна вэ гэсэн асуулт дахин, дахин хариу нэхнэ. Зах зээл, банк, санхүүгийн хууль яагаад тэдэнд үйлчлэхгүй байна вэ. Хэрэв банкнаас хэдэн арван тэрбумаар зээлээд, жаргаж цэнгээд дуусгачихаж болдог юм бол хэдүүлээ нийлээд тэр зээлээс нь хүртье. Төлөх хугацаа болмогц луу унжиж төрөөр төлүүлье. Монгол Улсын иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй биз дээ.

Монголбанк 2009 оны   Монголын хамгийн зоригтой байгууллагаар тодорч магадгүй. Хувийн банкны эрсдлийг нуруундаа үүрээд зүтгэхээр шийдэв. “Жаст” группынхны ачаанаас нь үүрэлцье гэсэн саналыг хүлээж авсангүй. Уг нь “Жаст” төрөөс дэмжлэг аваад “Зоос”-ыг үүрээд явъя, хөл дээрээ зогссоныхоо дараа төрийн  мөнгийг буцааж төлье гэсэн санал тавьсан. Үүнийг Монголбанк тоосон-гүй, ачаа үүрэх нь таалагдав бололтой.

Төр хамгийн муу менежер гэдэг. Гэтэл тэрүүгээр явсан гайг өөр дээрээ дуудчихлаа даа. Хэзээ нэгэн цагт өмнөхөөс дор байдал үүсэхэд яах гэж Ц.Мянганбаяр, Б.Наранхүү хоёрт саймширч, энэ банкны ачааг үүрэв дээ гэж үгээ барж, үсээ зулгаах ч юм бил үү, хэн мэдлээ. Шуудхан хэлэхэд хоёрын хоёр банк дампууруулсан этгээдүүдээс ял асууж, шүүхэд шилжүүлэх хуультай бус уу. Эс тэгвэл “Өн-гөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр амаа барьж ч мэдэх юм шүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.