ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙГ ЧӨДӨРЛӨН ДӨРӨӨЛӨХ АРГА ЯДСАН УЛС ТӨР

2009/11/24
Share |
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙГ ЧӨДӨРЛӨН ДӨРӨӨЛӨХ АРГА ЯДСАН УЛС ТӨР

МАХН-ын Бага хурлын өмнөх цаас, цахим, аудио, видео мэдээллийн дайн өрнөж байна. Ажлаа өгснөөс хойш ам хамхиатай байсан С.Баярын мянга нэгэн шөнийн үлгэр шиг урт ярилцлага ч Бага хурлын өмнөх галын бэлтгэлд тооцогдоно. МАХН-ын Бага хурал Ерөнхий сайдаар томилогдсон Сү.Батболд, Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон Б.Мөнхбаатарыг Удирдах зөвлөлд баг-таах нь ёслолын чанартай зүйл. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, хэн ямар хариуц-лага хүлээх вэ гэсэн шүдний өвчин намдахгүй байна. Гэвч ялагдсан биш ялсан сонгуулийн дүнгээр ял асуух сонирхол ний нуугүй цухалзлаа.  

Авлигын торгуулийн батальон араасаа жагсаасан “Атрын III аян”-аар чимж гоёсон, хувь хүний зовлон жаргалаа тоочиж хүүрнэсэн С.Баярын ярилцлагын гол цөм нь УИХ-ын нэг товчлуурыг төрийн тэргүүний суудлаар сольж, бэрс алдаж, хүү хожсон улс төрийн ашиггүй наймаа, өдий хүртэл албан ёсоор ярьж хэлэлцэгдээгүй үнэр орж, үнэн нь холдсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагаас урьтаад мултрахад чиглэгджээ. “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, нам хоёул адил тэнцүү, тавь тавин хувийн хариуцлага хүлээнэ” гэж халуун зунаар хэлж байсан С.Баяр хүйтэн өвөл эхлэхэд энэ байр сууринаасаа ухарчээ. Хариуцлагын ихийг нэр дэвшигч, багыг нь намын дарга хүлээх ёстой гэж мэтгэсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хариуцлагаа гарсан дүнгээр нь хүлээчихсэн. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг өөр юугаа хүлээх ёстой вэ? С.Данзан, Д.Бодоо, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхөө матсан, хөөсөн, мартсан муулсан “Бо намын түүх”-ийг давтах хүсэл илрэв үү?    

Сонгуульд ялагдсан бол намын дарга огцорч хариуцлага хүлээдэг бичигдсэн дүрэм, бичигдээгүй хууль бий. МАХН нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан, баруун жигүүрийн бөхийг засч тордсон гэдэг нь бүрэн утгаараа ташаарал байж мэднэ. Идэвх багатай, итгэл муутай ажилласан нь ийм ярианы үндэс болсон. УИХ-ын 2008 оны сонгуулиар сөхөрч унатлаа 21 аймгаар ажилласнаа ярьж байгаа С.Баяр Ерөнхийлөгчийн суудлын кампанийн үеэр ганцхан Хөвсгөлд очоод томилолтын маршрутаа зогсоосон билээ. “Хамтарч ажиллахад дөхөмтэй хүн сонгогдоосой билээ” гэсэн нэр цохоогүй, нээлт-тэй дэмжээгүй битүү үг өөрөө эргэлзээ тээнэгэлзэл дагуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар тавин хувьтай нэр дэвшигч нь хоцорсон бол 24 дүгээр тойрогт хоёр хувьтай нөхрийг адууны мах, хорин мянгатаар зэвсэглэж байгаад илүү санал авсан нь өдөр, шөнө шиг ялгаа. З.Алтай гишүүний жолоо-чийг ээжтэй нь хорьтын дэвсгэртээр мялааж, санал хураах байр өөд зөөж, түүний тооцоогоор 800 саяыг тарааж байгаад ялъя гэвэл болдог юм билээ. Ялах магадлал, танигдсан байдал, намын анхан дунд шатны байгууллага, хоёр мянга шахам гишүүний сонголт хэнд оноогдсоныг тооцвол Д.Зоригт Н.Энхбаярыг бүү хэл Цогзолмаа, Ө.Бямбасүрэн хоёроос ч хоцорч хасагдсан, хоёр хувийн рейтингтэй жулдсан нь паакт. Нөхөн сонгуульд яаж ийгээд ялсан нь СЕХ, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хуульч-лагдсан байтал тэр энэ эсрэг ажиллав, тийм хэвлэл сөрөг дайрав гэж байгаа нь утгагүй бөгөөд өсөрх-лийн чанартай улс төр.       

С.Баяр “Н.Энхбаяр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээчихсэн хүн. Телевиз, сониноороо дамжуулаад намынхаа эсрэг, намаасаа нэр дэвшсэн хүний эсрэг улаан цагаан тэмцсэн. Энэ бол ямар ч хэмжээний улс төрчид байж болохооргүй том алдаа, том нүгэл л юм даа” гэж наргисан шинжгүй ярьжээ. Ялагдсан сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээх биш ялчихсан тойргийн араас ял асуух сонирхол шууд илэрчээ. Нэгд, чөлөөтэй шүүмжилж, тэнцвэрийг сахисных нь төлөө чөлөөт хэвлэлийг чөдөрлөн дөрөөлж, намын дотоод хэрэгт гуйвуулан ашиглах нь баримт болохгүй, утга ч агуулахгүй. МАХН-ын төв хэвлэлээс бусад сонин энэ улс төрийн хүчний, эрх баригчдын биш иргэдийн дуу хоолой. УИХ-ын 2008 оны сонгуулиар харьцангуй тэнцвэртэй байсных нь төлөө, тэр нь хараат бус байгууллагын мониторингоор батлагдсаны төлөө бас л ингэж баалж байсан юм.  

Хоёрт, Д.Зоригт гэдэг цахилгаан шатанд суусан, цагаан цамц угласан байдаг л нэг нөхөр, ерийн нэг улс төрчийн хэв шинжит дүрийг шүүмжилбэл нүгэл, магтвал буян болно гэж Зонховын Ламрим, Христийн Библи, Күнзийн сургаалийн хаана ч бичээгүй. Тэгээд ч МАХН-ын Д.Зоригт, АН-ын Р.Бур-мааг эрэгтэй, эмэгтэй, иргэн ба сайд, баян болон ядуу гэж ялгахгүй тэнцвэрийг сахисан нь эрх баригч-дын биш иргэн, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, уншигчдын захиалга. Хэвлэл, утга зохиолыг хянах газар, Төв хорооны үзэл суртлын хэлтэс зэрэг аппарат бүтцээрээ мөрдөн шалгаж, цагдан хянадаг байсан цагийн зүү нь 21 дүгээр зуунд ч зэврээд явж байгаа нь энэ. АН-аас нөхөн сонгуульд нэр дэвшсэн Р.Бурмаагийн төрсөн дүү Р.Баяраагийн батлахыг хураах Хяналтын ерөнхий хорооны тог-тоол, нэр бүхий УИХ-ын гишүүдийг намаас хөөх тухай бор шувуу, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нөхөн сонгуульд эсрэг ажилласан гэсэн хөөс үлээхдээ телевиз, сонины тэнцвэртэй бодлогыг баримт болгон гуйвуулах  оролдлого бүхэн нийлбэрээрээ нэг кампанит ажил юм. Өнгөрсөн зууны жараад оны “Сэхээтний төөрөгдөл” нэн шинэ түүх болж үргэлжлэх үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.