Хууль Ёсны дээрэм

2009/11/27
Share |
Хүмүүс:
Хууль Ёсны дээрэм

Татварт тушаасан 76 тэрбум төгрөгөө УИХ-ын гишүүдэд дээрэмдүүлсэн иргэд ядуурч байна.

УИХ-ын гишүүд бүлэглэн ард түмнээ дээрэмдэж байна. Тэд ирэх оны улсын төсвөөс 76 тэрбум төгрөг өөрсөддөө хуваарилах болжээ. Эрүүгийн хуульд, бүлэг этгээдүүд дээрэм хийвэл хэргийн үйлдэл, хохирлын хэмжээгээр 8-с дээш жилийн ял ногдуулах заалт бий. Харин улс төрчид дээрмийн үйлдлээ хууль ёсны болгон баталгаажуулснаараа ялгүй өнгөрөх боломжтой боллоо. Гэвч утга нь дүндээ дүн. УИХ-ын гишүүд хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхээр далимдуулсан энэ үйлдлээ хуурамч нэрээр халхлав. Тэд анх 2007 онд тойрогтоо хийх хөрөнгө оруулалт нэрээр 10 сая төгрөг халааслаж эхэлсэн юм. Энэ мөнгөөр ичих булчирхайтай зарим нь сумын улаан буланд хөгжим хэрэгсэл авч өгсөн нэр зүүсэн боловч, олонх нь түрийвчиндээ хийчихсэн. 10 сая төгрөг жил ирэх бүр геометрын прогрессоор өссөөр энэ жил нэг тэрбум төгрөг боллоо. Төсвийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Энхбат “Гишүүдэд энэ жил мөнгө хуваарилах уу” гэж асуухад Сангийн сайд Ц.Баярцогт “Нэг ч төгрөг хуваарилахгүй” гэж хариулж байв.

Энэ хариулт худал байжээ. Нэг тэрбум төгрөгийг  “Хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих”, “Шинэ Улаанбаатарыг хөгжүүлэх” сан нэрээр зүсийг нь хувирган батлахаар тохиролцлоо. Ийм нэртэй сан байгуулж болохыг үгүйсгэхгүй ч сангийн гүйцэтгэх үүрэг тодорхой бус. Хийхээр төлөвлөсөн ажлууд төс-вийн төсөлд бүгд багтсан байв. Нэг ажлыг хоёр удаа хийхээр төлөвлөдөг улс дэлхийд ганцхан манайх байх.

Энэ жилийн төсвийн алдагдал 360 тэрбум төгрөг. Манай улс хойд хормойгоо авч урд хормойгоо нөх-сөөр өдийг хүрсэн. Жил бүр алдагдалтай, үрэлгэн төсөв баталж, зээл тусламжид дулдуйдсаар урдаасаа харахад дээлтэй, араас нь харвал нүцгэн харагдана.Энэ жилийнх шиг эдийн засгийн хямралын шуурга болвол ганцхан урд талаа халхалсан монголчууд тэсэхгүй.

Монгол гэдэг айлын өрхийн тэргүүн УИХ юм. Өрхийн тэргүүн нь архи уудаг, мөрийтэй тоглодог, оло-хоосоо үрэх нь их айлын амьдрал ямар байдаг билээ. Манай улс яг үүнтэй адил. Талаас илүү хувь нь ядуу иргэдийнхээ татварын мөнгөнөөс тэрбум тэрбумаар халааслах хууль баталж суугаа гишүүдийг цайчихсан дээрэмчид гэхээс өөр юу гэхэв. Жил гаруйн өмнө зөөврийн компьютер тэвэрсэн, онол ярьсан залуу надад мөнгө байхгүй, би та нартайгаа адилхан ядуу хүн. Намайг гишүүн болгож өгвөл та нарыг амар сайхан жаргуулна хэмээн үлэгр ярьсаар УИХ-ын гишүүн болсон. Гэтэл одоо гэдэс гүзээ суучихсан зуу гаруй сая төгрөгийн үнэтэй “Хаммер” хөлөглөөд иргэдээ дайрчих шахам давхиж явна. Хаммер жийп 100 км-т 35-40 литр бензин зарцуулдаг. Ганцхан жилийн өмнө би ядуу хүн гэж байсан залуу ямар мөнгөөр өндөр өртөг зардалтай машин авах вэ. Тэрбум тэрбумаар халаасалсан УИХ-ын гишүүний эрх ямба түүнд ийм боломж олгосон хэрэг.

УИХ-ын гишүүд тойрогтоо тэрбумтны дүр үзүүлж баруун солгойгүй мөнгө цацагчийн дүр үзүүлэх нь тэдний дараагийн сонгуулийн “пиар”. Төрийн мөнгөөр сонгуульд өрсөлдөж, төрийн мөнгөөр тансаглах улстөрчдийн бодит төрх ийм л байна. Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа албан тушаалтнуудын гар утасны ярианы тарифыг 1999 оныхоор буюу нэг минутад 180 төгрөгөөр ярихаар төсөвлөж ирснийг хэлж байсан. Үүнийг одоогийн ханшаар бодвол төсвөөс 110 сая төгрөг хэмнэх боломжтой. Энэ мөнгийг хасах тухай санал хураахад нэг ч гишүүн гараа өргөөгүй юм. Харин аймгийн төвийн багш нарын таван жилийн нэмэгдлийг хасах саналыг бүгд хоёр гараа өргөн дэмжинэ лээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.