Журмын нөхдөө хөнөөсөн хилчдийн ар гэрийнхэн ярьж байна

2009/12/01
Share |
Хүмүүс:
Журмын нөхдөө хөнөөсөн хилчдийн ар гэрийнхэн ярьж байна

Идэрхэн гурван хилчнээ нөхдийнх нь гарт харамсалтайгаар алдсан нь Монголын түүхэнд арилшгүй хар толбо болон үлдэв.  ХХЕГ-ын хилчид болон Зэвсэгт хүчин, талийгаачдын ар гэрийнхэн эрэлхэг хөвгүүд, энхрий үр, халамжит ханиа өнгөрсөн баасан гаригт эцсийн замд нь үдлээ. Дарга нарынхаа “толгойг залгисан” хугацаат цэргийн албан хаагчид өнөөдөр  “Бид юу хийчихэв ээ” хэмээн цагдаагийн байгууллагад анхны мэдүүлгээ өгөөд эхэлжээ. Зарим эх сурвалжууд алуурчин цэргүүд дарга нарынхаа өөдөөс сөргөлдөж, амь насыг хөнөөсөн нь цэргийн байгууллагыг дэглэлт, дарамттай байсан, хэрэг өдөөхөд шалтгаан байх ёстой мэтээр тайлбарлаж буй. Үүнийгээ ч тэд ар гэрийнхэндээ мэдэгдэж байсан гэх. Энэ тухай тодруулахаар өнгөрсөн амралтын өдөр Дархан-Уул аймгийг зорив. Тасхийм өвлийн улирал эхэлсэн гэхэд Дарханд цаг агаар хавьгүй дулаахан байлаа. Миний зочлох айл Э.Оюунболд, Р.Энх-жаргал, Г.Лхагважав, М.Тулгын гэр бүл.

Тэднийх  Дарханы “Өнгөт хороолол”, “Хуучин хороолол”, “Төмөр зам”, “Ширээт нуурын гүүр” гэдэг газарт амьдардаг юм билээ. Р.Энхжаргалынхаас бусад нь хоёр өрөө байртай, “подхийсэн” болом-жийн амьдралтай айл ажээ.  Цэргүүдийн ар гэрийнхнээс Э.Оюунболдын ээжтэй уулзаж ча-даагүй бөгөөд түүний хөрш эмэгтэй “Эрдэнэцэцэг хот яваад ирээгүй байгаа. Хүүгийнхээ хэргээс болж гүн хямралд орсон” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Харин бусдынх нь ар гэрийнхэнтэй уулзаж, хүүхдүүдийнх нь захидал харилцаа  болон бусад зүйлийг нь асууж сонирхлоо. Даш-рамд дурдахад тэд талийгаачийн ар гэрийнхэнд “Уучлаарай” гэж хэлэх эрхгүй ч улам-жилж өгөхийг хүсч байв. Хөвгүүд нь утсаар ярих бүртээ “Цэрэгт их сайхан байна. Хилийн манаанд гарах хамгийн сайхан. Дарга нараа магтаж ярьцгаадаг байсан” тухай ар гэрийнхэн нь ам нэгтэй хариулж байна лээ. Гэмт хэрэг хийсэн дөрвөн залуу гэрийнхнээсээ зөвхөн утасны нэгж л “шалдаг” зуршилтай байж. Мөн хүний өөдөөс буу шагайх нь битгий хэл  өөдөөс ч том харж чаддаггүй, нялх юм хэмээн ар гэрийнхэн нь “өмөөрч” байв. Энэ хэрэг нь цэрэг хоорондын харьцааны зөрчил байх гэдэгт хэрэгтний ар гэрийнхэн санал нийлж байна.

Р.ЭНХЖАРГАЛЫН ЭЭЖ Ү.ДАРЬСүРЭН:  НАдАд ХЭЛЭХ ҮГ АЛГА ...
Ү.Дарьсүрэн 60 шүргэж яваа нэгэн бөгөөд хүүгээ дээрэлхүү цэргийн ятгалгаар гарцаагүй байдалд орж, хамт явсан. Хүний өөдөөс буу шагайх зориг зүрхгүй тухай өгүүлж байв.

-Харамсалтай хэрэг гарч, гурван хилчний амь үрэгдлээ. Энэ бүхэнд хүү тань холбогдон шалгагдаж байгаа таны хувьд хэцүү байгаа нь ойлгомжтой?
-Эгчид нь хэлэх үг алга. Хүүгээ даргынхаа өөдөөс буу шагайсан гэдэгт итгэхгүй байна…

-Р.Энхжаргалын хүмүүжлийн тухайд. Зарим эх сурвалж тэднийг  “хүний үг даадаггүй” залуус байсан гэдэг?
-Миний хүү чинь 2008 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагчаар төгссөн. Сургуулиа төгсөөд удаагүй байтал аавынх нь бие муудаж, ажил төрөл хөөцөлдөлгүй аавынхаа хажуугаас алхам ч холдоогүй. Арга ч үгүй биз, аавынхаа амин эрдэнэ нь юм чинь. Гэтэл манай хөгшин өнгөрсөн гуравдугаар сард таалал төгсөж хүү маань жаахан цохилтод орсон. Удалгүй “Ээж ээ, би цэрэгт явлаа. Эр хүний заавал хийх ажил юм байна. Тэгээд ч одоо цэрэгт явсан хүнийг л ажилд авдаг болсон гэнэ. Явахгүй гэхээр бидэнд цэргийн албыг орлох сая гаруй төгрөг нь ч алга” гээд өөрийн саналаар Дорноговь аймаг дахь Улаан-Уулын отрядад хуваарилагдсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүгдээрээ эцэггүй хүүхэд гээд л зарлаад байна лээ. Миний хүү чинь аавын гар дор өсөж, ах нарын үгээр хүн болсон юм шүү дээ.

ДЭГЛЭЛТ, ДАРАМТАА НУУЖ БАЙСАН ЮМ УУ ГЭХЭЭС ЯРЬЖ БАЙГААГҮЙ

-Хүү тань заставын удирдлагууд болон хамт алба хааж буй цэргүүдийнхээ талаар ярьж байв уу?
-Үгүй ээ, ярьж байгаагүй. Хилийн заставт их сайхан байдаг юм байна. Санаа зоволтгүй шүү гэж л байсан. Тангарагын баярын үеэр л ах руугаа залгаад “Цэргүүд бүгдээрээ гар утас барьдаг юм байна. Надад утас өгч явуулаарай” гэсэн байсан. Дэглэлт, дарамтаа нууж байсан юм уу гэхээс ярьж байгаагүй.

-Ахуй хангамжийн тухайд?
-Цэргийн байгууллага чинь ахуй хангамж угаас сайн байдаг шүү дээ. Ах нар нь ч бас цэргийн алба хаасан учир мэдэх улс. Нэг ярихдаа дулаан хувцас тавиад өгсөн. Өлсдөггүй гэж л байсан.

-Алба хааж байсан цэргүүд яагаад ийм хэрэг өдөөв. Ээж хүнийхээ хувьд таамаглаж байгаа болов уу?
-Мэдэхгүй юм. Миний хүү чинь багын их даруухан хүүхэд. Түүнээс биш хэн нэгнийг уриалан дуудаад, зохион байгуулаад явах ухаан байхгүй. Миний таамаглаж байгаагаар болж бүтэхгүй найз нөхөдтэй нийлж, дарамтан дор нь ийм хэрэг үйлдчихэв үү гэж бодож байна. Би хүүтэйгээ уулзаж амжаагүй ээ, цагдаа нар уулзуулахгүй байна лээ. Өмгөөлөгчдөө ярьсан мэдүүлгээр бол “хэргийн орой миний хүүгийн хоол хийдэг ээлжтэй байсан гэнэ лээ. Тэгээд хоолоо хийчихээд аягаа угаагаад сууж байхад Э.Оюунболд “Үхэр оготно ална” гээд харуулын бай-рандаа бакиал бариад явж байсан гэсэн. Энэ үед харуулын дарга, түрүүч М.Энх-Амгалан зэвс-гийн түлхүүрээ ширээний дэргэд унагааснаа мэдэлгүй унтаад өгсөн юм шиг байгаа юм. Тэгсэн Э.Оюунболд нөгөө түлхүүрийг нь олчихоод хүү дээр минь ирж “Үүнийг буудчих уу” гээд харуулын дарга руугаа заасан гэсэн. “Хүүш тэгж болохгүй шүү” гэхийн завдалгүй буу дуу тасхийсэн гэнэ лээ. Г.Лхагважав, М.Тулгаа хоёр энэ үед гадаа харуулын ээлжтэй байсан юм билээ. Энэ бүхнийг нүдээр харсан хүү маань гүн шоконд орж дагахаас өөр замгүй болсон юм шиг байна.

МИНИЙ ХҮҮ ЖОЛООЧТОЙ ХАМТ ЗУГТЧИХГҮЙ ЯАВ ДАА
 
-Тэгээд цаашаа юу болсон юм бол?
-Заставын байр руугаа дөрвүүлээ гүйж очиход заставын байрны дэргэдэх харуулын манаа солилцож байсан гэсэн. Тэгэхээр нь тэд харагдахгүйн тулд хоёр хэсэг болж хуваагдан заставын байрны хоёр талаас цэргийн анги руу орж. Э.Оюунболд. Р.Энхжаргал хоёр жолооч н.Хадбаатарыг гадаа барьцаалаад машинаа бариулахаар зогсоож байтал ангид буу дуу тасхийсэн гэсэн. Энэ үед цэргийн ангид Г.Лхагважав, М.Тулгаа хоёр байсан гэнэ лээ. Тэгмэгц Э.Оюунболд манай хүүг “Цэргийн анги руу ороод шалгаад ир” гэхээр нь айгаад “Үгүй” гэсэн. Гэтэл Э.Оюунболд “Чи тэгвэл наад жолоочоо сайн харж байгаарай” гээд орчихсон гэсэн. Энэ хойгуур манай хүү жолооч н.Хадбаатарыг зугтаалгаж амжсан юм. Миний хүү үнэхээр хүн алахаас буцахгүй байсан бол жолоочийг оргуулахгүй шүү дээ. Магадгүй миний хүү жолоочтой хамт зугтчихгүй яав даа гэж бодох юм. Ардаас нөгөө хэд нь хөөж буудна гэж айсан байх л даа.Харин цэргийн ангид юу болсныг мэдэхгүй байна лээ.

-Цэрэг барьцаалсан тухайд?
-Анх цэргүүдийг барьцаална гэж бодоогүй юм билээ. Жолоочгүй болонгуутаа тэднээр машинаа түрүүлж асаахаар жолоо барьдаг нэг цэргийг аваад бусдаар нь машинаа түрүүлсэн гэсэн. Машин нь ангиас  их хол очоод ассан учраас тэднийг суулгаад аваад явсан юм байх. Түүнээс биш нутаг нэгт цэргүүдээ айлгаж сүрдүүлье гэж бодоогүй гэж хэлсэн байна лээ.

-ХХЕГ, тагнуулынхан хэрэгтнүүдийг буулгаж авахад нэлээдгүй хугацаа зарцуулж, хэд хэдэн удаа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн үеэр байлдагчдыг ээжүүдтэй нь утсаар яриулж байсан. Таньтай хүү тань ярьсан уу?
 -Би тэр үед эмнэлэгт хэвтсэн байсан учраас  ах нь утсаа гэртээ орхиод намайг эргэхээр эмнэлэгт оччихсон үеэр залгасан байна лээ. Тэр үед манай ач утсаа авахад айж сандарсан байдалтай “Ах байна уу” гэхээр нь “Эмээ рүү явсан” гэхэд нь “Холбоо барих өөр утас байна уу” гэж асуугаад утсаа тасалчихсан байсан. Энэ нь утасны дуудлагаар цагийг хөөж үзвэл 12.50 минут болж байсан. Баригдахаас 10 минутын өмнө гэсэн үг л дээ. Ах нь 13.00 цагийн үед залгахад утас нь салгаастай байсан.

“БОЛОЛЦООТОЙ БОЛ ХҮҮ ДЭЭРЭЭ ИРЭЭЧ” ГЭСЭН

-Та бүхэн тухайн үед хэргийн тухай мэдсэн байсан уу?
-Өглөө 09.00 цагийн үед манай гэрт бас миний хэвтэж байсан эмнэлэгт цагдаа нар ирээд “Та-най хүү гурван цэргийн хамт оргосон байна. Тань руу утсаар яривал юу ч болоогүй юм шиг байгаарай” гэсэн. Гэхдээ хүний амь хөнөөгөөд оргосон гэдгийг бид мэдээгүй байсан. Гэтэл орой зурагтаар “Цэргүүд гурван хүнийг буудан хөнөөлөө” гэсэн мэдээ үзээд цочирдсон. Би хүүгээ арай ч хүний өөдөөс буу шагайж зүрхлэхгүй байх гэж бодож байна. Эвий дээ, нялх юм шүү дээ/уйлав/. Миний хүү чинь заставтаа спортын сонирхолтой хүүхдүүдэд бөхийн секц ажиллуулж, багшилж байсан. Дарга нар нь түүнд их сайн.

-Р.Энхжаргал танаас хол байж үзсэн үү?
-Бага юм болохоор ээж, аавдаа эрхлэлгүй яахав. Хотод дээд сургуульд  ороход айлын тогоо харуулахгүй гэсэндээ  хөгшин бид хоёр айлын хашаанд гэр бариад хүүтэйгээ хамт очсон. Сургуулиа төгсөнгүүт нь Дархан руугаа ирцгээсэн. Миний хүү ээжийгээ санадаг байсан байж магадгүй юм. Яагаад гэхээр над руу залгаад “Цэргүүдийн ар гэрийнхэн их ирж байна. Та бо-лолцоотой бол шинэ жилээс өмнө ирээрэй” гэсэн. Би хүү дээрээ очно доо гэж л бодож суулаа./уйлав/

-Энэ хэргээс болж олон хилчний ээж уйлж, хань ижил нь шаналж, хүүхэд өнчирлөө…?
-Миний хүүг буудсан уу, үгүй юу гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Би хүүгээ арай ч буудаагүй байх гэж зөн совингоороо мэдэрч л сууна. Гэхдээ л хүүгийнхээ өмнөөс талийгаачдын ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Тэд надаас илүү тарчлан зовж байгаа. Ууч-лаарай./уйлав/
Миний хүү цэргүүдийн ятгалгаар гарцаагүй байдалд орчихлоо

Г.Лхагважавын эгч П.Одмандах:
МАНАЙ дҮҮ ИХ АЙМХАЙ ХҮҮХЭд. ХҮНИЙ ӨдӨӨС БУУ ШАГАЙСАН ГЭдЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА

М.Лхагважавын өвөө, эмээ нь 90 хүрч яваа хоёр буурай байдаг юм билээ. Өвөө нь насаараа цэргийн байгууллагад ажилласан бөгөөд “Ачийгаа хэрэг үйлдсэн гэдэгт итгэхгүй байна” гэдгээ илэрхийж байлаа.

-Дүүгийнхээ тухай яриач. Цэргийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй байсан атлаа заставын удирдлагаа хөнөөчихлөө?
-Ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Дүү маань их аймхай хүүхэд. Гэтэл хүний өөдөөс буу барьсан гэж бодохоор санаанд багтахгүй юм. Би өөрөө багш хүн л дээ. Дүүгээ өөр сургуульд байхад нь өөрийн ажиллаж байгаа 18 дугаар сургуульд шилжүүлж хажуудаа авч 10 дугаар ангийг нь төгсгөсөн. Манай хүн өөрөө цэргийн сургуульд орох их сонирхолтой, шалгалт шүүлгийг нь өгөөд анкетаа бүрдүүлж өгсөн боловч биеэр жижигдээд тэнцдэггүй байсан. Хоёр жил дараалаад тэнцээгүй. Тэгээд аргаа бараад ажилгүй байж байхаар зөөгчийн сургалтад суулгаж, хотод зөөгч хийсэн. Гэтэл ээж нь Лхагвааг хажуудаа байлгана гээд Дархан руу дуудсан. Манай эгч дэрсхэн хоёр хүүтэй л дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эцэггүй хүүхэд гэмт хэрэг үйлдлээ” гэж бичээд байгаад  эмзэглэж байна. Лхагваа чинь аавтайгаа байнга уулзаж, заавар зөвлөгөөг нь авдаг. Аав, ээж нь тусдаа л амьдардаг болохоос биш хүний үг даах, үг сонсох тал дээр харин ч манай дүү илүү байх шүү.

ЭГЧИЙНХЭЭ ИНТЕРНЕТ КАФЕГ АЖИЛЛУУЛДАГ БАЙСАН

-Г.Лхагважавыг PC тоглоомын газар ажиллуулж, өөрөө их тоглодог байсан тухай үеийнхэн нь ярьж байсан?
-PC тоглоомын газар ажиллуулж байсан л даа. Гэхдээ хуурай эгчийнхээ интернэт кафег ажил-луулдаг байсан. Хэдийгээр PC тоглодог ч гэсэн донтотлоо тоглодоггүй байсан юм шүү.

-PC тоглоомын газарт хэр удаан ажилласан юм?
-Таван сар гаруй байх. Энэ төрлийн бизнес их ашигтай юм байна, эгч ээ. Та PC тоглоомын газар нээ-гээд ажиллуулаач гэж хэлж байсан.

ЦЭРЭГТ ЯВАХДАА АНХ ДУРГҮЙ БАЙСАН

-Цэргийн сургуульд элсэх гээд биеэр тэнцээгүй гэлээ. Гэтэл цэрэг татлагад тэнцчихсэн хэрэг үү?
-Цэрэгт явахдаа эхлээд их дургүй байсан л даа. Очихоор “жа” нар нь зодно гээд айгаад байсан. Манай дүү чинь бага байхын их аймхай. Тийм ч учраас дээрэлхүү цэргээс айсандаа атганд орж, үйл-дэл болгоныг нь дагаж хийсэн байх. Цэрэгт явуулсан шалтгаан нь эгч маань “Чи одоо гэрт байсааар байтал охин шиг боллоо. Цэрэгт явж эр хүний үзэх ёстой тэвчээр, хатуужлаас суралц” гээд загнасан юм. Тэгсэн маргааш нь манай хүн очоод бүртгүүлээд тэнцчихсэн байсан. Цэрэгт ачигдахад нь ах маань гаргаж өгсөн юм. Гэтэл ах “Лхагваатай хамт хуваарилагдсан цэргүүд их онгироо юм байна. Зарим нь бүр архи уучихсан байна. Аваад үлдчих үү” гэж эгчээс асуусан байсан.

-Хэргийг хамт үйлдсэн гэх цэргүүдээ таньдаг байсан уу?
-Үгүй ээ, танихгүй. Нэг удаа Лхагваа над руу залгаад “Аниа, энд таны шавь нар байна шүү дээ. Р.Энхжаргал, М.Тулгаа, Э.Оюунболд” гэж хэлж байсан. Очоод танилцсан хүүхдүүд. Дараа нь бодоод байхад миний хичээл ордог ангид байсан юм билээ.

-Заставын удирдлагаас дарамт шахалт үзүүлж байгаа эсвэл цэрэг хоорондын дэглэлтийн тухай ярьсан уу?
-Манай дүү дарга нараа магтаж л ярина уу гэхээс ингэлээ тэглээ гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Магадгүй биднээс нуусан байж ч болох юм. Гэхдээ л “Хилийн цэрэгт их сайхан байна. Бид өөрсдөө хоолоо хийж иддэг.Өлсдөггүй” гээд ярьдаг байсан. Хамгийн сүүлд хэрэг гарахын өмнөх орой нь ээж рүүгээ залгаад “Би харуул дээр гарч байна. Та надад нэгж явуулаарай” гэж хэлсэн байсан. Хааяа нэг шүд өвдлөө гэж ярихаас өөр шалтаг шалтгаан тоочдоггүй байсан шүү дээ дүү минь. Гайхаад л байх юм.Яагаад ийм юм болчихов оо. Би дүүгээ цэрэг хоорондын хүчирхийлэлд л өртчих шиг боллоо гэж бодож байна.

-Саатуулагдсанаас нь хойш уулзсан уу?
-Цагдаа нар уулзуулахгүй байна гэсэн. Өмгөөлөгчдөө л зарим зүйлийг хэлсэн байсан.

-Юу гэж?
-”Би Э.Оюунболдоос их айж байна” гээд өөр юм ярьж чадахгүй байна гэсэн. Хэрэг намжаад ирэхээр ар гэрийнхнийг нь уулзуулна байх.

-Хэрэгтнүүд баригдах үедээ ар гэрийнхэн рүүгээ утсаар ярьсан гэсэн?
-Манай дүү яриагүй. Э.Оюунболд, Р.Энхжаргал хоёр л ярьсан гэсэн. Энэ дашрамд талийгаачийн ар гэ-рийнхнээс уучлалт хүсье. Ингэж хэлэх эрхгүй ч дамжуулж өгөхийг хүсье. Тэдний нүүрийг ч харах эрхгүй хүмүүс, бид. Гэхдээ манай дүү гэмт халдлагыг үйлдсэн гэхэд итгэхгүй байна. Тэр хүнд уян зөөлөн өрөвч сэтгэл байхаас өсөрхсөн, зэрлэг сэтгэл байхгүй шүү.


М.Тулгын эмээ Я.Сосорбарам:
Амиа алдсан хилЧдийн ар гэрийнхнээс ууЧлалт эрэх эрхгҮй Ч гэсэн ...

Я.Сосорбарам гуайтай уулзахад хөндлөнгийн надаас уучлалт гуйж, хүүгээ хүний амь хөнөөгөөгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байв. Тэрээр өдгөө 80 нас дөхөж яваа бөгөөд ач хүүгийнхээ төлөө амьд явдаг тухайгаа ярьж байна.

-М.Тулгааг их хөдөлгөөнтэй гэдгийг Заставын дарга нь нэг бус удаа ярьж байсан гэсэн?
-Миний хүү сэргэлэн, сэргэлэн. Би дөрвөн хүүхэдтэй хүн л дээ. Тулгаа бага охины маань ганц хүү. Ер нь миний гараар хүн болсон хүүхэд байгаа юм. Эмээгийн хүү эрх ч гэсэн хүн рүү буу тулгаж, амь насыг нь хохироосон гэхээр итгэхгүй байна. 

ДАРГА, ЦЭРГИЙН ХАРИЛЦААНААС ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА. БИ ХҮҮГИЙНХЭЭ АЛБА ХААЖ БАЙСАН ЗАСТАВ ДЭЭР ХОЁР УДАА ОЧСОН

-Энэ хэрэг яг юунаас үүдэв. Таны бодлоор?
-Дарга, цэргийн харилцаанаас гэж үзэхгүй байна. Би хүүгийнхээ алба хааж байсан долдугаар застав дээр хоёр удаа очсон юм. Тэгэхэд дарга нар нь их сайн байдаг юм билээ. Заставын-хаа байрны хажууд зочид буудал, дэлгүүртэй. Ахуй хангамж сайтай, их зөв зан харилцаатай хүмүүс байсан. Яагаад ийм хэрэг болов гэдэгт их гайхаж байна. Миний хүүхдүүд чинь бүгд л цэргийн хүмүүс. Том хүү маань нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цэргийн 20 дугаар ангид насаараа ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүн. М.Тулгаа бага байхын л нагац ахаа дуурайж, цэрэг эсвэл цагдаагийн хүн болно гэж ярьдаг байсан. Тийм дээ ч цэрэгт яваад албаа хааж дуусгачихаад Улаан-Уулын отряддаа гэрээт хилчнээр үлдэнэ, эсвэл Цагдаагийн академид суралцана гэж ярьж байсан. Гэтэл…/уйлав/. Насны эцэст ийм юм үзнэ гэж бодсонгүй.

-Таны адил амь насаа алдсан хилчний гурван сайхан ээж уйлж байгаа…?
-Тэр хүмүүсийн өмнө түмэн буруутай. Эцсийн дүндээ цагдаа, шүүхийн байгууллага үнэн мөнийг тогтоох байлгүй. Зурагнаас харахад их сайхан залуучууд байна лээ. Эвий гэж …

-Таньд цэргийн нөхдийнхөө тухай ярьж байв уу?
-Үгүй дээ. Миний хүү чинь бага байхын охидтой их найзалдаг, эрчүүдээс жаахан хөндий хүүхэд байсан. Энэ нь магадгүй дээрэлхүү, онгироо цэргийн атганд орох шалтгаан болсон байж магадгүй юм. Миний таамаглаж байгаагаар Тулгаа цэргийн хүчирхийлэлд орсон болов уу. Гэхдээ хэлж мэдэхгүй юм, хүүгээ хүн алаагүй байгаасай гэж залбирч байна. Миний ач хүү нөхрөө буруу сонгож дээ.

АЧ ХҮҮ МААНЬ НӨХРӨӨ БУРУУ СОНГОЖ ДЭЭ

-Тань руу хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ. Тэгэхэд хоолойны өнгө, яриа нь айдаст автсан байсан болов уу?
-Харуулд гарахаас хоёр хоногийн өмнө ээжтэйгээ ярьсан байна лээ. Би сонсгол муутай болохоор цэргийн газар надтай орилоод яриад байхад хэцүү байдаг байх. Ээжтэйгээ өмнөх өдрүүд шиг л ярьсан байсан. “Ээж ээ, өнөөдөр хүү нь харуулд гарч байна. Миний хоолны жижүүр учраас би хоолоо хийх гээд зогсож байна.Эмээгийн бие сайн биз дээ” гээд ойр зуурыг л ярьсан байсан.

-М.Тулгаа PC тоглодог байв уу?
-Тоглоно оо. Би тоглодоггүй гэж хэлэхгүй. Гэхдээ хэдэн цагаар алга болдоггүй байсан. Хоёр цаг тоглоод л ороод ирдэг. Миний хүү нэг өдөр над руу яриад “Эмээ таныг санаж байна. Таньтайгаа хамт өтөлнө дөө” гэж хэлж байсан. Энэ гэхдээ олон сарын өмнө. Ярих бүрдээ дандаа сайн сайхан юм хэлдэг байсан. “Би цалингаа аваад, чихэр идэж байна” гэхчлэн хүүхэд юм болохоор хөөрхөн, хөөрхөн юм ярина. Тулгаа маань 20 нас ч хүрээгүй нялх юм шүү дээ.

-Хэргийн тухай та хэзээ мэдсэн бэ. Хэлэлцээрийн үед хэрэгтнүүд ар гэрийнхэн рүүгээ утсаар ярьсан байсан?
-Хэрэг гарсны маргааш өглөө 07.00 цагийн үед охин маань над руу утасдаж “Тулгаа харуулын бай-раа орхиод хамт байсан цэргүүдтэйгээ оргочихсон байна” гэсэн. Гэтэл өдөр зурагтаар хүний амь хохи-роосон цэргүүд зугтсан гэж зарласан. Миний зүрх золтой л хаагдчихаагүй. Хүүгээ хүний амь хохироосон гэхэд итгэхгүй байна. Тэр хамт зугтсан цэргүүдийнхээ  хүчирхийлэлд өртсөн байх. Анх би хүүгээ барьцаанд орсон цэргүүдийн дунд байна гэж ойлгож байлаа. Хэлэлцээр хийсэн үед нөгөө цэргүүд нь гэр рүүгээ ярьсан гэнэ лээ. Манай хүү яриагүй ээ. Миний ганц амь амьдрал минь ийм хэрэгт холбогдчихсон учраас хүүдээ өвлүүлэх байраа зарж, өмгөөлөгч авдаг юм уу гэж бодож байна. Эвий минь, миний муу хүү даанч яав даа/уйлав/
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.