"Нялхсын хорих" буюу клиник сувиллынхан дэндүү даварч байна, С.Ламбаа сайд аа

2009/12/01
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 

Хүний бүсгүй үр шаналж явааг “ТВ-9” телевизээр харлаа. Д.Ариунсанаа гэдэг залуухан ээж ихэр хоёр охиноо зургаан сартайд нь Нялхсын клиник сувилалд асруулахаар өгсөн боловч сэтгэлд нь хүрээгүйд гомдолтой байгааг ярьж байв. Эцэг, эх нь нялх үрээ асарч бөөцийлөх боломж муутай, эмзэг ядуу амьдралтай бол хүүхдийг нь гурван нас хүртэл төрийн халамжаар сувилж хүн болгох зорилготой клиник сувиллыг Эрүүл мэндийн яам санхүүжүүлдэг. Төрийн цалин харам-жийг хангалттай хүртдэг ажилтнууд нялхсыг асрах үүрэгтэй. Гэвч клиник сувиллынхан тэр үүргээ тийм ч сайн биелүүлдэггүй. Үүнийг л Д.Ариунсанаа хэлэх гэж хоолой зангируулсан нь тэр байх.

Ихэр охидын хувь заяа хааш эргэх бол гэсэн эмзэглэл сэтгэлээс холдохгүй нь хэцүү. Ингээд өнгөрсөн баасан гаригт Нялхсын клиник сувиллыг зорив. Социализмын үед гурван ихрийн сувилал гэж нэрлэдэг байсан тохилогхон байшинд өдгөө 50 гаруй хүн, 90-ээд хүүхдийг асарч байдаг аж. Нэг хүүхдэд бараг хоёр халамжлагч ногдож байгааг бодоход Монголын төр харамгүй хөрөнгө зориулдаг нь тодорхой. Харамсалай нь, сувилал руу ороод л сэтгэл гундсаныг нуух хэрэггүй.

Биднийг тийш ороход, үүдний сандал дээр залуухан бүсгүй, хижээл насны эмэгтэйн хамт ядарсан бололтой сууж байсан нь өчигдрийн телевизээр ярьсан эчнээ танил Д.Ариунсанаа байв. Түүнийг олж уулзах юмсан гэж бодож байсан болохоор энд таарсандаа олзуурхав. Эндээс хүүхдүүдээ авахаар ирсэн бүсгүй дулаан хувцас хунар авчирчээ. “Би ээжтэйгээ хамт хоёр хүүхдээ авах гэж ирсэн юм, өглөөнөөс хойш энд хоёр цаг сууж байна. Дарга нар нь семинарт явсан гэнэ. Иртэл нь хү-лээхээс өөр арга алга” гэв.

Үүдэнд нь байх хамгаалалтын албаны жижүүр хэнийг ч дотогш оруулахгүй. Хэн нэгэнтэй уулзах гэж ирсэн хүн үүдэнд хүлээж байх журамтай юм билээ.

Сувиллын дарга, нийгмийн ажилтан нарыг хүлээх зуур Д.Ариунсанаатай ярилцах боломж бараг олдсонгүй. Учир нь эмч, ажилтнууд дэндүү олон тайлбар хэлсэн юм. Ихэр охидыг анх энд ирэхэд хүлээн авч, хоёр сар эрүүл мэндийг нь хариуцсан Отгон эмч хэрхэн эмчилж, сувилж байснаа залхтал ярив. Хоёр охин туранхай, цус багатай байсан гэнэ. Мэдээж тэнд боломжтой айлын цоо эрүүл хүүхэд ирэхгүй. Ирэхийг хүссэн ч сувилал авахгүй нь мэдээж. Угаасаа клиник сувилал бол Д.Ариунсанаа шиг бүсгүйчүүдийн хүүхдийг асрах үүрэгтэй байгууллага. Тэгж байтал сүүлийн нэг сар орчим ихэр охидыг эмчилж байсан Баярмаа эмч бас баахан тайлан тавив. Түүний ярианы өнгө, хүнтэй харилцах соёл, ёс суртахууны төлөвшил эмч хүнд баймгүй дээрэнгүй аястай. Хоёр бяцхан үрээ Монголын төртэй хамтран өсгөх гэж бусдын царай харж яваа бүсгүйг буруутгаж, хүүхэддээ анхаарал тавьдаггүй, надтай уулздаггүй гэж дүгнэв. Сувиллын дүрэм журамд заахдаа, энд асруулж байгаа нялхсыг зөвхөн лхагва гаригт эх, эцэг, гэр орныхонтой нь уулзуулна гэжээ. Д.Ариунсанаа тэр журам, дүрмийг зөрчсөнгүй. Эргэлт уулзалтын байранд хоёр хүүхэдтэйгээ уулзаад буцдаг байж. Ирэх тоолондоо нийгмийн ажилтантай уулзаж, хүүхдийнхээ талаар асууж ярилцана. Бүсгүйг хүүхдээ эргэж ирэх болгонд Отгон эмч эргэлтийн байраар орж ирдэг, хүүхдийнх нь эрүүл мэндийн талаар ярьж зөвлөдөг байв. Харин Баярмаа эмч ихэр охидыг сайн эмчилж, сувилсан гэж өөрийгөө ихэд дөвийлгөж байсан. Уг нь энэ бол түүний хийх ёстой ажил. Үүний төлөө түүнд Монголын төр цалин өгч байгаа.

Тэр эмч эргэлтийн байраар орж ирдэггүй болохоор Д.Ариунсанаа түүнтэй уулзаж чаддаггүй байсан гэдгээ ойлгуулах гээд дийлсэнгүй. Нэг удаа уулзъя гэхэд “Ажилтай байна, дараа болъё” гэжээ. Тэгсэн атлаа Баярмаа эмч Д.Ариунсанааг “Надтай нэг ч удаа уулзаагүй, хүүхдээ асууж орой бүр надтай утсаар ярих ёстой, эх нь мөн л юм бол хүүхдийнхээ төлөө ингэх үүрэгтэй” гэх зэргээр давшилж байсан. Тэгээд бас сувилалд ирсэн хүүхдийг эцэг, эх нь хамтарч өсгөх ёстой гэх юм. Үүнийг ойлгосонгүй, учрыг лавлахад “Хэрэв хүүхэддээ хайртай л юм бол “бөхөлзөж” байх ёстой” гэсэн утгатай бололтой. Түүний хэлснээр бол “Д.Ариунсанаа хэзээ ч утасныхаа цэнэгийг дуусгаж болохгүй, хэрэв утсаа алдсан, эвдсэн бол өдөр бүр цагаан утаснаас залгаж, хүүхдээ эргэж ирэхдээ Баярмаа эмчтэй уулзах ёстой” гэнэ. Зарим үед утсаар ярих 200 төгрөг, автобусанд өгөх 300 төгрөг ч үгүй байх үе зөндөө байдаг гэж Д.Ариунсанаа нулимс зангируулан үнэнээ хэлсэн. Гэвч түүнийг Баярмаа эмч сонсохыг ч хүссэнгүй.

Нялхсын клиник сувилал руу орохыг хүссэн хүн бүр дотогш нэвтрэх боломжгүй. Ийм хатуу журамтай байгууллагын ажилтны шаардлага амьдралд нийцэх үү. Уг нь эмч хүн эмчилж байгаа хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд илүү санаа зовох ёстой баймаар. Эсвэл сувиллын газрынхаа журмыг өөрчилж, хүүхдээ асруулахаар өгсөн ээж нарыг хамтад нь байлгана гэдэг ч юм уу, эсвэл өдөр бүр өглөөнөөс орой хүртэл эргэлтийн байранд сууж байхыг “хуульчлаад” өгчихмөөр санагдана. Эндхийн ажилтнууд ер нь өөрсдөдөө “хир” халдаахгүй гэж улайрдаг, “арьс”-аа хамгаалахын тулд бусдыг юу гэж ч хэлж мэдэх юм билээ. Харин үүнийг Монголын ард түмний эрүүл мэндийг хариуцсан сайд С.Ламбаа, дэд сайд Ц.Цолмон нар хэрхэн болгоож байдаг юм бол. Сайд нар гэлтгүй нялхсын асуудал хариуцсан дарга, мэргэжилтэн яам, тамгын газарт байдаг бол төрийн мөнгө “урсгаж” байдаг байгууллагын ажлын талаар дахин нэг болгоож тунгааж үзээсэй.

Нялхсын клиник сувилал гэдэг төрийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтнууд өөрсдөө хувийн хөрөнгөөрөө сувилал байгуулсан мэт андуурч, эндүүрээд байгааг яах вэ? Хүүхдээ төрөөр асруулж байгаагийн лайг эдэлж яваа Д.Ариунсанаа шиг ээж нарыг “Өсгөж бой-жуулж чадахгүй юм бол яах гэж хүүхэд төрүүлсэн юм бэ” гэсэн харцаар ширэв татаад байх уу. Тэгвэл ядруухан амьдралтай бүсгүйчүүд хүүхэд төрүүлж болохгүй гээд хуулиар хориглочих л доо, УИХ-ын гишүүд ээ. Тэр цагт нялхсыг сувилах байгууллага огт хэрэггүй болно, төсвөөс цалин авдаг 50 гаруй орон тоог хэмнэх сайхан боломж гарна, С.Ламбаа сайд аа. Боломжийн амьдралтай айлын хүүхэд төрийн асрамж горьдож энд ирдэггүй юм шүү дээ, эрхэм дарга нар аа. Тэгээд бас яг шорон шиг эргэлт уулзалтын байранд долоо хоногт ганцхан удаа ээж, аавтайгаа уулздаг ийм сувилал хэнд хэрэгтэй юм бэ. Нэртэйгээр нь “Нялхсыг хорих газар” гэж нэрлэмээр юм. Үг хэлж чадахгүй өрөвдмөөр нялх амьтдыг ядарсан ээжтэй нь хамт дарамтлахаа боль. Хэний ч бүсгүй үр амьдралын нугачаанд бүдэрч ойчихыг хэн ч үгүйсгэхгүй. Д.Ариунсанаагийн хувьд сувиллынхны хуурамч багийг хуу татаж хаяад бяцхан хоёр охиноо өөрөө өсгөе гээд тэндээс тэврээд гарсан нь зөв ч байж магадгүй. Түүнийг ээжтэйгээ хоёр охиноо нэг нэгээр нь тэвэрсээр автобусны буудал руу явах зуур зарим зүйлийг тодруулж асуув.

-Дүү минь, арван сартай хоёр нялх хүүхдийг асарна гэдэг амаргүй. Сувиллынхантай хэл үгээ ололцвол дээр биш үү?
-Зүгээр ээ. Миний охидыг надаас илүү асарна гэж энд байхгүй. “Хүүхдээ авна гэсэн гарын үсэг өг” гэж шаар-дахаар нь хийгээд өгчихсөн.

-Хоёр охин чинь сувилалд анх ирэхдээ бие нь их тааруухан байсан гэж эмч нар яриад байх юм?
-Сувилуулаад мяраалсан юм байхгүй байгааг та харсан шүү дээ. 2009 оны нэгдүгээр сарын 12-нд хоёр охин минь төрсөн юм. Энх-Отгон 1.7 кг, харин Энхсаран хоёр кг жинтэй гарсан. Зургаан сар хүртэл нь хөхөөрөө хооллож, нэмэгдэл тэжээл өгч байсан. Угаасаа жин багатай төрсөн, эсвэл хөхний сүү бага болохоор ч тэр үү, миний хүүхдүүд “тарган, цатгалан” байгаагүй. Гэхдээ сувилуулахаар гэрээсээ ирэхдээ 5.1-5.2 кг жинтэй, цус багадалт, жингийн алдагдалтай гэсэн оноштой байсан. Хоёр охин минь сувилуулж байхдаа уушигны хатгаа авч арваннэгдүгээр сарын 2-нд Эх нялхсын төвд хэвтсэн. Би хүүхдүүдээ 17 хоног сахиж, асарсан. Эмнэлгээс гарснаасаа хойш сувилалдаа байсан. Эндхийн халамж, асаргаа санаанд хүрэхгүй байгаа учраас би хүүхдүүдээ авахаар шийдсэн. Жин нь нэмэгдсэн гэж эмч нар хэлээд байгаа юм. Сувилалд дөрвөн сар болоход хоёулаа 1.2 кг-аар нэмэгдсэн. Үүнийг сайн сувилсан гэх үү. Чөрийсөн хоёр амьтны дух, нуруу нь хөхөрсөн, юунаас ч юм айж хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд байх юм.

-Клиник сувиллынханд гомдож байна уу?
-Төрийн үйлчилгээ, халамж үзүүлж байгаа хүмүүст сэтгэл алга. Зөвхөн цалин хангамж нь л тэдэнд чухал юм шиг байна. Би ийм хүмүүст итгэж хүүхдүүдээ асруулахаас айж байна. Бас хажууд нь янз бүрийн дарамт их, тэр болгоныг давах гэж бишгүй хичээсэн дээ. Монголдоо ганцхан Нялхсын клиник сувилалд хүүхдээ асруулах гэсэн биш зөндөө л юм сонслоо.

-Телевизээр элдэв юм ярьсан гээд гоочлоод байна уу?
-Тийм ээ, сувиллыг ам уралдан магтаж болдог. Харин ажилд нь хэрэг болох шүүмжлэл хэлж болдоггүй юм байна.

-Танайх хаана байдаг вэ, гэртээ олуулаа юу?
-Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шархаданд амьдардаг. Одоо ээж, дөрвөн хүүхэдтэйгээ зургуулаа амьдарна даа. Ихэр охидын ах, эгч хоёр сургуульд явдаг. Нөхөр маань намайг дөрвөн сартай жирэмсэн байхад Солонгос явсан. Бидэнтэй холбоо тасраад удаж байна. Ажил хийж байгаа байх.

Монгол Улс халамжаар амьсгалж байна, мөнгийг тэрбум тэрбумаар нь нийгмийн эмзэг бүлгийнхнийг халамжлахад зориулдаг гэлцдэг. Үнэндээ хөшигний ар дахь амьдрал ийм л байна. Зөвхөн Д.Ариунсанаа биш хичнээн хүн халамж нэртэй дарамтыг давах гэж зүдэрч явааг хэн мэдэх вэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.