Хүмүүс: Дангаасүрэн Энхбат | Цахиа Элбэгдорж | Базарсад Жаргалсайхан | Ж Батзандан | О Магнай | Баяр Санж | |
Шударга, үнэнийг нэхсэн иргэдийнхээ өмнө монголын төр хэдий болтол худал ярьж, хулчийх нь то-дорхойгүй хэвээр байна. Эрх баригчид ээлжит жүжгээ “Долдугаар сарын-1 ба Хүний эрх” сонсгол гэж нэр-лэн саарал ордонд нээлттэй зохион байгууллаа. 2008 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл жил дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдөр л арайхийн өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан болохоор нааштай алхам гэж хэлж болох юм. Гэсэн ч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн нэгэн адил өдөр, хоног алгасах тусам хэргийн баримт, материал, эх сурвалжууд бүдгэрсээр байна.
Цаад эзэд нь цагдаа, иргэдийнхээ хооронд яс хаяж уралцуулчихаад хөшигний ард хөзөр тоглож суугаа юм. Тухайлбал, өчигдрийн сонсголд тухайн үед АН-ыг удирдан жагсаал, цуглааныг уриалж ард түмэнд хандан үг хэлж байсан Ц.Элбэгдоржийн тайлбарыг сонсох учиртай биш үү. Намынхаа байрнаас гарч ирээд үгээ хэлэхийг шаардсаар байтал арынхаа хаалгаар бултаж зугтсанаар хэрэг явдлыг хүндрүүлсэн МАХН-ын дарга, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг яагаад оролцуулсангүй вэ. Гол дүрийн жүжигчин гэдэг шиг жагсаал, цуглааны тэргүүн ээлжинд явсан Иргэний хөдөлгөөний удирдагч Ж.Батзандан, О.Магнай, Ногоон намын дарга Д.Энхбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэднийг дэмжин уриалсан Ц.Монгол нарыг дуудаж авчраад болсон явдлыг яриулж яагаад болоогүй юм бэ.
Энх цагт эх орондоо буудуулж нас барсан иргэдийн ар гэр, зодуулж тахир дутуу болсон төрийн цагдаа нар, эд материалын хохирол амссан эгэл олны үг, үйл явдлын жинхэнэ гэрчүүдийн үгийг яагаад сонссонгүй вэ. Долдугаар сарын 1-ний шөнө цагдаагийн бие бүрэлдэхүүнийг удирдлагаар хангах үүрэг хүлээсэн хүн бол Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд. Гэтэл учир битүүлэг байдлаар сонсголд ирсэнгүй. Эргүүл, хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Л.Зориг нарыг яагаад оролцуулсангүй вэ. Үйл явдлын халуун цэгт амь насаараа дэнчин тавин сурвалжлага хийсэн, хуурцаг, гэрэл зургийн хальсандаа олон арван баримтыг хадгалсан сэтгүүлчдээс үзсэн, харсныг нь асууж яагаад болохгүй гэж. Сайтуудад хэн цэвэрлэгээ хийсэн юм бэ. Тэнд саяхныг хүртэл хадгалагдаж байсан дүрс бичлэгүүд, долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой мэ-дээллүүд хаачив. Буудуулсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж, гэрч болсныхоо төлөө ажлаасаа халагдсан эмч нар хаана явна. Тэд ч бас үгээ хэлэх учиртай. Энэ бүхнийг хэн нуун далдалж, улмаар замхруулж орхив оо. Нөхцөл байдал, үйл явдлын өрнөл урт гар, урт чихтэй цаад эзэд бүхнийг амжуулчихаж гэж хэлээд байгаа юм биш үү.
ХАМТАРСАН ХАЛХАВЧ
Хамтарсан Засгийн газрыг хэвээр нь авч үлдэхийг намын нөхдөөсөө үнэн голоосоо гуйж, захисан хатуу захиас МАХН-ын дарга С.Баярынх. Таван алтан амь-таван сайдын суудлаар наймаалцсан хамтарсан Засгийн газар бол олон эрх ашгийн халхавч. Шуудхан хэлэхэд долдугаар сарын 1-ний үйл явдал, түүнээс үүдсэн хохирол, хариуцлагыг хүлээж дээлээ нөмрөх ёстой гол гэм буруутан МАХН-д ч, АН-д ч бий. Өөрсдөдөө хамаатай энэ хэргийг нуун дарагдуулж хариуцлагыг зувчуулах үүрэгтэйгээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хэрэг илрэх, гэм буруутанд хариуцлага тооцох боломж хязгаарлагдсан.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж гарч ирэнгүүтээ Өршөөлийн хууль санаачилсныг засагт хамтарсан хоёр намын гишүүд олонхиороо гар өргөн баталснаар долдугаар сарын 1-ний үймээний хэргийн гол гэм буруутнуудыг хавтгайд нь хамруулав.
Тухайлбал, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн О.Магнай,
Ж.Батзандан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг сэжигтнээр татан Ганц худагт хорьж, мөрдөн шалгасан дүр үзүүлээд батлан даалтанд гаргаснаас хойш Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Цаад эздээс өгсөн үүрэг, чиглэл цагдаа, иргэдийг хооронд нь уралцуулах, хурцлах, ялсан талд нь алга таших сценариар явагдаж буй. Тиймээс Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн захирагч Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Л.Зориг, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд нарыг мөрдөн байцаалтад зориуд удааж, хугацаа хожихыг эрмэлзэж байна. Бидний олж мэдсэнээр тэднийг мөрдөн шалгаж дуусаагүй ирэх оны эхээр эцэслэн шийдвэрлэх мэдээлэл байгаа юм. Иргэд үр хүүхдийнхээ амийг нэхэж, үнэнийг олох гэж өлсгөлөн, суулт, жагсаал тэмцэл хийж байна.
Гэвч үнэнийг хааж нуусан хамтарсан эрх ашгийн эсрэг тэмцэх бус зөвхөн цагдаатай л уралцахаас хэтрэхгүй байгаа тул долдугаар сарын 1-ний үймээний хэрэг шударгаар эцэслэн шийдэгдэх боломж хомс байгаа юм.
МАХН-ЫН ШИНЭ БАЙР ХЭДХЭН ТЭРБУМААР БОСНО, ХАРИН ХОХИРОГЧДЫН АМЬ НАСЫГ ЯМАР Ч ҮНЭЭР ТӨЛЖ ЧАДАХГҮЙ
МАХН-ны байр шатсаныг “Молотовый коктейль” ажиллагаа хэмээн ажиглагчид дүгнэдэг. Галдан шатаахад зориуд бэлтгэж, компьютерүүдийнхээ хард дискийг урьдчилаад авчихсан, зөөх зүйлээ ч хэдийнэ амжуулсан байсан гэсэн мэдээлэл тухайн үед гарч байв. Гэсэн ч одоо шинэ байрныхаа шавыг тавьж, санхүүжилтэд зориулан олон сая төгрөгийг улсын төсөвт суулгуулсан. МАХН ч яахав хэдхэн арван тэрбумаар шинэ байртай болчихно. Лав л хуучнаас илүү орчин үеийн хэв загвартай, бас олон давхар, өрөө тасалгаа нь ч уужим саруул байх юм гэсэн. Гэмтэж бэртсэн, хар залуугаараа хөдөлмөрийн чадвараа алдсан олон арван цагдаа, амь насаа алдсан таван иргэн, тэдний гэр бүлийнхний хохирлыг хэн, ямар үнээр барагдуулах вэ. Хэчнээн тэрбумыг цацсан ч алагдсан амь, эмтэрсэн зүрх, шархалсан сэтгэл бүтэн болохгүй.
1. Долдугаар сарын 1-ний үймээнийг хэн өдөөн турхирсан бэ. Үймээнд оролцсон иргэний хөдөлгөөнүүд, тэдний удирдагчид уу. Ялагдсандаа шаралхсан АН-ын дарга Ц.Элбэгдорж уу. Эсвэл үнэхээр сонгууль луйвардаж, өрөвдүүлж оноо авах гэсэн МАХН-ын дарга, тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр уу. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэлснээр Ногоон намын дарга Д.Энхбат уу?
2 . 2008 оны долдугаар сарын 1-ний үдэш 1000 гаруй цагдаагийн хүчийг
МАХН-ын байрнаас яагаад эргүүлэн татсан бэ?
3. Таван иргэнийг буудах тушаалыг хэн өгсөн бэ?
4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд МАХН-ын дарга, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр “Төр иргэд рүүгээ буу шагайсан бол хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэж хэлсэн. Өнөөдөр чулуу шидсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцсон. Харин хүн буудсан гэмт этгээдүүдийг яагаад олохгүй байгаа юм бэ?
5. Буудуулсан иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн эмч нарыг ямар үндэслэлээр ажлаас нь халсан бэ?
6. Иргэдийг хөөж буудсан этгээдүүд хар жийп хөлөглөсөн байсныг хохирогчид хэлдэг. Хар жийпнүүд хэнийх вэ?
7. МАХН-ын байрны орчим шатсан машины эзэд хэн бэ?
8. Шуудай, шуудайгаар чулуу, авдар авдраар архи хэн зөөсөн бэ. Чулуу ачсан цагаан машин хэнийх вэ?
9. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын ажлын хэсэг байгуулж, улс төрийн үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг өгсөн. Нэг сар нь яагаад жил дөрвөн сар болон сунжирч, ажил удаашрав?
10. Хоёр намын зүгээс долдугаар сарын 1-ний үйл явдалд улс төрийн үнэлэлт, дүгнэлт өгөх боломж байна уу?