ХҮН ЧУЛУУНЫ ГУНИГ

2009/12/03
Share |
Хүмүүс:
ХҮН ЧУЛУУНЫ ГУНИГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нотолсноор Өмнөговь аймгийн нутгаас гурван метр урт, зөвхөн толгой нь мотоциклийн тал шиг том араг яс олдсон байна. Онцгой сонин ийм олдвор илэрсэнд уншигчид битгий хэл үүнийг бичигч өөрөө итгэхэд бэрх, нэн ховор тохиолдол учраас зориуд төрийн яамаар нотолгоо болголоо. Гурван метр үлэмж том араг ясыг гурван өрөө байраар солино гэж байсан ажээ. Мэдээллийн мөрөөр мөшгин хөөцөлдсөн боловч Өмнөговиос Хятадыг зорьсон нүүрс тээвэрлэх замаар хэдийнээ хил гарчээ. Хятадууд хэсэг хугацаанд араг ясыг нууж даран, судалж шинжилснийхээ дараа манай нутгаас асар ховор зүйл олдлоо гэж дэлхийн чихийг дэлдийлгэн, ашиг мөнгийг уутлах учраас энэ яриа үнэн болох нь батлагдана.

Бид Арийн соёл иргэншлийнхэн. Энэ үлэмж биетний яс магадгүй Атлант, Лемурын иргэншлийн үлдэц байсан ч юм билүү, хэн мэдлээ. Завханы нутгаас барилгын суурь ухаж байсан ажилчид чимхлүүр нарийн хийцтэй, асар олон алтан бурхан олсон тухай мэдээлэл БСШУЯ-нд ирсэн ч ул мөргүй алга болжээ. Яамны хийж чадах ажил нь цагдаад хандах л бөгөөд хэсэг хугацаанд шалгаж байгаад тогтоогдолгүй замхарсан байна. Мөнх цэвдэгт сайтар хадгалагдсан, сурвалжит хүний занданшуулсан цогцос, хувцас хэрэглэлтэйгээ Өмнөговиос олдсон ч сэтгэцийн өвчтэй нөхөр шатааж устгаснаас өрөөсөн гутал нь үлдэж билээ. Хуулиар мань эрийг торгоод л, мэдрэл муутай юм гэж түүнийгээ ч хүчингүй болгоод л өнгөрсөн.

“Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ?” дууны үг нотлогдож, Азийн Эльдорадо гэж зарлагдсан Монголд уул уурхайн “буум” болж байна. Өвөг дээдсээс үлдсэн газар нутгийн 70 хувь нь эрдэнэсийн эрэлч хайгуулчин, олзворлогч, олборлогчдын эрхийн бичигтэй талбайн гортигт багтав. Нэг л салбарыг дагнахаар эдийн засаг голланд өвчинд нэрвэгдэнэ, байгаль орчин сүйдлээ гэх зэрэг айдас болгоомжлолоос ч илүү нэг асуудал, том сэдэв хэлэлцэгдэхгүй, анхаарлын гадуур өнгөрч байгаа юм. Энэ бол үүх түүх, өв соёлыг устгаж байгаа түүхийн эсрэг гэмт хэрэг. Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Хэн гэдгээ мэдэхгүй бол түүхээ үргэлжлүүлэн бичиж чадахгүй. Өвөг дээдсийн сүнсийг тарчлааж, булш бунхныг нь тонон дээрэмдэж, үнэлж баршгүй түүхийн дурсгалыг устган хөнөөсөн геноцид. Сүр сүлд, шүтээн тахилыг нь өшиглөчихөөд, авдрыг нь ухахыг зөвшөөрөх юм бол “Баялгийн хараал” болно. Уул уурхайн бизнесийг хүндэтгэж байна, ухсан нүх үлдээхдээ өчигдрийг маань дэлбэлж тэсэлчихээд явчихсан өөдгүй жишээ олон байна. Өвөрхангайн Уянга сумын нутаг дахь  Өлтийн алтны уурхайгаас эртний хүний хэд хэдэн яс гарсныг бульдозер унасан “толгойгүй хүмүүс” үйрүүлэн тэгшилж, яйруулан буталчихсан юм. Заамарын нутаг, олон голын хөндий түүх соёлын дурсгалын өлгий байлаа. Гадаад, дотоодын тавь гаруй компани түүх, соёлын дурсгалыг газрын хөрснөөс эгнэгт арчсан. Булганы Дашинчилэнгийн нутаг, Чин толгой хэмээх газарт Хятаны үеийн хэрэмт хотыг Хятадын компани тэсэлж дэлбэлээд, экскаватораар ухан сүйтгэжээ.

Эзэн Чингис хааны гал голомтонд хүртэл хятад компани зүрхэлж халдлаа. “Шэймэн” гэдэг хятад компани түүх соёлын үнэлгээ дүгнэлтгүйгээр Хэрлэнгийн хөдөө арлыг өрөмдөж байна. Чингис хааныхаа нэрийг архи болгон нэрж, согтохоороо цээжээ дэлдэн аагархдаг мөртлөө гал голомтыг нь хятадууд самарч байхад ус балгасан мэт таг чиг. Их хааны алтан шарилыг өрөмдлөө, төнхлөө гэсэн үг. Өвөг дээдсийн ясыг өндөлзүүлэх ч биш өрөмдөж үйрүүлж байхад Бөртэ чонын удам яс горьдсон нохой мэт гөлөлзөнө. Хөх тэнгэрээс тамга, штамп, тэмдэг дардастай төрсөн гэж хий сагсуурахын оронд “Хөдөө арал”-аа авраач, цаазын тавцангаас буулгаач гэж археологийн мэргэжилтэн шүүрс алдан ярьж байна. Хүн чулууны нулимс урсах мэт хүйс тэмтэрсэн адал балмад явдлын үр дагавар, өчигдрийг, өнөөдрийг, маргааштай нь таслах үр дагавартай. Монголын газар нутагт 850 мянган жилийн тэртээгээс хүн амьдарч байсан гэх түүхийн сурвалж бий ч нэг ширхэг яс олдоогүй байна. Алтан ургийн нэг ноён, их хаадын булш бунхан онгон дагшнаараа, атигар морь, матигар сэлмээ бариад тэнгэрийн хаяа, газрын савслагад хүрсэн нь үнэн ч дохихын төдийд түм буман ардыг эзлэн дагуулсан ганц зэвсэг бодитоороо бидний гар дээр алга. Юу гэвэл тэр лицензтэй бульдозер унасан толгойгүй захирал, лицензгүй хүрз лоом барьсан нинжа нарын гарт сүйтгэгдэж байна гэсэн үг юм.

Харц ардаас хаан язгууртан ч хуулийн дор амьдрахыг тунхаглан баталж, “Их засаг”-ийг сахин мөрдсөн, төрт ёсны түүхтэй Монголын хууль өнөөдөр хувь хүний хүсэл зоргод захирагдсан цаас болжээ. Үндсэн хуулинд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалт түүхийн эсрэг гэмт хэргийн өмнө хүчгүй нэг өгүүлбэр. “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-гийн 10-т хот суурин, барилга, байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад газар олгоход, түүх археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж зөвшөөрөл авна” гэж заасан ч хүсвэл хэрэгждэг, хүсэхгүй бол больдог. Урьдчилсан хайгуул, шинжилгээ хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах ажлын зардлыг захиалагч хариуцахаар заасан нь хөрөнгө чинээ, ухамсар соёлоос нь хамаарахаар болчихсон. Монголын компаниуд өв соёл, үүх түүхээ тэсэлж, өвөг дээдэс рүүгээ нулимж байхад гадаадын компани биднээс илүү бидний өчигдрийг хүндэтгэж, хөрөнгө мөнгө гаргасан жишээ баримт нэг биш. “Айванхоу майнз”-ын талбайд 2001 оноос эхлэн есөн  судалгаа хийж ихээхэн зүйлсийг илрүүлэн олсон байх жишээтэй. 2002 онд хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгалыг илрүүлжээ. Дараа жил нь чулуун зэвсгийн үеийн бууц суурин, хүрэл, төмөр зэвсгийн үеийн 51 дурсгал олж илрүүлсэн гэх мэт. “Чинхуа мак”-ын Нарийнсухайтаас ч түүх, соёлын дурсгалыг олж илрүүлсэн байна.

Зурагтаар гөвүүлж, сонинд шүүмжилж “Энержи ресурс” хүсэлт гарган судалгаа хийлгэж, түүх соёлын 116 дурсгалт зүйлээрээ үзэсгэлэн гаргасан үндэсний компаниудынхаа хувьд үлгэр жишээ ажил болсныг шударгаар хэлэх хэрэгтэй. “Газрын хэвлийг ашиглах явцад түүх, соёлын дурсгалт зүйл илэрвэл Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” гэж хуульчилсан ч зам, барилга, уул уурхайн компанийн ухамсар соёлоос хамаарч хэрэгжиж ч магадгүй, үгүй ч байж болох цоорхойтой. Хуулийг нэг мөр ойлгож, хувь хүний дур зоргоос үл хамааран хэрэгжүүлдэг. Чили, Канад, Америк, Австрали, Япон зэрэг оронд алга дарам газар мухлаг барьсан ч заавал түүх, археологийн дүгнэлт хийлгэдэг хуультай, журамтай. Монголын хувьд наад зах нь хайгуул, ашиглалтын лиценз авахад бүрдүүлдэг материалын жагсаалтанд түүх, археологийн судалгаа шинжилгээний дүн байхаар хуульчлан заахгүй бол хотод суугаа төрийн байгууллага аль компанийн хаашаа тавих ямар зам, хэн гэдэг хүний лицензтэй талбайн хэддүгээр хавтгайд хэд хичнээн дурсгалт зүйл байгааг мэдэх боломжгүй. Тааж мэддэг таван хаан, тамшаалж мэддэг тарлан бух, далдыг хардаг далай багштан байгаад ч хийсвэрлэн мэдэх зөн билгийн ажил биш юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар дөнгөж ярьж судалж эхэлж байгаа юм билээ. БСШУЯ, УИХ-ын Байнгын хороо, түүхч мэргэжилтэй гишүүд, өв соёлоо дээдэлж, үндэс угсаагаа хайрладаг төрийн түшээд, эрдэмтэн мэргэд, иргэн бүхнийг энэ хэлэлцүүлэг урьж байна. Үүх түүх, өв соёлоо авран хамгаалахгүй бол алтны хараал тусч, Ванчинбалын Инжинашын тэмдэглэсэнчлэн “Ойд төөрсөн сармагчин лугаа” болж хувирна.

Үргэлжлэл бий. /Д.Болдхуяг/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.