Хүмүүс: Мөнгөлдэй | Мишээл | С Саранцацралт | |
“S moda awards”-аас сонгодог урлагийн хамгийн имижлэг алдартан болсон төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шагналыг ард түмэн нүдээ оллоо хэмээн зүй ёсоор үнэлж байгаа. Эзнээ олсон гэгдэж буй шагналын эзэн имижлэг зураач бүсгүй маань өөрийгөө нийгмийн амьдралтай төдий л ойр хүн биш гэдэг. Харин ард түмэн хөх үс бүхий энэ эгэл биш хатагтайд хайртай байдаг нь үзэл бодол, өнгө төрхтэй нь холбоотой биз. Юутай ч энрийхэн, эрх хонгор хижээл насны эмэгтэйчүүд амьдралд тийм олон байдаггүй. Гэхдээ эмэгтэйлэг гэдэг тодорхойлолт бол түүнээс нэлээд алсуур. Өдөр тутамдаа өндөр өсгийт жийдэггүй Цацаа “яг сексийн үед л би өөрийгөө эмэгтэй хүн болохыг мэдэрдэг” гэж байсан удаатай. Түүнээс бусад тохиолдолд бол хов жив, хоршоо дэлгүүр мэтэд хойрго нэг үгээр тун эршүүд бүсгүй. Орчин үеийн урлагийн хөгжлийг гэр бүлээрээ түгээн дэлгэрүүлж яваа С.Саранцацралт авхайн охид бас олны хараанд өртөмтхий. Гэхдээ уран бүтээлч гэр бүлийн дотоод уур амьсгал хийгээд бусдаас өвөрмөц үзэл бодолд эгдүүцэх хүмүүс ч байдаг. Үнэндээ хүнтэй сууж, хүүхэд төрүүлэхийг адгууслаг шинжид тооцон, өөрсдөө хүнээрээ үлдэхийг хүсдэг эмэгтэй хүн амьдралд хэр олон бий бол. Ээж нь ч охидынхоо хувийн үзэл бодолд нөлөөлж, зааж зааварчлах хүсэлгүй гэдэг юм билээ. Тиймээс л гаж сэтгэлгээ гэлцдэг байх. Тэгвэл Мишээл, Мөнгөлдэй хоёр үр удмаа үлдээлгүй үхэх юм бол элит гэр бүлийн хайран удам тасрах нь дээ хэмээн санаа зовдог хүмүүс ч бас байдаг гэсэн шүү.