ИНЕГ-ыг толгойлох үнээний ферм ажиллуулахаас өөр

2009/12/08
Share |
Хүмүүс:
ИНЕГ-ыг толгойлох үнээний ферм ажиллуулахаас өөр

ИНЕГ авлигачаараа дуудуулсан айхтар хэцүү даргаасаа энэ оны эхээр салж санаа нь амарсан. Гэвч дараагийн дарга “төрөх” гэж дуншсаар зургаан сарыг авсан билээ. “Найраа” гэдэг илүү тээлттэй, “хахууль”-иар таглагдсан бүтэлттэй явсаар арай гэж төрсөн шинэ удирдлага нь Г.Даваа. Энэ оны хоёрдугаар сард С.Батмөнхийг солиход Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явагдаж 15 хүн ИНЕГ-ын даргын албан тушаалд өрсөлдсөн ч зөвхөн Г.Даваад суудлыг тааруулахаар зүтгэсэн нь ийнхүү зургаан сар Монголын онцгой чухал нэг салбарыг эзэнгүйдүүлсэн. Энэ хугацаанд Г.Даваа ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн албан тушаалтнуудыг хөлдөхийг нь хөлдөж, хөшихийг нь хөшсөөр МАХН-ын нэрээр зуны долдугаар сард санаснаа гүйцэлдүүлжээ. Тэрээр өмнө нь ИНЕГ-ын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн даргыг 1993-2005 он хүртэл хашихдаа олон “но”-ны номинацид өрсөлдөгчгүйгээр шалгарч явсан юм билээ. Гадаадын олон зуун сая төгрөгийн төслийг завшсан, ашиглалтгүй локатор оруулсан, “МИАТ” компанийг Ирландын тэтгэврийн хөгшдөөр хоёр жил удирдуулахдаа Монголын талаас ганцаараа удирдах багт орж нэг сая гаруй еврог хуваалцаад ямар ч үр ашиггүй менежмент хийсэн зэрэг түүний “гавьяа” удаа дараагийн шалгалтуудаар тогтоогдож байсныг нисэхийнхэн мартаагүй.  Тухайн үед ИНЕГ-ын дарга асан М.Дагвын бодлогыг хэрэгжүүлж, олон жил салбарын хөрөнгө оруулалт, төслөөр тоглосон далд эзэн нь Г.Даваа гэгддэг.

Тиймдээ ч иргэний нисэхийнхэн түүнийг дарга болох ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж эсэргүүцэн тэмцэж, Засгийн газар, ЗТБХБЯ-нд элдэв мэдээ мэдээлэл цувуулсаар байсан. Г.Даваа, М.Дагва нарын буянаар манай дотоод, гадаадын олон нислэг цуцлагдаж, агаарын замыг гадныхан хямдхан ашиглах анхны суурь тавигдсан гэдэг. Ийм л нэг дарга мяндагтан одоо улстөрийн тогоонд холимог хуурга бантагнуулж эхлэв. Анх өөрийг нь гаргаж ирсэн МАХН-ынхаа өр лүү өшгичиж, сүүлийн үеийн халаа сэлгээ, томилгоонуудаа өөр намынхны өмнө дэвсэх болжээ. МАХН-ын гишүүдийг “Гарах хаалга” руу өшиглөөд АН-ынхныг арын хаалгаараа “Тавтай морилуулсан” ажиллагаа нь ч амжилттай хэрэгжсээр байна. МАХН-ын гишүүн, ИНЕГ-ын Техник хангалтын албаны дарга болон Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга нарыг үндэслэлгүйгээр ажлаас нь халаад оронд нь тендерээс нийлж мөнгө саагч С.Отгонбаяр, Баатархуяг нарт албан тушаал өгсөн. Мөн олон жил нис-сэн нисэгчид, нисэхийг мэддэг, дадлага туршлага ихтэй Булган, Дундговь, Увс, Говь-Алтайн нисэх буудлуудын дарга нарыг халж тухайн аймгуудын Ардчилсан намын дарга нарт орон нутгийн нисэх буудлуудыг бэлэглэжээ. Ингэж улстөржсөн, мэргэжлийн бус намын даргаар удирдуулсан нисэх буудалд онгоц зөөлөн газардана, ямар нэг юм тохиолдвол шуурхай арга хэмжээ авч чадна гэдэгт яаж итгэх вэ? Нисэх буудлын дарга гэдэг тухайн нисэх буудлын аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг, мэргэжлийн дадлага туршлага шаарддаг, онцгой байдал болон ослын буулт хийх үед мэргэжлийн удирдлагаар ханган онгоцыг бүрэн бүтэн буулгаж, эрдэнэт хүний амь насыг аврах бүх талын арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах ёстой онцгой хариуцлагатай албан тушаал.

Өнгөрсөн сард Говь-Алтай аймгийн нисэх буудалд буусан онгоцны дугуй шатаж золтой л дэлбэрчихээгүй. Хүний амь нас сүйдэх ч энүүхэнд болоод өнгөрсөн. Гэтэл тэр үед аймгийн Ардчилсан намын даргын сонгуульт ажилтай нисэх буудлын дарга нь юу хийхээ мэдэхгүй дэмий л ангайж алмайрч байсан гэдэг. Нисэх багийнхан самбаачлан онгоцны дугуйнд ассан галыг унтраагаагүй бол монголчууд ямар хохирол амсах байсныг хэлэхэд хэцүү. Энэ үйлдлийг эрхэм дарга Г.Даваа “Хувийн компанийн онгоц байсан, сүртэй юм болоогүй” гэж хэлээд салбарын сайдаа аргацаав. ИНЕГ-ын дарга хүн агаарын тээврийн компаниудаа хувийн, хувьсгалын, том, жижиг хэмээн алагчлан үзэж болох уу? Түүнийхээр бол жижиг онгоцонд гарсан гал, осол зөрчил бол зөрчил биш, том онгоцонд гарсан нь зөрчил болох нь. Долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байгаа Говь-Алтай аймагт ахин ийм ноцтой тохиолдол гарвал манайх 30-50 зорчигчтой том онгоцонд гарсан галыг унтраах чадваргүй гэдгийг нисэхийн мэргэжлийн ажилтнууд хэлж байна. Тэд хүнийг өнгөрсөн хойно нь магтдаг шиг С.Батмөнх даргын үеийг ч дурсах болов. Г.Даваатай харьцуулахад хувь илүү, ямартай ч өөрөө нисэгчийн мэргэжилтэй, Ленинградын нисэхийн академи төгссөн, техникийн ухааны доктор байсан С.Батмөнхийн үед аймгуудын нисэх буудлын дарга нар дандаа ажлаа мэддэг нисэгч нар томилогддог байжээ гэлцэнэ. Г.Даваагийн үеийн дарга нар орвонгоороо эргэж улстөржиж байгаа нь Ховд, Баян-Өлгийн нисэх буудлуудын дарга нарыг аймгийнх нь намын дарга нараар солихоор зэхсэн ээлжит операциас илэрхий.

Хотын захад 1000 үнээний фермтэй Г.Даваа гэдэг нөхөр энэ онцгой салбарыг хэдэн үнээгээ далдагануулдаг шиг хялбархан удирдчихна гэж эндүүрээ юм болов уу? Бийлэгжүү фермерийн гараар хэдэн онгоцнуудаа далдагнуулж дуусахаасаа өмнө нэгийг бодож, алсыг харж буй байлгүй хэмээн Х.Баттулга сайдын амыг харж суухаас даа

Ж.Содоншагай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.