АРДЧИЛЛЫН МЕДАЛИЙГ УИХ-Д МЭДЭГДЭЛГҮЙ нууцаар хийжээ

2009/12/09
Share |
Хүмүүс: Ө Энхтүвшин | 
АРДЧИЛЛЫН МЕДАЛИЙГ УИХ-Д МЭДЭГДЭЛГҮЙ нууцаар хийжээ

Ө.Энхтүвшин: Энэ явдлыг Засгийн газрын сүүлчийн алдаа гэж бодъё

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг маргааш тэмдэглэнэ. Тэртээ 1989 онд ардчиллын түүхэн үйл хэргийг эхлүүлсэн, үүнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнахаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дөнгөж өчигдөр шийдэв. Ойн баяр тэмдэглэх, хүмүүс шагналаа авахад ганцхан хоног үлдсэн байхад Засгийн газар медалийн тоо, загвар болон түүнд шаардагдах хөрөнгийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Баяр тэмдэглэх өдөр хаяанд ирчихсэн байхад юун медаль, мөнгө вэ гэсэн асуултыг байнгын хорооны хурлын үеэр сөхөв. Гэтэл Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүй ойн медалийг аль хэдийнэ хийлгэжээ. Төрийн дээд одон, медалийг УИХ-аар хэлэлцүүлж баталгаажуулдаг юм.

Засгийн газраар хэлэлцэхдээ нэг медалийг 3600 төгрөгөөр бодож 50 мянган ширхгийг хийхээр болжээ. Мөн медалийн үнэмлэхийг 50 сая төгрөгөөр хэвлэхээр тооцсон байна. Нийт 230 сая төгрөг зарцуулахаар болсон ч Засгийн газар медалийн тоог 30 мянга болгож бууруулжээ.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бусдаас арай өөр. Дөрвөн зүг найман зовхисыг бэ-лэгдсэн сарвагар хэлбэртэй, дээр нь XIII зууны үеийн баатруудын бамбай дээрх хамгаалалтын хээ, мөн цагаан морь, 20-ын тоог дүрсэлсэн гэнэ. Мөнх хөх тэнгэрийг бэлэгдэн цэнхэр дэвсгэртэй байх аж.

Засгийн газар дур мэдэж 230 сая төгрөгөөр ойн медаль хийлгэснээ ингэж тайлбарлав. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Цаг хугацааны хувьд тийм зүйл болчихсон юм. Медаль хийлгэхэд дор хаяж хоёр долоо хоног хэрэгтэй. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийг цаг хожихын тулд урьдчилаад хийж эхэлье гэж Засгийн газрын ажлын хэсгийнхэн шийдсэн” гэв. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэхээр бол-сон. Цаг хугацаа алдсан бол уучлалт хүсье” гэв.

УИХ-ын гишүүн Э.Мөн-Очир нэгэнт цаг хугацаанд амжиж тогтоолын төслийг хэлэлцэхэд хүндрэл-тэй тул гурвадугаар сарын 1-нд эх орончдын өдөртэй хамт тэмдэглэх санал гаргав. Мөн Ж.Сүхбаатар гишүүн “Ардчиллын үйл хэрэгт зөвхөн АН, тус намд харъяалагддаг хөдөлгөөнийхнийг оролцсон гэж ялгаж шагнаж болохгүй. Бүх хүн зүрх сэтгэлээрээ оролцсон” гээд нийт ард түмний төлөөллийг шагнах саналтай байв. Мөн Д.Лүндээжанцан “Ардчиллын 20 жилийн ой бол нийтлэг баяр” гэж хэллээ. Ойн медалийг бий болгох эсэхийг  УИХ-д өргөн барилгүй хийлгэснийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин эсэргүүцлээ. Тэрээр “Эвслээ гэхэд арай ч ингэж эвсэж болохгүй. 30 мянган медаль хийлгэчихээд шийдэж өгнө үү гэж  УИХ-д оруулж ирсэн нь буруу. Засгийн газар сүүлчийн удаа алдсан гэж бодъё. Дахиж ингэхгүй байлгүй. Нэгэнт цаг хугацаа тулсан болохоор УИХ шийдвэрээ гаргах байх. Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн медалийг хийхдээ бид удаан хугацаанд ярьж шийдсэн шүү дээ”  гэв.

Энэ бүхний эцэст байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг дэмжлээ. Цаашид УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ. Дахиж байнгын хороогоор хэлэлцэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах юм. Ойн медалиар шагнуулах хүмүүс маргааш шагналаа авах учраас өнөөдөртөө амжуулж батлах шаардлагатай юм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
CaseyDaf wh0cd865335 viagra generic
IP:46.161.9.24  2017-03-19 12:40:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.