Энх цагийн эгэл баатруудын гавьяаг мартах ёсгүй

2009/12/10
Share |
Хүмүүс:
Энх  цагийн эгэл баатруудын гавьяаг мартах ёсгүй

Иргэдээ өмөөрч бичнэ уриатай “Зууны мэдээ” сонин, ТV-9 телевиз хамтран энэ цагийн эгэл баатруудыг  тодруулж  алдаршуулна.      

TV-9 телевизийн олон нийтийн зөвлөлийн гишүүн, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг:

-Энэ цагийн эгэл баатруудыг хэрхэн тодруулах вэ?
-Зах зээлийн нийгэм хөдөлвөл хөлс, зогсвол зоос гэсэн хандлагаар хөгжиж байна. Монголын ард түмэн, монголчууд  хүнлэг, тусархуу,бусдын төлөө өөрийн хөрөнгө, мөнгө, цаг хугацааг хайрлалгүй сайхан сэтгэлээр хандаж ирсэн. Хүний  мөн чанар үүнд оршиж байгаа юм. Бид 2009 онд сайхан сэтгэл гаргаж, хүнд тусалсан эгэл баатруудыг  санал асуулгаар тодруулж энэ сарын 29-нд алдаршуулан шагнаж урамшуулна.  Нийгэмд тустай аян болгож цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

TV-9 телевизийн олон нийтийн зөвлөлийн гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам  Г.Пүрэвбат:

-Хамгийн агуу хүн бол эгэл хүмүүс дотор бий гэлцдэг.
-Монголчууд хүнийг хүн болгон хүмүүжүүлж байсан, хүнлэг болгож байсан эртний сайхан уламжлалаасаа таслагдаж, орчин үеийн  гадагшаа тэмүүлэх нөлөөнд орсноор өнөөдрийн нийгэмд өөрийгөө зольж бусдын төлөө зориулж чадах нь ховор болчихжээ. Тухайлбал, нэгнйих нь  бие муудаад уначихсан байхад тосч аваад туслахын оронд  тойроод явдаг болсон. Энэ бүхнээс ажиглахад нийгэмд маань хүн хүнээ дээлдэх үзэл, сайхан сэтгэлийн тус дутагдаж байна. Өнөөдрийн дэвшүүлж байгаа энх цагийн баатруудыг тодруулах санаа бол  олны танил бус, хүнлэг чанараа гээгээгүй жинхэнэ хүн байж чадсан баатруудыг олж тодруулах зорилготой юм. “Зуун жил утга, учиргүй амьдарснаас ганцхан өдөр утга, учиртай амьдарсан нь дээр”,  “Хүний хамгийн агуу нууц хүртэл энгийн  зүйлд оршдог” гэсэн гэсэн эртний  сайхан үг олон бий. Амьдрал дунд оршиж байгаа эгэл жирийн хэрнээ агуу  тэр зүйлүүдийг  дахин сэрээж, хүмүүст энэ насандаа ганц сайхан үйлсийг бүтээхсэн гэсэн хүслийн галыг нь бадруулж , ноцоож өгөхөд энэ аян ихээхэн тус болно.

“Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Болдхуяг:

-Манай нийгэмд эгэл жирийн баатруудыг тодруулж чадаж байна уу. Шагнал, урамшууллын өнөөгийн  тогтолцоо, нөхцөл байдал  ямар байна?
-Нийгмийн санаа бодлыг бүрдүүлэгч, нөлөөлөгч  хэрэгсэл болсон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээ, нийтлэлийн бодлогод  монголын өнөөдрийн нөхцөл байдал өрөөсгөл тал бий. Улс төрчид, соёл урлагийнхан олны анхаарлыг татсан цөөн  хүрээг  хамарч, тухайлбал 300-гаад орчим хүнийг жилийн турш сурталчлахад хамаг нүүр талбай, цаг заваа зориулж байна. Эгэл даруухан боловч төрийн хараа хүрээгүй, гүйцэтгэж  чадахгүй байгаа үүргийг биелүүлж, хүмүүст сайхан сэтгэлийн угаас  хандив буян өргөж байгаа энх цагийн баатруудыг тодруулах нь сонин содон, нийгмийн ач холбогдолтой юм. Аливаа олон нийт, нийгмийн сэтгэлийн угт сайхан сэтгэл хэзээ ч унтдаггүй. Нийгэм үргэлж өөр хоорондоо ойлголцож, өөдрөг гэгээн зүйл дээр зөвшилцөж, нэгдэж явах зүй тогтолтой. Тэгэхгүй бол манай нийгмийн  өөр хоорондын  ойлголцол сул, мэдээлэл  нь маш өрөөсгөл,   хэвлэл мэдээллийн  хэрэгслэлийн нийтлэлийн бодлого, нийгмийн амьдралын баялаг бүрээр өргөн хүрээтэй тусахаасаа илүү төрийн ордон тойрсон, улс төр голлосон байдал зонхилдог. Тиймээс “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ”  сонин, 21 аймагт хүрдэг, иргэдийн эрх ашгийг хамгаалж, иргэний нийгмийн дуу хоолой болдог TV-9 телевиз  хамтран “Энх цагийн эгэл баатрууд-2009” аян өрнүүлж байна. Арванхоёрдугаар сарын 29-нд шалгаруулалт болно. Энэ өдөр 1911 оны үндэсний эрх чөлөөний түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байгаа. Шинэ жилийн баяртай давхцаад чимээгүй өнгөрчихдөг болсон учраас зориуд  энэ өдрийг сонгож, энх цагийн баатрууд болсон иргэдээ тодруулан өргөмжлөхөөр төлөвлөсөн.

-Хамгийн гол нь хүн хүндээ сайхан хандаж, урам зориг өгч байгаасай.  Аливаа сайхан сэтгэлийн угаас өгч буй хандив буян  багаддаггүй.  Бусдад сайхан сэтгэл гаргана гэдэг тэр хүн өөртөө бас их тус болж, сайхан сэтгэл гаргаж  байна гэсэн үг. Сайхан сэтгэлийг  манай нийгэм зүүрмэглэж байж магадгүй ч  сэрж сэргээж болдог  гэдгийг  олон хүний  сайхан сэтгэл, чимээгүй, хариу нэхээгүй сайн үйлс харуулж байгаа юм. Ийм мэдээ, мэдээлэл олон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гардаг. Үүнийг  сэргээж, урамшуулья. Ийм байх юм бол нийгэм сайн сайхны төлөө, харилцан ойлголцохын төлөө явах байх. Долдугаар сарын 1-ний үймээн болон нийгмийг айдас хүйдэст автуулсан олон үйл явдал үүнд  ухамсарлаж дүгнэлт хийх ёстой. Жилийн жилд шилдэг улс төрчдийг тодруулдаг. Үнэхээр тийм олон шилдэг улс төрчтэй байсан бол өнөөдөр Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал, авлига хээл хахуулийн асуудал байхгүй, эсвэл тун бага байх байсан.  Шилдэг ялангуяа 76 улс төрч байх боломжгүй. Үнэхээр байсан бол Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байх байсан. Шагнал авахдаа төлбөрөө өгчихдөг, урьдчилаад захиалчихдаг, шагналыг арилжааны журамд оруулчихсан нь хариу нэхсэн байдалд оруулчихсан. Бидний санаачилсан аяны гол онцлог бол хариу нэхээгүй  сайхан сэтгэлийн тусыг нэрлэж, өргөмжилье гэсэн зорилготой юм. Аймаг, хот, сум, дүүрэг, гудамж болгонд сайхан сэтгэлтэй хүн байгаа. Тэднийг судалж олъё,  мэдэж авья, сурвалжилъя гэсэн зорилт дэвшүүлж байна.

TV-9 телевизийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат:

-Улс төрч, урлаг, соёл, спортын хүрээний цөөхөн хүн шагнал авдаг тогтолцоо бий болжээ. Хамгийн агуу үйлсийг бүтээдэг ард түмэн, эгэл жирийн хүмүүсийг шагнаж урамшуулах, олон нйитэд сурталчлан таниулах боломж олдож байна. Ямар журмаар тодруулах вэ?
-Монголын өнөөдрийн шагналын тогтолцоонд шинэчлэл хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ шагнал өөрөө утга төгөлдөр, эзнээ олсон байх болно. TV-9  телевиз “Таны телевиз” гэсэн уриатай. Энэ онд “Зүүд биш байгаасай” цуврал нэвтрүүлгийг хийсэн. Эгэл жирийн олон иргэнд  амьдрах итгэл нэмж, зүүд байсан мөрөөдлийг нь  амьдрал дээр бий болгох олон ажлыг санаачилж хийж, эхлүүлсэн.  Энх цагийн эгэл баатруудыг “Зууны мэдээ” сонинтой хамтран тодруулахаар аян өрнүүлж байна. Олон түмний саналаар  нэр дэвшүүлнэ, мөн олон нийтийн  санал асуулга явуулна. ТББ болон хүмүүнлэгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дэмжээсэй, нэр дэвшүүлэхэд идэхтэй оролцоосой  гэж хүсч байна. Шагналын эзэнд диплом, мөнгөн шагнал гардуулна. Шагналын санг манай хоёр байгууллага гаргаж байгаа юм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.