Надад үзэгчдийн инээд нулимс аз жаргалыг авчирдаг

2009/12/10
Share |
Хүмүүс:
Надад үзэгчдийн инээд нулимс аз жаргалыг авчирдаг

Уран унших,  алиа хошин зүйл ярьж,  жүжиглэх гээд Монгол улсын гавьяат жүжигчин Б.Чаминчулуунд урлагийн тайзнаа хийж үзээгүй үзүүлбэр гэж үгүй.  Тэрбээр зохиолуудаа байнга шинэчилж унших дуртай нэгэн.  Авьяасаараа жигүүрлэн, тэр  хэрээр өөдрөг яваа түүнийг  “Завсарлага” буландаа урьсан юм.

-Та гэртээ юу хийж суух дуртай вэ?
-Би  хоол л хийх дуртай хүн дээ. Тогоо дүүрэн амттай хоол хийгээд хүүхдүүд маань цуглаж идээд сайхан амттай хоол болжээ, баярлалаа гэж хэлэхэд нь кайф авдаг. Бас ач зээгээ тойруулж суугаад  юунд дуртай вэ, юу идмээр байна,  юугаар тогломоор байна гэж асууж шалгааж суудаг. Мөн өглөө бүр шар будаагаар болжмор хооллодог.  Болжморууд ч манай энд ирээд сурчихсан. Заримдаа бүр намайг хоол өгөхийг хүлээж байдаг. Тагтан дээр үй олноороо цуглаад будааг минь амтлан идэж байхад үнэхээр баярладаг. Амьтан хооллоход буян ирдэг гэдэг шүү дээ.

Тэгээд ч би хүний жаргалыг бус зовлонг нь хуваалцахыг илүүд боддог.  Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэж үг байдаг даа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж ч үг бий. Тиймээс зовж шаналж яваа нөхөртөө туслахыг чухалчилдаг. Мөн худуудтайгаа наргиж цэнгэж суух дуртай.  Манай бэр дуучин Ширмэнтуяагийн аав Амгаа заан бид хоёр үе тэнгийнх.  Хааяа тэдэнтэйгээ наргихад стресс тайлагддаг. Хүмүүс наргина гэхээр хэтэртэл ууна гэж боддог шиг байгаа юм.  Тийм биш л дээ.

-Тэгвэл хүний сайхан сэтгэл гэдэг таныхаар?
-Хэлсэндээ хүрч, хүнд тусалж чаддаг хүнийг сайхан сэтгэлтэй хүн гэнэ. Тэгээд ч хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Сэтгэл сэргээсэн ганц сайхан үг хэлчихэд л баярлаад явчихна. Угаасаа үг гэдэг өөрөө далдын увидас агуулж байдаг гайхамшигтай асар баялаг зүйл.

-Хүнийг инээлгэнэ гэдэг хэцүү гэж ярих юм билээ. Харин та энэ урлагт нэлээд хүчтэй өрсөлдөгч?
- Уран бүтээлч хүн ямагт үзэгчдийн алга ташилтаар урамшиж байдаг.  Ямар ч алт эрдэнэсээс илүү үзэгчдийн бэлэглэж байгаа тэр халуун дулаан энерги,  сайхан сэтгэл,  инээж байгаа инээд, уйлж байгаа нулимс надад хамгаас илүү аз жаргалыг авчирдаг.

-Мэдээж таны амьдралд олон бахархам зүйл тохиож байсан байх?
-Хамгийн түрүүнд сайн ханийнхаа буянд өдий зэрэгтэй яваадаа баярладаг.  Мөн  эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажлаа сайн хийгээд сайн сайхан явахыг хичээж яваа минь ч миний бахархал.  Дээр нь мэдээж хоёр хүүгээрээ бахархана.  Том хүү япон хэлний орчуулагч,  бага хүү хуульч мэргэжилтэй.  Хэдийгээр надад охин заяагаагүй ч хүүтэй бол охинтой гэж үг байдаг биз дээ. Одоо тэднээс улбаалсан гурван хөөрхөн охин байна.

-Бэрүүдтэйгээ дотны яриа өрнүүлж сууна биз?
-Би ажил ихтэй байдаг болохоор ярьж хөөрөх зав төдийлөн гардаггүй юм.  Гэхдээ хааяа амьдралынхаа тухай нарийн ширийн яриа өрнүүлдэг. Ихэвчлэн хоёр хүүтэй минь холбоотой  асуудлыг хуваалцаж миний санаа оноог сонсдог доо.  Би хоёр хүүдээ  өөрийгөө хайрласан хүн өрөөлийг хайрлаж чаддаг.  Тэр дундаа бүсгүй хүнийг бүү гомдоож  байгаарай, нүгэл болно шүү гэдэг. Тийм хүмүүс жаргалтай сайн явдаггүй гэдгийг  байнга захиж хэлдэг.

-Та амьдралдаа юуг илүү баримталдаг вэ?
-Миний хувьд цаг хугацааг баримтлахыг хичээдэг.  Яагаад гэвэл өнгөрсөн цаг хугацаа нөхөгдөшгүй.  Тэрхэн үедээ л алтан мөч. Тухайлбал чи бид хоёрын ярьж сууж байгаа энэ цаг хугацаа эргэж олдохгүй.  Тэгээд ч амьдрал хийгээд хүний нас богинохон. Тийм учраас би цаг хугацааг аль болох үр бүтээлтэй өнгөрөөж хийж бүтээе гэснээ хийж, бодож байсан бүхнээ биелүүлж зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл хожим харамсах зүйлгүй л амьдрах хэрэгтэй гэж боддог хүн.

-Дандаа бусдыг инээлгэж байдаг хүн амьдрал дээр өөрөө хэр их инээдэг вэ?
-Янз бүр л байдаг.  Хүмүүс ч гэсэн хүн инээлгэж байдаг хүн өөрөө дандаа  инээж,  амьдрал нь дандаа хөгжилтэй байдаг болов уу гэж боддог юм билээ.  Гэхдээ би хатуудаа хатуу,  зөөлөндөө зөөлөн. Аль алинд нь нуруу алдахгүй зогсч чадна.  Угаасаа амьдрал өөрөө хатуу зөөлний дэнсэн дээр тогтдог шүү дээ.

-Амьдралын бахархалт мөчөөсөө хуваалцахгүй юу?
-Багш нарынхаа зааж өгсөн эрдмийг амьдралдаа хэрэгжүүлээд явж байгаадаа баярладаг.  Тэдний үнэт сургаалыг хэрэгжүүлээгүй бол би өнөөдөр хэнсэн билээ. Аав ээж хоёр маань ч бас надад амьдралын нарийн нандин сургаалыг маш их хайрладаг байсан.  Дээр үеийн хүмүүс ёс заншлыг чанд баримталдаг наад зах нь хөл гараа сэгсэрдэггүй буян зайлдаг гэхчилэн амьдралын болох болохгүй зүйлүүдийг байнга сургаж байсан. Тийм учраас одоо тэднийхээ хэлж ярьж байсныг үр хүүхдүүдээ хэлж захиж явдаг даа. Ер нь би багадаа эрэгтэй хүүхдээс дутахгүй сахилгагүй хүүхэд байсан болохоор сургаалын үг олонтаа сонсч,  алганы амт ч үздэг байсан. Гэлээ гээд надад муудсан юм алга.

-Уран уншигч хүн болохоор байнга ном уншиж түүнийгээ баяжуулж сэтгэдэг байх гэж бодож байна
-Тэгэлгүй яахав.  Надад ном уншихгүй нэг ч өдөр байдаггүй. Өөрийнхөө тэнхимд номын сан байгуулах гээд 400 гаруй  ном цуглуулаад байгаа.  Энэ нь хүүхдүүдээ заавал номын сан гэлтгүй ангидаа ном унших боломжийг олгож байгаа юм.  Уулзсан зохиолчдоосоо шинэ ном  гаргасан уу номоо бэлэглээч гэж гуйсаар байгаад нэлээд номтой болсон. Оюутнуудынхаа оюунд  хөрөнгө оруулалт оруулах гэж байгаа болохоор хүмүүс ном бэлэглэх дуртай. Том зохиолчдын бүтээл ч их ирж байгаа.   

-Таныг нэлээд сүсэг бишрэлтэй гэж сонссон?
-Залбирал өөрөө хүний сэтгэлээс гардаг зүйл юм л даа. Тиймээс би өглөө босоод цайны дээжээ өргөхдөө алтан нар, ариун гэгээн сар,  дөрвөн уул,  Долоон бурхан минь, Лха таван тэнгэр минь үр хүүхэд, бид бүгдийг харж ивээж байгаарай гэж залбирч ерөөдөг.

-Хүүхнүүдийн дунд атаа жөтөө их байдаг гэх?
-Атаа зөв буруу гэж байдаг.  Миний хувьд зөв атаатай байхыг хүсдэг.  Тухайлбал нэг  мундаг уран бүтээлч байлаа гэхэд түүн шиг болохсон гэж эрмэлзэх нь зөв атаа юм. Надад тийм л атаа төрдөг.  Харин тэр битгий ам­жилтад хүрээсэй,  түүнд нь саад болох юмсан гэвэл буруу атаа болно. Тийм учраас би аль болох хүний сайн сайхан чанарыг өвлөж өөртөө шингээхийг хүсч явдаг.

-Та Өвөрмонголчуудтай хамтарч нэг кинонд тоглосон байх аа?
-Тийм ээ. Би өнгөрсөн есдүгээр сард жүжигчин Бооёогийн хийсэн киноны туслах дүрд тоглосны дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуяг багшийн найруулсан Өвөрмонголын зохиолч Навчинхуарын “Хүн танаа” нэртэй байгаль эхээ хайрлаж хамгаалах тухай жүжигт тоглосон.  Энэ кинонд Өвөрмонголоос жүжигчид ирж оролцсон. Одоо шинэ жил дөхөж байгаа учраас зохиолуудаа шинэчлээд нэг хошин,  хоёр уянгын зохиол дээр ажиллаж байна.  Ер нь уран бүтээл шинэ байх тусмаа амттай бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.  Ямар сайндаа намайг гурван жил шинэ жилдээ урьсан албан газраас би, та нар надаас уйддаггүй юмуу гэсэн чинь үгүй ээ, та ирэх бүрийдээ шинэ уран бүтээл үзүүлдэг болохоор одоо юу үзүүлэх бол гэж хүсэн хүлээдэг гэж байхав. Энэ үг надад маш их урам өгсөн. 

- Шинэ жил гэснээс та тэр үеэр ямар ханшаар тоглодог вэ?
-Янз бүр дээ. Мөнгөтэй баян пүүс компаниуд байхад арван жилийн сургууль,  эмнэлэг байна. Тийм учраас төсвийн байгууллагад үнэрхдэггүй өгснийг нь л авдаг.  Харин мөнгөтэй газар өөрийгөө үнэлүүлэх талаасаа бодолцож гайгүй үнэ хэлэхэд тэд хүлээн зөвшөөрдөг юм.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.