С.В.ПАУШОКИЙН 17 ЗАХИДЛЫН ХАРИУ

2009/12/14
Share |
Хүмүүс:
С.В.ПАУШОКИЙН 17 ЗАХИДЛЫН ХАРИУ

Монголчуудад 17-гийн тоо хэдийнээ танил болчихсон. Саяхан бурхны оронд одсон Штирлицийн “Хаврын 17 учрал” киногоор “амьсгалж” үзээгүй том хүн ховорхон. 90-ээд оны сүүлчээр 17 чингэлэг спиртийн хэрэг гэгч гарч бас л энэ тоог “од” болгосон. Харин алдартай заргач С.В.Паушок Нийслэлийн прокурорт бичсэн ээлжит захидалдаа “Би 17 удаагийнхаа албан бичгийн хариуг нэг дор авмаар байна. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, эд хөрөнгө битүүмжилснээ зогсоо. Арилжааны банкин дахь “Алтан дорнод Монгол” компанийн харилцах дансуудыг нээ” гэжээ. Түүний 17 захидлын хариуг ямар ч монгол хүн өгчихнө гэж бодож байна.

Бидний өмнөөс чехүүдтэй ч, оросуудтай ч нефть боловсруулах үйлдвэр Монголд барих тухай хүртэл ярьж явдаг, яг л Монголын эзэн хүн шиг загнадаг байсан энэ этгээд бол үнэн хэрэгтээ Оросын жирийн л нэг тракторчин эр. Эх оронд нь бол суурингийнх нь хэдэн хөгшчүүлээс өөр хүн танихгүй шахам тракторчин хадам аавынхаа буянаар Монголын газрын баялгийг хүртэх хишгийг олж авсан. Даргынхаа охинтой суусан түүний амьдралдаа хийсэн хамгийн оновчтой шийдвэр нь гэрлэлт нь байсан гэлцдэг. Хууль зөрчин дураар авирласан С.В.Паушок сүүлээ хавчин зугтаж гарчихаад одоо эргээд “энхийн цагаан тагтаа”-ны дүрээр Монгол руу гомдлын захиагаа бичиж сууна.

Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа аль ч улсын иргэн, хэнбугайд ч хууль журмын дагуу л бол манайхан ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлээд байдаггүй.

Тиймдээ ч Монголын өч төчнөөн мөнгө гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын нэрэн доор гадагшаа урсаж байгаа. Гэтэл гадны бизнес эрхлэгчид Монгол улсын хууль дүрмийг уландаа гишгиж, дураар авирладаг нь хэрээс хэтэрч байна. Хоёр хөршийн уламжлалт нөхөрсөг харилцааг ч үл тоон хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй болсон таркторчин бизнесмен Монголын газар шороог самран байж олсон мөнгөөрөө эргээд манай Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхийн өмнө аваачаад зогссонгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагах, гадны хөрөнгө оруулагчдыг айлгах, Монголын төрийн түшээд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа оруулахыг санаархсан үйлдлүүдийг хийсээр байна. “Алтан-Дорнод Монгол” ХХК нь анх байгуулагдахдаа л “асуудалтай” байсан. Учир нь үүсгэн байгуулагчдын нэг нь Виржиний аралд бүртгэлтэй офф-шор компани болох “Кифолд систем” байсан ба сонирхолтой нь түүний эзэн мөн л алдарт луйварчин Паушок байжээ.

Түүнд Монголд 52 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хэн олгов, мөрдөн байцаалтын явцад хэрхэн Монголоос зугатаж чадав, учруулсан байгалийн хор хөнөөл нь мөнгөн дүнгээр хэд вэ, Монголын хуулийг яаж яаж зөрчиж байсан, манай банкуудаас авсан зээлийн эргэн төлөлт гээд “босгох асуудал” тоймгүй гэдгийг сайн хэлмээр байна. Паушокийн зальт ажиллагаа нь дан ганц Монголоор хязгаарлагдаагүй олон улсын шинжтэй болсон гэдгийг бид гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж л сууна шүү дээ. Өмнө нь энэ л “гаршсан” үйл ажиллагааныхаа улмаас Казахстанаас хөөгдөж байж. Тэр бүү хэл өөрийн хууль бус үйл ажиллагаандаа ОХУ-ын төр засгийн тэргүүн, элчин сайдыг хүртэл урдаа барьж ашиглах оролдлого хийсэн тун зальжин этгээд. ОХУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Михаил Фрадков манай улсад айлчлах үеэр нэг ийм явдал болсныг бүгд санаж байгаа. Монгол, Орос улсын Ерөнхий сайдууд оролцсон бизнесийн хүрээнийхний ажил хэргийн уулзалт дээр ноён С.Паушок Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэнгүүт ОХУ-ын Ерөнхий сайд М.Фрадков үгийг нь шууд таслан зогсоож, Паушокыг хуурмаг мэдээлэл хийж байгаа явдалд нь буруутгасан байдаг. Ерөнхий сайд М.Фрадков Паушокт хандаж “Та завод байгуулж эхлээгүй, завод байгуулах тухай ярих хэрэггүй” гээд боловсруулах нефтээ хаанаас авах, баталгаа бий эсэх талаар асууж дуугүй болгосон түүхтэй.

Тракторын жолоочоос бизнесмен болохдоо ямар ч замаар юм хуульч, эрдэмтэн, академич зэрэг олон цолыг нэрнийхээ өмнө зүүх болсон энэ эрхэм Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч 50 сая долларын татварын өрнийхөө өөдөөс 1 тэрбум доллар нэхэж сүржигнэв. Манай Засгийн газар ч гэнэтийн ашгийн татвараас зугтаасан, байгалийн нөхөн сэргээлт хийгээгүйн төлбөр төлөх, гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх журмын дагуу нөхөн төлбөр төлөх гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. НҮБ-ын олон улсын худалдааны эрхийн комиссын 2008 оны 09 сарын 2-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрөл болон түүнд урьдчилан мэдэгдэхгүйгээр нэхэмжлэгчийн Монгол дахь хөрөнгийн хувьд  хөдөлгөөн хийх, гаргах эсвэл энэ чиглэлийн ямар нэг арга хэмжээ авах буюу  өмчлөлийг өөрчлөх” журмын дагуу бол нэхэмжлэгч өөрийн үүргийг биелүүлэх чадваргүй байсан. Нэхэмжлэгч гэнэтийн ашгийн албан татвараас өөрийгөө хамгаалах зорилгоор тогтворжуулах тухай хэлэлцээр хийх өргөдлөө цаг тухайд нь гаргаагүй. “Бороо Гоулд” хэлэлцээр явуулах тийм өргөдлөө гаргасан тул түүнийг гэнэтийн ашгийн татвар төлөх хэмжээнд хүргэсэнгүй. “Бороо гоулд” ХХК өөрийн төлбөрийн үүргийг биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор 2008 оны 09 сарын 2-ны өдрийн Олон улсын худалдааны эрхийн НҮБ-ын комиссоос гаргасан бизнесийн үйл ажиллагааг “хууль ёсны” дагуу удирдлагаар хангах чадваргүй болсон.

Монголын эсрэг явуулж буй үйл ажиллагаандаа С.В.Паушок Оросын нэлээд нөлөө бүхий байгуул-лагууд гэгддэг “Оросын төмөр зам” НХН, “Ростехнологии”, “Росатом”, “Газпромбанк” зэргээс дэмжлэг авахаар дээгүүр доогуургүй нэлээд гүйжээ. ОХУ-ын тухайд стратегийн хувьд чухалд тооцогдох хөрш Монгол Улстайгаа тогтоосон харилцаагаа гарал үүсэл нь мэдэгдэхгүй, бага гарын бизнесмений хувийн сонирхлоор цавтуулахыг хүсэхгүй нь мэдээж юм.

С.В.Паушок Монголын газар нутгаар хангалттай тоглосон. Жирийн монгол хүнд хашаа хатгаад, гэр босгочих газар олдохгүй хэцүүдэж байгаа энэ цаг үед Архангайн Өлзийт сумын тусгай хамгаалалттай бүсэд алт олборлож угааж байгаад нөхөн сэргээлтийг хийлгүй орхисон, Төв аймгийн Заамар суманд 6000 га газрыг эзэмшдэг, Хүдрийн алтны хайгуулын 15 лиценз эзэмшдэг, Сэлэнгийн Өлөнт, Архангайн Цэнхэр, Заамарын Бумбатын хөндийд байрлах алтны үйлдвэрийг худалдаж авсан гээд түүний орос бакалын мөр хүрээгүй газар гэж үгүй болтлоо данхайсан ноёрхлыг нь гайхаад баршгүй.

Монгол Улсын Засгийн газартай илт хонзогносон үйл ажиллагаа явуулж байгаа, санхүүгийн болоод бизнесийн удирдлагын ямар ч чадваргүй, Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн энэ хүний 17 захидалд нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь  цуцлах бүрэн эрх монголчуудад бий” гэдгийг сануулсан хариу барья

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.