Ерөнхийлөгчийн төсөв хэтэрлээ, хориг тавья

2009/12/21
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгчийн төсөв хэтэрлээ, хориг тавья

Ц.Элбэгдорж төсвийн үрэлгэн байдалд цэг тавих ёстойг сануулж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилуулсан 76 тэрбум төгрөгт  хориг тавьсан ч үлгэр жишээг  биеэрээ үзүүлж чадаагүйнхээ төлөө өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэгч боллоо.

76 тэрбумыг танах асуудлыг хэлэлцсэн төсвийн байнгын хорооны хуралдаанд гишүүд төрийн тэргүүний төсөв зардал хэрээс хэтэрч, одон медалийн шуурга улс орны эдийн засгийг  сөхрүүлэх хэмжээнд хүрснийг шүүмжлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Арвин Ерөнхийлөгчийн төсөв зардал өмнөх жилээс 56 хувиар давсныг шүүмжилсэн бол Д.Тэрбишдагва гишүүн “Алтан гадас” одонг нэг дор 592-ыг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г 192-ыг олгосон. Одон, медаль хэвлүүлсэн зардал хэд болсон бэ хэмээн асуулт тавьснаар шатраар бол мад тавилаа. 

Төсөв хариуцлагагүй байгааг олон хүн шүүмжилдэг. Эдийн засаг, санхүүгийн хямралыг давахад нийгмийн халамжийг бууруулах бус төсөв дэх захиргааны зардлыг танах нь зүйтэй гэсэн байр суурь олон нийтийн зүгээс давамгайлж байв. Үүнийг УИХ-ын гишүүд  өөрсдөөсөө эхлэх ёстойг  иргэний нийгмийн байгууллагууд сануулж байсан ч  тэд туслахаа цөөрүүлж, гар утас, шатахууны зардлыг бууруулахаас татгалзсан. Төрийн тэргүүн төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг сөхөж “Хямралын жилүүдэд төсөв дэх захиргааны  зардал хасагдахгүй нэмэгдээд байгаа нь эрүүл үзэгдэл биш. Манай улс бусад улс оронтой харьцуулахад  төсөвт эз-лэх захиргааны зардлаараа хоёр дахин илүү  байна” хэмээн шүүмжилсэн. Энэ байр, сууриа хэлж бус хийж хэрэгжүүлэхгүй бол түрүүчийн адил мөн л мад тавиулах нь тодорхой юм. Яагаад гэвэл, Ц.Элбэгдоржийн 2010 оны төсөв зардал өмнөх жилийнхээс нэмэгдсэн. Нэмэгдсэн  ч гэж дээ, өөрөө дур мэдэн нэмчихсэн гэсэн мэдээлэл гарсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хоёр тэрбум 73 сая төгрөг хуваарилсан. Төрийн тэргүүний эм тарианд 2.4 сая төгрөг, мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг зарцуулахаар тусгагдсан бол гадаад томилолтын зардлыг өмнөх оныхоос 167.3 саяар нэмэгдүүлсэн байна. Хямралын үед  улс орон даяар бүсээ чанга бүслэхийг уриалж байгаа хэрнээ  төрийн тэргүүн өөрөө дур мэдэн хувийн  төсөв  зардлаа  нэмэгдүүлсэн нь өөрийнх нь хэлснээр эрүүл үзэгдэл биш болж таарна.

Өнөөдөр  жирийн иргэнээс эхлээд УИХ-ын гишүүд хүртэл  улсын төсөвт дурьдагдсан тоог л  ишлэл болгон  ярьж  байна. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга Д.Дорлигжав нар өөрсдийн багийг бүрдүүлэх нэрээр хэдэн төгрөг цацсаныг хэн ч сөхсөнгүй.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулсны дараа Тамгын газрын даргын даргаар Д.Дорлигжавыг томилсон. Үүний дараачаас Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг өөрчилж, тэр бүү хэл төрийн албан хаагчдыг олноор нь халж, сольж эхэлсэн. Зөвхөн Тамгын газрын референтүүд гэхэд л 20 гаруй хүнийг нэг дор тушаал гарган ажлаас нь халсан. Ажлаас гэнэт халагдсаны нөхөн олговрыг тооцохдоо  нэг хүнд 10-16 сая төгрөг олгосон баримт бий. Зөвлөхүүдийг ажлаас халахдаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд мөн л нэг хүнд 15-30 сая төгрөг өгсөн байна. Тэр мөнгө  Ц.Элбэгдоржийн түрийвчнээс бус  татвар төлөгчдийн халааснаас л гарсан.  Энэ мэтээр  Ерөнхийлөгч  нь  өөрөө төсвөө хэтрүүлж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд байх юм бол бусдад яаж хориг тавих юм бэ. Гаднаас ажиглаж байгаа дэлхийн улс орнуудаас ямар нүүрээрээ  зээл тусламж гуйх юм бэ

Ч.Үл-Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.