ТЭЗҮ-ГҮЙ ОЮУТОЛГОЙ МОНГОЛЧУУДЫГ

2009/12/21
Share |
Хүмүүс:
ТЭЗҮ-ГҮЙ ОЮУТОЛГОЙ МОНГОЛЧУУДЫГ

Оюутолгойн техник, эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-д хийсэн шинжээчдийн дүгнэлт ойрын үед олон хүний толгойг эргүүлж, халуун сэдэв болох нь. Анхнаасаа л Монголд ямар ч ашиггүй, хууль бусаараа дуудуулсан гэрээг техник, эдийн засгийн үндэслэлгүй баталчихсан.

Монголын хөрсөн доорх баялгийг ухан гаргаж, хэдэн “ногоон”-оор арилжихад тэр нь монголчуудад ямар үр өгөөжтэйг тодорхойлох ТЭЗҮ эл гэрээг батлаад хоёр сар өнгөрсний дараа л Эрдэс баялгийн зөвлөлд хүрч байна. Тэгсэн хэр нь мөнөөх баримт бичгийг гар дээрээ авсан гэж хэлэх хүн алга.   

Доктор С.Авирмэд “Гэрээ хүчин төгөлдөр бус учраас үзүүлэнгээс ялгаагүй. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж хийсэн гэрээ үндэслэлтэй байх учиргүй. Үндэслэлтэй гэж Засгийн газрын гурван сайд, “Айвенхоу майнз”-ын нөхөд яриад байгаагаас биш энэ гэрээ сонгодог утгаараа хүчин төгөлдөр биш. Гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа аравдугаар сарын 6 ч биш. 100 орчим хуудас гэрээнд заасан олон арван заалт бүгдээрээ хэрэгжих боломжтой цагт л гэрээ хүчин төгөлдөр болно” гэж байлаа. Тэрээр мөн  “Анхнаасаа л техник, эдийн засгийн үндэслэлийг огт хийгээгүй. Техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж байж, гэрээнд гарын үсэг зурна. Гэтэл үүнийг зөрчсөнөөс гадна хүчин төгөлдөр бус хуулиар эдийн засгийн болоод хуулийн ямар ч үндэслэлгүй гэрээ хийсэн. Нөгөөтэйгүүр, гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө засвар оруулдаг. Түүнээс биш гэрээгээ байгуулчихаад засвар хийдэг жишиг хаана ч байхгүй” гэдгийг ч хэлж байсан юм.

Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан нь “Айвенхоу майнз”-д маш том хөзөр бэлдээд өгчихөж байгаа хэрэг хэмээн зарим хүн үзсэн  билээ. Тэдний нэг “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав “Тэд гэрээнд орох субъект биш хүмүүс гарын үсэг зурсныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин хэзээ ашиглах вэ гэвэл, 20 юм уу 30 жилийн дараа гэрээ тэдэнд таалагдахгүй болоход, эсвэл гэрээгээр хүлээсэн үүргээс бултахын тулд энэ асуудлыг гаргаж тавина. “Уучлаарай, танай гурван сайдын эрх алга байна шүү дээ. Бид эрхгүй хүмүүстэй гэрээ хийжээ. Тийм учраас энэ нь гэрээ биш” гэдгийг гаргаж тавина. Гэрээ байгуулна гэдэгт гарын үсэг зурах явцыг хэлэхгүй. Энэ нь хамгийн сүүлчийн алхам. Гэрээ байгуулна гэдэгт анхнаасаа хоёр ажлын хэсэг уулзахаас эхлээд үзэглэх хүртэлх бүх явцыг нийтэд нь хэлж байгаа юм” гэсэн. 

Хууль, эрхзүйн болоод техник, эдийн засгийн үндэслэл гэсэн хоёр зүйлээр гэрээ батлагдсан байх ёстой. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Ашигт малтмалын хуулийн 29 дүгээр зүйл, УИХ-ын 40, 57 дугаар тогтоолыг зөрчсөн юм. Техник, эдийн засгийн үндэслэл нь УИХ-ын гишүүдийн гарт ч очоогүй байхад уг гэрээг далдыг хардаг далай лам шиг “Өдрийн сайныг өнжин хүлээсэн” гэх утгатай зүйлийг ярьж байгаад хамтарсан Засгийн газрын сайдууд баталчихсан. Иймээс гэрээнд гарын үсэг зурсан нь ёслол төдий л зүйл хэмээн үзэх хүмүүс одоо ч бий. Үүнийг гэрээнд гарын үсэг зурсан талууд ч хүлээн зөвшөөрдөг аж.

Харин доктор, профессор Г.Пүрэвбаатар “Оюутолгойн орд дэлхийд дээгүүр ордог зэс, алтны арвин их нөөцтэй, Хятадын том зах зээлийн аман дээр оршиж байгаа болон дэлхийн аж үйлдвэрийн бүтэц зэсний хэрэглээ нэмэгдэх чиглэлээр өөрчлөгдөж буй хандлага зэрэг давуу талдаа тулгуурлаж “Айвенхоу Майнз”-тай гэрээний нөхцөлийг тохиролцохын оронд Монголын талын эзэмших 34 хувийн хувьцаанд хөрөнгө оруулах зээл авах, 125 сая ам.долларын урьдчилгаа авах /сүүлд 250 сая ам.доллар болсон/ гуйлгадаа дарамтлуулж, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй гэрээ хийлээ. Монголын талын хөрөнгө оруулах зээл 816 сая, гуйврын 250 сая ам.доллар нь Оюутолгойн олон арван тэрбум долларын ашигтай харьцуулбал мөнгө биш юм” гэж үзэж байгаа.

Мөн тэрээр “Оюутолгойн техник, эдийн засгийн үндэслэлд үндэслээгүй анхны хөрөнгө оруулалт тодорхойгүй, санаатайгаар будлиантуулснаас болж, тус ордын санхүү, эдийн засгийн бүх тооцоо худал хуурмаг болсон. Ингэж  луйвар, залилангийн тооцоонд үндэслэсэн гэрээ хүчингүй” гэж байлаа. 

Монгол Улсын хэмжээнд ч, олон улсын баримталдаг хууль, эрхзүйн хүрээнд ч энэ гэрээ хүчин төгөлдөр биш гэдгийг олон эх сурвалж одоо ч сануулсаар байдаг. Бүхэл бүтэн улсын хуулийг зөрчиж, Оюутолгой гэрээ батлагдсанаас хойш шинжээчид яагаад ТЭЗҮ-д дүгнэлт хийх болов гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна.

Г.Ганчимэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Каменск-
IP:5.62.154.80  2018-02-04 22:08:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.