МУГЖ Д.Оюунтүлхүүр: Би оргил руу тэмүүлдэг хүн биш

2009/12/21
Share |
Хүмүүс: Д Оюунтүлхүүр | 
МУГЖ Д.Оюунтүлхүүр: Би оргил руу тэмүүлдэг хүн биш

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүртэй ярилцлаа.

-Жаахан охин урлагт хөл тавьснаас хойш хүн болгоны таньдаг, хүсэн хүлээдэг дуучин болсон. Түү-нээс хойш  айлын гэргий, ээж болоод  хэсэг хугацаанд чимээгүй байлаа. Хаана амьдарч байна, шинэ уран бүтээл хийв үү гээд олон асуулт байна?
-1983 онд 13 настай Япон улсад очсоноос хойш 20 жил өнгөрчээ. Багагүй хугацаа ч өнөөдрийн өндөр-лөгөөс эргээд харахад  өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Маш богинохон ч юм шиг… Амьдралынхаа  нэлээд хэсгийг хүний нутагт өнгөрөөлөө. Уран бүтээл туурвихын зэрэгцээ сурч боловсорч, магистр хамгаалсан гээд бодоход тэнд олон ажил амжуулж чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Уран бүтээлийн завсарлага авч байна гэж зарим хүн хэлдэг л  юм. Завсарлах юу байхав,  хүүхдээ хараад гэртээ байгаа ч зүгээр суугаагүй. Өнгөрсөн жилүүдэд хийсэн хөдөлмөрийг маань төр, засаг үнэлж, нэр хүндтэй шагнал хүртээ-сэн. Баярлууштай хэрнээ асар их хариуцлага ногдуулсан. Ард түмэн, нутгийн зон олон, фенүүд маань надаас ихийг хүлээж байгаа.

-Хаанахын бэр болсон бэ. Гэр бүлээ танилцуулаач?
-Завхан нутгийн бэр болсон. Нөхөр маань төрийн албан хаагч. Манайх хоёр хүү, нэг охинтой. Том нь найм, дундах нь хоёр настай, хамгийн бага маань зургаан сартай болж байна.

-Анх ээжийн тухай дуу зохион дуулж байснаас хойш  олон жил өнгөрчээ. Өөрөө ээж болоход ямар мэдрэмж төрж байна?
-Хүн өөрийн биеэр туулж байж л ээжийнхээ зовлонг биеэрээ мэдэрдэг юм байна. Дуу зохиогоод  дуулж явахдаа ээжийгээ ойлгож  байна гэж боддог байлаа. Гэтэл өөрийн биеэр туулж байж л бүхнийг мэдэрч  бараг “Ээжийгээ баярлуулж байл уу” гэсэн  бодол төрж байсан. Ээждээ улам хайртай болж, намайг ингэж зовж зүдэрч өсгөж, хүмүүжүүлсэн  аав, ээжийнхээ ач буяныг насан туршдаа, зүрх сэтгэлдээ хадгалж явах ёстой гэдгийг ойлгосон. Хүний амьдралын утга учир гэдэг их сонин юм. Ер нь амьдрал үр хүүхэд дээр тогтдог юм биш үү. Эхийн санаа үрд, үрийн санаа хаана ч юм бэ нэг газар явдаг гэдэг үнэхээр үнэн юм байна.

-Япон улсад ажиллаж, амьдарч байхад  тань  тэндэхийн бэр болох вий  гэсэн мэдээлэл их ца-цагддаг байлаа. Интернэтээр мэдээлэл авч байсан байх, тухайн үед юу бодогдож байв?
-/Инээв/. Би анхнаасаа гадаадын хүнтэй хэзээ ч суухгүй гэсэн бодолтой байсан. Жаахан байсан хэрнээ их үндсэрхэг, “Монгол хүн юм чинь монголоороо л үлдэх ёстой”  гэсэн  хатуу  байр, суурьтай. Эцэг, эх нутаг усандаа ойр, монгол хүнийг сонгоно гэсэн бодол хар багаас байсан.

-Ингэхэд та төрийн тэргүүнээс шагналаа гардаж авахдаа Т.Ганди сайдтай зэрэгцээд зогсч байсан. Эгч, дүүс хамтдаа төрийн нэр хүндтэй шагналаар энгэрээ мялаасан ховор тохиолдол байх?
-/Инээв/. Т.Ганди эгч бид хоёр их ойрын хамаатан. Манай ээжийн үеэл юм. Т.Ганди эгч тэр өдөр хөөр-чихсөн “Энэ чинь манай дүү байгаа юм шүү дээ”  гээд л хүн болгонд хэлж баярлаж байсан. Би ч эгчээрээ бахархдаг. Би иргэний хувьд, эгч маань төрийн түшээгийн хувьд хамтран зүтгэх байх гэж бодож байна.

-Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн гуай  танай хамаатан гэж дуулсан?
-Эмээгийн үеэл юм. Мөн л их ойрын хамаатан. Манай төрөл садангууд дотор олон сайхан хүн бий. Ч.Шархүүхэн эгч  маань надтай хамт Японд олон тоглолт хийсэн. Нэг тайзан дээр дуулснаа маш том аз завшаан гэж боддог. Сайхан хүмүүс, ахмадуудынхаа нөмөр нөөлгөнд байгаадаа их баярладаг.   

-Таны аав Т.Дамдинсүрэн гуай нэртэй хөгжмийн зохиолч. Уран бүтээлийн замд аав тань хөтөлсөн үү?
-Уран бүтээлийн замд гараас  хөтөлсөн хүн бол  гарцаагүй аав минь байлгүй яахав. Би чинь цагаан толгойн “А” үсэг  нүдлээгүй байхдаа  л нот сурсан юм. Зун аавтайгаа хамт хөдөө очоод Оросын сурах бичгээс хичээл үзэж, нот заалгаж байлаа. Намар нь Хөгжим бүжгийн коллежид шалгуулах гэтэл хавар  элсэлтээ авчихсан гээд буцаасан. Аав минь “Шалгаад үзээч, миний охин тэнцэнэ” гэсэн. Тэгээд Соёлын яамнаас албан ёсны зөвшөөрлийн бичиг авч, намайг шалгалт өгүүлэх боллоо. Шууд комисс бүрдүүлээд шалгалт авсан. Тэр үед Н.Ганчимэг   багш минь намайг тосч авсан юм. Шавь нарынхаа төлөө зүтгэсэн сайхан хүн ч, их хатуу багш байгаа юм. Гэхдээ хүн итгэсэндээ хатуу байдгийг багш маань  надад биеэрээ мэдрүүлсэн. Сонгодог хөгжмийн нарийн мэдрэмжийг бий болгосон. Сүүлд Япон улсад очиход тэндэхийн багш нар миний тоглож байгаа арга барилыг их өөр юм  гэж гайхсан. Хөгжмийн талаас маш сайн суурийг  тавьж өгсөнд  нь одоо ч  багшдаа баярладаг.

-Монголд хамгийн анхны цомгийг та гаргаж байсан. Хэдэн цомогтой болсон бэ?
-Монгол хэл дээр гаргасан нь  цөөхөн, “Тэнгисийн дуу”, “Эргэх улирлын аяс”, “Зүүдний учрал” нэртэй  гур-ван цомог  бий. Японд 8-9 альбом гарсан, сингл 20 гаруй бий. Анх Японоос захидал ирж “CD-ний бичлэгт орно” гэхэд тэр нь юу байдаг юм бол гэж бодож байснаас л гараагаа эхэлж дээ. Тоолж үзээгүй, гэхдээ нэлээд хэд болсон.              

-Хэдэн настай анхны цомгоо гаргасан билээ?
-Хөгжмийн фестивальд 13 настайдаа оролцож “Гран при” шагнал авсан. Түүнээс хойш гуравхан сарын дараа урилга ирж, цомгийн бичлэгт  орж байлаа.

-2007 онд “Зүүдний учрал”  нэртэй цомог гаргасан. Өмнөх цомгуудаас юугаараа ялгаатай байв?
-Монгол уран бүтээлчидтэйгээ хамтарч, монгол студид бичүүлснээрээ онцлог. Оролцсон хүмүүс бүгд  гар, сэтгэл нийлж зүтгэсэн, сайн ч  бүтээл болсон. Нөхрийн маань зохиосон шүлгээс дуунд орсон, тухайлбал “Зүүдний учрал” байна. Эмэгтэйчүүдийн баяраар надад зориулж  шүлэг  илгээсэн юм. Их энгийн үгтэй, би Японд,  нөхөр маань Монголдоо байсан болохоор бие биеэ санасан сэтгэлээ дуу, шүлгэндээ оруулсан нь тэр. Тухайн үед шүлгийнх нь үгийг цээжилчихсэн байсан. Ер нь  аялгуу хийнэ дээ  гэж бодсон шүлгээ би цээжил-чихдэг юм. Нэг удаа  хурдан галт тэргэнд суугаад Токио руу тоглолтоор явж байтал энэ дууны дахилтаас эхлээд аялгуу  орж ирсэн. “Гайгүй дуу болох нь”  гэж бодоод амандаа аялангуутаа утсан дээрээ тэмдэглэж авсан юм. Тэр өдөртөө  хамгийн сүүлчийн хурдан галт тэргэнд амжиж суугаад Нагояд  буцаж ирэнгүүтээ хөгжим дээр суугаад шууд нотолсон. Сайн дуунууд  маш хурдан бүтдэг. Миний анхны бүтээл “Ээжийн бүүвэйн дуу”, “Сар” цөөхөн хоромд  бичигдсэн. Өөрөө зохиосон гэхээс илүү онгод ордог гэдэг шиг цаанаас нь өгдөг шиг байгаа юм. 

-Тэр үед “Зүүдний учрал” дуу олны таашаалд хүрч, хит болсон. Одоо ч хүмүүс уйддаггүй. Тухайн ондоо “Пентатоник” наадмын олны таашаалд хүрсэн дуу номинацид дэвшиж, гарцаагүй түрүүлнэ гэцгээж байтал дарагдаад өнгөрсөнд олон хүн харамсдаг. Тэр үед юу бодогдож байв?
-Шагнал яагаад аваагүй юм бэ гэдгийг би биш тухайн үеийн  “Пентатоник”-ийг шүүсэн шүүгчид л хэлэх байх даа /инээв/.
 Би өөрийгөө шагнал авах ёстой гэж огтхон ч бодоогүй. Харин нөхөр маань горьдож л байсан юм шиг билээ/инээв/. Гэхдээ олны таашаал гэдэг чинь хамгийн том шагнал шүү дээ. ”Пентатоник”-т шалгараагүй нь тухайн үеийн шүүгчид л тэгж шүүсэн хэрэг байх. “UBS”-ийн олны таашаал гэсэн санал асуулга жинхэнэ ард түмний шүүлт байсан байх.Тиймээс асар их хүндлэл гэж хүлээж авсан. Шагнал аваагүй гэж гонсойх юм бай-гаагүй, тэгж ч бодоогүй.

-Японд байхдаа өөрөө хүүхэд мөртлөө хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд чадах чинээгээрээ туслах гэж хандивын тоглолт хийж байсныг чинь санаж байна?
-1993  онд Японд очоод өвөл, зуны амралтаар Монголдоо ирж байсан. Гэрээ их санана. Наашаа  ирэх бүрт Монголын нийгмийн  амьдрал маш хүнд байгаа нь мэдрэгдэж байсан. Траншейны хүүхдүүд гэнэт өссөн. Тэрийг хараад шоконд орж байлаа. Тэднийг харж хандах арга төр, засагт байдаггүй юм байх даа гэж бодсон. Хүүхдэд хайртай болохоор тэр үү, нулимс унагаж  явсан өдөр  бий. Тэр жил Японд газар хөдлөлт болж, би хандивын тоглолтод оролцсон юм.Тэр  үеэр дуулахаас гадна “Монголын амьдрал хүнд байна, хүүхдүүд тэнд өлсч даарч, хэцүү бэрх байна”  гэдгийг  ярьсан. Хэн ч байсан нийгмийн нэг иргэний хувьд чадахынхаа хэрээр хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Нийгэмд гарч байгаа үзэгдлүүдтэй хүн болгон холбоотой. Тэрний төлөө хариуцлагаа ухамсарлах ёстой. Уран бүтээлчид нийгэмтэйгээ асар ойрхон байх нь чухал. Нийгмээс огт хамааралгүй юм шиг дуулаад байж таарахгүй. Тухайн үед миний чадах л юм тэр байсан. Тоглолт хийж, орлогыг нь  тэр хүүхдүүдэд хандивладаг байлаа. Тэр үед хандивлах арга зам хэцүү байсан учраас сан байгуулах шаардлага тулгарч аяндаа “Оюунтүлхүүр сан” бий болсон. Өмнө нь албан бусаар хандивын тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байсан. 1997 онд эрхээ авсан. Сан байгуулчихаар миний амьдралын нэг хэсэг болчихож байгаа учраас чадах чинээгээрээ  л туслахыг боддог.Энэ ажил маань одоо ч үргэлжилж байгаа.

-Хэдэн хүүхдэд тусламжийн гараа сунгав?
-1997 онд сангаа байгуулчихаад 50 хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх хүчин чадалтай “Тэмүүлэл” нэртэй халамжийн төв нээсэн юм. Зардал ихтэй болохоор саад тотгор их бий. Ашгийн бус бор зүрхээрээ зүтгэдэг учраас  миний чадал чинээ яаж хүрнэ вэ, тухайн үеийн боломж ямар байгаагаас шалтгаалах юм  бас  байна. Өнөөдрийг хүртэл 1000 хүүхэд халамжийн төвөөр дамжсан. Төгссөн хүүхдүүд олон бий. Одоо  20 гаруй хүүхэд өсгөж хүмүүжүүлж байна. Маш олон хүүхэд дээд сургуульд суралцаж байгаа. Тэднээс хөлөө олсон нь  цөөнгүй. Яваандаа хүрээгээ тэлэх бодол бий.

-Нууц биш бол уран бүтээлийнхээ ойрын төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-Зөндөө. Дуучин хүн хоолойгоо  байнга дуугаргаж  ажиллуулж байхгүй бол болдоггүй юм байна. Яс, махаараа хөгжимдөж байгаа учраас байнга сэргэг байлгаж, ашиглаж байхгүй бол дуугарахад хэцүү болох талтай, дасгал сургуулилт хийх хэрэгтэй.  Зүгээр нэг сургууль төгсөөд дуучин болчихдоггүй, нас явах тусам туршлага сууж, ур чадвар нэмэгддэг гэж  хүмүүс хэлдэг юм билээ. Он гараад заавал тоглолт хийх бодолтой, цомог гаргахаар  бэлтгэж байна. Сайн уран бүтээл хийхэд анхаарч байгаа.

-Зохиолын дуучид олширлоо. Рок, попынхон  ч мөчөөгөө өгөхгүй байна. Нэг хэсэг нь язгуур урлагийг хөгжүүлж байгаа ч зөвхөн жуулчдад зориулсан үзүүлбэр болгогсод цөөнгүй, үүнийгээ хөгжил хэмээн тайлбарладаг.  Хөгжлийн тухай  ямар бодолтой байдаг вэ?
-Рок попынхон Ази дотроо тэргүүлж байгаа юм шиг санагддаг. Манай улс бусад оронтой харьцуулахад европжсон ард түмэн. Нийслэлийнхэн маань энд тэндээс мэдээлэл маш хурдан авдаг болсон. Хүмүүсийн сэтгэлгээ маш хурдан өсч байна. Нөгөө талаар үндэснийхээ соёл, зан заншлаас гээж байна уу даа гэсэн эм-зэглэл төрдөг. Аль алийг нь бодууштай зүйл. Улс орон хөгжихийн хэрээр хамгийн чухал, мартаж болшгүй соёл үндэсний бахархалаа хаяж гээгдүүлбэл  бид хэн ч биш болно. Монгол угсаатан маш цөөхөн байна. Ёс заншлаа гээчихвэл утгагүй юм болно. Хамгийн нандин юмаа зүрх сэтгэлийнхээ ойр авч явах учиртай.

-Уран бүтээлчийн болоод  залуу хүний хувьд  хүрэх ёстой оргилдоо хүрч чадсан уу. Амьдралын мөн чанарыг хэрхэн тодорхойлох бол?
-Би нэг их оргил руу тэмүүлдэг хүн биш. Үнэнийг хэлэхэд тэгж мацах шаардлага ч алга. Од болъё ч гэж бодохгүй байна. Өндөрт авирах тусам унах нь амархан, их аюултай. Энгийн сайхан амьдармаар  байна шүү дээ. Сайхан уран бүтээл хийж, эмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд, нийгмийн нэг эд эсийн хувьд өөрт ногдсон үүргийг нэр төртэй биелүүлж явах нь  миний амьдралын зарчим. Цаг хугацаа явж, эргээд харахад харамсахааргүй амьдрах , намайг гэсэн хүмүүсийн хүндлэл, төрийн өндөр шагналыг дааж явах  нь чухал юм.

-Залуу хүний хувьд өнөөгийн нийгэмд ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Нийгэм маань төөрөлдчихсөн байна. Монголын ард түмэн хаашаа явахаа мэдэхгүй болчихсон нь эмгэнэлтэй. Хөгжиж байна гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ  тэр нь хаана байгаа юм  бэ, харагдахгүй л  байгаа шүү дээ.
-Залуус маань хөлөө олж чадахгүй явж байна. Дээгүүрээ хөлөө олохгүй байгаа юм чинь доогуураа ямар байх нь ойлгомжтой. Хэцүү хувь заяатай хүн цөөнгүй  бий. 2.6 сая хүн амыг жирийн хүний амьдралаар амьдруулчихаж болдоггүй юм байх даа. Хүн гэсэн тэр үнэлэмж, амьдрах төвшнийг нь бүрдүүлэх нөхцөл бололцоо хангалттай бий. Ард түмнээ тэгж авч яваа улс орон олон байна. Үнэнийг хэлэхэд, тэдэнтэй харьцуулахад манай улс  санаа зовмоор байгаа шүү дээ. Ардчилал ялаад 20 жил болсон гэхэд улс орны  өнөөдрийн хөгжил чамлагдахаар байна. Тулгамдсан асуудлуудаа  жаахан ч гэсэн шийдээд явахгүй юм. Ямар нэгэн байдлаар алхам хийхгүй байна. Ялимгүй ч гэсэн урагшилбал, ядаж тавиур дээр хөл нь тавигдаж байгаа бол алхам хийж, ахиж байна гэж хэлж болно. Гэтэл тийм биш, хөгжүүлэхгүй байгаа улс бий. Дээгүүрээ баяжаад, доогуурх улс хөлөө олохгүй амьдрах хэцүү,  байх  ч хэцүү. Дээшээ хэлэхэд тэнгэр хол, доошоо хэлэх газар хатуу гэгчээр  байна. Баян  биш ч гэсэн би  өөрийн боломжид тааруулж, эмзэг давхаргынхны төлөө чадах чинээгээрээ зүтгэдэг учраас тэдний  эрх ашгийн төлөө дуугарч тэмцэх ёстой гэж боддог. Монголын ард түмэн эрт дээр үеэс л дэм дэмэндээ амьдарч ирсэн. Хэзээ ч нэгийгээ гаргуунд нь хаяж, учиргүй доройтуулж байгаагүй. Ямар ч нийгмийн үед өнөөдрийнх шиг хэцүү байгаагүй байх.

-Ингэхэд танайх нийслэлд хаана амьдарч байна? 
-Яг төв дунд нь, утааны голомтод амьдарч байна. Бид  ингээд өнгөрлөө гэхэд хүүхдүүдээ тав тухтай амьдруулахын төлөө хүн болгон тэмцмээр байна. Ямар ч эцэг эх,  үр хүүхдээ дайн дажингүй, сайхан нийгэмд, амгалан тайван орчинд үлдээхсэн  гэж боддог юм биш үү. Тэгж л бодож байна. Бидэнд хамаг хариуцлага ногдож байгаа учраас даруйхан хэрэгжүүлэх учиртай. 

-Цар тахлын аюул харанга дэлдэж, хүний амь эрсдэж  байхад эмийн сангууд амны хаалт, эмнийхээ үнийг  нэмсэн. Цөөхөн монголчууд улс үндэстнээ аварч үлдэхийн төлөө харин ч амны хаалт, эм бэлдмэлийн үнийг хямдруулж тэмцэх ёстой гэж олон хүн хэлж  байлаа. Энэ үеэр та юу бодож байв?
-Манайхны сэтгэлгээ буруу, болж өгвөл буруу тийш  эргэчих гээд  байх юм. Дээгүүрээ зөв удирдаж чадвал өөрчлөгдөх байх. Ярихаас цаашгүй байгаа болохоор гомдмоор байна шүү дээ.

-Та гаднаа их дөлгөөн тайван харагддаг. Бухимдах юм гарч байна  уу?
-Хүчээр л өөрийгөө барьж байх юм байна шүү дээ. Гараад явахад л гудамжаар утаа, түгжрэл гээд бухим-дах юм зөндөө байна. Бухимдая гэвэл асар их зүйл бий. Тэгж өөрийгөө зовоосноос заримдаа хараагүй юм шиг өнгөрсөн нь  дээр ч юм уу.

-Урлагийнхантайгаа хэр ойр байна? 
-Бүгдээрэнтэй нь мэнд устай,  сайхан харилцаатай байдаг.

-Бид урлагийн  одууд  гэж ярьж, хэлэлцдэг. Энэ тухай…?
-Ахмадуудаа хүндэлдэг. Тэд бол одоогийн одуудтай харьцуулшгүй  хүмүүс шүү. Дуу нь ч яасан сайхан байсан юм бэ, одоо сайхан үг, аялгуутай дуунууд гарч  байгаа ч гэсэн тэр үеийн дуунууд илүү гоё байж.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ жилийн баярыг  танай гэр бүлийнхэн хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Сайхан баяр шүү дээ. Хүүхдийн тоо олон болох тусам уур амьсгал улам сайхан болж байна. Охинтой болсны анхны шинэ жилийг угтах гэж байна. Ийм сайхан хувь заяа ногдож байгаад үргэлж  баярлаж, талархаж явахаас өөр яах билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.