АН-ЫН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ЗАЙЛУУЛМААР БАЙНА

2009/12/22
Share |
Хүмүүс:
АН-ЫН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ЗАЙЛУУЛМААР БАЙНА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын жирийн гишүүд маргаашийн морин цагаас эхлэн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэд дүүргийн намын удирдлагуудаа огцрохыг шаардсан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүн Б.Цэцэгмаа, тус дүүргийн 11 дүгээр үүрийн гишүүн Б.Нэргүй нартай ярилцлаа

-Ямар учраас өлсгөлөн зарлахаар болсон юм бэ?
Б.Цэцэгмаа:
-Чингэлтэй дүүргийн АН доторх ялзарсан хүмүүсийг  цэвэрлэх гэсэн юм. АН-ын хэсэг бүлэг хүмүүс ялзарчихлаа. Тэднийг л зайлуулмаар байна.

-Тэд гэж хэн бэ?
-Чингэлтэй дүүргийн АН-ын дарга байсан Б.Батбаатарыг нэрлэж болно.

-Одоо танай дүүргийн АН-ыг хэн удирдаж байгаа юм?
-н.Бат-Эрдэнэ дарга болсон. Б.Батбаатар дарга ажлаа өгөхдөө дэд даргаар өөрийн төрсөн дүү Б.Алтанхуягийг тавьсан юм. Хуйвалдаанаар манай дүүргийн АН-ын хороо ах дүүс, хамаатан садангуудын нам болчихсон. Эгэл жирийн гишүүд биднийг үг хэлэхээр ялгаварлан гадуурхдаг. Бид шударга үг хэлснийхээ төлөө намаасаа хөөгдөхдөө тулаад байна. Намын дарга нар шүүмжлэлийг хүлээж авдаггүй. Б.Батбаатарыг тойрон хүрээлэгчид, ялзарсан хүмүүсийг зайлуулахын тулд л тэмцэж байна.

-Та нарыг намын гишүүнээс хассан гэсэн үг үү?
-Одоогоор арай ч хөөгөөгүй байна. Бат-Эрдэнэ дарга биднийг хөөнө гэж хэлсэн. Намынхаа дотоод ардчиллыг бий болгох гэж байгаа хүмүүсийг хөөдөг юм бол нөхөн сонгуулийн үеэр Р.Бурмаа нэр дэв-шигчийг унагаах гэсэн зорилготой ажилласан Э.Бадамгарав, Б.Батбаатар, Б.Алтанхуяг нарыг хөөх хэ-рэгтэй. Тэд Р.Бурмаагийн эсрэг ажилласан баримт нь байгаа.

-Ямар баримт байгаа гэж?
-Цаасан дээр бичээд хорооныхонд тараасан баримт бий.

-Түүнд юу гэж бичсэн юм бэ?
-Э.Бадамгаравын тараасан бичгийг уншиж үзүүлье. “Р.Бурмаа нэр дэвшигч Н.Энхбаяр Ерөнхийлөг-чөөс 500 сая төгрөг авч сурталчилгаагаа хийж байгаа. Р.Бурмаа нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн болвол Н.Энхбаяр МАХН-ын дарга болохоос гадна Ерөнхий сайд болно гэж тохиролцсон байна” гэсэн бичиг бий. Энэ бичгийг цуурхал болгон тарааж Р.Бурмаад санал өгүүлээгүй. Тохиролцсон байна гээд манай нам саналаа алдчихсан. Чингэлтэй дүүрэгт манайх дандаа ялдаг байсан. Цэнхэр дүүрэг байсан ч өнгөрсөн нөхөн сонгуулиар намын рейтинг 29 хувь болтлоо унасан.

-Та нар тэмцлээ илэрхийлж дүүргийн намын даргадаа шаардлага өгнө гэсэн. Юу шаардах гэж байгаа юм бэ?
-Бидний тэмцэл 2006 онд буюу Б.Батбаатарыг дарга байхаас эхэлсэн. Түүнд шаардлага өгсөн боловч хариу өгөөгүй. Тэгэхээр нь Нийслэлийн АН-д өгсөн. Тэд хариу өгөхгүй болохоор тухайн үед намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавд өгсөн юм. Үүнээс болж олон үүрийн дарга нарыг ажлаас  хүчээр халсан. Долоон үүрийн даргын ажлыг  хууль бусаар булааж авсан. Үүрийн дарга нараар Б.Батбаатар өөрийнхөө хүмүүсийг тавьсан. Бид ажиллаж чадаагүй бол ажлаа өгөхөд бэлэн.

Би 12 дугаар үүрийн дарга байхдаа нийслэл, дүүрэг, УИХ-ын сонгуульд нэг ч удаа ялагдаагүй, бүх нэр дэвшигчээ гаргасан. Бид ялагдчихсан бол үг дуугүй ажлаа өгөх ёстой. Ялсан байхад ажлыг нь яагаад бу-лааж авсан юм бэ гэсэн асуулт, шаардлага өгч байгаа юм. Шаардлагаа өнөөдөр өгнө. Лхагва гаригт шийдэхгүй бол морин цаг буюу 12 цагаас Чингэлтэй дүүргийн АН-ын байрны үүдэнд өлсгөлөн зарлана.

-Б.Батбаатар дарга одоо юу хийдэг юм. Дүүргийн намын ажилд оролцдоггүй биз дээ?
-Б.Батбаатар  Чингэлтэйн АН-ын нууц ноёнтон шүү дээ. Гаднаас  бүгдийг нь зохицуулдаг байхгүй юу.

-Шаардлага хүргүүлж буй хүмүүс ямар ажилтай вэ?
-Гурван үүрийн дарга, бусад нь намын жирийн гишүүд бий. Чингэлтэйн АН гэр бүлийн нам болчихлоо, болохоо байлаа гээд жирийн гишүүд хүртэл хэлж байна. Чингэлтэй дүүргийн дэд дарга Б.Алтанхуяг, улстөрийн ажилтан н.Оюунмаа, МоАХ-ны нарийн бичгийн дарга н.Хажидмаа нарыг зайлахаас нааш тэмцлээ зогсоохгүй. Тэд Б.Батбаатарын хүмүүс байгаа юм. Шударга бусаар хуралдаж даргаа томилсон үүрийн хурлыг дахиж хуралдуулахыг шаардаж байна.

Б.Нэргүй:
-Би Э.Бадамгаравын үүрийн гишүүн. АН-ыг ардчилал, эв нэгдэл, шударга илэрхийлдэг. Гэвч үүнийг  цөөн хэдэн хүн үгүйсгэж байна. Тэд нэг нам дор нэгдэхийг уландаа гишгэсэн. 

-Э.Бадамгарав юу хийдэг хүн бэ?
-13 дугаар үүрийн дарга. Үүрийн даргаас гадна улс төрийн ажилтан. Гишүүн байж болох ч, улс төрийн янз бүрийн зүйл удирдаад байна. Дээрээс санхүүжилт орж ирэхээр огт ажиллаагүй хүнд мөнгө өгдөг. Ингэхээр яаж шударга ёс тогтох билээ. Бидний ажлыг зөв үнэлэхгүй байна.

-Чингэлтэйн АН хэдэн гишүүнтэй вэ?
Б.Цэцэгмаа:
-Найман мянга гаруй гишүүнтэй. Бидний ажлын хөлс хувь хүний халаасанд ороод байна. Бид намаа гэсэн сэтгэлтэй хүнээр удирдуулахыг хүсч байгаа. Хүчтэй өрсөлдөгчтэй манай нам хүчтэй удирдагчтай байх ёстой биз дээ.

-Өлсгөлөнд хэдэн хүн оролцох гэж байна вэ?
-Таван эмэгтэй оролцоно. Биднийг дэмжиж буй олон гишүүн бий.

-Дүүргийн намын даргатайгаа уулзаж энэ тухай мэдэгдсэн үү?
-н.Бат-Эрдэнэ дарга намын байрандаа ирсэн. Тэрээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуралд суухаар явсан. 2010 оны төсөв ярьж байгаа юм шиг байна. Бусад ажилтнууд нь алга.

Б.Нэргүй:
-Э.Бадамгарав манай дүүргийн 10, 11 дүгээр хорооноос ИТХ-д сонгогдсон. Намын мөнгөө зарцуулж, хяналт тавьж чаддаггүй байтал Чингэлтэйн ИТХ-ын төсвийн зарцуулалтын хяналтын хорооны даргаар ажилладаг. Энэ хүнийг санхүүгийн ажилд оролцуулж болохгүй, хувийн сонирхол ихтэй.

Б.Цэцэгмаа:
-Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд дүүргийн намын хорооны хурал болсон. Улс төрийн ажилтан н.Оюун-маа тэргүүтэй 19 үүрийн дарга нийт 20 хүнд Б.Батбаатар тус бүр нэг сая төгрөг тараасан байгаа юм. Маргааш нь өөрөө ажлаа өгсөн. Өөрийнхөө фракцын хүмүүст 20 сая төгрөг тараасан байна. Халаас-наасаа 20 сая төгрөг тараасан хүнийг Авлигатай тэмцэх газарт өгнө. Тэр хүмүүст мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулаагүй, хувиасаа бэлэг болгон өгч байна гэж хэлсэн гэсэн. Дараа нь өөрийгөө дэмжүүлэх гэж ингэж байгаа юм. Дүүргийн нам бол Б.Батбаатарын мөнгө олох хэрэгсэл нь болсон. 2012 онд биднээр шатны гишгүүр хийчихээд УИХ-д нэр дэвших гэсэн сонирхол түүнд байна. Үүний учрыг  олох гээд тэмцээд байгаа юм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.