Д.Банди: П.Сэрдамба оргилын өөд тэмүүлж байгаа.

2009/12/22
Share |
Д.Банди: П.Сэрдамба оргилын өөд тэмүүлж байгаа.

“Бөртэ чоно-2009″ спортын шилдгийг шалгаруулах наадам маргааш болно. Өнөө жилийн “Бөртэ чоно”-ийн эзнээр хэн шалгарах вэ гэдгийн Монголын үндэсний олимпийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар, Спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй. Гэвч өнөө жил дэлхийн эдийн засгийн хямрал МҮОХ, БТСГ-ын төсөв санхүүг улайртал дайрсны улмаас үүрэн телефоны “Юнител” компанитай хамтран шалгаруулах болжээ. Ямар ч байсан жил бүрийн “Бөртэ чоно” тасралтгүй үргэлжлэх ёстой гэсэн зарчмыг зохион байгуулагчид нь барьж байна.

“Бөртэ чоно” тухайн жилийн эзэндээ хүрвэл дэлхийд байхгүй хүндлэл болох учиртай. Тиймээс оны шилдэг “Бөртэ чоно”-ын эзэнд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох боксын холбооны төлөөлөл, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш Д.Бандитай уулзаж ярилцлаа.

-”Бөртэ чоно”-ын эзэн маргааш тодорно. Боксынхноос олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй олон тамирчин нэр дэвшиж байгаа. Тэдний дундаас П.Сэрдамба хамгийн илүү нь шүү дээ. Ерөнхий дасгалжуулагчийн хувьд энэ үед юу гэж хэлэх вэ?
-Үнэхээр сайхан үйл явдал болно. Манай боксынхон 2008 оны Бээжингийн зуны XXIX олимпоос хүртсэн алт, мөнгөн медаль тохиолдлынх байгаагүй гэдгээ нотолсон. Үүнийг 2009 оны намар Италийн Милан хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын ард түмэн төдийгүй, Ази тив, дэлхий тэр чигээрээ харлаа. Дэлхий ч хүлээн зөвшөөрлөө шүү дээ.

-Хоёулаа хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын үзүүлсэн амжилтын талаар хүүрнэе?
-Миний хүү /П.Сэрдамбыг хэлэв/ үнэхээр сэтгэлийн тэвчээртэй, жинхэнэ боксчин. Миланы дэлхийн аваргад явахын өмнөхөн П.Сэрдамбын хамгийн хайртай хүн болох аав нь “бурхан болсон”. Энэ үеэр миний хувьд төдийгүй манай шигшээ багийнхан хүнд цохилтод орсон. ДАШТ удахгүй болох гэж байсан. Би ч гэсэн хувьдаа шавийнхаа бэлтгэл, сургуулилтыг хүчлэн хийлгэхэд хэцүү байсан. Харин П.Сэрдамба маань бага хүүхэд гэхэд сэтгэлийн агуу их тэвчээртэй юм билээ. Надаас хувь илүү шүү. Чи тэгээд бод доо.

-Тамирчин хүнд сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Танд л нэг нууц байна даа?
-Надад нууцсаад байх юмгүй. Бусадтай л адил жирийн нэгэн багш, дасгалжуулагч хүн. Хүүхдийнхээ сэтгэлийг засахын тулд “Би ингэлээ, Тэр маань намайг хүлээж авсан” гээд залалтай биш. Үнэхээр П.Сэрдамба маань өөрийнхөө юу чаддагаа дэлхийд харуулсан. Түүний сэтгэлийн их тэнхээ, хүч хөдөлмөрөөр өнөөдөр Монголын боксчдоос дэлхийн аварга төрсөн.

-Олимпийн алтан медалийн төлөөх тоглолтыг бид харсан. Бэртлийн улмаас даанч болж өгөөгүй. Өнөөдөр П.Сэрдамба маань дэлхийн аварга болжээ. Таны шавь болоод багшийн хувьд нууц нь юу байна вэ. Үүнийг би байтугай, дэлхий сонирхож байна?
-Тийм үү. Үнэхээр сайхан сонсогдож байна. Би “хүүдээ” итгэдэг. Олимпийн алтан медалийн төлөөх тоглолтод “Чи юу чаддагаа үзүүл” гээд шахсан бол өнөөдөр монголчуудаас дэлхийн аварга төрөхгүй ч байж болох. Рингин дээр би түүнд “Олимпийг үзсэн хэн бүхэн чамайг харсан. Чи илүү байсан. Маргааш гэж нэг өдөр бий. Хоёулаа ирээдүйг харна аа” гэж хэлсэн санагдана. Түүнийхээ үр шимийг үзлээ. Эндээс харахад манай П.Сэрдамбын үзүүлсэн амжилт уул өөд өгсөж яваа шүү гэдгийг хүн бүхэнд хэлмээр байна. Тэр 2012 оны Лондоны олимпоос атгаад алдсан алтан медалиа авах л болно.

-Д.Банди багш аа. Таны сэтгэл чинь үнэхээр хөдөлжээ. Өнөө жилийн “Бөртэ чоно”-ийн эзэн хэн болох бол?
-Би шүүгч биш болохоор мэдэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн 2008 оны Бээжингийн олимпоос П.Сэрдамбыг ямар нөхцөл, байдалд мөнгөн медаль хүртсэнийг санаж байгаа. Тэр үед бидэнд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ П.Сэрдамбад дараагийн дэлхийн аварга, олимпийн наадам сэтгэлд нь багтаж байсан. Түүнийгээ ч Миланы рингэд харуулж, Монголын боксчдоос хамгийн түрүүнд, ахмад үе, үе үеийн боксчин тамирчдынхаа итгэлийг хөсөрдүүлэлгүй 2009 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн. Эндээс харахад манай шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамбын олимп, дэлхийд үзүүлсэн амжилт тогтвортой, байнга ахиж байгаа шүү гэдгийг л хэлэхийг хүсч байна. Түүний үзүүлсэн энэ амжилт цаашид ч ахих болно гэдгийг дасгалжуулагчийн хувьд хэлмээр байна.

Н.Мөнхтөр /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.