Ирээдүйд олох орлогоор барьцаалан нэг сая төгрөгийн зээл олгохыг дэмжив

2009/12/25
Share |
Ирээдүйд олох орлогоор барьцаалан нэг сая төгрөгийн зээл олгохыг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч хэлэлцэв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хууль хэрэгжсэн өнгөрсөн долоон жилийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгжид 21 тэрбум гаруй төгрөгийн зээл олгож, 50 мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Зээлдэгчид нэг сая хүртэлх төгрөгийг, нэг жилийн хугацаатай олгож, хүүг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлж ирсэн байна. Хуулийн төслийг Ц.Сэдванчиг нарын гишүүд санаачлан оруулжээ. Зээлийн хүүг арилжааны банкуудаас олгож буй зээлийн хүүгээс ихгүй байхаар хуульчлан баталгаажуулснаар 1.3 хувиар тогтоож, барагдуулж иржээ. Хуулийн төсөлд тусгаснаар зээлийн хэмжээг гурав хүртэл сая төгрөгөөр нэмэгдүүлж, эргэн төлөлтийн xyгaцааг хоёр жилээр сунган, энэ хэмжээний мөнгө зээлэхэд барьцаа хөрөнгө шаардана. Харин нэг хүртэл сая төгрөг зээлсэн тохиолдолд ирээдүйд олох орлогоор нь барьцаа хийх гэсэн өөрчлөлтийг хуулийн төсөл санаачлагчид оруулжээ. Түүнчлэн Засгийн газрын зүгээс зээлийн хэмжээг тав хүртэл сая төгрөгөөр нэмэгдүүлж болно гэж үзсэн байна. Энэ асуудал дээр гишүүд хуулийн төсөл боловсруулагчдаас сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлж

УИХ-ын гишүүн Р.Буд:
-Нэг сая хүртэлх төгрөгийн зээлийг ирээдүйд олох орлогоор барьцаална гэх нь хэр зөв бодлого болж амьдралд буух бол, тэр тусмаа малчдад. Эргээд хүнд суртал бий болгочихвол яах вэ. Сүүлийн үед банкууд мөнгө хүүлэх талдаа ажиллах болсон, дамжуулан зээлдэх энэ хэлбэрийг ч эргэж харвал яасан юм. Өнгөрсөн онд зээлийн хүүд хэдий хэмжээний мөнгө төлсөн бэ?

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:
-Ирээдүйд олох орлогоор нь барьцаалах үйлчилгээ түгээмэл нэвтэрсэн, малчдад хүндрэл учруулахгүй. Банк тухайн малчинд зээл олгохын тулд судалгаа хийнэ. Хэдий тооны малтай, хэчнээн хэмжээний баялаг үйлдвэрлэдэг, хэдий хэрийн орлого олдгийг тооцоолон зээл олгоно.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг зөвхөн малчдад хамааруулж ойлгож болохгүй, нийслэлийн иргэд ч хамрагдах бололцоотой. Гагцхүү нөхөрлөл, хоршоо хэлбэрээр хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа. Засгийн газрын зүгээс ч энэ хэлбэр рүү хөдөлмөр эрхлэхэд нь шахалт үзүүлж болох юм гэж үзэж байгаа.

НХХ-ийн сайд Т.Ганди:
-Хатуу барьцааны зээлийг хангахын тулд эрсдэл нэлээд үүрч байгаа, Хөдөлмөр эрхлэх сангийн хувьд. Зээлийн хүү 1.3. Өнгөрсөн онд зээлийн хүүд 520 сая төгрөгтөлсөн байдаг.

УИХ-ын гишүүн Д.Энхбат:
-Малчдыг зээлжүүлэх бодлогыг дэмжиж байна. Гэхдээ ирээдүйд олох орлогоор нь барьцаална гэдэг хэлбэрээр томъёолох нь оновчгүй. Траншейнд амьдардаг иргэн би гурван жилийн дараа гурван сая долларын орлого олно гээд нэг сая төгрөгийн зээл хүсвэл яах вэ. 300 мянган малчинд нэг сая хүртэл төгрөгийн зээл хүргэх тухай яриад байх юм, зээл олгох тогтолцоог эхлээд бий болгох ёстой. Барьцаа хөрөнгөгүйгээр нэг ч арилжааны банк зээл олгохгүй. Өөреөр хэлбэл, нэгдэлжүүлэх системийг нэвтрүүлэхгүйгээр эдийн засгийн хууль ажиллахгүй. Төрийн зүгээс хоршоолол байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, банкуудыг зээлээ хүргэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Х.Бат-Үүл:
-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 280 малчин нийлээд хоршоо байгуулсан. “Хаан хүнс” компанийнхантай гэрээ байгуулаад, хонин толгойд шилжүүлбэл 1600 хонины мах нийлүүлэхээр болсон. Гэтэл малчдын хувьд хэлэлцээ байгуулах гэх зэрэг нарийн ажлуудад мэргэжлийн хүнийг хөлслөхөөс аргагүй байдалд хүрдэг. Хөлсийг нь төлөх гэхээр бүтээгдхүүнээ нийлүүлж, хараахан орлого олоогүй байдаг. Эргээд хүндрэл учруулдаг, тиймээс энэ зээлийг зах зээлд бүтээгдхүүнээ нийлүүлэхэд бэлэн болсонд нь олговол яасан юм бэ. Тэгэхгүй бол малчид одоо бэлэн мөнгөний хомсдолд орсон байгаа учраас нэг нэгээрээ нэг сая хүртэлх төгрөгийн зээл авахын төлөө уралдана. Дараа нь яаж төлөх тухай огт бодохгүй. Одоо малчид ямар байдалтай байгаа билээ, бүгдээрээ шахам малаа барьцаалаад банкнаас зээл авчихсан. Давхар, давхар зээлд унаж болзошгүй учраас хоршоо гэдэг утгаар хуульчлах ёстой.

Ийнхүү хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.