З.Алтай: УИХ-ын 2-3 гишүүн том зээлдэгчийн жагсаалтад байгаа гэж сонссон

2009/12/28
Share |
Хүмүүс: Зориг Алтай | 
З.Алтай: УИХ-ын 2-3 гишүүн том зээлдэгчийн жагсаалтад байгаа гэж сонссон

УИХ-ын гишүүн Д.Алтайтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Засгийн газраас “Зоос” банкийг төрийн банк болгохоор 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа нь таны бодлоор хэр зөв алхам бол?
 -Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр бонд гэдэг үнэт цаас гаргах гээд байна шүү дээ. Яах гэж гаргаж байгаа, юунд зарцуулах гэж байгаа нь миний хувьд буруу гэж бодож байгаа. Яагаад буруу гэвэл Монгол-банкнаасаа эхлүүлээд төрийн байгууллагууд муу ажилладаг юм байна. Хариуцлагагүй байсныхаа дутагдал, өр ширийг өөрсдөө хүлээхгүйгээр огт гэм зэмгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гээд байна гэж би хэлнэ. Зүй нь бол Монголбанк гэдэг бол төрийн банк санхүүгийн манаанд гарсан том манаач шүү дээ. Банк мөнгөтэй юу, үгүй юу, хамаа намаагүй зээл өгөөд байна уу гэдгийг төрийн өмнөөс хянаж байх учиртай байгууллага. Гэтэл “Анод” банкнаас авахуулаад олон банк дампуурч, “Зоос”-оор шувтарч байх шиг байна. Шувтрах ч юу байхав дахиад цаашаа ямар ч банк гараад ирэхийг бүү мэд. Энэ нөхдүүдийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод татвар төлөгчид хохирох ёсгүй л гэж бодож байна.

-Тэгэхээр банк дампуурсан нь хариуцлагагүй ажилласан Монголбанкны удирдлагаас үүдэлтэй гэж хэлэх гээд байна уу?
-Энэ нөхдүүд ажлаа үнэхээр хариуцлагатай хийсэн бол худлаа үнэн хэдэн тоонд хуурталгүй үнэхээр бодитоор тэр мөнгө нь байна уу гэдгийг нүдээрээ хардаг ч юм уу, тэмтэрдэг юм уу үзсэн бол бодит байдал эрт илрэх байсан. Гэтэл тэгэлгүйгээр цаасан дээр бичсэн тоонд хууртаад яваад байсны хар гай л даа. Банк зүгээр үү гэдгийг УИХ-аас олон удаа асуусан шүү дээ. “Зүгээр биз нөхөр” гэсэн “Зүгээр ээ. Шалгаад л байгаа гайгүй байх аа” л гээд байсан. Гэтэл одоо хар, ямар юмных нь гайгүй байдаг юм. Ийм болчихсон хойно нь “Банк дампуурчихлаа, одоо яах вэ. Төлбөрийг нь төр гаргах уу” ийм л ганцхан тэнэг юм хэлдэг улсууд болчихоод байна шүү дээ. Тэгэхээр энэ нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой. Олон банк дампуурууллаа, хяналт шалгалтыг муу хийлээ. Одоо банкны удирдлага тэр чигээрээ солигдох ёстой байхгүй юу. Бүр солигдоод зогсохгүйгээр болдогсон бол... Ер нь ажлаас халагдана гэдэг бол нэг их том шийтгэл гэдэг юм уу, том гамшиг биш шүү дээ. Энэ олон зуун сая, тэрбум төгрөгийг яагаад хяналт, шалгалт хийхгүйгээр, үүргээ ухамсарлахгүйгээр үрэн, таран хийсэн бэ гэхийн бол цаашаа бүр эрүүгийн хариуцлага хүлээх ёстой л гэж үзэж байна. Магадгүй энэ нөхдүүд тэр банкныхантай хуйвалдаад мөнгөө хуваагаад авчихсан байхыг үгүйсгэхгүй. Хоёулаа найзан дундаа мэдэн будлиад “Чи мөнгөтэй гэж хэл, би дээшээ гайгүй гэж хэлье” гээд хувааж идэх, найрах бүх юмаа сайхан хийчихээд дараа нь дампуурчихжээ гэдэг үгийг хэлээд, гөлийгөөд зогсож байсан ч юм бил үү.

-Монголбанкны удирдлагыг солилоо ч гэсэн дараагийн хүмүүс дахиад л яг адилхан ажиллана гэж үзээд байгаа. Яагаад гэвэл банкны үйл ажиллагаанд төр өөрөө хутгалдчихсан учраас?
-Ямар ч байсан хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага гэдэг бол ажлаас халахын нэр биш гэдгийг би түрүүн хэллээ. Их олон газраар, шүүх цагдаа, хуулийн байгууллагаар энэ нөхдүүдийг үндсээр нь шалгуулах ёстой. Тэгж гэмээнэ дараагийн хүмүүс цэврээр эхлэнэ шүү дээ.

-Банк дампууруулсан хүнд хариуцлага тооцох систем манай улсад байдаг юм уу?
-Банк дампууруулаад ирэнгүүтээ Монгол Улсын Засгийн газар руугаа хандаад ирдэг. Гэтэл УИХ үүнийг нь баталчихсан. Юу гэж вэ гэвэл “Төрөөс иргэдийн хадгаламжийг, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйлгээнд байгаа мөнгөний баталгааг төр хариуцна” гээд баталчихсан. Ингээд гарангуут банк, түүний удирдлагууд айхаа больж, “Өө болдог юм байна. Бид хариуцлага үүрэхгүй юм байна, дампуурна уу, хувааж иднэ үү хамаагүй боллоо” гээд баахан юмыг идэж, цохиол, мөнгө төгрөгөө ийш, тийш нь хувиарлаад, эргэн төлөгдөх нөхцөлгүй зээл болгож хувиргаад банк дампуурлаа гээд зарлачихдаг. Дахиад хэдэн банк гарахыг хэн ч мэдэхгүй. Үүгээр тогтохгүй олон банк дампуурна л гэж бодож байна. Яагаад гэвэл манай өнөөгийн банкны систем дэх хууль, эрх зүйн механизмыг нь төр анхнаасаа буруу тавиад өгчихсөн. Бүх хариуцлагыг нь татвар төлөгчид дээр үүрүүлчихсэн. Төр ч өгөөд байгаа юм биш. Тийм биз. Тэгэхээр энэ бол хөлсөө асгаруулан байж хөдөлмөр эрхлэн олдог 100 тэрбум төгрөгийг тэр хэдэн луйварчингуудад төр өгнө гэдэг бол байж боломгүй зүйл.

 -”Анод” банкийг дампуурахад төр юу ч хийгээгүй атлаа “Зоос” банкинд бонд гаргахаар хэлэлцэж байна. Тэгэхээр үүний цаана улстөрчид өөрсдөө байна уу?
-Ер нь бол банкны мэдээлэл муу юм болов уу гэж би хувьдаа боддог. Сая УИХ-ын хаалттай хуралдаанаар банкны асуудлыг авч хэлэлцсэн. Түүн дээр Монголбанк мэдээллийг нуун дарагдуулаад байсан. Ингэж болохгүй шүү дээ. УИХ-ын хаалттай хуралдаан дээр төрөөс, их хурлын гишүүдээс нуух, нууцлах асуудал гэж байх ёсгүй.

-Жишээ нь ямар мэдээлэл нуусан гэж?
-”Шууд хэлээч ээ. Ямар, ямар том зээлдэгчид байна вэ. Хэн гэдэг хүн бэ, хэдэн төгрөг авсан юм” гэхээр хэлэхгүй дүлгэнээд байгаа байхгүй юу. Тэрний учрыг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Миний ойлгож байгаагаар, бүдэг бадаг мэдсэнээр УИХ-ын 2-3 гишүүн энэ том зээлдэгчийн жагсаалтад байгаа гэж сонссон. Үнэн худлыг нь бол мэдэхгүй. Гэхдээ тэр нөхдүүд бол хэлэхгүй л байна лээ.

 -Бүр улстөрчид нь хуйвалдчихсан уу?
 -Би бол тэгж л ойлгож байгаа. Ерөөсөө улс төр, банк санхүү гэдэг чинь мөнгө угаадаг нэг том машин болчихоод байна шүү дээ. Энэ дотор асар их сонирхолтой, гар бие оролцсон улсууд байгаа л гэж би бодож байгаа. Тийм учраас дандаа тэдний эрх ашгийг хамгаалж, хаацайлсан тийм л хууль, эрх зүйн актыг өнөөдөр гаргаад байна. Дампуурч байгаа банк дампуурдагаараа дампуурах ёстой. Нэг ёсондоо энэ улстөрчид дотор чинь ашиг сонирхлоороо нэгдсэн бизнесийн асар том бүлэглэл байна. Тэгээд өөрсдийнхөө ууж идсэн бүхнийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлчихдэг, тийм л бодолтой явдаг байх.

-Тэгэхээр том шалгалт оруулж, том хариуцлага тооцох хэрэгтэй болж байгаа юм байна даа. Гэхдээ тэгж чадах болов уу?
-Ээ дээ ер нь хэн хариуцлага тооцох бол. Ингээд бодоод үздээ. Хариуцлага тооцдог төрийн томчууд чинь энэ дотор өөрсдөө сууж байна шүү дээ. Тэгэхээр бурхан багшийг л урьж, залахгүй бол өөр хэнээр шалгуулах билээ дээ. Энэ маягаар бол их л дампуу юм болж байна.

Б.ӨЛЗИЙДЭЛГЭР /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.