Хүмүүс: |
Улс тунхагласны баярын өдөр Зайсангаас эргэх уулзвар дээр замын цагдаа нар хүн зодож байжээ. Энэ үеэр тэнд байсан нэгэн иргэн дээрх үйлдлийг гар утсандаа нууцаар буулгаж манай сонинд хандсан юм.
Бичлэгт замын цагдаа нар гарч буй саарал өнгийн HRV машиныг зогсоож жолоочоос нь ямар нэг зүйл шаардсан бололтой. Харин жолооч эсэргүүцсэн үү ямартай ч тэдний хооронд багахан "дайн" болж байв. Дээрх дүрс бичлэгт замын цагдаа нар жолоочийг газар унаган чирч байгаа нь бичигдсэн байв. Хэдийгээр эрх бүхий ч иргэдэд хүнд гар хүрэх эрхгүй замын цагдаагийн энэ үйлдэл олон хүний дургүйцлийг хүргэсэн байна.
Тухайн өдөр зайсангийн уулзварт хэн гэгч цагдаа ажиллаж байсныг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс тодрууллаа. Өнгөрсөн пүрэв гариг буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр С.Лувсанжамц, н.Одбаяр хэмээх хоёр цагдаа байжээ. Болсон явдлын талаар тодруулахаар Хан-Уул дүүргийн ахлах байцаагч хошууч Г.Энхзоригтой уулзлаа.
-Улс тунхагласны баяраар замын цагдаа хүн зодож байгаа бичлэг манайд байна. Та энэ талаар мэдсэн үү?
-Огт мэдээгүй. Иймэрхүү явдал гарсныг мэдсэн бол иргэний гомдлын дагуу шийдвэрлэх байсан.
-Ямар ч хэрэг зөрчил гаргасан хүн зодох эрх тэдэнд байхгүй биз дээ?
-Хүн зодох, гар хүрэх эрх байхгүй. Харин зөрчил гаргагч цагдаагийн хэлсэн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй бол мэх, хүч хэрэглэх тохиолдол байдаг.
-Тэр өдөр нэг хүнийг хоёр замын цагдаа зодсон. Эдгээр хүмүүст тэгээд ямар хариуцлага тооцох вэ?
-Биднийг хянадаг, хариуцлага тооцдог тусгай ёс журмын алба гэж байдаг. Иргэд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл 124, 126 утсаар залгаад мэдэгдэж болно. Түүгээр л шийдэгдэнэ дээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс зогсож буй зогсоол, утасны дугаарыг аваад С.Лувсанжамц цагдаатай уулзлаа.
-Улс тунхагласны баяраар та Зайсангийн уулзварт гарч байсан уу?
-Тиймээ.
-Тэгэхэд юу болсон юм бэ?
-Тэр өдөр баярын өдөр байсан. Баярын болон амралтын өдөр номергүй машин явахыг хориглосон байдаг. Гэтэл номергүй HRV маркийн машин ирсэн. Журмын хашаанд хийх зааврыг манай офицер надад өгсөн. Тэгээд машиныг зогсооход нэг залуу бууж ирсэн. Би шаардлага тавьж журмын хашаанд хийх тухай хэлсэн. Хэцүү ааштай жолооч нар олон л байдаг. Намайг шаардлага тавихад тэр "би мэдэж байна. Тэгээд би явган явах юм уу" гэж хэлээд бид жоохон маргалдсан. Тэгэхээр нь за яахав баярын өдөр юм байна гэж бодоод би 5000 төгрөгөөр торгож арга хэмжээ аваад өнгөрье гэсэн. Эхэндээ торгуулах гэж байсан ч сүүлдээ торгууль төлөхгүй болж чи яахаараа ингэдэг юм гээд над руу асч эхэлсэн. Тэгэхээр нь би ном журмаар нь асуудлыг шийдвэрлэхээр ачигч машин дуудсан. Тэгэхэд тэр хүн буухдаа л намайг хаалгаараа цохиж буугаад, дараа нь хэл амаар доромжилсон. Бууж ирчихээд намайг машины зам руу түлхээд байсан. Машинд дайруулна гэж бодсон юм уу яасан юм. Уг нь тэр хавьд байсан хүмүүс харсан л байх. Намайг зам руу түлхээд байхаар нь би өмнөөс нь жаахан түлхчихсэн юм. Тэрнээс биш айхтар зодолдсон зүйл байхгүй. Хамраас нь ч цус гараагүй.
-Эх сурвалжийн хэлснээр зодуулж буй хүний хамраас цус гарсан гэсэн. Бичлэгт тэр хүн газар унасан байсан шүү дээ?
-Надтай зууралдаад байсан юм. Би бас хүнд зүгээр цохиулаад зогсохгүй шүү дээ. Би боль гэж шаардлага тавьсан. Тэгээд болохгүй болохоор нь түлхсэн чинь газар уначихсан. Цас орчихсон хальтиргаатай байсан юм. Тэрнээс биш хүн зодоогүй. Бид юу гэж хүн зодох вэ дээ. Ийм л юм болсон.
-Бичлэгт хоёр цагдаа байсан, хамт байсан цагдаа болиулаагүй юу?
-Тэгэхэд надтай хамт н.Одбаяр гэдэг цагдаа байсан. Тэр цаана өөр жолоочид арга хэмжээ авч байсан. Бид хоёрын дунд юу болсныг ч сайн мэдээгүй. Ямар ч байсан номергүй машин байсныг харсан байх.
-Тэгээд учраа ололцов уу, машиныг журмын хашаа руу хийсэн үү?
-Би баярын өдөр байна, хүний машин журмын хашаанд хийгээд яахав гэж бодоод "за за хөгшөөн яв яв" гэж хэлсэн. Тэр залуу ч гэсэн за за эр хүмүүсийн хооронд маргалдахыг алийг тэр гэхэв ээ гээд гар бариад л салсан шүү дээ. Өөр юу ч болоогүй. Би арга хэмжээ авах ёстой байсан ч тэр хүнийг торгоогүй, машиныг нь журмын хашаанд ч хийгээгүй. Шаардлага тавьж хоорондоо жоохон маргалдсан. Тэрнээс зодож цохисон асуудал ерөөсөө байхгүй.
-Тэр хүний биед ямар нэгэн гэмтэл учирсан уу?
-Огт тийм юм байхгүй. Тэр хүнийг олж уулзсан бол хэлэх л ёстой. Гэмтэл авсан бол гомдлоо гаргаад шүүх эмнэлгээр явах байх.
-Жолоочид торгуулах өөр ямар зөрчил байсан бэ?
-Бичиг баримтын болон согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гэхдээ машин нь номергүй, хамгаалах бүс хэрэглээгүй байсан юм.
-Хүнд гар хүрэх эрх танд байхгүй биз дээ?
-Байхгүй. Юу гэж тэгэх вэ дээ. Маргалдсан гэх залууг олохоор дээрх цагдаагаас нэрийг нь асуусан ч санахгүй байна гэсэн юм. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр манай замын цагдаа нар харьцаа муутай гэдгийг бүгд хэлдэг. Гэтэл тэд харьцаа муутайн дээр хүнд гар хүрдэг болж байх шиг. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг. Тэднийг хэл амаар доромжилж, ажилд нь саад хийх цөөнх байхад жолооч нартай таагүй харьцдаг цагдаа нар харин олонх байна. Шаардлага тавьж, аюулгүй байдалд анхаарах үүрэгтэй байдаг ч тэд энэ үүргээ арай л "давуулан" биелүүлээд байх шиг байна. Дүрс бичлэг өгсөн хүн ч гэсэн "би жаахан ойртож бичлэг хийж, эсвэл зураг авч болох л байсан. Гэсэн ч намайг бас зодох байх гэж айгаад чадаагүй" гэж хэлж байсан. Иргэдийг болзошгүй аюулаас сэргийлж байх үүрэгтэй тэднээс харин иргэд сэрэмжлэхэд хүрээд байна