"Энэ цагийн эгэл баатар-2010"-ыг бүтэн жилийн турш хамтдаа тодруулъя

2010/01/04
Share |
Хүмүүс:

“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин,  “TV-9” телевиз  хамтран  улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө сайн үйлс бүтээсэн хэрнээ хариу тус нэхээгүй, тэр болгонд нь төрийн хараа хүрээгүй энэ цагийн эгэл баатруудыг ард түмний санал асуулгаар тодруулж  өргөмжиллөө.

“Энэ цагийн эгэл баатар”-уудыг ард түмний санал асуулгаар  тодруулах аян цаашид үргэлжилнэ. Тухайлбал, эгэл баатруудыг 2010 оны турш хамтдаа тодруулъя хэмээн уншигч танд дуулгаж бай-гаадаа баяртай байна.

2009 онд сайн үйлс бүтээчихээд “Би ийм гавьяа байгуулсан” гэж тэр болгон ил гардаггүй даруухан баатруудын сайхан сэтгэлийн ач тусыг хүртсэн олон мянган хүн  эх орны өнцөг булан бүрээс манай санал асуулгад оролцож, сар хүрэхгүй хугацаанд 150 орчим эгэл баатрын нэрийг ирүүлсэн. Энэ цагийн эгэл баатар иргэдийн дундаас төрж байгаа учраас иргэдийн хувь нэмэр, оролцоо их байлаа. Зарим ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, үзэг нэгт нөхөд маань биднийг дэмжсэн. 

“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин “Сайхан сэтгэл унтдаггүй” аян өрнүүлж, иргэдийн дуу хоолой болсон олон нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг уншигчдад хүргэсэн бол “Таны төлөө” уриатай  TV-9 телевизийн хамт олон “Зүүд биш л байгаа даа” нэвтрүүлэг, нийгэмд хандсан нийтлэл, нэвтрүүлгийг цаг тутамд шуурхай хүргэж байдаг. Энэ бүхэн эгэл баатруудын гавьяаг тод-руулах нэгэн зорилгод  биднийг нэгтгэсэн билээ.

“Энэ цагийн эгэл баатар-2009”-д  арван нэр дэвшигч тунаж үлдсэнээс таван хүн, тухайлбал 2003 оноос хойш орц хонгилоор амьдарч байсан 2000 гаруй хүүхдэд ноос, ноолууран урлал, уран зургийн хичээл зааж, тэдэнд ирээдүй бэлэглэж, гэрэлт нарыг зуруулж, гэмгүй цагаахан сэтгэлд нь гэгээ та-туулсан  зураач Д.Эрдэнэбат,  тэргэнцэр дээр суудаг ч 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд санаа тавьж,  ажлын байртай болгосон П.Төмөрбаатар, Оюутолгойн гэрээний алдаатай хувилбарыг шүүмжилж, хэнээс ч гарахгүй эр зориг гаргаж тэмцсэний дүнд улсын төсөвт хоёр тэрбум ам.долларыг хэмнэх нөхцөл, бололцоог бүрдүүлсэн доктор С.Авирмэд, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд  иргэдийн хөдөлгөөн өрнүүлж, Хараа голын дээгүүр гүүр барьж, ойн санг хамгаалан 33 төрлийн 30000 мод тарьсан Б.Ганхуяг, Туул голын голдрилд гольфийн талбай барих зөвшөөрөл авч, газар шороог нь онгичсон Солонгосын компанийн эсрэг тэмцэж, улаанбаатарчуудын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалж үлдсэн Н.Эрдэнэ нарыг тодрууллаа.

Дэм дэмэндээ өөдөлж, саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг амьдарч ирсэн Монголчуудын  цээжинд сайхан сэтгэлийнх нь  гал  хэзээ ч бөхөөгүй, хаана ч явсан нэрийн хуудас нь  болж, улс орныхоо нэрийг өндөрт өргөж явааг санал асуулгад ирсэн олон  баримт, мэдээлэл харуулсан. 1971 онд ЗХУ болон Монголын Засгийн газрын хэлэлцээрээр зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор баригдсан орон сууцны барилгууд 1991 онд Монголын эзэмшилд шууд шилжих ёстой байсан ч түрээсийн хэлбэрт шилжин иргэдэд дарамт болж байсны эсрэг тэмцэж, 3500 гэр бүлийг орох оронтой болгож чадсан Б.Батцэцэг, Монголын уламжлалт амьдрах ухаан, ардын арга билэг, зан заншлыг судалж, сурталчлан таниулахын төлөө тэмцэж яваа Сүхийн Дамбий, гэр оронгүй 200-гаад хүнийг гэртээ байлгаж, хооллож, хувцаслаж байгаа “Өндөр ээж”  Ц.Тамара, нэг тонн 600 литр сүүгээ элэгний өвчтэй хүмүүст өгч, хагас зуун литр цусаа бусдад өгч олон хүний амь аварсан “Хүндэт донор” Б.Оюунчимэг нарыг  санал асуулгад оролцогчид нэрлэсэн юм. Солонгост хараар ажиллаж байсан монгол залуу гал түймрийн аюулаас  хүний амь аварсан.

АНУ-ын Окланд мужид амьдардаг монгол залуус дэлгүүр дээрэмдэж байсан зэвсэгт дээрэмчдийн хууль бус үйлдлийг зогсоож, монгол хүний эр зоригийг  харийн оронд харуулж чадсан бол Герман улсад настай эмэгтэйг дээрэмдсэн дээрэмчний араас хөөцөлдөн цагдаад барьж өгсөн монгол залууг тэд улс орон даяараа шагшин магтаж байсан олон сайхан жишээ, баримт бий. Энэ бүхэн эгэл баатруудыг тодруулах санал асуулгыг жил бүр  уламжлал болгон  зохион явуулах, тэднийг эрж хайх итгэл урмыг бидэнд өглөө. Уншигч та бидэнд хандаарай. Даруухан баатруудын тухай мэдээ, мэдээллийг манай редакцийн хаягаар илгээгээрэй.

“Зууны мэдээ” сонины редакц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.