Хэцүү анги киноны Э.Уянга буюу Сувд Тэмүүнд үнэн сэтгэлээсээ дурласан

2010/01/04
Share |
Хүмүүс:
Хэцүү анги киноны Э.Уянга буюу Сувд Тэмүүнд үнэн сэтгэлээсээ дурласан

МУИС-ийн утга зохиолын ажилтны нэгдүгээр дамжааны оюутан Э.Уянгатай ярилцлаа. Тэрбээр телевизийн олон ангит “Хэцүү анги” киноны Сувдын дүрийг бүтээсэн юм.

-”Хэцүү анги” гарч дууслаа. Сэтгэгдэл ямар байна?
-Сэтгэл амарч байна.

-Яагаад?
-Кино гарч байхад түгшүүртэй байсан. Хүн болгон киноны үйл явдал яриулах гэнэ. Гадаадад байгаа найзууд интернэт болсонгүй, үргэлжлэлийг нь үзсэнгүй гэж уурлана. Автобусанд суух гэтэл нэг ах зогсоогоод “Сувдаа кино яаж төгсөх вэ, ярихгүй бол явуулахгүй” гэсэн. Иймэрхүү байдал олон тохиолддог байлаа. Энэ бүхэнд “Та киногоо өөрөө үзвэл сонирхолтой” гэж хариулдаг байсан.

-Олон ангит кинонд тоглох мэдээж хэцүү. Шалгаруулалтад оролцож, тоглосон түүхээс сонирхуулаач?
-”Цагийн хүрд” хөтөлбөрөөр олон ангит кинонд тоглох залуусыг шалгаруулж авна гэсэн зар явсан. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөөд шалгаруулалтад орсон. Эхний шалгаруулалтад тэнцэж, тэгээд л тоглох болсон.

-Яаж шалгаруулж авсан бэ?
-”Хэцүү анги” киноны хэсгээс уншуулж ур чадварын шалгалт авсан. Кинонд тоглож дүрээ үлдээхсэн гэж мөрөөддөг байв. Мөрөөдлөө биелүүллээ.

-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?
-Аавыг Г.Энхтөр, ээжийг Н.Байгаль гэдэг. Хоёулаа найруулагч мэргэжилтэй. Аав “Ядуугийн зовлон”, ээж “Сарны нулимс” киног найруулсан. Багаасаа л кино урлагтай ойр өссөн. Миний бага нас аав, ээжийн ажилладаг телевизэд өнгөрсөн. “Toг, тог хийдэг гутлаа өмсөөд явна” гээд л байнга дагаж зовоодог хүүхэд байв. Мөн хүүхдийн танин мэдэхүйн “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч байсан.

-Зураг авалтын үед шантрах тохиолдол байв уу?
-Надад олдсон боломж гэдгийг сайн ухамсарласан учраас шантрах эрх байгаагүй. Зураг авалтын үед магтуулахаас илүү загнуулсан. Кино дууссаны дараа энэ бүхнийг нь бодоход тэд намайг хурцалсан юм билээ. Хэрэв загнуулаагүй бол сайн тоглож чадахгүй.

-Аав, ээж нь юу гэж байна?
-Аав, ээжээс эмээсэн. Хажууд нь суугаад кино үзэх гэхээр ичдэг байлаа. Үнсэлцэж, хөтлөлцөөд эвгүй зүйл багагүй бий. Ээж намайг магтаад байдаггүй л дээ. Гэтэл киног үзээд “Миний охин сайн тогложээ. Мэргэжлийн сургууль гэхээс илүү хобби маягаар хөгжүүлбэл дээр” гэж хэлсэн. Ээжийнхээ үгэнд урамшсан.

-Сувдын дүр Уянгаагийн зан төрхтэй хэр ойр бол?
-Сонирхолтой ном уншихаар өөрийн эрхгүй үйл явдалд нь ордог. Үүнтэй адил киноныхоо дүрд итгээд дэндүү орсон байсан. Киногоо үзэж байхдаа энэ үгийг ингээд хэлчихгүй, тэгж инээхгүй яасан юм бол гэсэн алдаа, оноо багагүй харагдсан. Уянгаагаас тэс ондоо охины дүрийг гаргасан. Хайргүй гэхэд нь хайртай гээд байгаа Сувдын дүр хүмүүст ихийг бодогдуулсан. Өөрөөр хэлбэл Сувдын дүр Уянгаагийн зан аашаас өөр. Ямар ч байсан дурласан залуу нь хайргүй гэвэл ухаан алдатлаа араас нь гүйхгүй ээ, би. Сувдын дүрийг зарим хүмүүс сайн охин гэдэг. Зарим нь найзынхаа залууг булаалаа гээд үзэхгүй. Хүнийг маргалдуулж чадаж байвал чиний бүтээл амилжээ гэж бод хэмээн манай багш нар хэлдэг. Үзэгчид Сувдыг янз бүрээр ярьж байна гэдэг дүр сайн гарчээ гэсэн үг.

-Киноныхоо үйл явдалд орсон гэсэн. Арай Тэмүүнд үнэн сэтгэлээсээ дурласан юм биш биз дээ?
-Сувд гэдэг охин Тэмүүн хэмээх залууд дурласан. Сэтгэлд нь хоосон орон зай үүсгэсэн тэр залууд Сувд үнэн сэтгэлээсээ дурласан. Киноны явцад. Түүнээс биш Уянга түүнд дурлаагүй. Гэхдээ би Сувдын дүрийг хүчилж бүтээгүй. Амьдралд нь жинхэнэ утгаараа орсон.

-Ингэхэд Уянга жинхэнэ амьдралд хэр шохоорхож, дурладаг вэ?
-Залуу хүн болгон дурлаж, шохоорхдог. Үүний адил л шохоорхож, дурладаг. Одоохондоо найз залуугүй.

-Кинонд нүсэр баг ажилласан. Хамтрагчдаасаа ямар дүрд илүү хайртай байв?
-Зулаагийн дүрд хайртай. Билгүүн тэр хоёрын хайр сэтгэл ээдрээтэй ч аз жаргалтай төгсдөг. Миний бодлоор энэ киног тэдний дүр чимсэн. Нөгөөтэйгүүр Дөлгөөний дүр байна. Тэрбээр уг дүрээрээ олон хүний хайрыг татсан. УГЖ Сүххуяг ахыг үнэхээр биширсэн. Анх хараад сайн уу гэж мэндэлж чадахгүй эмээж байлаа. Найруулагч жүжиглээд гэнгүүт л, тэрбээр дүрдээ хачин сайн ордог нь миний гайхшралыг төрүүлсэн.

-Сургуулийнхан чинь яаж хүлээж авсан бэ?
-Хүмүүсийн анхаарлын төвд орсон гэдгээ ойрын өдрүүдэд ойлгож байна. Сургуулийнхаа цайны газар ороод хуушуур идээд, автобусаар явахад зарим нь гайхдаг. Кинонд тоглохоор баян болдог гэдэг ойлголт манайд байх шиг байна. Нэг удаа “Бөмбөгөр” худалдааны төвд ээжтэйгээ хамт бээлий худалдаж авахад худалдагч нь “Хэцүү ангийн охин” захаар явж хувцас авдаг юм байна гээд л байсан. Энэ нь үзэгчид киноны үйл явдалд гүнзгий орсны шинж байх. Кино гарч байхад Орхон, Дархан- Уулд замын хөдөлгөөн зогсдог байсан гэж сонссон. Манай сургуулийн зарим оюутан “Сувд кинон дээр намхан, тарган харагддаг, амьдрал дээр өндөр туранхай юм байна” гээд л ярьдаг. Хааяа Сувдаа гэнэ. Тэгэнгүүт охид нь Уянга гэвэл чам руу харна гээд л инээлдээд байдаг юм.

-Кинонд тоглоод цалин авсан уу?
-Шагнал авсан. Том жүжигчин биш учраас шагналаа голоогүй ээ.

-Кино, клипэнд тоглох санал ирж байна уу?
-Билгүүний дүрд тоглодог Нармөнхтэй төслийн сурталчилгаанд зураг авахуулж дууссан. “Гайз 666″ хамтлагийн гишүүн Мягаа ах биднийг сонгосон. Мөн “Акапелла” хамтлагийн Төрөө, дуучин Маралжингоо нарын дуулсан дууны клипэнд тоглох урилга ирсэн.

-”Хэцүү анги” киног үргэлжлүүлэх санал МҮОНРТ-д олонтаа ирж байгаа гэсэн. Дахин тоглооч гэвэл тоглох уу?
-Тоглоно.

-Киноны зураг авалтын үед хичээлээ хэрхэн зохицуулж байв?
-Ихэнх зураг авалт зун үргэлжилсэн. Хичээл орсны дараа зураг авалт нэг cap үргэлжилсэн. Гэхдээ хичээлээ таслаагүй.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Найзуудтайгаа уулзаж, интернэтээр аялах дуртай.

-Утга зохиолын ангийг шүлэг бичдэг болоод сонгосон уу?
-Тийм ээ. Огторгуй ертөнцийн тухай биш өөртөө болон өрөөл бусдад зориулж шүлэг тэрлэдэг. Бичсэн шүлгээ багш нартаа үзүүлж амжаагүй. Нэгдүгээр дамжааны оюутан болохоор зарим багштайгаа танилцаж амжаагүй. Шүлгээ сайн бичээд номтой болно. Хэтийн зорилго маань сургуулиа амжилттай төгсч сайн сэтгүүлч болох хүсэлтэй. Гадаадад суралцаад сурсан зүйлээ эх орондоо зориулъя гэсэн мөрөөдөл бий.

-”Хэцүү анги”-ийнхан сайн найзууд болсон байлгүй?
-Бид 2010 оны нэгдүгээр сарын 1-нд уулзаж шинэ жилээ тэмдэглэнэ. Байнга холбоотой байдаг.

-Үеийнхнээ хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Өөрсдийгөө боловсруулах талаар анхаардаг болсон нь сайшаалтай. Гэхдээ аав, ээжийнхээ үгэнд орохгүй байгаа залуусыг хараад гайхдаг. Ахмад үеэ хайрлаж, хүндэлдэг байгаасай гэж боддог

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.