Оюутны хөнгөлөлтийн билет түр хугацаанд хямдарна

2010/01/06
Share |
Хүмүүс:
Оюутны хөнгөлөлтийн билет түр хугацаанд хямдарна

Оюутны автобусны хөнгөлөл­тийн билет энэ сараас эхлэн 600 төгрөг болж байгаатай холбог­дуулан Монголын Оюутны хол­бооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлтэй ярилцлаа.

-Оюутны автобусны хөнгөлөл­тийн билетний үнийг яагаад эрс багасгаж байгаа юм бэ. Энэ сараас эхлэн билетийг 600 төгрөгөөр үнэлэх юм уу?

-Энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан. Ямар хугацаанд ийм үнээр явах нь тодорхойгүй байгаа. Учир нь Нийтийн тээврийн газраас түр журам баталсан байгаа. Бүх нийтийн тээврийг карт уншигчтай болгохоор төлөвлөж байгаа. Түүнчлэн Авто тээврийн болон Боловсролын тухай хуульд  суралцагч оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж  нөхөн олговор олгоно гэж өөрчилж байгаа бөгөөд хууль батлагдаж, нийтийн тээвэр карт уншигчтай болтол энэ тарифаараа явна.

-Энэ хугацааны зардлыг яаж зохицуулах вэ.  Эрс багассан болохоор 6300 төгрөгийн ялгаа их л баймаар юм?

-Монголын оюутны холбоо нийслэлийн хэмжээний нийт 147 мянга гаруй оюутны 80 мянгад нь автобусны хөнгөлөлттэй зорчих эрхийн билетээр хангаж үйлчилдэг. Төрөөс улсын төсөвт 80 мянган оюутанд хөнгөлөлт үзүүлэхээр тооцож автобусны билетэнд 30,9 тэрбум төгрөг баталсан. Тиймээс нэгэнт төрөөс төсвийг нь баталсан  боло­хоор холбоо оюут­нуудынхаа эрх ашгийг хамгаалж байдаг байгууллагын хувьд энэ сараас эхлэн оюут­нууд­даа билетийг нь хөнгөлөлттэйгээр олгож эхлээд байна.

-Амралтын өдрүүдэд мөнгө төлж явна гэсэн. Билетийг тал үнээр үнэлээд ч юм уу амралтын өдрүүдэд хөнгөлөлтийн картаа­раа үйлчлүүлж болохгүй байсан юм уу?

-Бидний зүгээс их дээд сур­гуу­лиудад судалгаа явуулж амралтын өдөр хичээллэж байна уу, оюутан өөрийгөө хөгжүүлэх сургалтад хам­раг­дах боломж хэр байгаа, номын санд суух болон бусад үйл ажиллагаа хэр хэмжээнд явагдах талаар судлахад. боломжгүй болж байсан. Нөгөө талаараа Хөдөлмөрийн хуульд ажлын таван өдөр ажиллана гэсэн заалт байдаг. Тэгэхээр амралтын өдрүүдийг хуулийн дагуу ажлын өдөрт тооцох боломжгүй, арав хүрэхгүй их дээд сургууль бямба гаригт хагас хичээллэдэг. Үүнээс үзэхэд амралтын өдрүүдэд оюутнуудад нийтийн тээврээр зорчих шаардлагагүй, илүү зардал гарч байна гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан. Мөн нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдээр оюутнууд зорчигчийн тасалбараа аваад зорчих ёстой.

-Автобусаар үйлчлүүлж байгаа оюутнууд 21.00 цагаас хойш мөнгө төлж тасалбараа авч явах ёстой юу, кондукторын зүгээс ийм шаардлага тавьдаг шүү дээ?

-Энэ асуудал дээр Нийтийн тээвэр, Оюутны холбоо гэсэн хоёр байгууллага маань хамтарсан шалгалт хийж, хяналт тавих шаардлагатай байгаа юм. Яагаад Автобус компаниуд оюутнуудад есөн цагаас хойш хөнгөлөлтийн билетээр зорчуулахгүй, нэмэлт бичиг баримт шаардах, 100, 200 төгрөг нэмж төл гэх мэт шахалт үзүүлээд байна гэхээр тухайн нийтийн тээврийн кондуктортой энэ асуудал шууд холбоотой байгаа юм. Эдгээр асуудал ямар ч үндэслэлгүй зүйл. Цагийн хувьд хязгааргүй зорчиж, нэмэлт бичиг баримт үзүүлж, мөнгө нэмж төлөх ч шаардлагагүй. Нэгэнт оюутны холбооноос оюутнууддаа үндэслэлтэйгээр хөнгөлөлтийн карт олгож байгаа болохоор энэ картын хүчинтэй хугацаа нь дуусаагүй болон гэмтээгүй эсхийг шалгахад хангалттай. Эдгээр хүмүүстэй эргээд ямар хариуцлага тооцох вэ гэхээр, нэгэнт төр нөхөн олговрыг нь өгч байгаа, нийтэд үйлчилнэ гэж тендэрийг нь авсан л бол тэд 100 хувь үйлчлэх ёстой. Тэдний хөдөлмөрийн гэрээ байгаа болохоор хариуцлага тооцох боломжтой байгаа. Гэтэл оюутнууд маань санал гомдлоо хэлээд ороод ирдэг, хобоо баридаг хэрнээ яг ямар автобусанд үйлчлүүлсэн, улсын дугаар нь хэд вэ гэхээр мэдэхгүй байдал их гардаг л даа. Тиймээс дээрх зөрчлүүд гаргасан автобусныхаа талаар мэдээлэлтэй ирвэл эргээд холбогдож хариуцлага тооцож, тухайн кондукторыг ажлаас халах, хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна. Нийтийн тээврийн компаниуд оюутанд шахалт үзүүлвэл, Оюутны холбоо төрдөө хандана, төр эргээд нийтийн тээврийн компаниуддаа хандсан арга хэмжээ авч эхлэхээр Автобус компаниудад ашигтай болдог.

-Сүүлийн үед оюутнуудад хөн­гө­лөл­тийн карт олгохдоо сургуулийнх нь сургалтын албаны даргын баталгаа авдаг болсон гэх юм?

-Монголын оюутны холбооны зүгээс, оюутан биш хэрнээ танил талаа ашиглан оюутны хөнгөлөлтийн карт авах, автобусны билетний үнэ хямдар­сантай холбогдуулан хөнгөлөлтийн карт авахыг хүссэн оюутны тоо нэмэгдэх хандлага ажиг­лагдаж байгаа болохоор оюутнууддаа суралцаж байгаа сургуулийнхаа Сургалтын албаны даргын баталгааг заавал авчрах ёстой гэсэн мэдэгдэл гаргасан байгаа.

Автобусны билетийн үнэ хям­дар­сан талаар оюутнууд ямар бодолтой байгаа төдийгүй хөнгө­лөлтийн билетээр үйлчлүүлэхэд ямар хүндрэл учирдаг, оюутны холбоондоо санал гомдолоо хэрэхэн уламжилж чаддаг талаар доорх оюутнуудаас тодрууллаа:

 

Монос АУДС-ийн нэгдүгээр курсын оюутан Г.Оюунтүлхүүр:

-Уг нь зөв зүйл гэж бодож байгаа. Гэхдээ амралтын өдрүүдэд зорчих тасалбар авч явах юм бол хямдарсны ялгаа гарахгүй л дээ. Миний хувьд амралтын өдрүүдэд буцах ажил их гардаг, багаар бодоход л би өдөрт 1000 төгрөг зарцуулна.

-Оюутны үнэмлэхээ үзүүл гэдэг л дээ. Оюутан юм хойно үнэмлэх байгаа болохоор үзүүлдэг. Харин 19.00  цагаас хойш мөнгө төлж яв гээд уурлаад байдаг. Оюутны холбоонд хандлаа гэхэд энэ асуудал шийдвэрлэгдэнэ гэж бодоогүй.

 

ХҮДС-ийн нэгдүгээр курсын оюутан Н.Банзрагч:

-Таалагдаж байгаа. Амралтын өдрүүдэд мөнгөөр явахгүй бол зүгээр шүү дээ.
-Есөн цагаас хойш билетээр үйлчилдэггүй гэж уурладаг. Тиймээс мөнгөө төлөөд л явдаг даа.
-Оюутны холбоонд хандаж болно гэж мэдээгүй ээ. Тэгж болдог юм бол хандаж байнаа.

Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан Г.Болормаа, Э.Энхцэцэг:

-Мэдээж таатай байлгүй яахав. Амралтын өдрүүдэд гадуур гарах шаардлага нэг их байдаггүй болохоор мөнгө төлж явах нь хэцүү биш ээ. Буцах ажил ихтэй оюутнуудад л хэцүү байна байх болов уу.

-Үнэхээр соёлгүй кондукторуудтай заримдаа таардаг. Орой болгон оюутны үнэмлэхээ үзүүл, 20.00 цагаас хойш мөнгөө төлж яв гэдэг. Заримдаа уурлаад үнэмлэх хурааж авдаг. Энэ тохиолдолд дахиад л шинийг захиалж авсан. Оюутны холбоогоор энэ асуудлыг шийдвэрлүүлж болох байсныг сүүлд мэдсэн.

Хүнсний коллежийн нэгдүгээр ангийн оюутан Н.Мөнх-Эрдэнэ:

-Манай сургууль 700-гаар захиалсан. Таалагдаж байгаа. Гэхдээ амралтын өдрүүдэд мөнгөөр явах юм бол бараг л ялгаагүй болчиж байгаа юм шиг санагдсан. Оюутны үнэмлэхээ байнга шалгуулж явдаг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.