НҮҮРСНИЙ ЗАМААР 10 МЯНГАН KМ АЯЛСАН НЬ

2010/01/06
Share |
Хүмүүс:
НҮҮРСНИЙ ЗАМААР 10 МЯНГАН KМ АЯЛСАН НЬ

СҮНЖИДМААГИЙН НУТАГ: ХӨГЖИХ ҮҮ, УХРАХ УУ?

“Сүүмэн сүүмэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг, шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа” гэж Дашдоржийн Нацагдорж зүгээр ч нэг биччихээгүй билээ. Бүсгүйн нутаг нь монгол, хөдөөх эрийн унасан хүлэг нь хөгжил гэж томьёолбол хуучин хүү шинэ болсон уу, хөмөрсөн тогоон дотор ямар гэгээ тусав гээд ар араасаа үргэлжилсэн олон асуулт хариу нэхнэ. Ялангуяа манай улсын ойрын ирээдүй, алс хэтийн хөгжлийн хурдасгуур нь өнөөхөндөө бурханаас заяасан их баялаг болоод буй энэ үед баялгийн хараал биш, хөгжлийн ерөөл шингэсэн байгаасай гэж хүснэ. “Монгол удахгүй Азийн шинэ бар болно”, “Чингис хааны нутаг хөрөнгө   оруулагчдыг  даллаж байна” гэсэн гарчгууд дэлхийн санхүүгийн гол хэвлэлүүд дээр  эрээлжилж,   Лондон, Торонто, Нью-Йорк, Хонгконг, Токиогоос гадна Москва,  Бээжингийн нүд Монголын хөрсөнд булаатай алт, зэс, уран, нүүрсэн дээр унаж  байна. Энэ бол алтан боломж, од шүүрэх цаг юм. Монголын өмнөд бүсэд нүүрсний асар их  нөөц тогтоогдсон. Зөвхөн Таван толгойн нөөцийг 6,4 тэрбум тонн гэдэг. Хятад, Солонгос, Япон, Энэтхэг гээд нүүрс залгидаг мангасууд хаяанд маань байна. Хүрзээр утгаж, “Портер”-оор ачиж авчирдаг нүүрсээ дэлхийн зах зээлд ямар замаар, яаж гаргах вэ? Австрали, Орос, Канад, Индонезтэй өрсөлдөн үнэ хүргэх ямар арга зам бидэнд байна вэ? Энэ асуултын хариуг хайн “Нүүрсний зам”-аар аялахаар шийдэв. Сүнжидмаагийн нутагт хасах 27 хэмийн хүйтэн, Монголын их говиос олборлосон нүүрсний өчүүхэн хэсгийг аяны богцондоо хийгээд Улаанбаатар-Эрхүүгийн галт тэргэнд суулаа. Аялал маань Улаанбаатараас Эрхүү-гээр дамжин Владивосток, Находка хүрч Оросыг дуусгаад, Хятад руу Харбин дамжин Тянжинд очоод Бу-гатаар дайран Монголынхоо хил рүү өмнөөс нь орно.


ХОЙД АЙЛЫН ӨМНӨД  ХААЛГА - НАУШКИ ӨРТӨӨ
Нүүрсний зам өмнөх түүхийн торгоны зам шиг чухал. Өргөн нарийн цариг, өмнөд, хойд айлтай холбох төмөр замын ашиг тус, ач холбогдлыг “Мянган удаа сонсохоор нэг үзэх нь” түүнээс ч дутуугүй чухал байсан юм. Ингээд бид замд гарлаа. Өдөртөө -30, шөнөдөө -50 хэм хүрч хүйтэрч байсан тэр өдрүүдэд илч гэрлийн эх үүсвэр болсон нүүрсний үнэ цэнийн тухай арай өргөн утгаар бодоход хүрч байв. ОХУ-ын өмнөд хил, Наушки өртөө... Жижигхэн хэрнээ босго өндөртэй өртөөнд хагас өдөр саатсан юм. Хил шалганыхны уламжлалт найрсаг биш харьцаа, “ах нь дүү”-дээ гаргадаг ааш авир, монгол наймаачдын оросын гаалийн ажилтнуудыг царайчилсан харц, хил дээр хураагдан хөршийн орлого болж байгаа эх орны үйлдвэрийн оймс, ноосон хөнжил, эсгий урлал, хүүхдийн гутал тэргүүтэн хойд айл  босгоо  намсгах бодолгүй байгааг илтгэнэ.

ЭРХҮҮ

Ид жавар дундуур галт тэргээр хоёр хоног аялж Дорнод Сибирийн төмөр замын хамгийн том зангилаа  Эрхүү хотод ирлээ.  Аяллын зорилго маань хар алт гэж нэрлэдэг үнэт чулуугаа дэлхийн зах зээлд гаргаж жинхэнэ чулуу болгох боломж, хамгийн оновчтой шийдлийг хайх явдал. Аяллын багийнхан Европоос Сибирийг дамнуулаад алс дорнодыг зорьсон Транс Сибирийн төмөр зам дээр очлоо. Учир нь ах нар монгол нүүрсийг энэ  замаар тээвэрлэн хамгийн ойрын боомтдоо хүргэхийг чухалчилж байгаа билээ. 9300 км-ийн урттай зам өмнө минь зурайж байна.

Нүүрс, төмөр зам тойрсон танин мэдэхүйн шинжтэй мэтгэлцээний ачаар бид өргөн, нарийн царигийн тухай анхан шатны мэдлэгтэй болсон. 1524 мм-ийн буюу өргөн царигтай замыг ОХУ болон хуучин ЗХУ-ын харьяанд байсан улс орнууд хэрэглэдэг ажээ.  Үнэндээ өргөн царигтай төмөр замын эрин үе дуусч байгааг хэдхэн баримтаар хэлж болно. Үүний тод жишээ нь Оростой хуурай газраар хамгийн уртаар хиллэдэг Казахстан дэлхийн стандарт болсон нарийн царигтай төмөр зам руу шилжих бэлтгэлээ хангаад эхэлчихсэн явдал. Төмөр замаа оросын стандартаас дэлхийнх рүү шилжүүлж буй улсуудын жагсаалт Украин, Гүрж, болон Балтийн орнуудаар үргэлжилж байна. Финланд болон Скандинавын орнууд өргөн ба нарийн хос стан-дартын төмөр замтай бол Сахалин зэрэг Оросын зарим муж ч угаасаа нарийн төмөр замтай. Монгол Улс  дэлхий дээр Зөвлөлтийн харъяанд байсан Дундад Азийн хэдэн улстай цуг дан өргөн замтай үлдэж байна гэсэн үг.


Өргөн цариг зардал өндөр (60-80 хувь) удаан, бас хүнд, тэр  хэрээр “хоол” шатахуун их иднэ. Оросын Засгийн газрын тэргүүн шадар сайд Сергей Иванов:
-Манай төмөр зам дэлхийд өрсөлдөх чадваргүй. Зүтгүүр, галт тэрэгний өөрийн жин хэтэрхий хүнд, төмөр зам дахь менежмент муу гэж 2009 оны аравдугаар сард “Оросын төмөр замын тээврийн зах зээл, харилцан түншлэл” сэдэвт олон улсын бага хуралд хэлсэн байсан.

Яг тэр зам дээр Монголоос авч гарсан атга нүүрсээ бариад Сибирийг хөндлөн туулан далайд гарах нэг гарц, шинэ боломж нь энэ зам мөн эсэхийг тунгаан бодож үзэв.

ЭХ ГАЗРЫН ТӨГСГӨЛ ВЛАДИВОСТОК

Владивосток руу аяллаа үргэлжлүүллээ. Онгоцны буудалд цагдаа намайг саатуулсан учир 500 рублиэр түүний гарыг хүндрүүлэв. Ямар нэгэн мэдүүлгийн хуудас нэхэх хэрнээ учир шалтгаанаа хэлэхгүй паспорт хураах, эцэст нь ямар нэгэн торгууль шийтгэлийг нотлох тамга тэмдэгтэй хуудас өгөлгүйгээр мөнгө хураах нь монгол цагдаатай андуурам. Биднийг онгоцны буудалд Находкад амьдардаг монгол бүсгүй Хулан угтан авсан юм. Өмнө маань Находка хот хүртэл 160 километрийн зам бий. Монголоос 4 мянга гаруй км зам туулан Оросын алс дорнодын гол боомт хот Находкийг зорьсон нь учиртай.

Находка хотыг дайран өнгөрч 30 километр орчим машинаар явсны эцэст бид  Восточный боомтод ирлээ. Үүгээр жилдээ 16 сая тонн нүүрс  тээвэрлэн өнгөрүүлдэг. Энэ жил 14 сая тонныг нэвтрүүлжээ. Жилийн дөрвөн улирал ажилладгаараа энэхүү боомт онцлогтой. Нүүрсний цогцолбортой нь танилцлаа. Нийтдээ 40 га талбай эзэлдэг бөгөөд усны гүн нь 16 метр. 150 орчим мянган тоннын даацтай хөлөг онгоц хүлээж авах хүчин чадалтай. Оросын нүүрсний хамгийн том сав газар болох Кузбассаас Восточный боомт хүртэл нэг тонн нүүрс 23 доллараар тээвэрлэгдэн ирж байна. “Российские железные дороги” нээлттэй хувьцаат нийгэм-лэг буюу (РЖД) Оросын төмөр замаас үндэсний нүүрс олборлогчиддоо үзүүлж буй дотоодын тариф гэхэд үнэтэй санагдаж байгаа биз? Орос жилдээ 300 сая тонн нүүрс олборлодог, дэлхийн нүүрсний томоохон ол-борлогч. Дээр нь олборлосон нүүрсээ Хятад, Солонгос, Япон руу өөрийн Восточный, Ванино зэрэг Алс дорнодын боомтоор дамжуулан экспортолдог. Гэвч тэд 1,5 тэрбум доллараар төмөр зам татан байж Монголын нүүрсийг заавал нутаг дээгүүрээ дамжуулан зарахыг маш их сонирхож байна. Кузбассын амбан захирагч Аман Тулеев “Дотоод зах зээл ажиллахгүй учраас бид нүүрсээ экспортоор борлуулах үед л ашиг гардаг. Энэ ашгаа бид аюулгүй байдал, техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтад зарцуулдаг” гэж мэдэгдсэн нь Оросын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлыг хамгийн оновчтой тодорхойлжээ. Оросын төмөр зам Кузбассаас Мурманск хүртэл 1 тонн нүүрсийг 764 рублиэр тээвэрлэж байгаа нөхцөлд хэмнэсэн доллар бүр ач холбогдолтой хэмээн Москвагийн Argus төвийн редактор дүгнэсэн нь анхаарал татна. Эх газрын төгсгөл Владивосток, Находка болон Восточный боомтод хүрэхэд хэдий тойруу боловч монгол нүүрс дэлхийд гарах нэг гарц байж болох юм. Оросууд заавал энэ боомтоор  манай нүүрсийг гаргах гээд байгаагийн цаад шалтгаан нь өөрийн төмөр замыг ажилтай, ачаалалтай байлгахаас гадна цагаар биш, минут секундээр өсөн нэмэгдэж байгаа Хятадын эдийн засгийг түүхий эд болон эрчим хүчний хувьд өөрөөс хараат байлгах давхар ашиг сонирхол байгааг үгүйсгэх аргагүй юм.

Номхон далайн Япон тэнгисийн эргээс эргээд Владивостокийн зүг бид буцлаа. Энэ бол Орос орон дахь манай аяллын хамгийн эцсийн цэг байсан юм. Өмнө нь мэддэг байснаас маань огт өөр болсон Орос орныг бид Евразийн эх газрын төгсгөл, хаа байсан Находкад очиж амьдралаа төвхнүүлсэн Ганбаатар, Хулан зэрэг монголчуудынхаа буянаар ажралгүй тууллаа.

Уг нь Находка, Владивостокт өвөл нь харьцангуй дулаан, намар их урт үргэлжилдэг газар юм билээ. Гэвч биднийг очих үед +4 хэмийн дулаан, бороотой байснаа тэнгэр хангай аашаа эрс хувирган -25 хэмд хүйтэрч машин зам бүхэлдээ 5 см-ийн зузаантай мөсөн гулгуурын талбай шиг болчихсон юм.

Галт тэргээр эхэлсэн аялал маань онгоцоор үргэлжилж машинаар хурд нэмэн, нийтийн тээвэрт шилжиж эргээд Владивостокийн олон улсын нисэх буудлыг зүглэлээ. Мянга мянган бээрийг туулан өртөг, зардал ихтэй ч Монголын нүүрсийг тээвэрлэх олон салаа замын нэгийг бид амжилттай тууллаа.

Үргэлжлэл бий

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley L6qdTE http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.14  2015-08-08 21:55:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.