АМЬД ЯВАХ ЭРХЭЭ НЭХЬЕ

2010/01/07
Share |
Хүмүүс:
АМЬД ЯВАХ ЭРХЭЭ НЭХЬЕ

Миний  амь нас Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг юм, би амьд явах эрхтэй гэж  ам бардам хэлэх хүн Монголд  өнөөдөр  байхгүй. 

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно”  хэмээн заасан. Гэтэл хотын гудамжинд халтирч ойчсоноос болж  тахир дутуу болсон, тархинд нь цус харваж нас барсан хүн олон  бол зам тээврийн осол аваар өдөр болгон гарч иргэдийн  амь нас эрсдсээр байна. Иргэд гэртээ дээрэмдүүлж, хулгайчийн гарт амь насаа алдаж,бяцхан үрс эрдмийн өргөө болсон сургууль дээрээ хормойн донтонд бузарлуулсан хэрэг удаа дараа гарлаа. Монгол хүний амь нас  улам л үнэгүй болж байна. Эрх нь зөрчигдсөн иргэд үг хэлж,  жагсч, тэмцэж  болохгүй. Хэрэв жагсч, тэмцвэл бууддаг болсон. 2008 оны сонгуулийн үр дүнгээр жагсаалд оролцсон  таван иргэний амь насыг  хохироосон хэргийн эзэн, холбогдогч  өнөөг хүртэл олдсонгүй. Эрүүл мэндийн салбарт авлига нүүрлэж, хуурамч эм, бэлдмэл, тоног төхөөрөмж оруулж ирэх болсноор  иргэдийн эрүүл, амьд явах   баталгаа алдагдлаа. Дэлхий нийтэд  хүнсний тероризм нүүрлэж байгааг анхааруулсаар байгаа ч  манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг импортолдог хэвээр, тэр бүү хэл   “Хүнсний аюулгүй байдлын жил” нь эсрэгээр хэрэгжиж,  иргэд  метилийн спиртэд  хордож, зарим нь амь насаа алдсан.      

 Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бо-хирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Өнөөдөр гэртээ унтаж байхад  автомашинаар  хашааг, байшинг нь цөмлөн дайрч амь насыг  нь бүрэлгэсэн, айлын гэр дээр кран унагааж  гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн гэмт хэрэг удаа дараа гарлаа. Хонгорын иргэдийг цианит натриар хордуулж, байгаль орчныг бохирдуулсан хэрэгт хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Нийслэлийн агаарын бохирдол хэрээс хэтэрч гамшгийн байдалд хүрсэн. Гэтэл тэнд 2.7 сая хүн амын маань тэн хагас нь амьдардаг. Амьсгалын замын өвчлөл хэрээс хэтэрч, дөнгөж төрсөн хүүхэд хорт хавдартай байгааг олон тооны судалгаа харуулж байгаа юм. Нийслэлийн иргэд  Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй  орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхээ эдэлж чадалгүй өнөөг хүрлээ. 

Хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заасан ч жирийн иргэдээс бусдад ял, шийтгэл оногдуулдаггүй. Эрхийг хамгаалах  үүрэгтэй хуулийн байгууллагууд  иргэдэд хилс хэрэг хүлээлгэсэн нь цөөнгүй.  Тухайлбал,  2003 онд иргэн Б.Оюунчимэгийг залилангийн хэрэгт хилсдүүлэн шийтгэж, БГД-ийн шүүхээс таван жилийн хорих ял оноож, гурван жилийг биеэр эдлүүлсний  эцэст цагаатгах тогтоол гаргаж байв. Иргэн Эрдэнэбат хилс хэргээр цаазаар авахуулах ял сонсч, сэтгэл санаа, эд материал, амьдралаараа хохирсныг хэвлэл, мэдээллийнхэн дэлгэн тавьсан. Нэгэнт хийсэн хэргийнхээ  төлөө зохих ял шийтгэлээ эдэлж буй  иргэд ч хуулийн тэгшитгэлд  тэгш хамрагдаж  чадахгүй байгааг хорих ангиас  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хаягаар бичсэн захидлууд баталж байгаа юм. 

Сүүлийн үед гадаадад ажиллаж, амьдарч байсан  олон иргэн  амь насаа алдаж, гэмт халдлага,  хүчирхийлэлд өртсөн. Малайз улсад Ш.Алтантуяагийнамь насыг хөнөөсөн аймшигт хэргийн араас монголын төр анхаарал хандуулж чадсангүй. Монгол Улс иргэнийхээ  араас санаа тавьж, амийг  нь нэхэж чадсангүй. АНУ-д амьдарч байсан Б.Ичинхорлоо охин  бусдад буудуулж  амь насаа алдсан бол  эмэгтэйчүүд рецедив гэмт хэрэгтнүүдийн дарамтад  хар тамхи зөөж, өмнөд хөршид хуулийн дээд хэмжээ сонсоход хүрэв.    

Өнөөдөр шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Гэтэл  манай улс иргэдийнхээ амь на-сыг цаасан дээр, тухайлбал Үндсэн хуульд тийм утгатай  үг, өгүүлбэр оруулснаас өөрөөр  хамгаалж чадалгүй энэ өдрийг угтаж байгаа юм. Жил болгон  морь уралдуулж, бөх барилдуулан  тэмдэглэж ирсэн энэ ойг  монгол хүний амьд явах эрхийг хамгаалах, хуулиа хэрэгжүүлдэг бүрэн эрхийн өдөр  болгон  тэмдэглэе.

Монголчууд цөөхөн, 2.7 сая иргэнийхээ амьд явах эрхийг цаасан дээр биш  амьдралд хэрэгжүүлэхгүй бол хэд нь үлдэж, түүхээ дархлах вэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.