Засгийн газрын 15 тэрбум төгрөгийг авчихаад цахилгааны үнэ нэмэгдэх нь хэвээрээ

2010/01/08
Share |
Хүмүүс:
Засгийн газрын 15 тэрбум төгрөгийг авчихаад цахилгааны үнэ нэмэгдэх нь хэвээрээ

Цахилгаан, дулааны үнийг энэ сарын 15-наас эхэлж нэмэхээр болсноо Эрчим хүчний зохицуулах газраас мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар төрөөс 20 тэрбум төгрөг өгөөд байхад үнэ нэмэх нь буруу гэсэн тайлбар өгсөн. Энэ талаар эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагч Р.Мягмартай ярилцлаа.

-Өчигдөр Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар энэ оны төсөвт 20 гаруй тэрбум төгрөг суулгаад байхад цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа нь буруу гэсэн тайлбар ӨГСӨН. Засгийн газрын энэ байр суурийг хэлэлцэх үү, эсвэл үнэ нэмнэ гэснээрээ нэмээд явах уу? Иргэд бас Засгийн газар үнэ нэмэхгүй нь гэж ойлгоод байх шиг байна?
-Бид энэ асуудлыг хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулсан шүү дээ. Төвийн бүсийн эрчим хүчний салбарын нийт зардлын хэрэгцээ 51 тэрбум төфөг байгаа. Үүнийгээ Сангийн яамаар хянуулсан. Зайлшгүй цахилгааны үнийг 24 хувь, дулааны үнийг 20 хувиар нэмэх шаардлага байна гэдгийг Сангийн яам гаргасан. Тэр Засгийн газраас гаргасан 20 тэрбум гээд байгаа чинь үнэндээ 15 тэрбум төгрөг шүү дээ. Алдагдлыг бууруулах чиглэлээр гаргасан энэ 15 тэрбум төгрөгийн татаас маань нөгөө 51 тэрбум төгрөгт хүрэхгүй. Үлдсэн 30 гаруй тэрбум төгрөгөө бид тарифтаа шингээхээс өөр аргагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл цахилгаан» дулааны үнийг нэмэх тогтолцоондоо энэ 15 тэрбум төгрөгийн татаасыг оруупаад цахилгааны үнийг 24, дулааны үнийг 20 хувиар нэмэхээр болсон хэрэг. Урьд нь ингэж төвийн бүсийн хэмжээнд Засгийн газраас татаас өгч байгаагүй. Энэ жил үнэхээр хүндрэлтэй байна, ард иргэдийн амьдрал хэцүү байгаа учир тэр 15 тэрбум төгрөгөөр үнэ нэмэгдэх өндөр процентыг бууруулж өгсөн гэсэн үг. Энэ нэмэгдсэн тариф энэ сарын 20-ноос эхлээд мөрдөгдөөд явна. Хуулийнхаа дагуу Эрчим хүчний зохицуулах газраас гаргасан шийдвэрийг буцаах эрх мэдэлтэн байхгүй. Тэгээд ч бид дураараа нэмээд байгаа хэрэг биш. Бид чинь монополь гэж явдаг учир Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүнийгээ мэдэгдэж, тэдний саналыг авсан.

-Өнгөрсөн намар мөн л үнэ нэмэх асуудлыг Засгийн газарт танилцуулахад Засгийн газар хүлээж аваагүй. Харин эрчим хүчний салбарынхан зардлаа багасгаж, өр авлагаа барагдуулаад менежментээ сайжруулбал үнэ нэмэхгүй гээр явах боломжтой гэсэн тайлбар өгч байсан?
-Ний нуугүй хэлэхэд Засгийн газрын зарим гишүүдийн ярианд л тиим зүйл байгаа болохоос биш яг тиим албан бичиг, тэмдэглэл өгсөн зүйл байхгүй. Ер нь Эрчим хүчний зохицуулах газар Засгийн газрын шийдвэрээ гаргахдаа Засгийн газраас асуудаг зүйл бол хуулинд байхгүй. Бид бие дааж шийдвэр гаргадаг. Гэхдээ хямралын жилд байдал нэлээд хүнд байгаа, нөгөө талаараа Засгийн газартай эрчим хүчний салбарын хүндрэлийг яаж давах талаар ярилцах үүднээс манай яамны сайд Засгийн газрын хуралдаанд санал болгож оруулсан юм байна лээ. Уг нь тэгэх шаардлага байхгүй л дээ. Үүний хүчинд энэ 15 тэрбум төгрөгийн асуудал ший-дэгдсэн. Түүнээс биш бид өнгөрсөн жил Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр бүх юмаа тооцоод л үнээ нэмж байсан. Ер нь энэ салбарт нийтдээ 90 тэрбум төгрөг шаардлагатай байгаа байхгүй юу. Үүний нэг хэсэг болох 40 шахуу тэрбум төгрөгийг станц, үйлдвэрүүд өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоороо хангаж биелүүлэхээр болсон. Өөрсдийнхөө алдагдлыг бууруул, дотооддоо хэрэглэж байгаа цахилгаанаа бууруул, нүүрснийхээ зарцуулалтыг бууруул гэж хянаж, шахаж байж 51 тэрбум төгрөг болгосон юм. Үүнийг бүтән жил ярьсан болохоор олон нийт тодорхой ойлголттой болсон байх.

-Өнгөрсөн жил цахилгаан, дулааны үнийг бас л овоо хэдэн төгрөгөөр нэмж байхдаа үнэ нэмэхгүй бол болохгүй нь, дампуурлаа гэсэн тайлбар хийж байсан шүү дээ. Гэтэл энэ жил бас л нөгөө алдагдал нь хэвээрээ нэмэхгүй бол болохгүй нь гэж ярьж байна. Магад дараа жил дахиад л энэ тайлбараа хэлээд үнэ нэмэх гээд зогсож байх юм биш биз дээ? Энэ 50 тэрбум төгрөгийн алдагдал дараа жил дахиад гараад ирэхгүй биз?
-Тийм ээ, ийм болгоомжлол бидэнд байгаа. Жишээ нь валютын ханшны чангаралт өнгөрсөн жил хүнд цохилт болсон. Эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, импортын цахилгааны төлбөр бүгд валютаар тооцогддог. Ханшаа дагаад л 100 ам.долларын үнэтэй хөдөлгүүр чинь төгрөг рүү шилжвэл 120 мянгаас 140, 150 мянган төгрөг болж байгаа нь наад захын жишээ шүү дээ. Үүнээс гадны төмөр замын тээвэр байна. Хямралын үед төмөр зам зөвхөн нүүрсэн дээр л тогтож байгаа. Дээр нь нүүрсний уурхай тонн нүүрсээ 16 мянгаас 20 мянга болгоод нэмчихсэн. Өнөөдөр цахилгаан станцуудын зардлын 50-60 хувь нь нүүрс. Тэгэхээр ганцхан эрчим хүчний салбар гэж ойлгож болохгүй байгаа юм.

-Түрүүний асуултад тодорхой хариулт өгөхгуй юу. Үнэ нэмнэ гэдгийг нэг талаасаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм шиг. Энэ салбар дампуурвал бид лаагаа бариад л суух болно. Гэтэл нөгөө талаасаа энэ салбар болохоо байлаа гээд ард түмнийхээ нуруун дээр ачааг нь үүрүүлээд байж болохгүй санагдах юм. Энэ удаа үнэ нэмлээ гэдэг цаашдаа нэмэхгүй гэсэн үг мөн үү? Цаашдаа ер нь яая гэж бодож. төлөвлөж байгаа вэ?
-Харамсалтай нь хуучин тогтолцооноос зах зээлийн системд орж чадаагүй дөнгөн данган зогсч байгаа салбар бол эрчим хүчний салбар шүү дээ. Нэг хэсэг тарифыг нь барьчихсан. Тэр олон жилийн дарамт сүүлийн хэдэн жил нөлөөлөөд байгаа юм. Үнэнийг хэлэхэд эрчим хүчний зохицуулах байгууллага чинь хэрэглээнийхээ чадвартай уялддаг. Иргэд хэрэглээний чадваргүй үед бид үнээ нэмлээ гээд мөнгөө авч чадахгүй л байдалд орно. Тэгэхээр 2009 оны байдлаар харахад хэрэглэгчид маань 100 хувь төлбереө төлчихлөө. Бүгд төлж байгаа юм чинь үнээ нэмчихье гэсэн үг биш шүү дээ. Бид тодорхой эмзэг бүлгийнхнээ энэ үнийн өсөлтөөс хамгаалж байгаа шүү дээ.

Нэмэгдсэн үнийг аваад үзвэл дундаж хэрэглээтэй, дөрвөн ам бүлтэй айлын цахилгаан бол гэр хороололд сардаа 1600 төгрөг, хоёр өрөөтэй орон сууцны айлд 2000 төгрөг л нэмэгдэнэ шүү дээ. Бүтэн сарын хугацаанд ингэж л нэмэгдэнэ. Гэтэл дөрвөн ам бүлтэй нэг айл өнөөдөр бүгд л гар утас бариад 2000 төгрөг байтугай л зардал гаргаж байгаа биз дээ. Энэ мэтийг бид олон удаа ярьж зөвлөлдсөн л дөө. Яахав нэг санаа зовоож байгаа зүйл бол энэ нэмэгдлийг далимдуулаад үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүтээгдхүүнийхээ үнийг хөөрөгдөж болзошгүй. Тиймээс нэг бүтээгдхүүний үйлдвэрийн цахилгааны зардал 10-аас хэтрэхгүй төгрөгөөр өснө гэсэн судалгааг гаргаж, үүнийгээ байнга хэлж байгаа. Цаашдаа яахав гэдэг тал дээр бид нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг урьдчилан таамаглаж гаргасан, төрийн удирдах байгууллагадаа танилцуулсан. 2010 оны асуудал бол үүгээр шийдэгдчих байх. Гэхдээ гэнэтийн асуудал гарч ирж болзошгүй. Саяхан бид ОХУ-тай импортын эрчим хүчний гэрээ хийлээ. Урьд нь дөрвөн цент байсан бол одоо 60 цент болж нэмэгдсэн байна. Энэ бол бас л гэнэтийн дарамт шүү дээ. Энэ мэт гэнэтийн асуудал гарахгүй бол бариад байх боломж бий. Дандаа л нэмээд байна гэж ойлгож бас болохгүй шүү.

-Валютын чангаралт гэх мэт гэнэтийн асуудал гарахгүй бол 2011 онд үнэ дахин өсөхгүй гэж хэлж чадах уу, та?
-Яг одоогийн бидний баталсан тарифаар Засгийн газраас олгосон татаасаа аваад явахад төвийн бүсийн хэмжээнд алдагдалгүй ажиллах боломжтой. Бид алдагдалгүй ажиллах зардлыг нь шахаад өгчихнө шүү дээ. Ингэж үнээ нэмчихээд, татаас авчихаад алдагдалтай ажиллана гэвэл үнэндээ ёс зүйд таарахгүй шүү дээ.

С.Болд-Эрдэнэ
bolduush_bts@yahoo.com

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.