ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨРСӨН ӨДРИЙН ЛАА ҮЛЭЭХЭД ШИВНЭХ ХҮСЭЛ

2010/01/11
Share |
Хүмүүс:
ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨРСӨН ӨДРИЙН ЛАА ҮЛЭЭХЭД ШИВНЭХ ХҮСЭЛ

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд тэр төрж байв. Түүний төрсөн өдөр нижгэр болно. Үүнд эргэлзэх юм алга. 18 жилийн тэртээ цаасан дээр төрсөн Үндсэн хууль амьдралд хэр торнив? Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын энэ төрмөл “хүүг”-ийн баярыг УИХ-ын гишүүд, улстөрчид ёс төртэй тэмдэглэнэ. Баталсан хүмүүс нь яриа хийж, өвгөн партизаны дүрд тоглон, үндэсний бөхөө барилдуулна. Харин би төрсөн өдрийн бялуу задлах үеэр хүслээ шивнэмээр байна.

ИРГЭН Э.СУВДАА “МОНГОЛ УЛС” ХЭМЭЭХ АЙДСЫН АГУЙД ТОГЛОСООР БАЙХ УУ?
Э.Сувдаа одоо 36 настай. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын иргэн.

Тийм ч учраас Э.Сувдаа Монгол улсын иргэн мөний учир 18 настайгаа золгож буй Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 18 эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Э.Сувдаа “Амьд явах эрхтэй. Монгол улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн хуультай улсын иргэн. Гэсэн ч Сувдаа амьд явах эрхээ эдэлж чадаж буй эсэхдээ эргэлзэхгүй өнгөрсөн удаа үгүй.

Автобус хүлээж буудал дээр зогсохдоо, ТҮЦ-нээс чихэр авч байхдаа, зүгээр явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа л амь насаа алдчихдаг, оройтож гэртээ ирэхдээ харанхуй гудамжаар бөмбөгөнөтөл дагжин алхаж, орц руугаа хаанаас хэн гарч ирээд яачих бол хэмээн эмээж ордог түүний амьдрал “Монгол улс” хэмээх айдсын агуйд тоглож яваатай адилхан өрнөнө. Тэднийх Улаанбаатар хотын тоос шороо, утаа тортогтой агаараас болоод өдрийн 13-15 цагийн хооронд л салхивчаа нээж зүрхэлдэг хоёр зуун мянган өрхийн нэг. Хоолой боож, нүд хорсгосон гашуун утаанд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэхээр гарахдаа цөмийн дэлбэрэлт болсон Чернобылийн район, атомын бөмбөг хаясан Хирошма, Нагаскад яваа мэт гамшгийг мэдэрдэг. Түүний хүү Б.Төрболд төрсөн цагаасаа эхлэн таван жил угаараар амьсгалж уушгины өвчин, бронхит гэсэн оношоор архаг өвчтний тоонд аль хэдийнэ орсон. Иймийн учир 18 нас хүрч буй Үндсэн хууль та иргэн Э.Сувдаа хийгээд түүний хүү Б.Төрболд, тэдний ижил бусад монголчуудын минь хуулиар баталгаажсан амьд явах эр-хийг цаасан дээр тунхагласан шигээ биеэр эдлэхэд нь тусална уу?

СУВДААГИЙН ХҮҮ Б.ТӨРБОЛДЫГ ХҮСЭЭГҮЙ “ГОЁЛ”-ООС НЬ ХЭЗЭЭ САЛГАХ ВЭ?
Нийслэлд хэрэглэж байгаа 6 сая тонн орчим нүүрнээс 71.9 мянган тонн агаарын хүхрийн давхар исэл, 57.3 мянган тонн азотын давхар исэл, 174.1 мянган тонн тоос, 13.9 сая тонн нүүрстөрөгч ялгарч хотын агаарыг бохирдуулдаг гэсэн судалгааны дүнг би харж байна. Ийм байхад Э.Сувдаагийн хүү Б.Төрболдын эрүүл мэндийн талаар ярилтгүй. Ердөө тавхан настай жаахан хүү   нүүрсний шаталтаас үүдэлтэй  72 гр хүхрийн давхар ислээр амьсгалж, өндөр температурт шаталт явагддаг автомашин болон цахилгаан станц, үйлдвэрлэлийн процессын хаягдал утаанаас үүдэлтэй азотын давхар исэл 57 граммыг “зооглож”, 174 грамм тоосоор биеэ гадна хийгээд дотроос нь “энгэсэгддэг” болж таарлаа. Энэ бүхэн бяцхан хүүг төрсөн цагаас нь эхлээд өвчнөөр “гоёсон”. Агаарын бохирдлын улмаас амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, нүүрс устөрөгч, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, бенз(а)перин, альдегид зэрэг 200 гаруй төрлийн хорт бодисоор биеэ хайр найргүй “дүүргэсэн” Монгол улсын нэг иргэн бол хөөрхий бяцхан хүү Б.Төрболд билээ. Өвөлд нь үр хүүхдээ утаа тортогноос зайлуулж гадаадад өвөлжүүлээд зун нь Монголдоо авчраад байдаг баян чинээлэг улстөрчид, урлаг соёлын одод шиг аашлая гэхнээ нөхөр нь Солонгос улсад гэрээгээр ажилладаг, тэтгэвэрт буй ээжийгээ харж, хүүгээ хүн болгох гэж яваа Э.Сувдаа бүсгүйн чадал ч хүрэхгүй, мөнгө ч байхгүй.

Улаанбаатар хотод жилдээ 6 сая орчим түүхий нүүрс шатаадаг. Энэ нь Б.Төрболд хүү, Э.Сувдаа бүсгүй шиг нэг сая монгол улсын иргэн бүрийн толгой дээр 50 килограммаар савласан 120 шуудай нүүрс асгасантай адил тоо. Томчууд шахмал түлшний нэрээр төсвийн мөнгө цохиж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр шоудаж суух хооронд ээж хүү хоёр эрхээ эдэлж чадахгүй, эрүүл мэндээрээ хохирсоор л явна. Э.Сувдаагийн нөхөр Н.Баяраа өөрийн багын мөрөөдлөө биелүүлэх гэж хүүгээ ирээдүйд Японы нисэхийн академид суралцуулахыг хүсдэг гэнэ. Гэвч хүү нь уушгиараа тэнцэхгүй. “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь заалт энэ монгол айлын хаана явна вэ? Энэ эрхийг нь  хуульчилсан л бол тэдэнд харамгүй өгнө үү?

Үргэлжлэл бий /Ж.СОДОНШАГАЙ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hiyleydu , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1gl821mH GgOXTayRD2zweJgoVuiJ3wvwU , https://www.google.de/mymaps/v iewer?usp=sharing&mid=13F88f4o ybSNiGJrYWxw9JSF9IOBXhMVF , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Fletd-W tWYY2dh5gVwk9HzuOsw5tSrYV ,
IP:185.13.33.41  2018-12-14 05:16:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.