Хүмүүс: Ч Сайханбилэг | |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэ асуудалтай холбогдуулан өнгөрөгч баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тэргүүтэй нэр бүхий гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжсэн. Үүнтэй зэрэгцэн Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг тухайн хуульд нэмэлт болгон хэрхэн тусгах асуудал үүсээд байсан юм.
Тиймээс энэ өдрийн бүлгийн хуралдаанаар Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Энд нэг зүйлийг онцлоход, тус ажлын хэсэг МАХН-ын бүлгийн ажлын хэсэгтэй зөвшилцөн асуудлаа нэгтгэж чадвал УИХ-ын тухай багц хуулийн төслийг намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх боломжтой болох юм. Энэ өдрийн хуралдаанаар мөн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлэг явуулсан байна.
Өөрөөр хэлбэл, уг асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг эл хуулийн төсөлд найман чиглэлийн өөрчлөлт оруулах гэж буйгаа танилцуулсан аж. Ажлын хэсгийн гаргасан өөрчлөлтөд сонгууль зохион явуулах, бүртгэл, маргаан шийдэхтэй холбоотой, Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгах асуудлыг зарчмын хувьд, гишүүд дуу нэгтэй дэмжсэн байна. Харин өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд явагдаж байгаа можаритар системийн томсгосон хувилбар болох 26 тойрог, жижигчилсэн 76 тойрог нь шаардлага хангахгүй байгааг гишүүд шүүмжилсэн гэнэ. Тиймээс улс төрийн гол хүчнүүдийн бүлгээс гарсан ажлын хэсэг энэ талаар зөвшилцөж, сонгуулийн порпорциональ болон холимог системийн хувилбарууд дээр ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Дашрамд дуулгахад, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж, бүлгийн гишүүдээс гарсан саналыг тусгасаны дараа Сонгуулийн тухай шинэ хуулийн төслийг албан ёсоор УИХ-д өргөн барих аж.
Хуралдааны дараа бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд зарим зүйлийг тодруулсан юм.
-Сонгуулийн тухай хуульд оруулсан зарим өөрчлөлтийг тодруулна уу?
-Порпорциональ болон холимог тогтолцоо нь дотроо олон хувилбартай. Гэхдээ одоохондоо уг асуудалд эцсийн байдлаар нь санал хураалт явуулаагүй байна. Энэ талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Бүлгийн олонх нь одоо үйлчилж буй сонгуулийн тогтолцоог учир дутагдалтай байгааг хэлсэн. Тиймээс энэ бүгдийг өөрчилөн нэг сонгогч нэг санал, улс орны хөгжилд түлхэц болох сонгуулийн тогтолцооны төсөл боловсруулах юм.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бүлгийн хуралдаанд сонгуулийн ямар тогтолцоог танилцуулсан юм бэ?
-100 хувь порпорциональ тогтолцоог танилцуулсан.
-Шинэ хуульд сонгуулийн маргаан зөрчлийг хэрхэхээр болов. Хэрвээ ийм асуудал гарвал Сонгуулийн ерөнхий хороо ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх үү?
-Сонгуультай холбоотой асуудлыг заавал шүүхээр шийдэх биш, шуурхай шийдвэрлэх, сонгуулийн бэлтгэл болон бусад шинэ ололтуудыг ашиглах талаар цөөнгүй санал гарсан. Ялангуяа, сонгуулийн зардал, тайлантай холбоотой нэлээд санал оруулсан. Сонгууль дууссаны дараа үнэн худал нь мэдэгдэхгүй тайлан гаргадаг бус сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үед ч тайлан гаргах зэрэг нэмэлт зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн.
-УИХ-ын багц хуулиудад ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ?
-Уг нь шинэчилсэн найруулгын төсөлд концевцийн маш олон заалт оруулсан. Дээрх заалтуудаас нэмэлт өөрчлөлтийн хүрээнд алийг нь авах бололцоотой эсэхийг ажлын хэсэг дээр ярихаас өөр аргагүй. Яагаад гэвэл шинэчилсэн найруулгын төсөл нь байнгын хорооны хуралдаанд олны санал авч чадаагүй. Аль болох олон заалт оруулж чадвал УИХ-ын үйл ажиллагаа цаашид боловсронгуй болоход тустай хэмээн бүлгийн гишүүд үзэж байгаа.
-Түр хороо, дэд хороо байгуулах асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ?
-УИХ хянан шалгах үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг саналыг бүлэг өмнө нь дэмжсэн. Энэ асуудал дээр нэлээд маргаан үүссэн. Энэ талаар ажлын хэсэг ямар байр суурьт хүрэхийг мэдэхгүй байна.
Нийгмийн толь