Нэг хэсэг чимээгүй яваад үзье гэж бодож байгаа

2010/01/12
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Нэг хэсэг чимээгүй яваад үзье гэж бодож байгаа

Төрийн түшээдтэй энгүүн яриа өрнүүлдэг “Зочны цаг” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Гүндалайг урилаа.

-Байнга л хэл ам таталж, олны анхаарлын төвд явдаг Л.Гүндалай гишүүн яагаад сүүлийн үед нэг л чимээгүй, нам гүм болчихоо вэ? Хурал, чуулган дээр ч нэг их үг хэлж харагдахаа больчихсон юм шиг?
-Би өөрөө бол зориуд олны анхаарлыг татъя, хүмүүс намайг мартчих вий гэсэндээ элдэв ааш аяг гаргадаг хүн биш шүү дээ. Намайг оролддог хүмүүст хариу өгье гээд ч юм уу, эсвэл болж бүтэхгүй юман дээрээ хүчтэйхэн дуугарахад л хүссэн хүсээгүй олны анхааралд орчихдог юм. Тэр болгоныг Гүндалай олонд танигдах гэж шоудлаа гэх нь бий. Яг үнэндээ намайг өнөөдөр Монголд танихгүй хүн байна уу? Гудамжны нохой хүртэл “Өө Гүндалай явж байна” гэх байлгүй. Сүүлийн найм, есөн жил намайг тойроод үргэлж л янз бүрийн юм болсоор ирсэн. Сүүлдээ ч яршиг, больё доо ингээд ямар нэмэр байх биш гэж бодогдоод байдаг боллоо.

-Нэмэргүй учраас дуугүй явъя гэж бодож байгаа хэрэг үү?
-Яг ч тийм биш л дээ. Хэлвэл зөндөө л юм байна. Эргэн тойрноо л харчих. “Монгол орныг яаж муу удирдвал хамгийн сайн байх вэ” гэдэг уралдаан зарлачихсан юм шиг л байна. Наад захын жишээ 100 тэрбумын бонд байна. Зах зээлийн горимоороо ажиллаж чадаагүй, данс тооцоогоо алдчихсан арилжааны банк дампуурсны төлөө төр сандчиж, байдгаа барих ямар хэрэг байгаа юм. Барьцаанд байгаа гээд байсан лиценз нь хувийн компанид оччихсон байхад мэдээгүй л явдаг. Хянадаг, шалгадаг хүмүүс нь ч хаана байгаа юм. Хөрөнгө оруулалт гээд яривал ямар ч эмх цэгц, учир замбараа алга. Хэн дуртай нь хувийнхаа ч юм уу, найз нөхдийнхөө компанид төрийн мөнгөөр бизнес олж өгч байна. Нэг нэгэндээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тал засч байна. Өнөөдөр минийхийг дэмжсэн учир маргааш чинийхийг дэмжье гэдэг байдлаар хариу барьж байна. Энэ Монгол Улсад чинь төр, бодлого, стратеги гэж юм байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Энэ болгон дээр үг хэлмээр, эсэргүүцмээр юм зөндөө байдаг ч ганцаардах, цөөдөх юм гарах юм.

-Ардчилсан намын бүлэг байгаа шүү дээ?
-Намын бүлэг яахав дээ, МАХН-тай хамтраад Засгийн газар барьж байгаа болохоор тэд нарын амыг харсан байдалтай л байна. Тэгээд ч төр засаг нь нэг юм хийх гээд байхад энэ нэг юм дандаа л саад тээг болж, муу амалж байх юм гэж хүмүүс бодох вий гэж болгоомжилдог болсон. Ер нь ард түмэн чинь их уйдамхай улс шүү дээ. “Нөгөө Гүндалай чинь өөрөө хийхгүй мөртлөө өрөөлөөр юм хийлгэхгүй шавар хааж байна” гэж улс амьтан дургүйцэх вий гэж санагдаад байгаа, сүүлийн үед. Улстөрчийн нүдээр харахад сайнаасаа саар нь их байгаа болохоор хэлж ярих гэхээр л дандаа муу амалсан болчих гээд байх юм. “Амны билэгээс ашдын билэг” гэдэг. Гүндалайгийн амнаас олигтой юм гарахгүй юм, байнга л хар юм ярьж, хар энерги цацруулж явах юм гэж хүн хэлэх вий гэх мэт юм бодогддог болдог юм байна шүү дээ, нас 40 гараад ирэхээр. /инээв/

-Нас тогтож, намба сууж байгаа гэсэн үг үү? Цаашид тэгвэл ямар тактикаар явах вэ? Улстөрч хүнд нэг бодол байгаа л байлхүй.
-Айхтар сүрхий төлөвлөөд, тийм ийм тактик баръя гэсэн юм алга л байна. Гэхдээ нэг хэсэгтээ чимээгүй байгаад үзэхэд болохгүй юм байхгүй биз.Тэртэй тэргүй нөхдүүд Монголыг яаж баллаж, байгаа юмыг нь хэрхэн цөлмөж, тавиад тууж байгаад ард түмэн харж л байгаа. 2,7-хон сая хүнийг аятайхан аваад явчих аавын хүү гарахгүй л байгаа байхгүй юу. Байгалийн баялаг эхнээсээ хэний гарт очиж байна, эргээд хэнд ашгаа өгөх вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз. Монгол хүнд өнөөдөр баталгаатай эрүүл амьдрах, бизнес эрхлэх, амьдралаа өөд татах боломж маш бага байна шүү дээ. Хаа ч явсан бөөн хүнд суртал, дарамт. Хуулиараа болж бүтдэг юм нэг байхгүй. Монгол хүнийг сэтгэлзүйн хувьд бөхөөж, хөнөөж байгаа байхгүй юу. Энэ бүгдийг хүмүүс мэдэхгүй биш мэдэж л байгаа. Даанч манайхан дэндүү хүлцэнгүй юм.

-Тавилантайгаа эвлэрээд дуугүй яваад байна гэж Та хэлэх гээд байна уу?
-Дээдсүүд нь бүгдийг нь хуваагаад авч байгааг харсаар байж дуугүй л байна шүү дээ. Дуугарсан тэмцсэн хэд нь нэг бол сүрдүүлэх төдийд сүнсээ гартал айгаад таг болчихно, эсвэл.цөөхөн хэдэн төгрөгийн үнэр аваад чимээгүй болчихно. Ийм л байна шүү дээ. Их үйл хэргийн төлөө өөрийгөө зольж чадах зориг, зүрхтэй монгол хүн байхгүй болсон. Ганц жишээ хэлье л дээ. Хотын утаа арай дэндлээ гээд бүгд л дор дороо үглэж байна. Үнэхээр болохгүй байгаа бол Сүхбаатарын талбайдаа цуглаад жагс л даа. Тийм боломж байна шүү дээ. Ямар нэг аргаар энэ утаанаас салгаач ээ, бүгд хордож өвчний үүр болж дууслаа, наад хувааж авсан 76 тэрбумаа ядахдаа утаандаа зориулаач ээ гээд жагсвал гишүүд яаж ч чадахгүй тэрбумаасаа татгалзах л байсан. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэрнээ утуулаад явааг бодоход утааг нэг их тоохгүй байна гэсэн үг, эсвэл утаандаа нам хордоод эрүүл ухаанаар сэтгэж чадахаа больчихсон, бүр үг хэлэх, жагсах ч тэнхээгүй болчихсон юм уу. Энэ хоёрын л нэгээр ойлгогдож байна.

-Ингэхэд Таны хэрэг юу болсон бэ? УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарах гээд байна уу, үгүй юу?
-Одоогоор яасан ч юм алга. Ямар нэг шийдвэр гарсан эсэхийг албан ёсоор мэдэгдсэн юмгүй, гацчихсан л байгаа шүү дээ. Энэ талаар ярих юм ч, сонирхол ч алга байна даа.

-Таны өрөөгөөр дүүрэн зураг байх юм аа. Уран зураг сонирхдог юм уу?
-Сонирхож сүйд болдоггүй ч харах дуртай л байдаг юм. Энэ ханан дээрх зургуудыг манай нутгийн нэг оюутан зурсан юм аа. Нутгийнхаа хүүхдийг дэмжээд ч гэх үү, нутаг усны холбогдолтой зургуудыг нь бөөндөөд авчихсан юм. Харин тэр ширээн дээрх жаазтай зургууд бол манай хүүхдүүдийн “бүтээл”. Тэднийхээ зурсан зураг, хийсэн юмнуудыг эндээ авчраад жаазлаад хадгалчихдаг юм.

-Та ер нь хүүхдүүдээ их эрхлүүлдэг байх аа. Тэдэндээ хэр цаг зав гаргаж байна?
-Эрхлүүлнээ эрхлүүлнэ. Болж л өгвөл хамт байж, тоглож наадах дуртай. Одоогоор хүүхдүүд маань балчир байна, аль болох ойр дотно байж, урамшуулж, дэмжиж сайн хүн болгох хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүдээ бие даасан, ямар ч нийгэмд өөрийгөө аваадявчихдаг, өв тэгш боловсролтой болгох юмсан гэж хичээдэг. Ер нь болж өгвөл хүүхэдтэйгээ ярилцаж, ямар нэг юмыг жишээгээр тайлбарлаж, номонд дуртай болгох л хамгийн чухал юм шиг. Амжилтанд хүрэхийн хамгийн энгийн алхам энэ бүгд гэж боддог юм. Амжилт бол хамгийн эротик зүйл шүү дээ.

-Сонин тодорхойлолт байна. “Амжилт бол хамгийн эротик зүйл” гэдгээ жаахан тодруулахгүй юу?
-Германчууд ингэж ярьдаг л даа. Би үүнийг ахлах ангийн сурагчид, оюутнуудтай уулзахдаа ярих дуртай. Хүн ер нь эротик харагдах хэрэгтэй шүү дээ. Сайхан, цэвэрхэн, бас эрч хүчтэй харагдаж байж ажил үйлс нь урагштай байдаг. Залхуу, зав гарвал амарч хэвтэх дуртай хүн ийм харагдаж чадахгүй. Эсрэг хүйстэндээ таалагдах, түүнийгээ олж авах, хамгаалах, үр удмаа үлдээх нь амьд амьтны гол зорилго. Амьтны ертөнцөд аль хүчтэй, чадалтай, эрэмгий дайчин нь ялж дийлж, хоол тэжээлээ олж авч, сүргээ ноёрхдог бол хүний нийгэмд хэн овсгоотой сэргэлэн, өөртөө арчаатай, эротик шинж чанартай нь хол явдаг. Амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад байхад ямар нэг хэмжээгээр эротик дүр төрхтэй байдаг. Тэр шинж чанараар нь хүмуус түүнийг хүрээлж, нэр нөлөөг нь өргөж явдаг. Түүнээс сайхан хөөрхөн, эсвэл мөнгөтэй хөрөнгөтэй байхдаа гол биш. Улстөрд ч ийм зарчим үйлчилдэг. Би өөрийгөө тодорхой хэмжээгээр амжилтанд хүрсэн хүн гэж боддог болохоор надад ч ийм дүр төрх бий байх. /инээв/

-Та ер нь германчуудаар жишээ авах дуртай юм шиг санагдлаа. Тэнд амьдарч байхдаа хамгийн их сэтгалд үлдсэн нь юу вэ?
Герман бүтээгдэхүүн өөрөө дэлхийн брэнд шүү дээ. Үүнд ганц бүтээгдэхүүний чанар ч биш герман хүний хувийн дүр төрх / имиж/, аливаад яс тас зан чанар нь нөлөөлдөг байх. Улс үндэстэн бүр өөрийн онцлогтой байдаг. Үүнийгээ аль товойлгож чадсан нь хүлээн зөвшөөрөгддөг шүү дээ. Тэнд арван хэдэн жил амьдрахдаа германчуудын цаг яс барьдаг, за гэвэл ёогүй чанарт их татагдсан. Гэтэл монгол хүний имиж юу вэ. Болзсон цагаасаа хагас цаг, бүтэн цаг хоцордог нь уу? Энэ бүхэн төлөвлөлттэй холбоотой. Бүгдийг урдаас харж, төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, үхэн хатан зүтгэдэг нь герман хүний гол чанар юм уу даа. Бас хэн нэгэнд, эмчид ч юм уу ламд өөрийгөө даатгах биш, өөрөө өөртөө л найдаж, анхаарч, гоо сайхандаа санаа тавьдаг нь зүгээр санагддаг.

-Эдгээрээс Та алийг нь илүү мөрдөж байна?
-Аяь болох бүгдийг нь мөрдөх юм сан гэж хичээдэг. Цаг барьдаг, ажлаа төлөвлөдөг эд нар бол хааяа зөрчигдчихөөд л байна. Монголчууд дундаа уусаад гэх үү дээ. Харин гоо сайхандаа овоо анхаарч байгаа шүү. Спортоор хичээллэхийг амьдралынхаа нэг хэсэг болгосон. Долоо хоног болгон найзуудтайгаа сагс тоглож байгаа. Далайтай газрын хүүхэд болохоор усанд их дуртай. “Альфа” гээд нэг фитнесс төв нээгдсэн байна лээ. Тэнд заваараа сэлээд, дээд давхрын танхимд нь хүндийг өргөлтөөр хичээллэж байгаа. Жин нэмээд пиджакандаа багтахгүй маягтай болж явснаа харин сүүлийн үед овоо тогтоод байгаа. Нас яваад ирэхээр хүн нэг их гоёж гангаръя, үнэтэй чамин юм хэрэглье гэхээ больчихдог юм байна. Урьд нь голдуу л “Hugo boss” энэ тэр хэрэглэдэг байлаа. Одоо бол гол нь эрүүл байя, үр хүүхэддээ удаан харагдъя гэж боддог болсон. Ер нь хүн байгаадаа сэтгэл хангалуун байх нь чухал. Миний хувьд хүссэн хэмжээндээ л амьдарч байна, амьдралаас илүү их юм нэхэж, шунаад яахав дээ. Хөрөнгө мөнгөний төлөө үхэж хатлаа гээд ч яах билээ, үр хүүхэд нь түүнийг аваад явж чадаа ч уу, үгүй ч үү. Би аав, ээжээсээ эрүүл саруул бие, зөв үзэл бодол, хүмүүжил авч үлдсэн. Түүнийхээ хүчээр л өнөөдөр бусдаас дор орохгүй явж байна. Үр хүүхдүүдээ ч гэсэн сайн боловсволтой, зөв бодолтой өсгөхийн төлөө л явж байна.

-Та ер нь их сонин содон юм сэддэг хүн шиг санагддаг. Нэг хэсэг цагаан толгойн үсгийг цөөлье, гээгдэх гээгдэхгүй эгшгийн дүрэм баримтлахаа больё гэх агуулгатай хууль гаргана гэж байсан. Тэр юу болсон бэ?
-Холбогдох яам, эрдэмтдийн зөвлөл рүү бичиг явуулсан, таг л байна. Уул нь тэр чинь тийм ч хэрэггүй юм биш шүү дээ, Хамаг юм даяршаад, хурд хугацаа шаардах болсон энэ үед “й”, “щ” мэтийн хэрэггүй үсэгтэй зууралдлаа гээд бид юу хожих юм бэ. Манай хэл бичгийн дүрэм өөрөө их хоцрогдсон, хүнд. Үүнийг сурах гэж хүүхдүүд цаг их алдаж байна. Хэл бичгийн дүрмийг хялбарчилж, цагаан толгойн 26 үсэгтэй болгосноор хүүхдүүд зөв бичих дүрэмтэй зууралдаж толгойгоо эргүүлэх хэрэггүй болно.

-Хийх юмаа одж ядсан юм шиг 35 үсгээр оролдлоо гэх хүн олон байсан. Өөр Та ямар хуулийн төсөлд ажиллах вэ?
-Тэгж хэлэх нэг нь хэлж л байг. Аяндаа өргөн бариад хэлэлцээд эхлэхээр ач холбогдол нь мэдэгдэнэ. Цаашид Тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж бодож байгаа. Лиценз нэрийн дор бөөн булхай, луйвар явж байна шүү дээ. Ашигт малтмалын тухай хуульд ойрын үед өөрчлөлт оруулах шаардлага бас байна. Өмнө нь орсон өөрчлөлтүүд нь ямар ч нэмэргүй, хэдэн эрх мэдэлтэй хүндл үйлчилжбайна. Ашигт малтмал гэдэг чинь ард түмний өмч болохоос хэдхэн хүний мэдлийнх биш. Мөн Эрүүл мэндийн хуулиудад тодорхой өөрчлөлт оруулахаар судалж байна. Тэртэй тэргүй утаагаа ойрын хэдэн жилд арилгаж чадахгүй юм чинь ядаж хүн амынхаа эрүүл мэндийг бодож, жил бүр хүйтрэхийн өмнөхөн томуугийн вакцин хийдэг больё, мөнгийг нь төсвөөс гаргадаг байхаар санаачлах гэж байгаа. Үүнд нэг их мөнгө орохгүй, зургаан сая ам.доллар байхад л 2,7 сая хүнийг вакцинжуулах юм. Урьдчилан сэргийлэх үзлэгийн стандарттай болъё, мөн хүүхдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулъя гэж бодож байна. Хүүхдээр хурдны морь унуулж зэрлэгээр зугаацахаа больё, дуртай бол томчууд өөрсдөө унана биз. Гадаадын морин уралдаанд жижгэвтэр биетэй, насанд хүрсэн хүмүүс л морь унадаг шүү дээ. Манайх шиг хуруун чинээ хүүхдээ амь эрссэн “тулаанд” тавьж туучихаад баясаад суудаг улс байхгүй. Уламжлал энэ тэр гэх л байх, одоогийн хүүхдүүдийн яс хэврэгшиж байгааг бодох хэрэгтэй. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг цэгцэлж, Монголд компани байгуулах босгыг өндөр болгомоор байна. Дурын нэг нөхөр Монголд 200 ам.доллараар компани байгуулчихаад л тоглож явдаг. Гэтэл гадныхан яадаг билээ. БНСУ-д Монголын 30 мянган иргэн ажиллаж амьдарч байна. Яаж ч гуйж түүж, арга чарга хэрэглээд тэнд компани байгуулчихсан монгол хүн байхгүй. Германд би компани байгуулах гэж үзсэн. Маш өндөр босготойн дээр манай ард түмэнд ямар ашигтай юм гэдгийг төслөөр бичиж ир гэдэг шаардлага тавьж байсан. Гэх мэтээр ярьвал өөрчлөх, сайжруулах хууль шийдвэр зөндөө л байна.

-Лобби хийхгүйгээр батлагддаг хуулийн төсөл, санхүүжилт гэж байхгүй болсон юм шиг байна. Та хэр их лоббинд орж байна?
-Лобби гэдэг чинь шууд утгаараа хуйвалдаан биш л дээ. Зарим ач холбогдолтой, ард түмэнд хэрэгтэй асуудалд бол үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэх юм байдаг. Харин хэн нэгний ашиг сонирхлыг хангасан, хувийн бизнесийг дэмжсэн, ялангуяа хөрөнгө оруулалттай холбоотой юманд би эсрэг байр сууринаас хандана уу гэхээс найраанд ордоггүй. Сая пүрэв гаригийн чуулганаар л гэхэд Нарантуулын баруун уулзварт гүүр барих асуудал яригдсан. Нэгэнт гүйцэтгэх компани нь тодорхой болчихоод байхад Х.Баттулга сайд тендер зарлана гээд зүтгүүлээд байгаа байхгүй юу. “Муу нуухаар сайн илчил гэдэг юм аа. Гүйдэтгэгч нь ямар компани байгаа юм бэ” гээд асуухад тодорхой хариу хэлчихэж чадахгүй л байна. Цаана нь нөгөө тадын нөхдүүдийн лобби яваад байгаа юм. Бас “Зоос” банкнаас мөнгө авчихсан нөхдүүд энэ банкийг төрд буцааж зарж, өөрсдийнхөө авсан мөнгийг төрөөр хаалгаж байгаа байхгүй юу. Би бол ийм юм хийх ч үгүй.

-Өөрөө хийхгүй ч чимээгүй яваад байх нь шударга бус явдалтай эвлэрч байгаа хэрэг гэвэл Та санал нийлэх үү?
-Би тэгээд яах ёстой юм бэ? Дандаа л сэлэм эргүүлж, хүн амьтантай арцалдаж явах чинь хүсэх юм биш шүү дээ. Зуун хувь шударга үнэн гаж хаа ч байхгүй. Тэгээд ч энэ нийгэмд аргыг нь олж явахгүй бол юу ч хийж мэдэх муу хүн олон байна. Нэг ажлыг л шүүмжлэхэд цаана нь хэсэг бүлэг нөхдүүдийн хэдэн зуун сая ам.доллартай холбоотой эрх ашиг хөндөгдөж байдаг. Тэр болгоныг хэлж ярьж, дэлгэж тавилаа гээд үр дүн нь ч хаана байгаа юм. Ард түмэн нь ойлгож байгаа ч юм уу, ер нь тэгээд ард түмэн гэж байгаа ч юм уу. Ойлгохгүй болсон шүү дээ сүүлдээ.

-Танаас нэг тийм эмээсэн ч юм уу, цөхөрсөн өнгө аяс мэдрэгдээд байна. Хэрэг шийдэгдтэл юм ярьж болохгүй гэсэн чиглэл авсан юм биш биз?
-Айгаад цөхрөөд байгаа ч юм алга.Тэгээд ч төдийгөөс өдий хүртэл шударга үнэний дуу хоолой болж явааг ард түмэн мэднэ. Би хэн нэгний заавар, зөвлөгөөгөөр амьдардаг хүн биш. Гүндалай гэж хүний хийж бүтээсэн, засч залруулсан юмыг нэг хэсэг хүн тийм ч амархан үгүйсгэж
чадахгүй болов уу.

Э.Адьяасүрэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.