“Хөгжил” хотхоноос илэрсэн мөнгөн усыг саармагжуулж дуусчээ

2008/04/19
Share |
Хүмүүс:
“Хөгжил” хотхоноос илэрсэн мөнгөн усыг саармагжуулж дуусчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн IV хороолол, “Хөгжил” хотхоны 2 дугаар байр, 902 тоотын “00″- ийн өрөөнөөс мөнгөн ус илэрсэн талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжаваас энэ талаар тодруулахад,

-Өчигдөр / уржигдар/ орой 18.10 цагт манайд мөнгөн ус илэрлээ гэсэн дуудлага ирсэн юм. Дуудлагын дагуу шуурхай бүлэг 19.20 цагт газар дээр нь очсон. НОБГ, УМХГ зэрэг холбогдох байгууллагууд тухайн газарт үзлэг шинжилгээ хийсний дүнд илэрсэн мөнгөн усыг зориулалтын саванд соруулж, шүүж авсан. Одоогоор манай ажилчид тухайн газар ажиллаж байна гэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Мөнгөн ус илэрсэн газарт ямар нэг ариутгал, шинжилгээ хийж байгаа юу ?
-Хийлгүй яахав. Одоогоос хэд хоногийн өмнө “Баянбүрд”-д мөнгөн ус илэрснийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн газарт шинжилгээ хэрхэн хийж байсан, яаж ариутгаж байсан, энэ удаад ч бид яг тэр зарчмаараа ажиллаж байна.
-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Бид дуудлагын дагуу ирээд л мөнгөн ус илэрсэн энэ айлын тасалгааны агаар, уснаас шинжилгээний дээж авсан. Өчигдөр оройн 20 цагийн байдлаар агаараас авсан шинжилгээний урьдчилан хариу гарлаа. Өмнөх тохиолдлууд шиг мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээ хэд дахин илүү биш, харин ч харьцангуй бага байгаа юм байна.
-Гэлээ ч цаашид ямар арга хэмжээ авах гэж байна даа?
-Одоогоор агаараас авсан шинжилгээний хариу зөвшөөрөгдөх хэмжээнээс нэг их ихгүй гэж гарсан болохоор бид мөнгөн усыг саармагжуулах ажилдаа ороод дуусах шатандаа явж байна. “Баянбүрд”-д илэрсэн мөнгөн усыг эхлээд бүгдийг нь шүүж авсны дараа мөнгөн усыг ариутгадаг зориулалтын бодисоор ариутгаад, элсээр шүүгээд, дахин ариутгаж байсан. Тэр л зааврын дагуу л бид ажиллаж байна.
-”Хөгжил” хотхоны 902 тоотоос илэрсэн мөнгөн усны шинжилгээний нэгдсэн хариу хэзээ гарах вэ?
-Улсын мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдийн авсан шинжилгээг зохих лабораторид нь хүргүүлсэн байгаа. Нэгдсэн дүн нь өнөөдөр гарчих байх гэж бодож байна.
-Өчигдөр өглөөний 11.40 цагийн үед мөнгөн ус илэрсэн 902 тоотыг лацадсан байсан болов ч айлын хүмүүс дур мэдэн лац ломбыг хөндсөн гэсэн, үнэн үү?
-Нийслэлийн онцгой байдлын газрын болон Улсын мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг тухайн айлын хаалгыг лацадсан боловч уг барилга чанар муутайгаас болоод мөнгөн усыг саармагжуулах явцад асгарсан ус доод айлд нэвтэрсэн байна. Тиймээс лацыг хөндөхөөс өөр аргагүйд хүрсэн тул холбогдох мэргэжлийн хүмүүсийг байлцуулан лацыг авсан юм. Доод айлд нь ус ямар нэг хэмжээгээр хүмүүст нөлөөлөхгүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.