ЕС ДЭХ“АЛТАН ӨД” ЭЗЭДДЭЭ ОЧЛОО

2010/01/13
Share |
Хүмүүс:
ЕС ДЭХ“АЛТАН ӨД” ЭЗЭДДЭЭ ОЧЛОО

Утга зохиолын оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан өд” наадам ес дэх удаагийн хөшгөө өнгөрсөн бямба гаригт “Сүнжин Гранд” зочид буудлын их танхимд нээлээ.

Зохиолчид гэдэг золигийн улс гэлцдэг. Тэр золигийн нөхдийг хөндлөнгөөс харж, омгорхол, аархал, бардамналтайгаа хамт их утга зохиолын төлөөх халуун дулаан үгс унагахыг нь сонсч гурван цаг суув. Наадам болохоор л уяач нар догдолдогтой адил “Алтан өд” дөхөхөөр өөрийн эрхгүй гэгэлзчихдэг юм хэмээн тэд хүүрнэлдэх. Хөөрүү зарим нь өөрсдийгөө бурхантай адилтган омгорхох юм билээ. Арга ч үгүй биз. Бурхдын дэргэд л онгодын тухай хуучилж болно гэж тэд онгирдог юм чинь.

“Алтан өд” наадмын хүндэтгэлийн ёслол МЗЭ-д элссэн уран бүтээлчдэд зохиолч хэмээх алдрыг нь батлан үнэмлэх гардуулах ёслолоор салхиа хагалав.

Харин дараа нь МЗЭ-ийн  дээд шагнал нэр бүхий хүмүүсийн энгэрт гялалзлаа. Зохиолчдын эвлэлийн шагнал гардана гэдэг төрийн шагналаас дутахгүй том алдар. Энэ үнэтэй шагналыг  “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч, зохиолч Б.Галаарид, яруу найрагч Ш.Лхамноржмаа нарын олон зохиолчид гардуулав. Мөн залуу зохиолчдын чансаатай бүтээлд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга энгэрээ цооллоо.

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галаарид:

АТААРХАГЧДЫГ ДУСАГНУУЛЖ, АНД НӨХДӨӨ БАЯРЛУУЛСАН ОЛОН САЙХАН БҮТЭЭЛ ХИЙНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА.

-Юуны өмнө мэргэжлийн  хүндтэй шагналыг хүртсэнд баяр хүргэе. Энэ баяраа хамгийн түрүүнд уншигчидтайгаа хуваалцана хэмээн итгэж байна?
-Монголын утга зохиолын байгууллага үүсч байгуулагдсаны 81 жилийн энэ ойн өдөр мэргэжлийн хамгийн том шагнал МЗЭ-ийн шагналаар шагнуулсандаа баяртай байна.

Өнөөдрийн энэ шагналыг улам  чанартай  бүтээл хийгээрэй гэсэн захиалга гэж ойлголоо. Тиймээс атаархагчдыг дусагнуулж, анд нөхдөө баярлуулсан олон сайхан бүтээл хийнэ гэж бо-дож байна.

-2009 онд та “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн зохиолыг бичсэн. Шинэ оны өмнөхөн энэ жүжиг олон нийтийн хүртээл боллоо. Харин өнөөдөр  “Алтан өд” наадамд нэр дэвшиж байна?
-”Шар тэнгисийн тарчлаан” нээлтээ хийгээд сар гаруйхан болж байгаа ч олон хүнд хүрсэнд зохиогчийн хувьд баяртай байна. Саяхан “МҮОНТ-ийн телевизийн алтан фондод бичигдлээ гэж дуулдсан. Сурагчдын амралтаар БСШУЯ-ны захиалгаар дахин тавигдах боллоо. Энэ мэтээр зохиолыг минь үнэлж, хүлээж авсан үзэгч, уншигчдадаа баярлалаа” гэв.

Ш.Дулмаа гуайн “Хүмүүсээ наана чинь хүүхэд тоглож байна” шүлгээр  “Алтан Өд” наадмын анхны номинацийн нэр дэвшигчдийг зарлалаа. Хүүхдийн уран бүтээлд сүүлийн үед ихэд анхаарах болсны илрэл болж зургаан бүтээл эцсийн шатанд өрсөлджээ.

Харин дараа нь оны шилдэг судлал шүүмжлэл, жүжиг, киноны зохиол хэмээн  үргэлжилсээр найман номинацийн шилдэг бүтээл тодорсон юм.

2009 ОНЫ “АЛТАН ӨД” НААДМЫН ШАГНАЛТНУУД
Хүүхдийн шилдэг бүтээл: О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж”
Судлал, шүүмжлэлийн шилдэг бүтээл: Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар”
Кино, жүжгийн зохиолын шилдэг бүтээл: Б.Батрэгзэдмаа “Тэнгэрийн ивээл” кино зохиол
Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл: Д.Жамъян “Чорос” роман
Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл: Х.Болор-Эрдэнэ “Би бид хоёр” сэтгэлгээний өгүүллэгүүд
Яруу найргийн томоохон хэмжээний бүтээл: Н.Батжаргал “Зүр хонгор аялгуу”
Яруу найргийн богино хэмжээний бүтээл: Ц.Отгонжаргал “Муруй дүрс” шүлгийн түүвэр
Орчуулгын шилдэг бүтээл: О.Чинбаяр “Улисс”
Дууны шүлгийн шилдэг бүтээл:
Д.Баяр “Хайрын орчлон”, “Ханийн заяа”

Шагнал гардсан зарим уран бүтээлчийн сэтгэгдлээс хүргэе.

Зохиолч Х.Болор-Эрдэнэ:

“АЛТАН ӨД” НААДМЫН ЭЗЭН БОЛНО ГЭДЭГ “АЛТАН ӨД”-ӨӨР БҮТЭЭЛЭЭ ТУУРВИХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

-“Алтан өд” гардсанд баяр хүргэе?
-Яг одоо блог ертөнцөд уншигчид минь миний захыг мушгиад сууж байгаа. Тэдэндээ бэлэгтэй очих болсондоо таатай байна. Дөрөв дэх удаа нэр дэвшиж, дөрөв дэх номоороо энэ хүнд-тэй шагналыг гардлаа. “Би бид хоёр” номыг уншигчид маань санаачилж хэвлүүлсэн. Тийм учраас энэ уншигчдын маань надад өгсөн урам гэж ойлгож  байгаа. 

 “Алтан өд” наадмын эзэн болно гэдэг “Алтан өд”-өөр бүтээлээ туурвих эрхтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр алтан өдөөр туурвиж байгаа бүтээлийг муу хийх эрхгүй юм. Энэ сайхан шагналтай зэрэгцээд миний уран бүтээлд бас нэгэн баярт мэдээ ирсэн. Цахим уншигчдын маань санаачлагаар “Диваажингийн хоригдлууд” ном маань дэлхийг тойрох аялалдаа гараад 12 мянган километр аялчихаад байна. “Диваажингийн хоригдлууд” минь одоо Австрид байгаа. Швейцариар дайраад хоёр сарын дараа миний гар дээр ирнэ гэсэн баярт мэдээг дөнгөж хүлээж аваад байна гэв.

Орчуулагч О.Чинбаяр Жеймс Жоесийн “ Улисс” номыг монгол уншигчдын хүртээл болгосны учир оны шилдэг бүтээлийн шагнал гардсан юм.
-Би энэ шагналыг хоёр дахиа хүртэж байна. “Улисс” бол миний орчуулгуудаас  хамгийн том, хүч сорьсон бүтээл болсон. Үе үеийн орчуулагч нар орчуулах юмсан гэж ам дамжин ярьдаг байсан боловч зориглож орж байгаагүй. Тийм учраас 2001 оноос эхлээд энэ зохиолыг орчуу-лахаар зүтгэсэн. 5-6 хуудас орчуулаад хаяж байсан түүх ч бий. Түүнээс хойш 6-7 жил судалгаа хийж байгаад, одоо цаг нь болсон байна гээд дахин барьж авсан. Энэ хугацаанд нэлээн олон ном орчууллаа. Цаашдаа   нэлээн даацтай бүтээлүүдийг сонгож орчуулах зорилго тавьсан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.