Би угаасаа томоотой хүн

2010/01/14
Share |
Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | 
Би угаасаа томоотой хүн

Өвөрмөц хоолойгоороо эрэгтэй дуучдаас ялгардаг Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн өөрийн бие даасан дөрөв дэх цомгоо гардан авчээ. “Үлгэр жаргаасан тал” хэмээх энэхүү цомгийнхоо өмнө нь тэрбээр “Амин зүрх”, “Надад итгэ”, “Охин тэнгэр” зэрэг гурван цомог гаргаж байсан билээ. Түүний шинэ цомог “Би монгол хүн”, “Хойморьт нутгийн хийморь”, “Хүн галуу”, “Нүдэн бүсгүй”, “Буруу эргэлт”, “Нэг ангийнхан” зэрэг 11 дуу нэг понограммаас бүтсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн худалдаанд гарах аж.

Түүнтэй шинэ цомгийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Цомгийн тань нэр их содон юм. Чухам юуг өгүүлэх гэсэн юм бэ?
-Монголчууд бидний түүх хаанаас эхэлсэн, одоо үргэлжилж байгаа цаг хугацаа маань юу билээ гэдэг талаас нь их бодсон. Ялангуяа “Монголын нууц товчоо”-гоо бодож байж ийм нэр өгсөн. Энэ нэр маань бидний эхлүүлсэн түүх бидний газар шороон дээр дуусдаг гэсэн утгыг агуулж байгаа. Бас Монгол хүний хайр, үзэл бодол, нутагтайгаа хүйгээрээ хэрхэн холбогддог, хэрхэн нөхөрлөдгийг үлгэр харуулдаг учраас “Үлгэр жаргаасан тал” гэж дөрөв дэх цомгоо нэрлэлээ.

-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна даа?
-Би зурагт хуудсан дээр өмсч авахуулсан дээлээ ирэх гуравдугаар сард болох “Монгол” нэртэй тоглолтдоо өмсөх гэж “Торго салон”-оор хийлгэсэн юм. Гэхдээ тоглолтынхоо тодорхой товыг  гаргаагүй байна. Эхлээд дуунууд маань хит болох ёстой. Юм болгон шат дараатай шүү дээ. Дараа нь тэр дуугаа хэзээ, ямар тайзан дээр яаж дуулах нь үзэгчдэд сонин байдаг учраас  тэр цагт нь тоглолтоо хийнэ дээ.

-Та “Хит болох ёстой гэж” онцлон ярьж байна. Тэгэхээр шинэ цомогт хит болох дуу байна гэсэн үү?
-Байгаа шүү. Энэ 2010 онд урлагийнхан шилдэг дуугаараа тэмцээн явууллаа гэхэд шууд түрүүлэх хоёр дуу байгаа. Гараад л хит болно. Хөгжмийн зохиолч, Д.Цэцэрлэгийн хөгжим “Би Монгол хүн”, Улаанбаатарын ая Цолмонгийн шүлэг “Хосын дуу” гэсэн хоёр дуу маань үнэхээр сайхан дуунууд. Ялангуяа “Хосын дуу”-г хуримаа хийж байгаа хосууд л сонсохгүй юм бол хэн сонсох юм бэ.

-Энэ цомгийн тань онцлог ?
-Ер нь би өөрийгөө Монголын эстрад урлагийн залуу үеийн төлөөлөл гэж боддог. Гэхдээ хөгширчихөөгүй л бол шүү дээ. Яагаад гэвэл би Монгол улсаа хоёр удаа тойрсон. Ховд, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатарын сонсогчид ямар дууг хүлээж авдаг, авдаггүйг эх орноо тойрон аялсан хүн л мэднэ шүү дээ. Би зөвхөн Улаанбаатарын дуучин биш. Би Монгол улсын дуучин. Тийм болохоор би Монголын ард түмэн бүгдээрээ сонсдог дууг л дуулна.

-”Камертон” хамтлаг эргээд уран бүтээлийнхээ ажилд орсон гэж дуулдсан. “Номин талст” хэзээ нэгдэж уран бүтээлээ хийх гэж байна?
-Ямар ч байсан “Камертон” эхлээд 15 жилийнхээ ойг хийх. Үүний дараа л уран бүтээлдээ шаргуу орж ажиллана даа.

-Яагаад дараа нь гэж? Түрүүлж хийж болно шүү дээ?
-Юм болгон ээлж дараатай байдаг гэж би дээр хэлсэн дээ. “Камертон” хамтлаг биднээс түрүүлж гарч ирсэн. Тийм болохоор тэд эхлээд ойгоо хийх ёстой. Дараа нь “Номин талст”-ынхан хийнэ. Яагаад гэвэл бид хүлээх үүрэгтэй хүмүүс.

-Шинэ цомогтоо ардын дуу нэлээд оруулсан гэсэн. Энэ чиглэлд хүч үзэхээр шийдсэн юм уу?
-Би ард түмэндээ мартагдсан дууг нь эргүүлэн сануулах үүднээс аялгууг нь хөгжүүлж, чанарыг нь дээшлүүлж дуулсан. Өнөөдөр ардын урлаг гээд л  аль 1980-90-ээд онд үзэгчдэд хүрч байсан хэв маягаараа дуулж байна шүү дээ. Үүнийг жаахан хөгжүүлье, илүү гоё, өргөн болгоё гэсэн үүднээс ардын дуу дуулсан.

-Уучлаарай, тантай уулзсаных сүүлийн үед гараад байгаа дуулиан шуугианы талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Саяхан таны холбогдох хэргийн шүүх хурал болсон байх аа?
-Би ийм асуултад хариулмааргүй байна. 2009 он дахиад ирэхгүй. Тийм болохоор энэ тухай эргэн дурсмааргүй байна.

-Тэгвэл энэ хэрэг уран бүтээлд тань нөлөөлсөн үү?
-Миний уран бүтээлд ерөөсөө нөлөөлөөгүй. Харин миний амьдралд их нөлөөлсөн. Би зарим нэг зүйлийг маш сайн ухамсарласан.

-Тэгэхээр та их томоожжээ?
-Би угаасаа томоотой хүн. Томоотой ч байсан. Бас шударга байсан.

Б.Өрнөх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Kourtney You really saved my skin with this infiamrtoon. Thanks!
IP:189.180.30.84  2015-02-17 10:46:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.