Дараагийн таван удаагийн томоохон газар хөдлөлт болох бүс нутгуудыг нэрлэж байна

2010/01/15
Share |
Хүмүүс:
Дараагийн таван удаагийн томоохон газар хөдлөлт болох бүс нутгуудыг нэрлэж байна

Энэ долоо хоногт Гаитид 7.0 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас зуу гаруй мянган хүн амь насаа алдаад байгаа билээ.

Тэгвэл Тайм сэтгүүл дараагийн таван удаагийн томоохон газар хөдлөлт хаана болохыг таамаглан бичжээ. Газар хөдлөлтийг цаг агаар шиг нарийвчлалтайгаар урьдчилан мэдэх боломжгүй. Гэвч газар судлалын үүднээс ойрын хугацаанд хүчтэй газар хөдөлж болох дараах газруудыг ийнхүү нэрлэжээ.

Лос Анжелес. Лос Анжелесийн Нортриджед 1994 онд 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болж 70 хүн амь насаа алдсан юм. Ойролцоогоор 20 тэрбум ам.долларын хохирол амсаж байжээ.

Судалгаанаас үзвэл тухайн бүсэд болсон томоохон газар хөдлөлт нь 150 жилийн давтамжтай байдаг байна. Тус мужид 1857 онд 7,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Нортриджед болсон газар хөдлөлтийн дараа Лос Анжелес барилга байшиндаа маш их анхаарал тавьж барих болсон.

Гэвч тус нутагт ойрын үед маш хүчтэй газар хөдлөлт болж магадгүй ажээ.

Токио. Токио хот бол газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог.

Гэсэн атлаа хүн ам хамгийн шигүү суурьшсан байдаг. Өөрөөр хэлбэл Токиод 13 сая хүн амьдардаг юм.

Тус хотод 1923 онд 150 мянган хүний амь насыг авч одсон газар хөдлөлт болж байлаа. Мөн л дараагийн ээлжинд болох томоохон газар хөдлөлт энэ нутагт болно гэжээ.

 

 

 

 

 

 

 

Тегеран. Ираны нийслэл Тегеранд 2003 онд 6,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж 30 мянган хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон юм. 

Нийслэл Тегеран хотноо нийт 7 сая хүн амьдардаг. Энэ нутаг мөн л газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарна. Ираны Эрүүл мэндийн сайд “хэрвээ 7.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болвол улсын эмнэлэгүүдийн 90 хувь нь нуран унах болно” хэмээн нэгэнтээ мэдэгдсэн юм.

Одоогоор нийслэл Тегераныг нүүлгэх талаар багагүй яригдах болжээ.

Номхон далайн баруун хойд хэсэг. Оригоноос Канадын Бритиш Колумбиа хүртэл газар хөдлөлтийн идэвхтэй бүс бий. Энэ нь хөрш зэргэлдээ Калифорнийхныг ч “айлгаж” дөнгөнө. Энэ хавьд байнга бага багаар газар хөдөлж байдаг.

Хамгийн сүүлд 1700 онд томоохон газар хөдлөлт болсныг түүхэнд тэмдэглэжээ. Тун удахгүй энэ бүс нутагт аймшигтай газар хөдлөлт болж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Номхон далайн баруун хойд хэсэгт Канадын зарим муж, АНУ-ын Вашингтон, Оригон багтдаг юм.

Индонези. Индонези бол хамгийн их зовлон үзсэн нутаг. 2004 онд болсон цунамигийн улмаас энэ нутагт 230 мянган хүн амь насаа алдсан юм.

Мөн есдүгээр сард нь болсон газар хөдлөлтийн улмаас мянга гаруй хүн амь насаа алджээ. Харамсалтай нь энэ бүс нутагт ойрын үед дахин маш хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай талаар мэргэжлийнхэн анхааруулж байна.

 

 

М.Жаргал /news.gogo.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.