"АНОД"-ын хэрэг "ах, дүү" намуудын зодоон болох нь

2010/01/15
Share |
Хүмүүс:

Өнгөрсөн оны cүүлээр дампуурах нь дампуурч, нэгдэх нь нэгдэж, бөөн хэл амны бай болоод байсан банкны систем нэг хэсэг нь "дугхийгээд" сэргэж эхэллээ. Гол шалтгаан нь Монгол банкны удирдлагуудыг унагах.

"Ах, дүү" намууд хэлэлцэж тохирсон ёсоор Төв банкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчийн суудлыг хувааж авахаар за, зүүдээрээ тулчих шиг боллоо. Харин Төв банкны халаа сэлгээний ард арилжааны банкуудын хэрэг чимээгүйхэн өнгөрч байгаа нь нэгийг хэлээд байгаа юм. Яагаад Монгол банкны хоёр дэд ерөнхийлөгчийг солих болов гэдэг цаанаа бас арилжааны банкуудын хэрэгтэй холбоотой байж болзошгүй бололтой. Ялангуяа "Анод"-ын асуудал албан тушаалын бялуу хуваах хутга нь болчихсон юм уу даа.

Ц.Элбэгдорж "АНОД"-ын гуравт амаа таглах үүрэг өгсөн үү?
"Анод" банкны гурван захирал гэгддэг Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нар усанд хаясан чулуу шиг л алга болсон. Хаана, юу хийж явааг нь мэдэх хүн цөөн. Сураг сонсох нь ээ, Н.Даваа өөрийнхөө байгуулсан хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг удирдаж, Чингис хааны онгоныг хайсаар яваа бололтой. Харин Д.Энхтөр захирлын хувьд мэдээллиин технологийн чиглэлээр нэг компани байгуулсан ч ажил нь бүтэж өгөхгүй гундуухан байгаа гэнэ.

Э.Гүр-Аранзын талаар сонсогдох зүйл алга. Нэг хэсэг Монгол банк, төр засаг өөрсдийг нь золионд гаргалаа хэмээн гомдол мэдүүлж явсан тэд сүүлдээ Төв банкийг шүүхэд өгөөд ялагдсан. Уг нь өнгөрсөн зун прокурор, Төв банкны эсрэг багагүй тэмцсэн ч дийлэхгүйгээ мэдсэн үү, яасан сүүлийн хэдэн cap таг чимээгүй байх болов. Гэхдээ тэд яагаад таг чимээгүй болов гэдэг хачирхалтай. Уг нь олны анхааралд өөрсдийгөө байлгаж, улс төрчдийн золионд орчихлоо гэсэн пиар хийж байсан нь тэдний нэр хүндэд эерэгээр тусч, хэрэгт нь нааштай нөлөөлөх боломжтой байсан. Харин сураг сонсох нь ээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг ивээлдээ авч, шоронгийн хаалга татуулчихгүй авч гарахаар болсон гэнэ. Тэдний хувьд Ц.Элбэгдоржтой олон талаараа холбогдож болно. Түүнийг Ерөнхий сайд байхад нэлээд ойр дотно байсан гэдэг юм билээ. Мөн өдгөө Ц.Элбэгдоржийн шадар цэрэг болоод байгаа Ж.Батзандан гэж нэг холбоос бий. Ж.Батзандан, О.Магнай нар долдугаар сарын нэгний хэрэгт холбогдож, арга буюу АН-д дагаар орохдоо өөрсдийн байгуулсан ИХН-аа Н.Даваад өгчихсөн.. Нүүр бууруулсан удирдлагаа орлох хүндхэн үүрэг Н.Даваад оногдож, бас ч гэж үүргээ муугүй биелүүлсэн. Харин өнөөдөр Ж.Батзандан, О.Магнай хоёр шорон гэх айдасгүй, Ерөнхийлөгчийн дэргэд шадарлаж яваа болохоор журмын нөхдөө бас хөсөр хаячихгүйг бодох нь мэдээж. Нөгөө талаар АН-д нөлөө бүхий хэд хэдэн хүн "Анод"-д зээлтэй. Тэднийг бүдэрсэн үед нь "Анод"-ын гурав түшиж байсан тохиолдол бий. Ингээд бодохоор "Анод"-ынхон Ерөнхийлөгчийн ивээлд багтахгүй гэх үг алга.

Нөгөөтэйгүүр "Анод-ын гурвыг зайлшгүй хуулийн хариуцлага хүлээх учиртай гэж байсан улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг саяхан Ерөнхийлөгчид огцрох хүсэлтээ уламжилсан гэсэн. Хэрэв М.Алтанхуяг огцорвол Ерөнхий прокурорын суудалд Ерөнхийлөгчийн хүн суух нь дамжиггүй. Ингэснээр нэг эрүүгийн хэргийн ганц зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгочих бүрэн боломж нээгдэх юм.

Л.Уламбаярыг золионд гарах уу
Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нараас гадна энэ хэргийн учгийг тайлах гол хүн бол гүйцэтгэх захирал Л.Уламбаяр. "Анод"-д бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоос хэдхэн өдрийн өмнө Л.Уламбаяр АНУ руу гарсан. Банк нь дампуурахыг мэдэж байсан болохоор ийм алхам хийхээс аргагүйд хүрээ биз. Гэхдээ түүнийг баривчилж ирсний дараахан Л.Уламбаярыг бараг сайн дураараа ирсэн гэсэн яриаг түүний талынхан гаргаад байгаа юм. Л.Уламбаярыг жил орчмын дараа АНУ-аас авчирснаар "Анод"-ын гэх хэргийг бараг шийдчихжээ гээд хэлчихэд буруудахгүй биз. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны түрүүнд Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн, бусдын хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны хууль тогтоомж зөрчсөн буюу эрүүгийн хуулийн 148.4, 150, 156.3 гэсэн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэгт шалгаж байгаа. Дээрх гурван заалтаас нь эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэдэг заалтаас бусад нь өнгөрсөн зуны Өршөөлийн тухай хуулинд хамрагдаж байгаа юм. Харин 148.4 нь хамрагдахгүй бөгөөд 10-15 жилийн хорих ялаас гадна бүх эд хөрөнгийг нь хураах хүртэл ялтай юм. Эндээс "Анод"-ын гурван захирлыг хэргээс мултрах бүрэн боломжтой гээд хэлчихэд болно. Тэдний хэрэг шүүхэд шилжээгүй, мөрдөн байцаалтынхаа шатанд яваа. Магад мөрдөн байцаалтын шатанд, эсвэл прокурор 148.4-ийг нь хэрэгсэхгүй болгож болно. Тэгэх юм бол тэд ямар ч ялгүй мултарлаа л гэсэн үг. Эсвэл бүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч болно. Тиим боломж байгаа юу гэвэл байгаа.

Харин тэд нар ялаас мултарвал хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирэх бөгөөд хариулт нь Л.Уламбаяр. Л.Уламбаярыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад "Анод" банк хувьцаа гаргаж, 20 тэрбум төгрөгийг босгож байсан. Гэхдээ санхүүгийнхээ байдлыг нуун дарагдуулж, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооныхныг "молиго" үмхүүлчихээд хувьцаа гаргах эрх авч байсан юм. Энэ үйлдэл нь бусдыг зохион байгуулалттайгаар залилан мэхэлсэн гэсэн зүйл заалт болчихоод байгаа юм. Л.Уламбаярын үед хувьцаа гаргасан болохоор Л.Уламбаяр гол бурууг үүрч, гурван захирлын 148.4 гэсэн заалт нь хэрэгсэхгүй болж, харин Л.Уламбаяр тэдний өмнөөс ялыг нь үүрч, аавынд очих болно. Тиймдээ ч "Анод"-ын гурван захирал сүүлийн үед дүлий дүмбэ царайлаад хэрэг явдал хэрхэн өрнөхийг хөндлөнгөөс тайван ажиглан суугаа биз. Л.Уламбаяр ганц Төв банкийг хулхидаж хувьцаа гаргаснаас гадна нэлээд хэдэн хэрэгт орооцолдчихсон байгаа. "Анод"-ын алдагдал болсон 50 орчим тэрбум төгрөгийн тал нь шахуу түүнтэй холбоотой гэдэг юм билээ. Ядаж л "Монгол газар"-т 20 гаруй тэрбум төгрөгийн зээл олгохдоо "Олон овоот"-ын лицензийг нь барьцаалж авсан хэрнээ эрх мэдлээ ашиглан уг лицензийг Ц.Мянганбаярт эргүүлээд өгчихсөн нөхөр. Мэдээж дундаас нь өөрөө багагүй хувь хүртсэн байж таарна. Дээрээс нь "Иточу"-д өгөх 100 сая ам.долларын аккередитивыг "Голомт"-оос өөрийнхөө банк руу шилжүүлж авч, дундаас нь 10 сая ам.долларын шанг Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуяг болон "Голомт"-ын нэг захиралтай хамт хувааж авсан гэдэг. Энэ мэтчилэн яриад байвал түүний балаг дуусахгүй. Тэгээд ч түүнийг золионд гаргахдаа Д.Энхтөр нар нэг их гэмшиж гунихраад байхгүй байлгүй. Анх 2000 оноос "Анод"-д гадаад харилцааны эдийн засагчаар ажилд орж байсан Л.Уламбаярыг тэд өөд нь татаж, дэргэдээ авсан гэх юм билээ. 2005 оноос тэргүүн дэд захирал болсон түүнийг 2008 оны нэгдүгээр сард гүйцэтгэх захирлаар томилсон. Нэгэнт өөд нь татаад авч болсон юм, эргүүлээд амбаардаад явуулчихад болохгүй юу байх билээ. Ялангуяа шоронгийн асуудал яригдаж байгаа энэ үед бол бүр болно биз. Шаглуулсан ноён бэрсээ золионд гаргах шаардлагатай бол золионд гаргаж л таарна.

Мөн Л.Уламбаярыг банкны ТУЗ, хөрөнгө оруулагчдад мэдэгдэхгүйгээр бүтэхгүй ажил хийж байгааг мэдсэн Д.Энхтөр 2008 оны 12 дугаар сард албан тушаал бууруулж, Тамгын газрын захирлаар томилж өөрөө гүйцэтгэх захирал болсон юм билээ. Гэхдээ нэгэнт оройтчихсон. Дашрамд дурдахад Монгол банкны Еренхийлөгчийн тушаалаар арилжааны банкны гүйцэтгэх захирлыг баталдаг хуулийн дагуу Д.Энхтөрийг баталсан Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал одоо хүртэл гараагүй байгаа болохоор Л.Уламбаяр "Анод"-ын гүйцэтгэх захирал гэсэн гуншинтай хэвээр байгаа юм.

"АНОД"-ын хэргээс МАХН-ын банкирууд шахаанд орчихоод байна
"Анод"-ын хэрэг ингээд шийдэгдчихлээ гэж ойлгож болно. Удахгүй энэ хэргийн шүүх хурал болж дээр өгүүлснээр хэрэг шийдэгдвэл гайхах зүйл алга. Гэхдээ өнөөдөр "Анод"-ын хэрэг зүгээр нэг арилжааны банкны хэрэг гэхээсээ илүүтэй улс төрчдийн далд "тулаан"-ы өчүүхэн нэг хэсэг гэхэд болно. Монгол банкны дэд Еренхийлөгчийн хоёр суудлыг "ах, дүү" хоёр нам хувааж авахаар болоод өер өөрсдийнхөө хүнийг хэдийнэ товлочихож. АН тэргүүн дэд ерөнхийлөгчид Н.Золжаргалыг томилно гэж байгаа бол МАХН Г.Цэрэнпүрэвийг дэд ерөнхийлөгч болгох юм байх. Харин яагаад дэд ерөнхийлөгчдийг хугацаанаас өмнө солих болов гэдэг мөн л эргэлзээтэй асуудал. Банкны систем бүхэлдээ хямарч, улс төрчдийн гэгдэх банкууд шил шилээ даран хэзээ ч унахад бэлэн байгаа энэ үед өөрсдийнхөө хүмүүсийг Төв банкинд шургуулж, банкуудаа тордуулах нь улс төрийн намуудын гол зорилго байж таарна. Бараг улс төрийн нам гэхээсээ улс төрчдийн гэвэл илүү онох байх. Н.Золжаргал гэхэд Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хүн болж таарч байна. Түүнийг томилчихвол Х.Баттулгын хувь эзэмшдэг банкуудаас эхлээд түүний алсын бизнест нь санхүүгийн том дэмжлэг үзүүлэх хүн болж хувирах биз. Нөгөө талаар өдгөөгийн тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нарын нэр хүнд навс уначихаад байгаа.

Б.Энххуяг "Анод"-ын Л.Уламбаяртай холбоотой хэмээгдэн элдвээрээ хэлүүлж байгаа бол Д.Энхжаргалын хувьд валютын ченж гэгдэх болсон. Хэрэв Л.Уламбаяр "Анод"-ыг төлөөлөн аавынд зочлох бол Б.Энххуягийн хувьд энэ суудал дээрээ суугаад байх шаардлагагүй биз. Тэгээд ч мань хүн энэ хәл амтай суудлаас эртхэн бууя гэдгээ ойр хавийнхандаа хэлж яваа сурагтай. Чуулганы танхимд ч гэсэн УИХ-д бидэнтэй хариуцлага тооцох эрх нь байгаа шүү дээ гээд зовсон шинжгүй сууж харагдсан. Төв банкийг хувааж авах энэ бодпого ганц дэд ерөнхийлөгчдийн суудал ч биш Ерөнхийлөгчийнх нь суудалтай ч яригдаж магадгүй гэсэн таамаг бий. Л.Пүрэвдорж Ерөнхийлөгч хэл амтайхан томилогдож байсан шигээ огцорч ч магадгүй болоод байгаа юм. Энэ нь МАХН-ын талын банкуудыг торгоож авч үлдчихээд АН-ынхны банкуудыг үл тоомсорлож байгаатай нь холбоотой байж мэднэ гэсэн яриаг учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Энэ нь тиим ч оргүй зүйл биш. Тиймээс "ах, дүү" хоёр нам банкны ажилд байр сууриа баталгаажуулахаар сэмхэн "зодолдож" байгаа гэхэд болно биз. За ямар ч байсан банкны систем энэ хавраас дахин хөл хөдөлгөөнд орж мэдэх нь байна. Гэхдээ дампуурах биш өөр байдлаар хөдөлгөөнд орох болов уу.

Л.Уламбаярыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад "Анод" банк хувьцаа гаргаж, 20 тэрбум төгрөгийг босгож байсан. Гэхдээ санхүүгийнхээ байдлыг нуун дарагдуулж, Монгол банк, Санхүүгийн зохииуулах хорооныхныг "молиго" үмхүүлчихээд хувьцаа гаргах эрх авч байсан юм.

С.Болд-Эрдэнэ /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.