ТАЛХ улс төржив

2008/04/19
Share |
Хүмүүс:
ТАЛХ улс төржив

Эрхэм талх энгэрээ сул тавив. Эвтэйхэн улстөржиж эрээн мөнгө хөөцөлдөв. Амт, жин нь хэвээрээ, агуулга нь харин ингэж өөрчлөгдсөний цаана улстөрчдийн хожоо харсан нүүдэл нуугдаж байгааг зарлах нь зөв болов уу. С.Баярын Засгийн газрын рейтингийг үнийн хөөрөгдлөөр чөдөрлөх гэсэн оролдлого улс төрийн томчуудын зүгээс бизнесийн салбараар дамжин, үе үе илрэх болсны хамгийн бохир жишээ нь талхны үнэ ямар ч үндэслэлгүйгээр 800 төгрөгт хүрсэн явдал байлаа. Үүнд ИХН-ынхан ихээхэн хөөрцөглөж, "Үнийн өсөлтийг зогсоож чадахгүй юм бол МАХН-ын Засгийн газар огцор" хэмээн Ж.Батзандан, О.Магнай тэргүүтнүүд хошуугаа цорвойлгож байгаад хоолойгоо цахиртуулан мэдэгдэж байна. Хэдхэн сарын өмнө М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын үед "Цалин, тэтгэврийг нэмж, нийгмийн халамжийг хэтрүүлснээс үнэ өслөө" хэмээн "орилж" байсан тэд өнөөдөр болохоор өнгөө хувиргав.

Олон нийтэд таалагдахын тулд, одоогийн Засгийн газраар оролдох шалтагтай байхын тулд "Үнэ өслөө. Дагуулаад цалин тэтгэврээ нэм" хэмээн тулган шаардаж эхлэв. Нэг юмыг яаж ингэж хоёр өөр өнгөөр будаж болдгийг ойлгоход хэцүү юм.

   Араар тавьдаг авгай шиг аашлав
Энэ мэтийн томчуудын хурууны үзүүрээр хөдөлж, давалгаалж байдаг загас жараахайнуудын тэнэглэл ч яамай. Хамгийн ноцтой нь Монголын эдийн засгийг даварсан улстөрчид дуртай цагтаа хөдөлгөж, үнээр шоудан, хямрал үүсэх хэмжээнд тоглолт хийж байгаа нь харамсалтай.

Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр буудай нийлүүлж, төрийн томчууд нь гадаад, дотоодын өндөр албаныхантай ярилцан улаан буудайн гуйлга гүйн, үнийг тогтоон барих бүхий л арга хэмжээг авч байхад "Талх чихэр" ч гэж ичих булчирхайгүй "дамшиг". Аягүй бол Засгийн газрын буянаар хөнгөлөлттэй үнээр буудай авчихаад "араар тавьдаг" авгай шиг аашилж байгаа нь энэ биз.

   Сонгуулийн тоглолт ба өргөн хэрэглээний бараа
Үнэнийг хэлэхэд 2008 оны УИХ-ын сонгуулийн гол тоглолт өргөн хэрэглээний барааны үнийг тойрон өрнөх нь нэгэнт тодорхой болчихлоо. Улс төр бизнесийн олигархууд хуйвалдан, өргөн хэрэглээний хэдхэн барааны үнийг 100-200 төгрөгөөр өсгөхөд л МАХН болон С.Баярын нэр хүндэд муугаар нөлөөлнө, энэ Засгийн газрын таван төгөлдөршлийг хараар будаж амжина гэдгийг хор найруулагчид мэдэж байгаа. Богино хугацаанд олон чухал алхам хийж, түрүүчийн Засгийн газруудын алдааг залруулахаар ажиллаж буй С.Баярын танхимынханд өөр "сул тал" байхгүй байгаа нь үнэн. Эмзэг газар нь эвтэйхэн цохилт өгөхөө мэдэж байгаа томчуудын гар хурууны үзүүр үнийн өсөлтөд шууд нөлөөлж эхлэв бололтой.

   Зохиомол үнийн өсөлтөөр сонгогчдыг дарамтлав
Шулуухан өгүүлэхэд улс төрийн явуургүй зорилгодоо хүрэхийн тулд иргэн таны аягатай хоол, иддэг талханд гар дүрэхээ зарим нэгэн эрх мэдэлтэн мартсангүй. Дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ ханш алгуур боловч бууж байхад Монголд өсөөд байгаагийн цаана хэт улстөржилт нуугдаж байгаа нь эндээс харагдана. Талх, гурил, будаа ийнхүү улстөржиж буй нь хэтэвчээр нь дамжуулан сонгогчдод зүй бусаар нөлөөлөх гэсэн оролдлого юм. Сонгогчдыг ходоодоор нь хэмжиж байсан 2000, 2004 оны үйл явдал өөр байдлаар давтагдаж эхэллээ. Тухайн үед ядуу ард түмэнд үнэгүй гурил, будаа тараан саналыг нь худалдан авч байсан бол одоо хүнсний барааны үнийн зохиомол өсөлтөөр дарамтлах болов.

   Үндэслэлгүй үнэ нэмсэн компаниудын үүдэнд жагсья
Үнийн өсөлтийг хязгаарлахын тулд хийж байгаа Засгийн гаэрын оролдлого, чармайлтыг үл тоон, бизнесийг улс төрийн зорилгоор жолоодох хүртэл хэмжээнд эрх мэдэлтнүүдийн амбиц өндрөө авч байна. Өргөн хэрэглээний барааны үнийн шударга бус хөөрөгдлийн хажуугаар улс төрийн нам, хүчнүүд, төрийн бус байгууллагууд, холбоод зүгээр алхаад байх нь зүйд нийцэхгүй. Үүнд зөвхөн Засгийн газрыг буруутган асуудлыг улам бүр улстөржүүлэх ч шаардлага байхгүй. Үнээ шударга бусаар нэмж, сонгогчдын сэтгэлзүйд тоолдог хэдэн цаасаар нь дамжуулан дарамт учруулж байгаа компаниудын үүдэнд жагсаал цуглаанаа хийж, үгээ хэлэх ёстой бус уу? "Талх чихэр" компанид "Үнээ нэм" гэсэн тушаалыг энэ Засгийн газар өгөөгүй нь лавтай. Харин ч үнийн хөөрөгдлийг тогтоон барих бүх арга замыг эрэлхийлж буйг бид харж байна. Татварын өршөөл, хөнгөлөлттэй улаанбуудай, гадаадын тусламжийг үндэсний үйлдвэрлэгчдэд хандуулах гэхчлэн бүх талаар чармайн зүтгэж байхад үүнийг нь хүртсэн компаниуд харин улс төрийн зорилгоор эсрэг байр суурь баримталж байгаа нь хөөрхий.

Үндэслэлгүй үнээ нэмж байгааг үүнээс өөрөөр тайлбарлах аргагүй.

   Тэмээ гэхээр ямаа...
Ширхэг талх нь үнийг яагаад 200 төгрөгөөр өсгөснөө "Талх чихэр" тайлбарлах ёстой. Хэрэглэгчид ч үүнийг шаардах эрхтэй. Иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд ч үүнд хошуу нэмэрлэн, үнээ үндэслэлгүй нэмж байгаа компаниудад асуулга тавих боломжтой. Түүнээс биш ууланд адуу янцгаахад талд илжиг эвшээнэ гэгчээр буруутанг хайн, Засгийн газар руугаа дайрч, бүх ачааллаа үүрүүлээд байж таарахгүй.

Тэмээ гэхээр ямаа гэгчээр үнийн хязгаарлалт хийхээр оролдож байгаа Засгийн газрын эерэг алхмуудын өмнөөс ингэж "нулимах" ёс зүй хэн хэнд маань байх учиргүйсэн.

   Улстөржсөн талхны амт
Эдийн засгийн элдэв бэрхшээлийг хамтдаа туулах учиртай болохоос биш төр засгийнхаа зүг улс төрийн тэсрэх бөмбөг болгон шидлээд байх санаа Монголоос урвасан сэтгэлтэй нэгнээс л төрнө. Эсвэл Монголыг өөртөө тохирсон тогтолцоо, үйлчилгээ болгон хувиргах том сонирхолтой жижиг улстөрчдөөс л ийм үйлдэл гарна.

Талх бол улс төр биш. Тэсрэх бөмбөг бүр биш. Гэтэл талх улстөржиж гал тогооны өрөөнд маань тэсрэх бөмбөг болон дэлбэрэхийг харав. Зүсэмхэн талхаа зүй бус үнийн хөөрөгдлөөр хачирлан, улстөрчдийн увайгүй араншингаар амтлан идэхийг ард түмэн тэвчих болов уу?

Эх сурвалж: www.setguul.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.