Монгол цэрэг юу Чаддагаа харууллаа

2010/01/18
Share |
Хүмүүс:
Монгол цэрэг юу Чаддагаа харууллаа

НҮБ-ын энхийг сахиулагч, Чад улс дахь Монголын цэргийн баг өнгөрөгч долоо хоногт амиа золиослогч, зэвсэгт дээрэмчдийг баривчилсан тухай хэвлэлүүд мэдээлсээр байна. НҮБ-ын Аюулгүй байдлын албаныхан  монгол эрсийн эр зориг, ур чадварыг  үнэлж буйгаа илэрхийлж, “Ямар ч нөхцөлд итгэж болох нөхөр” хэмээн зарлажээ. Зэвсэгт дээрэмчид Ириба хот дахь олон улсын хүмүүнлэгийн CARE байгууллагыг дээрэмдэж, Тулум дүрвэгсдийн хуаранг сүйтгэхээр явж байхад нь манай улсын энхийг сахиулагчид орон нутгийн цагдаа нартай хамтран мөргөлдөөнийг зогсоож чадсан юм. 

Чад улс дахь энхийг сахиулах үйлсэд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа дайчдын нэг, тасгийн захирагч ахлах ахлагч Г.Мөнхгалын эхнэр А.Даваахүүтэй ярилцснаа хүргэе.

-Монгол цэргийн баатарлаг гавъяаг дэлхий дахинаар сайшааж байна. Ахлах ахлагч Г.Мөнхгалыг тэргүүн эгнээнд явж, мөргөлдөөнийг зогсооход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн тухай удирдлагууд нь хэлж байна?
-Мөргөлдөөн гарсны маргааш зурагт үзээд сууж байтал “Чад улс дахь монголын энхийг сахиулагчид зэвсэгт дээрэмчдийг саатууллаа” гэсэн мэдээ харсан. Үүргээ сайн гүйцэтгэж яваа миний хань, төрийн цэрэг Галаагаараа тэр үед маш их бахархсан. Монгол цэрэг хаана ч байсан тухайн нөхцөлд нь амархан дасч, албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж чаддаг “ясны чанар”-тай. Мөргөлдөөний маргааш өдөр хүү маань “Миний аав дайсныг буудаад, буудаад” гэж тоглоод байсан. Тэгсэн удалгүй зурагтаар энэ тухай мэдээлэл гарсан. Хүү маань аавыгаа зэвсэгт дээрэмчидтэй тулгарсныг зөнгөөрөө мэдсэн шиг байна. Аз болоход, мөргөлдөөний үед хүний амь эрсдээгүй гэнэ лээ.

-Нөхөртэйгээ холбоо барьсан уу?
-Хааяа л нэг  мессеж бичиж, утсаар залгадаг. Онцгой албан үүрэг гүйцэтгэж байгаа болохоор байн байн яриад байх боломжгүй. Хамгийн сүүлд шинэ жилээр ярьсан. Ярих бүртээ “Та хоёр минь сайн биз дээ. Хүүгээ санаад байна. Угаагаагүй цамцыг нь өгөөд явуулчих” гэдэг юм. Саяхан хүүгийнхээ өмсч байсан цамцыг өгч явуулсан.

-Чад улс дахь цагийн байдлын талаар танд ярьдаг уу?
-Цэргийн нууц чанд хатуу шүү дээ. Хань маань цэргийн  зохион байгуулалтаар, хүнд нөхцлийг эрсдэлгүйгээр давж чаддаг тийм л чадвартай хүн. Ханиараа их бахархаж байна. Цэргийн хүн болоод ч тэр үү, би нөхрөө ямар нөхцөлд ажиллаж байгааг сайн ойлгодог, мэддэг. Тийм  болохоор “Чад улсад байдал ямар байна вэ” гэж асуудаггүй. Тэр маань эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай, цэргийн хүн учраас ямар ч хүнд нөхцлийг даваад гарах чадвартай байх ёстой. Гэхдээ л түүнийгээ санаж, сэтгэл зоволгүй яахав. Цэргийн биш энгийн гэр бүлийн хүнийг бодвол бид нэлээн хатуужилтай гэр бүл.

-Та өөрөө цэргийн хүн гэлээ. Хаана алба хашдаг вэ?
-ЗХЖШ-ын 150 дугаар ангид буудагчийн алба хашиж байна. Ахлагч  цолтой. Нөхөр бид хоёр  2000 онд БХИС-ын ахлагч бэлтгэх сургалтад нэг ангид хуваарилагдаж танилцсан. Сургуулийнхаа бүжгийн тэмцээний алтан портнер нь бид хоёр байлаа.Одоо хөөрхөн хүүтэй. Хүүг маань М.Итгэл гэдэг. Бид хоёр хүүдээ цэргийн тухай ямар нэгэн зүйл хэлж өгөөгүй байхад л өөрөө сурчихсан байдаг. Хүнтэй ёсолж мэндэлнэ, марш алхана, бас командлана шүү дээ. Нөхөр маань гадаадад томилогдох бүртээ хүүгийнхээ гутал, цамцыг авч явдаг юм.

-Ахлах ахлагч Г.Мөнхгал цэргийн удам дагасан гэсэн?
-Манай хадам аав, ээж хоёулаа цэргийн хүн л дээ. Нөхрийн маань ах, эгч бүгд ч гэсэн цэргийнх.

-Цэргийн гэр бүл байх нь бусдаас арай онцлогтой байж таарна. Хатуужилтай, захирангуй гэх мэт?
-Ажил бол ажил. Бид хоёулаа цэргийн хүн гээд гэртээ ирээд захираад командлаад байхгүй шүү дээ. Цэрэг байна гэдэг маш их бахархалтай. Эх орныхоо аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ амжилттай гүйцэтгэж чаддаг хүмүүс бол цэргүүд. Тэд цагийн байдал цөвүүн байгаа дэлхийн ямар ч улс орны нөхцөлд дасаж, гарсан мөргөлдөөнийг амжилттай зогсоож чаддаг.

-Ахлах ахлагч Г.Мөнхгалыг дэлхийн улс оронд энхийг сахиулах ажиллагааны “нэгдүгээр” хүн гэдэг юм билээ?
-Бид хоёр цэргийн байгууллагад 10 гаруй жил ажиллаж байна. Ер нь ганцхан Г.Мөнхгал гэлтгүй ЗХЖШ-ын 150 дугаар ангийнхан ур чадвар, эр зоригоороо бүхний анхдагч байж чаддаг. Дэлхийн улс орны халуун цэг дээр алба хаах эхний ээлжийн дайчид ямагт манай ангиас явдаг гэсэн үг.  Нөхөр маань  2003 онд Ирак,  2005, 2007 онд Серра-Льеон, 2009 онд Чад улсад энхийг сахиулах ажиллагааны нэгдүгээр ээлжид хуваарилагдсэн. Энэ хугацаанд албан үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирсэн хүн дээ. 

-Та өөрөө гадаадад энхийг сахиулж байсан уу?
-2002 онд Бангладеш улсад энхийг сахиулах ажиллагааны сургалтад сууж байснаас биш эр нөхөртэйгээ гадаадад мөр зэрэгцэн алба хааж байгаагүй.

-Цэргийн гэр бүлийн ар талыг хэн авч явж байна вэ. 2008 оны цэргийн мэргэжлийн шилдэг, элит гэр бүлээр тодорч байсан билүү?
- Энэ бол  бидний мөрөөдлийн ажил байсан учраас нэг их асуудал гараад байдаггүй ээ. Хүүг маань эмээ нь харчихдаг учраас бид үүргээ л сайн гүйцэтгэх ёстой. ЗХЖШ-аас албан үүргээ сайн гүйцэтгэж буй залуу гэр бүлийг дэмждэг. Жил ирэх тусам тэр дэмжлэг улам л сайжирч байгаа.

-Энхийг сахиулагч, ахлах ахлагч Г.Мөнхгал цөөнгүй удаа гадаадад томилогдон ажиллажээ. Дайчид нэг удаа гадаадад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод л  орон сууцтай болчихдог гэсэн?
-“Иракт алба хаасан дайчид бүгд байр авсан гэнэ” гэсэн яриа иргэдийн дунд гарч л байдаг. Гэхдээ орон сууц автлаа тийм өндөр хэмжээний цалин авдаггүй. ЗХЖШ-ын  албан хаагчдаа зориулсан орон сууцанд бид амьдардаг. 150 дугаар ангийн удирдлагууд энхийг сахиулагчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаардгийг энд хэлэх хэрэгтэй.  Тэд албан хаагчдадаа зориулан 50 айлын орон сууцыг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан юм.

-Чад улсад албан үүрэг гүйцэтгэгчид  хэзээ халагдаж ирэх вэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сард томилогдсон. Хэзээ ирэхийг нь сайн мэдэхгүй байна.  Зургаа эсвэл есөн сар албан үүргээ гүйцэтгэнэ гэж байсан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.