"Симба" Ц.Батаа: БИ 40 МЯНГАТАД ТӨРЖ, ӨССӨНӨӨРӨӨ БАХАРХДАГ

2010/01/18
Share |
Хүмүүс:

-”Симба” Батаа хаана явна вэ? Улаанбаатарт байна уу?
-Хаврын тариалалтын ажил дөрөвдүгээр сард эхлэхэд гэрээсээ гараад намар арваннэгдүгээр сард ургацаа хурааж  дуусаад Улаанбаатарт  ирдэг. Тэгээд л машины утаа, түгжрэл гээд нэгэн хэвийн амьдралдаа эргэн ордог.

-Эзгүй хойгуур чинь сонин хэвлэлээр элдвээр бичээд байсан. Тариан талбай дээрээ зуныг барж байгаа хүнийг  ноцтой шалтаг байгаа учраас л зохион байгуулалттайгаар гүвсэн байх даа?
-Бидний талаар ганц нэг сонинд сайн, муу хэлэхийг тоодоггүй, хэвлэлтэй зууралдах завгүй явдаг. Гэтэл саяхан нөгөө сонины материал чинь телевизийн нэвтрүүлэг болчихсон, түүнийг хийсэн сэтгүүлч нь оны шилдэг гээд шагнал авахаар  зогсож байна гэсэн дам  сураг сонслоо. Тэгээд хэн бичүүлэв, яав гээд сураг тавьтал сүүлд танилцсан, манай байгууллагад  өртэй нөхөр маань мөнгө өгч, захиалгаар бичүүлсэн байна. Өрөө төлөхгүй санаатай юмсан уу, эрхэм нөхөр маань намайг элдвээр гүжирдэж гарчээ. Рецедив гэж хүртэл цоллосон байна. Өөрөө энэ үгээ ойлгож байгаа юм болов уу? Ямар боловч энэ үгээ шүүхийн өмнө тайлбарлана биз.

-Ингэхэд Ц.Батаа гэдэг хүн хэн бэ? Бага насаа хаана өнгөрөөв. Аав, ээжийнхээ тухай...? 
-Улаанбаатар хотын төв, одоогоор “Номин” компанийн хувьчилж авсан өн-дөр хоршооны зүүн талд номын сан, үсчинтэй байранд миний бага нас, дунд сургуулийн он жилүүд өнгөрсөн. Манай гэрийн бүх цонх өндөр хоршоо руу харсан байрны гуравдугаар давхарт амьдардаг байв. Хот, хөдөөгийн том жи-жиг, хөгшин залуу бүх хүн энэ дэлгүүрээр үйлчлүүлж, наймаа панз үсэргэнэ. Тэр болгоныг харж  өссөн дөө.

-Их дэлгүүр гэдэг их хөлийн газрын тэр үеийн дүр зургийг эргэж дурсаач?
-Бэргэж гайхсан, айж сүрдсэн нь андашгүй хөдөөний хүмүүс их орж гарна. Догширсон худалдаачин, архи тамхи хэрэглэдэг хүмүүс ч олон байх. Хамгийн сонирхолтой нь халагдсан хугацаат цэргүүд дэлгүүрээр орж, ах дүү амраг садандаа бэлэг сэлт базаах. Хүрлэгэр сайхан залуус бөөнөөрөө хүрч ирнэ. Барилгын цэрэг арай хожуу наймдугаар сард халагдаж, татагддаг байсан санагдана. Яагаад ч юм манай цонхны доогуурх шатан дээр тэд эгнэн сууж, зарим нэгнээ дуудан, заримтай нь болзож уулздаг байсан. Хүүхдүүд бид ч зүгээр суухгүй дээрээс нь ус асгаж, тагтааны өндөг шидэх зэргээр янз бүрээр л зүггүйтнэ.

-Танай үеийнхэн өдрийг яаж өнгөрөөдөг байв? Яг хотын төвд хүүхэд насаа өнгөрөөх чинь нэг талдаа их сонирхолтой санагдлаа?
-Үндэсний телевиз тэгш тоотой өдөр гардаг байсан. Бусад цагт хичээлээ хийж дуусаад хөндлөн байрандаа мөнгө тоглож, нуугдаж тоглон цаг өнгөрөөдөг байлаа. Их дэлгүүрт орж нуугдах нь тоглоомын хувьд хориотой ч хоёр гурваараа дэлгүүр лүү орж тоглон орой 22 цагт хаахад л гэртээ орох цаг болжээ гэдгээ ойлгоно. Эцэг эх ажил ихтэй, зарим үед гэртээ ирэхэд нь байхгүй байдаг учир зэмлэл хүртэнэ.

-Ах нарт их дээрэлхүүлдэг байв уу?
-Өглөө эрт хичээлдээ явна гэдэг хамгийн том ажил. Бараг орц бүрийн үүдэнд цүнхээ шалгуулаад төв замаар гарч 1-р сургууль хүрэх зуураа том ангийн ах нартаа бас л шоглуулна. Сургуульд хүргэж өгөх, авах завтай хүн үгүй учир нэгдүгээр ангиасаа л бараг биеэ даан амьдрах ёстой болсон.

Хүүхэд болохоор байнга гэртээ байж чадахгүй тоглож, наадах хэрэг гарна. Манай байранд МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Лувсанравдан, ардын багш Хишигбуян гуайнхаас эхлээд хөмсөг Түмэнбаяр тэргүүтэй халхын шоронгийн дарга, цэргүүд гээд янз бүрийн  хүмүүс амьдардаг байлаа. Улаан номертой дарга нар бидэнтэй харьцах биш харин шат шатны “дарга” нарт задгай мөнгө, загас жараахай, гэрээсээ ус талх гаргаж өгөн  татвар төлөх нь ердийн амьдралын хэв маяг байсан. Харин томчуул нь биднийг хаа нэг архи, тамхинд гүйлгэхээс өөр нэг их юм  шаарддаггүй байлаа. Харин “Сайн эр болоорой, аавын хаалга татаж болохгүй шүү, эрдэм сайн сур” гэж  сургааль айлдана. Үнэндээ тийм замбараагүй байгаагүй юм шүү. Би 40 мянгатад төрж, өссөнөөрөө бахархдаг. 40 мянгат бол утаа униаргүй, гэрэл гэгээтэй хүүхэд нас минь юм. Би заавал хоньчин, тугалчин байх ёсгүй гэдгээ сайн мэддэг. 40 мянгатад төрж, өссөнийхөө төлөө рецидив гэж дуудуулах ёстой гэж үү?

-”Симба” Батаа онгоц унагасан тухай сүрхий дуулиан дэгдэж билээ. Тэр талаар сонирхмоор байна?
-Намайг онгоцны жолооч мэтээр бичиж, онгоц унагаасан гэсэн байна. Уг нь миний тухай бичсэн сэтгүүлч намайг  Алма-Ата хотод театр киноны мэргэжил эзэмшсэн гэсэн хэрнээ араас нь “Онгоц унагааж улсад хохирол учруулсан” гэх нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг санагдах юм. Тэр онгоцонд Монголд хөрөнгө оруулалт хийх хүмүүс болон банкны ажилчид, уул уурхай, спиртийн үйлдвэрийн эзэд явсан юм. Дандаа залуу улс байсан. Амьд гарсандаа бурхан тэнгэрт их баярлаж байсан.

-Өөрөө нэг хар малгай өмсчихсөн дурангийн өмнө их “хөндлөн” байсан даа. Дургүй ч хүрмээр юм шиг харагдаж байсныг санаж байна?
-Тэр чинь нөхцөл байдлаас болж дэглэсэн бяцхан жүжиг байсан юм.  Гадаадын нөхдүүдийг маань түр хугацаагаар хорих магадлал өндөр байсан учир би өөр дээрээ анхаарлыг татахаар дуулиан шуугиантай хэвлэлийн хурал хийсэн. Сэтгүүлчид намайг анхаараад нөхдийг хараанаасаа гаргачихгүй юу. Онгоцны асуудал тухайн цагтаа шалгагдаад шийдэгдчихсэн зүйл. Онгоцны мөнгө төлсөн баримт, гэрээ бүгд хуулийн байгууллагуудад бий.

-”Химийн шингэн” гэдэг компанийн тухай их ярих юм. Ямар учиртай юм бол?
-Энэ бол гурав дахь гүжирдлэг.  “Химийн шингэн” ХК гэж олон дахин бичлээ. Удаан хадгалсан бензин шатахууныг сэлгэдэг. Шатахуун  ууршина. Зарим үед усждаг ч талтай. Тийм болохоор Оросууд тусгай давхар савтай, төвийн халаалт, устай, худагтай хоёр давхар нөөц цахилгааны монтажтай, бага октантай конденсатын бензин нэрдэг үйлдвэрийг хамгийн сүүлд барьж өгсөн  юм. Одоо зургаан тэрбум төгрөгөөр ч ийм үйлдвэр, объект барьж чадахгүй. Даан ч улс төржөөд бид ч ашиглахгүй, улс ч ашиглахгүй өдий хүрлээ. Литр нь 700 төгрөг байсан бензин шатахууны үнэ 2000 төгрөг хүртэл өссөн нь эдийн засгийн хямралаас шалтгаалсан. Бид төлөх ёстой төлбөрийнхөө 50 хувийг төлсөн. Цаашид ч барагдуулах болно.

-Нам хэссэн гэж нэлээд буруутгасан байсан. Таны насан дээр, тухайн үеийн улстөрийн нөхцөлд нам солих нь буруу шийдэл байсан байх. Яагаад ийм  алхам хийв?
-Болчимгүй шийдэл биш юм. Юм гэдэг их учиртай.  “Иргэний зориг” нам Ардчилсан намтай нэгдэж эвсэл болон 2004 оны сонгуульд оролцсон. Гол уриа нь хүүхдэд 10.000 төгрөг өгнө гэсэн. Үүнийгээ бид тоть шиг давтсаар хоёр жил болоход нөгөө мөнгө нь байдаггүй ээ. Хоёр намаас хүүхдийн мөнгө өгөхгүй байх, улс төрийн ашиг хонжоо хайсан өөр шийдлүүд эрэлхийлсэн  хүмүүс олон байсан.  Хэлсэндээ хүрэх сонирхолтой бидний арваад гишүүн олон хоног хэлэлцсэний эцэст Хувьсгалт намд дагаар орж шинэ Засгийн газар байгуулж хүүхдийн мөнгийг олгуулахаар тохиролцсон. Цагаа болохоор ганцхан Батаа л ярьж тохиролцсоноороо МАХН-д орж, бусад нь бултаж үлдээд дарга, сайд болсон. Их хурлын гишүүдийн олонх нь дэмжиж Ерөнхий сайд асан М.Энхболдын Засгийн газар түүхэндээ анх удаа хүүхдийн  мөнгө бэлнээр өгч эхэлсэн. Миний бие амласнаа биелүүлж МАХН-д элссэнээрээ нэр төрөө муутгасан. Зүй нь ярьж тохирч, байгуулсан гэрээнээсээ буцсан нөхөд л шогийн л доо. Надад айгаад, амиа хоохойлоод, намчирхаж хуваагдаад байх шаардлага байхгүй. Хэлсэн, хийсэн. Ухарч няцаагүй. Эр хүн шиг л байсан.

-Дүү нар чинь бас чих халууцуулаад байна уу? Сонины нийтлэлээс тэгж ойлгосон.
-Миний дүү нар бие даасан, амьдралаа авч явах чадвартай, зөв хүмүүс. Би дүү нараа ажилд аваач гэж хэнээс ч гуйж яваагүй. Тэд Европт боловсрол эзэмшсэн, ажлаа сайн хийж байгаа. Улсаас 10 төгрөг ч идээгүй, луйвардаа-гүй  гэдгийг мэдэж байна. Оны шагналт сэтгүүлч маань яагаад ингэж гүжирдэх болсноо  хуулийн байгууллагын өмнө тайлбарлах байлгүй.  Миний аав сэтгүүлч хүн байсан. Тийм болохоор би сэтгүүлчдийг хайрлаж хүндэлдэг.  Аахар шаахар алдааг нь  тоодоггүй, хэл ам хийдэггүй. Гэхдээ удаа дараа бусдын гар хөл болж, ёс зүйгүй загнаж байгаа хүнээс хэлсэн, бичсэнээ батал нотол гэж шаардах нь миний хууль ёсны эрх байх

Д.ТӨМӨРБААТАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.