Төрөөс төрсөн тэрбумтан буюу Монголын төрөөр даажигнагч

2010/01/18
Share |
Хүмүүс:
Төрөөс төрсөн тэрбумтан буюу Монголын төрөөр даажигнагч

Хэнд эрх мэдэл байна, тэр хүн юу дуртайгаа, бүр хуулиас гадуур ч зүйлийг хийж болдог болсон цаг. Тиймээс ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт эрх мэдэлтнүүд холбогдож, хууль зөрчигчдийг эрх мэдэлтнүүд л тэргүүлэх болсоор удаж байна. Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо авлигачдын толгойг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ гэж ард түмэндээ амлалт өгсөн. Түүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд авлигыг хязгаарлах талаар олон зоригтой алхам хийнэ гэж олон нийт хүлээж байгаа ч тэрээр авлига, албан тушаалын хэрэгт гаршсан хүмүүсээр өөрийнхөө тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг дүүргээд байгаа нь тун харамсалтай. Ерөнхийлөгчийн хажууханд албан тушаалын алдартай гэмт хэрэгтнүүд хариуцлагатай алба хашиж, хар толгойгоо хаацайлж суугааг төр засаг, иргэддээ дэлгэж тавих нь сэтгүүлчийнхээ хувьд нийгмийн өмнө хүлээж буй үүргээ биелүүлж буй явдал хэмээн үзэж,  төрөөс төрсөн тэрбумтан буюу Монголын төрөөр даажигнагч Батын Хурц мэтийн хүмүүсийн үйлдсэн хэргийн талаарх баттай баримтуудыг гаргаж тавихыг зорилоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Мэдэхгүй болохоороо ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх төрийн хар хайрцагны бодлогыг сахин сууж байдаг хариуцлагатай албан тушаалд томилуулан ажиллуулаа биз ээ. Гэхдээ энэ хүнийг томилохоосоо өмнө түүний тухай ядаж холбогдох албаны хүмүүст танилцуулсан л баймаар…

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод “төрөөс төрсөн тэрбумтнуудыг зайлуулна” гэж их ярьдаг болсон. Гэвч төрөөс төрсөн тэрбумтнуудыг өөрөө ивээлдээ авч, хаацайлж суугаа болохоор шударга үнэнийг тогтооно гэсэн үйлсдээ амжилт гаргаж чадах юм болов уу даа.

Б.Хурц нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төсвийн ерөнхий менежер, Ажлын албаны даргаар томилогдсон хүн гэнэ. Улс орны аюулгүй байдлын амин судсыг атган сууж буй энэ хүн хууль бус үйлдэл хийхдээ гаршсан нэгэн болох тухай үнэмшмээргүй үнэнүүдийг энд өгүүлье.

Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц хэмээх энэ эрхэм Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа авлигачидтай хүзүү сээрээрээ холбогджээ. Түүнийг Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж ажиллаж байхад буюу 2005 оны дөрөвдүгаар сард Говь-Алтай аймаг дахь Гаалийн хорооны байцаагч О.Амгаланбаатар, Б.Отгонпүрэв нар Бургастайн боомтоор найман “Камаз” машин бохир ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг хууль хяналтын байгууллагын ажилтнууд илчилж, 2005 оны зургадугаар сарын 28-ны өдөр эрүүгийн 20546210 дугаартай хавтаст хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ үед  буюу 2005 оны есдүгээр сард О.Амгаланбаатар, Б.Отгонпүрэв нар нь холбогдсон хэргээ хэрэгсэхгүй болгуулахын тулд Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Б.Хурцад арван жилийн сургуулийнх нь нэг ангийн найз болох Батдэлгэрээр дамжуулан 50 сая төгрөг бэлнээр өгчээ. Дээрх хүмүүс бусдад хээл хахууль өгсөн гэмтэй ч тэдний хориглосон бараа бүтээгдэхүүнийг улсыг хилээр  хууль бусаар нэвтрүүлсэн энэ үйлдэл Б.Хурцад албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига нэхэх таатай нөхцөл болсон байхыг үгүйсгэх аргагүй.  Булавч бултайна гэгчээр авлига өгсөн, авсан эл хэргийг хууль хяналтын ажилтнууд илчилж, эрүүгийн 20546210 дугаартай хавтаст хэрэгт нэгтгэн шалгажээ. Энэ үеэс эрүүгийн 20546210  дугаартай хавтаст хэргийн Б.Хурцад холбогдох гэмт үйлдлүүд нэлээд зузаарсан байдаг. Ингээд 2006 оны долдугаар сарын 4-ний өдөр Б.Хурцад холбогдох бусдаас хээл хахууль авсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, улстөрч У.Барсболд, М.Энхболд нарын албан тушаалтнуудыг хууль бусаар тагнаж чагнасан, Зайсан дахь байрныхаа харуулд  агсам тавьж, гар буу гарган зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг тусгаарлан, эрүүгийн 20643133 дугаартай хавтаст хэрэг үүсгэн, шалгаж байгаад хэрэгсэхгүй болгуулах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг. Бусдаас хээл хахууль авсан хэргийг прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ. Энэ шийдвэрийн цаана хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд гаж тогтолцоо үүсгэн, буруу практик тогтоож мэдэх алдаа байгаа нь харамсалтай.

Б.Хурцын хээл хахууль авснаас бусад үйлдлийг 2006 онд УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хууль зүйн талаас нь авч үзвэл өршөөлд хамруулна гэдэг бол тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа хэрэг. Гэмт хэрэгтнийг л өршөөдөг болохоос гэм хийгээгүй хүнийг цагаатгадаг. Б.Хурцад холбогдох эрүүгийн дээрх гэмт үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүн нь сар гаруйн өмнө буюу Ардчиллын 20 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор шагнасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсай гэгч.

Энэ мэтээр хэн нэгэн албан тушаалтны өдүүлсэн гэмт хэргийг ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөн шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн прокурор, шүүгчдийг төрийн дээд одонгоор шагнаж, нөгөө сэжигтэн, яллагдагч байсан хүмүүс нь ичгүүргүйгээр өөрөө тэр одон тэмдгийг гардуулж өгч байгааг олон нийт таашаахгүйгээр барахгүй жигшиж байгаа.

Дашрамд дурьдахад, холбогдох хууль хяналтын байгууллагууд саяхан Б.Хурцад холбогдох 50 сая төгрөгийн хээл хахууль авсан хэргийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэснийг сэргээн шалгуулахаар, тухайн үед чухам юу болоод өнгөрснийг дүгнэлт гарган тогтоолгуулах гэхэд, нотлох баримтыг хадгалж буй байгууллага нь “төрийн нууц” гэсэн нэрийдлээр шалгах ажиллагаанд саад учруулжээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгахад ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагад Холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах нь төрийн нууцыг хамгаалж байгаа хэлбэр бус, гагцхүү  ийм увиагүй байдлаар Б.Хурц гэдэг хүнийг хамгаалсан л ажиллагаа юм.

Б.Хурцад 50 сая төгрөгийн хээл хахууль өгсөн О.Амгаланбаатар, Б.Отгонпүрэв нарын бохир ноолуур хууль бусаар хил гаргасан гэмт явдал Засгийн газрын тогтоолоор ноолуурын гаалийн татварыг тэглэх шийдвэр гарснаар хэрэгсэхгүй болжээ.  Хээл хахууль өгсөн хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх ёстой ч явсаар байгаад мөн л замхарсан байна.

Энэ баримтуудад итгэхгүй хүн байх аваас холбогдох байгууллагуудын архивт хадгалагдаж буй дээрх эрүүгийн хавтаст хэргүүдийг олж үзэж болох юм шүү.

Б.Хурц нь одоогийн албан тушаалдаа томилогдохын өмнө БНСУ-ын Сөүл хотод МИАТ-ын Ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.

МИАТ компанийн одоогийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэ тус компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа буюу 2008 оны долдугаар сарын 4-ний өдөр “Сөүл-Улаанбаатарын чиглэлд ачаа хэлбэрээр тээвэрлэх тээшийг тээвэрлэх тухай түр журам” гэгчийг гарган, гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Энэхүү гэнэтийн түр журам мөн оныхоо долдугаар сарын 1-нээс буюу баталсан өдрөөсөө гурав хоногийн өмнөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байгаа юм. Үнэн хэрэгтээ энэхүү журам нь Сөүл хот дахь МИАТ-ын ерөнхий төлөөлөгч Б.Хурцад давуу байдал олгож, энэ хүний халаасыг түнтийлгэх зорилготой гарчээ. Энэ нь ч илэрч, эдүгээ МИАТ компанийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэд холбогдуулан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.

Р.Бат-Эрдэний гаргасан түр журмын гол агуулга нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр 8000 вон байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилж, журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байхаар цагаан цаасан дээр хараар бичжээ. Тэрээр МИАТ компаниар Монгол руу тээвэрлэх ачааны үнийг 1.2 ам.доллар болгон бууруулах санал гаргаж дэмжүүлсэн нь энэ. Ерөнхий төлөөлөгч Б.Хурцын хамаатан болох, Монгол руу карго хүргэх үйлчилгээ эрхэлдэг нэг л хүнд  энэ журам үйлчилж, бусад каргоны үйлчилгээ эрхлэгчдэд найман ам.долларын ханш үйлчилжээ.

Ийнхүү түр журам гаргуулсныхаа дараа Б.Хурц МИАТ-ын нислэгээр ачаагаа тээвэрлүүлэх сонирхолтой карго эрхлэгчдэд нэг кг тээшний үнэ 8000 вон байснаа найман ам.доллар болсныг дуулгаж, МИАТ-ын нислэгээр ачаагаа тээвэрлүүлэх эрх олгожээ. МИАТ-ийг найдвартай гэж боддог карго эрхлэгчид энэ саналыг дуртай зөвшөөрчээ. Ингэхдээ ноён төлөөлөгчийн далд санааг ч, түр журам гарч, нэг кг тээшний үнэ 1.2 ам.доллар болсныг ч мэдээгүй байсан гэдэг.

2008 оны долдугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл түр журам хэрэгжих хугацаанд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн МИАТ компанийн нислэгээр 90 мянга орчим кг ачаа тээвэрлэгдсэнийг одоогоор хууль хяналтын байгууллага тогтоогоод  байна. 90 мянга гаруй кг ачааг найман мянган воноор үржүүлэхэд чамгүй их мөнгөний тоо гарна. Бүр тэрбум, тэрбумаар тоологдох мөнгөний тооцоо гараад байгааг хууль хяналтын байгууллагынхан шалган тогтоож буй гэсэн мэдээлэл байна. Улсад хохирол болон учирсан, хоолныхоо мөнгийг залгуулах гэж ядаж яваа жирийн иргэдээс завшсан энэ мөнгө ямар хүмүүсийн халаасыг зузаалсан нь тодорхой.

Сөүл хот дахь ерөнхий төлөөлөгчдөө ийм давуу байдал олгосныхоо төлөөсөнд эдүгээ Р.Бат-Эрдэнэ Б.Хурцын Зайсангийн аманд хууль бусаар босгосон хотхонд амьдарч буй. МИАТ компанийн гүйцэтгэх захирал нь тэр үед эдүгээ Газрын тосны газрын дэд даргаар ажиллаж буй Б.Эрдэнэбилэг байв. Гүйцэтгэх захирлаа байсаар байхад яагаад дэд захирал Р.Бат-Эрдэнэ түр журам гаргах болов гэдэг асуудал сонирхол татаж байгаа юм.

Харин Б.Хурц яагаад гэнэт МИАТ-ын Сөүл дэх ерөнхий төлөөлөгчөөр томилогдох болсон нь бас учиртай. Б.Эрдэнэбилэг 2005 онд гаалийнхны хэрэг гэсэн тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байсан Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарт үзэг, виски зэрэг 400 гаруй ам.долларын бэлэг сэлт өгсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Б.Хурцад шалгагдаж байгаад, энэ хэрэг замхарчээ. Үүний дараа 2006 онд Б.Хурц ажилгүй болоход Б.Эрдэнэбилэг бэлэг сэлтний хэргийг замхруулж өгсөн ачийг нь санасан уу яасан МИАТ-ын Сөүл дэх ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байсан хүнийг гэнэт ажлаас нь өөрчилж, Б.Хурцыг оронд нь томилсон түүхтэй юм билээ.

Б.Хурцын талаарх өөр нэгэн ноцтой баримт бол дэлхийд хамгийн анх зарлигаар дархлагдсан Богдхан уулын хормойд мөнгөөр зодсон тансаг хотхоныг босгосон явдал.  Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дархан цаазтай газарт зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр л газрын зөвшөөрөл олгож буй. Энд ямар ч орон сууцны хотхон байгуулах ёсгүй юм. Гэтэл Богд уулын энгэрт хууль бусаар газар авч, орон сууцны барилга барьсан том толгойтой компаниудын нэг нь “Сарнайх”. Нэр нь маш гоё боловч нэдэр дээрээ алхам тутамдаа хууль бус үйлдэл хийж явдаг энэ компанийн нууц ноёнтон нь Б.Хурц гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Б.Хурцын эхнэрийнхээ нэрээр нэрлэсэн энэ компани дархан цаазтай Богдхан уулын энгэрт хууль бусаар орон сууцны барилга барьсан нь өнгөрсөн зун болсон үерээр хувь хүмүүс болон улсад олон сая төгрөгийн хохирол учруулсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид дүгнэлтээрээ баталжээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид 2009 оны наймдугаар сарын 24-нд дүгнэлтээ гаргасан бөгөөд “Сарнайх” компани Хот байгуулалтын тухай хуулийн хэдэн хэдэн заалтыг ноцтойгоор зөрчин, голын гольдрилыг далдалж суваг барьнаас болж үерийн ус сайрандаа багталгүй халин урссаныг дүгнэлтэд онцолсон байв. Нэгэнт мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр том толгойтой “Сарнайх” зэрэг компаниудын буруугаас болж гамшиг нүүрлэсэн нь тодорхой болсон тул хохирсон байгууллага, иргэд хохирлоо нэхэмжлэн, Хан-Уул дүүргийн шүүхэд хандчихаад байгаа юм. Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Хот байгуулалтын тухай хуулийн тодорхой заалтууд мөнгөтэй, эрх мэдэлтэй Б.Хурцын өмнө ийнхүү хүчгүйдсэн байна. Зарлигаар дархалсан газарт хууль бусаар барьсан “Сарнайх” орон сууцны хотхоныг улсын нэр барьсан хоёр ч комисс “Ок” хэмээн хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 12 айлд нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаад өгчихсөн байгаагаас харахад мөнгө бүхнийг дийлдэг болсон гэлтэй. Хууль бусаар сүндэрлэсэн энэ хотхонд дээр дурьдсан МИАТ-ын захирал Р.Бат-Эрдэнээс гадна Б.Хурцтай хууль бус үйлдлээрээ нэгдсэн, ашиг сонирхол нэгтэй янз бүрийн нөхдүүд амьдран суудаг аж.

Дашрамд дурьдахад, Зайсангийн аманд босгосон орон сууцны хорооллуудыг хууль ёсных болгохын тулд Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчлөх тогтоолын төслийг нэр бүхий гишүүн УИХ-аар гаргуулахаар лобби хийж явна гэсэн мэдээлэл байна. Монголын төрөөр даажигнасан гэмт хэрэгтнүүдийн өмнө УИХ хүчин мөхөсдөхгүй л байгаасай. УИХ-д шударга гишүүд олон бий гэдэгт найдаж байна.

Төрөөс төрсөн тэрбумтан Б.Хурцын бас нэг луйврын бай нь  Нийслэлийн Баянзvрх дvvргийн дөрөвдvгээр хорооны нутагт байх цэлийсэн том хөл бөмбөгийн талбай.  Уг нь энэ газар “Найрамдал” нэртэй спорт цогцолборын талбай байсан юм.  Хүмүүс хөлбөмбөгийн талбай гэж нэрлэж заншсан “Найрамдал” спорт цогцолборын талбай МYЭ-vvдийн холбооны мэдлийнх байж байгаад МYЭ-vvдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөлгөөний 2002 оны 09 дvгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “Ану сервис “ ХХК-д худалджээ.  Ингээд Нийслэлийн Засаг даргын 2003 оны зургадугаар сарын 9-ний 248 дугаар захирамжаар 26952 ам метр газрыг хөлбөмбөгийн талбайн зориулалтаар “Ану сервис” ХХК-д эзэмшvvлэн, газар эзэмшvvлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл “АНУ сервис” компани энэ газрыг Б.Хурцд шилжvvлсэн байна. Yvний дагуу Yл хөдлөх эрхийн хөрөнгийн бvртгэлийн газраас иргэн Б.Хурцад vйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон аж.

2004 онд Нийслэлийн газрын албанд “Ану сервис” ХХК болон иргэн Б.Хурц нар газар эзэмших эрхээ шилжvvлэхээр гаргасан хvсэлтийг судлан vзэж Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 455 тоот захирамжаар Б.Хурцад 26952 ам метр газрыг орон сууц, vйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшvvлэхээр шийдвэрлэжээ. Гэвч үүнээс хойш энэ газар Б.Хурцаас “Эрин интернэшнл” ХХК-д,  “Эрин интернэйшнл” ХХК-иас БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зvvн ази хөгжил” компанид шилжсэн байна. Одоо энэ газарт юун хөлбөмбөгийн талбай барих, барилгын ажил эхлүүдээд, тал талаас нь дайраад эхэлчихсэн байна лээ.

Газрын наймааны энэ өгөө, аваанаас их хэмжээний авлига үнэртэж буй нь хэнд ч ойлгомжтой бөгөөд, бүр тодруулбал, энэ газрыг МYЭ-vvдийн холбоо 2002 онд “АНУ сервис”-д 105 сая төгрөгөөр борлуулсан бол “АНУ сервис” Б.Хурцад 300 сая төгрөгөөр, Б.Хурц “Эрин интернэшнл” ХХК-д 410 мянган ам.доллараар худалджээ.  Чамгүй их мөнгө унагаж чадсан байгаа биз. Гэвч энэ орлогоосоо улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй байсныг хууль хяналтын байгууллагууд хожим илрүүлж, Б.Хурцаар зохих татварыг нөхөн төлүүлсэн баримт байна.

Дээрх байгууллага, хүмүүс талбайг наймаалцсан мөнгөө Худалдаа хөгжлийн банкны дансаар авч, өгөлцсөн байдаг.  Эдүгээ Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ нарын тус банкны нууц ноёнтнууд Б.Хурцын Зайсангийн аманд хууль бусаар босгосон хотхонд амьдарч буй нь нэгийг хэлээд байх шиг…

Улаанбаатар хотод vлдсэн хамгийн боломжийн хөлбөмбөг, спортын цор ганц талбайн учрыг ноён Б.Хурц маш амархан олсон байгаа биз.

Төрийн томчууд амьдардаг “Их тэнгэр” цогцолборт ч ноён Б.Хурцын гар дүрээстэй нь анхаарал татлаа. Түүний ээж Р.Нямсүрэнгийн мэдэлд байдаг “Монпол цонх” компани Төрийн тусгай хамгаалалтын газарт харъяалагдах 30 дугаар байр буюу Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байрны өргөтгөлийн хэсгийг түрээслэхээр “Их тэнгэр” цогцолбортой 2003 оны тавдугаар сард гэрээ байгуулжээ. Гэвч түрээсээр ажиллуулах нэрийн дор мөнөөх л бохир бизнесээ хийсэн байна.

“Монпол цонх” компанийнхан уг байрыг зориулалтын дагуу ашиглана гэж гэрээ байгуулсан хэрнээ төрийн тусгай хамгаалалтад байдаг уг барилгын хийцийг дур мэдэн өөрчилж, их засвар хийн гэрээгээ зөрчжээ. Төрийн мэдлийн өмчийн асуудлыг хариуцдаг ТӨХ энэ талаар юу ч мэдээгүй байжээ.  Өмчийг нь дур мэдэн сүйтгэснийг мэдсэн ТӨХ өмчөө мэдэлдээ авч, үүссэн хохирлыг төлүүлэхийг “Их тэнгэр” цогцолбор, Төрийн тусгай хамгаалалтын газарт үүрэг болгосон боловч тэд “Монпол цонх” компанийнхны дарамтаас айгаад хэрэгжүүлж чадаагүй гэдгээ ичгүүргүйгээр тайлбарласан гэдэг. Төрийн тусгай байгууллагын удирдах албан тушаалтнуудыг айлган сүрдүүлж чадсан тэд барилгад их засвар хийхэд үүссэн зардал болох 216 сая төгрөгийг, мөн  түрээсийн гэрээний хохирол нэрээр 540 сая төгрөгийг  Монголын төрөөс нэхэмжилсэн байгаа юм. Ингэж нэхэмжлэхдээ нэхэмжлэх арга барилаа зориуд өөрөөр сонгож,  өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай гаргуулахаар зохион байгуулж, нэхэмжилжээ.  Харамсалтай нь гурван шатны шүүх засварын мөнгө болох 216 сая төгрөгийг “Их тэнгэр” цогцолбор болон Төрийн тусгай хамгаалалтын газраас гаргуулж “Монпол цонх” компанид өгүүлэх шийдвэр гаргасан байна.  Үүнийг нь төсөв мөнгөө байнга чамлаж суудаг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Тагнуулын ерөнхий газар хүлээн зөвшөөрсөн нь гайхалтай. Гайхалтай ч юу байх вэ, Тагнуулын ерөнхий газар анхнаасаа асуудлыг шүүхэд зөв зүйтэй тавьсан бол шүүх ийм шийдвэр гаргахааргүй байжээ. Шүүхийг хүртэл өөрсөд нь ашигтай шийдвэр гаргуулах хэмжээнд хүртэл асуудлыг  зохицуулж чадсан энэ бүх хуурмаг явдлын ард ноён Б.Хурц байсан болохоор төр өмчөө эвдүүлснийхээ төлөө 216 сая төрөг төлсөн байна.

Энэ бүхнээс харахад, төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжийг их засвар хийнэ гэж буулгасан нь өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн засч тохижуулсан гэхээсээ илүүтэй  засвар хийсэн нэрийдлээр  мөнгө гаргуулж авах сонирхолтой байсан уу гэж хардахад хүргэж буй юм. Тэгээд ч төрийн тусгай хамгаалалттай онцгой объектод хувийн компани байрладаг, ингэж байрлах боломж олгодог нь цаанаа учиртай л байх.   Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдгийн үлгэр ийнхүү амилжээ.

Үүгээр ч зогсохгүй “Монпол цонх” компани 30 дугаар байранд их засварын ажил гүйцэтгэснээс үүдэн зарсан зардал гэх мөнгийг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтээ 2006  оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 06/14 тоот албан бичигээр ТӨХ-нд хүргүүлжээ. Гэхдээ хачирхалтай нь, ингэж хүсэлт хүргүүлснээсээ дөрөв хоногийн дараа буюу 2006  оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тус компани Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж, хуулийн этгээдийн гэрчилгээ авсан байна. “Монпол цонх” ХХК “Их тэнгэр” цогцолбортой 2003 оны тавдугаар сарын 5-ны өдөр гэрээ байгуулсан гэхээр  “Их тэнгэр” цогцолбор байгуулагдаагүй компанитай гэрээ хийж, байраа түрээслүүлсэн болж таарч байна. Төрийн өмчийг албан тушаалтнууд луйвардаж, луйвардуулж чаддагийн яруу тод жишээ гэхээс өөр үүнийг яалтай.

Дээр өгүүлсэн баримтууд Б.Хурц гэдэг энэ хүнийг газрын наймаанд гаршиж, хуулийг гууль болгож, төрийн албыг хувийн ашиг сонирхолдоо ичих нүүргүй ашигладгийг харуулж байна. Албан тушаалаа урвуулан ашигладаг, авлига авдаг Б.Хурц шиг ийм хүн төрийн төлөө ажиллаж чадах уу. Эргэлзээтэй гэдгийг түүний эзэмшсэн нимгэхэн боловсрол ч батлаад байх шиг.

Б.Хурц 1987-1991 онд Эрхүү хотод Барилгын техникумд суралцаж, барилгын мэргэжил эзэмшчээ. Үүнийгээ тэрээр өөрийн гараар төрийн албан хаагчийн анкетандаа бичиж өгсөн байдаг. Үндсэн мэргэжил нь барилгачин, дагалдах мэргэжил нь эдийн засагч, хуульч аж. Гэхдээ хуульч мэргэжлийг 1999-2000 онд буюу хэдхэн сарын дотор л эзэмшжээ. Торгоны зам компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байхдаа Тагнуулын академийн курст сууж энэ мэргэжлээ “олж авсан” байна. Эдийн засагч мэргэжлийг ч мөн 1997-1999 онд буюу дээрх компанийн төлөөлөгчөөр Москвад сууж байхдаа олжээ.

Аль ч улс оронд дээд боловсролыг доод тал нь дөрөв, түүнээс дээш жил суралцаж байж эзэмшдэг стандарттай. Гэтэл гурав хүрэхгүй жилийн дотор хоёрын хоёр дээд боловсролыг эзэмшинэ гэдэг түүн шиг хүний л хийж чадах ажил байх.

Улс эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой хариуцлагатай албанд ийм нимгэхэн боловсролтой, хууль бус үйлдэлд гаршсан хүн томилогдон суугаа нь шаардлага хангаж чадаж байгаа юм болов уу.  Төрийн албаны зөвлөл үүнийг лавшруулан шалгаж, зохих шийдвэрийг гаргах нь зүйтэй болов уу.

Б.Хурцын тэргүүлдэг Ажлын алба ямар үүрэгтэй байдаг нь тодорхой. Гэтэл энэ албаны толгойд авлига, албан тушаалын хэрэгт гаршсан нэгэн заларч суугаа нь хэзээ нэгэн цагт Монгол Улсад, Монголын төрд энд өгүүлсэн бүхнээс илүү гарз хохирол, аюул, аймшгийг дагуулахгүй гэх ямар ч баталгаа алга.

Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж авлигачдыг цээрлүүлнэ гэсэн атлаа өөрийгөө авлигачдаар тойрон хүрээлүүлчихээд сууж буй нь үнэндээ аймшиг төрүүлж байна. Ерөнхийлөгчийн хамгийн анх ажилд нь томилсон Д.Дорлигжав гэхэд л “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа улсын мөнгийг гадаадад гаргаж байршуулсан хэрэгт холбогдож, шалгагдаж байгаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгуулсан зайтай эр гэдгийг хүн болгон харин мэднэ байх.

Эрхэм Ерөнхийлөгчийн ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэсэнд нь ч итгэхэд бэрх байна. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч маань ард түмнээ бус авлигачин, албан тушаалын хэрэгтнүүдийг л ивээлдээ авчээ. Ноён Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд рефрентээр томилсон Самдангийн Эрдэнэ гэгч бас л Б.Хурцаас дутахгүй гэдгийг илтгэх баримтууд олдлоо. Тэрээр 2002-2004 онд Австрийн Вена хотод Монгол Улсыг төлөөлсөн консулаар сууж байхдаа 2002 оны арванхоёрдугаар сараас эхлэн дипломат эрх ямба нэрийн доор ХБНГУ-ын хилээр 16 удаагийн үйлдлээр тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгтээ тус улсад 2004 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс зургаан сар хоригдон, шалгагдсан байна. Түүний ХБНГУ-ын хилээр тамхи хууль бусаар зөөсөн энэ үйлдэл 650.0 мянга орчим еврогийн хохирол учруулсан нь тогтоогджээ.  Бүхэл бүтэн ХБНГУ-ыг үл тоомсорлож, Монгол Улсын болоод монголын дипломатуудын нэр хүндийг хогийн саванд чихчихээд ирсэн түүнийг гавъяа байгуулчихаад ирсэн мэт хамгийн хариуцлагатай албанд авч ажиллуулсан нь Монголын төр, ард түмнийг доромжилж буй явдал гэхээс өөрөөр ойлгогдохгүй байна.
Аливаа албан тушаалтны ивээл дор өрнөж буй ажил бvхэн ардаа хувийн ашиг сонирхол, бохир бизнес гээд хууль бус бүхнийг дагуулах болсон нь нууц биш болоод удаж байна даа. Гэхдээ Монгол төрийн алтан хуулийг гууль болгосон энэ хүмүүст хамгийн хатуу хариуцлагыг тооцох сайн цаг ирнэ биз ээ.

Б.Төгс /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.