Сураггүй бологсдыг эх орноосоо урвагчид гэж нэрлэе

2010/01/18
Share |
Хүмүүс:
Сураггүй бологсдыг эх орноосоо урвагчид гэж нэрлэе

Уг нь экспортлох чадвартай боловсролын тогголцооны тухай ярилцмаар байна. Тийм боловсрол үйлдвэрлэж чадаж гэмээ нь Монгол улс босож ирнэ. Гэтэл юун экспортлох. Импортолж амжихаа болих гээд байна шүү дээ, цаана чинь. Эрдэм өвөртлөөд ирнэ гэсэн хүү маань алс одоод сураггүй... Нэг жил, хоёр жил, гурав... арван жил өнгөрлөө... Ээж нар нь, элгэн садан нь эх орон нь тэднийг харуулдсаар. БСШУЯ-ны яамны сургалтын төрийн сангийн /СТС/ үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар зээлийн авлагын үлдэгдэл 2006 оны эцсийн байдлаар 16 тэрбум төгрөг гарчээ. Арван зургаан тэр бум төгрөг шүү. Гурван өрөө байрыг 50 сая гэж тооцоход 320 гаруй айлын орон сууцыг өлхөн барьчих мөнгө. Бүхэл бүтэн хотхон барих мөнгийг салхинд хийсгэчихэж. Салхинд хийсгэчихэж гэдгийн учир нь сурахаар явсан хүмүүсийн дийлэнх нь эргэж ирээгүйд байгаа юм.

Сэтгүүлийн маань өмнөх 22 дугаар дугаарт "Сургалтын төрийн сан азын сугалаа биш байлтай" нийтлэл гарсныг уншигч та санаж байгаа байх аа.

Мэдээж төр засгаас иргэдийнхээ, иргэдийнхээ ч гэж дээ төрийн албаныхан болон тэдний үр садыг дотоодын болон гадаадын сургуульд суралцахад нь зориулж гаргасан хөрөнгө. Иргэдээ боловсролтой болгох нь боож хаах гээд байгаа юм биш? Хамгийн гол нь төрийн зардлаар суралцахаар явчихаад эргэж илрэхгүй ичих нүүрээ элгэндээ наасан этгээдүүдийн араас арга хэмжээ авдаггүй СТС-ийн гажиг тогтолцоог гайхаад байна.

Эх сурвалж-1:
Гадаадад төрийн зардлаар сурах сонирхолтой 1900 хүний өргөдлийг УИХ, ЗГ-ын гишүүдээр уламжлуулан шийдвэрлэсэн нь СТС-гийн батлагдсан төсөв хэтрэхэд нөлөөлжээ. Үндэсний аудитын газрын ахлах аудитор Г.Нямдорж, шинжээч У.Баярмаа нараас БСШУЯ-ны СТС-гийн үйл ажиллагаанд хийсэн аудитын талаар тодруулахад:

- УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал болон манай ажлын төлөвлөгөө ёсоор БСШУЯ-ны СТС-гийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, үйл ажиллагаа нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар аудит хийсэн. Шалгалтаар төсвийн зарцуулалт үр ашиг, эргэн төлөлт хангалтгүй. Ялангуяа сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжийг суралцагчдад олгох шалгуур үзүүлэлт боловсронгуй бус байлаа. Төрийн өмчийн их дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийг тооцох нэгдсэн аргачлал мөрдүүлээгүй, өндөр хөгжилтэй орны магистр, аспирантур, докторантурт суралцагчдад олгох сургалтын төлбөрийн зээлийн хэмжээг зохих ёсоор тогтоогоогүй байна. СТС-гийн бодлого тодорхой бусаас шалтгаалан сургалтын зээл, буцалтгүй тусламжид хамрагдагсдын хүрээ хэт өргөжсөн бөгөөд зээлийг төлүүлэх оновчтой механизм алга.

СТС-гийн сургалтын зээл буцалтгүй тусламжийг санхүүжүүлэхээр 2004 онд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч, 47 мянган суралцагчдад 15 тэрбум төгрөгийн зээл буцалтгүй тусламж олгохоор гэрээ хийсэн бегеед үүнээс шалтгаалан хэтрүүлэн олгосон 2 тэрбум төгрөгийн сургалтын зээлийн өрийг 2006 оны төсвийн тодотголоор санхүүжилтийг нэмэгдүүлэн шийдвэрлэсэн байна. СТС сургалтын зээл, буцалтгүй тусламжийг нэр төрөл тус бүрээр төлөвлөж, батлуулахаар хүргүүлж буй боловч Сангийн яам санхүүжүүлэх дүнг зөвхөн сургалтын зээл, буцалтгүй тусламж гэсэн нэр төрлөөр баталж иржээ.

2005-2006 онд УИХ, ЗГ-ын гишүүдээр уламжлуулан ирсэн 1900 гаруй иргэний хүсэлт өргөдлийг шийдвэрлэсэн нь СТС-гийн батлагдсан төсвийн гүйцэтгэл хэтрэхэд мән нөлөөлсөн байна. СТС-гаас олгосон сургалтын зээлийн авлагын үлдэгдэл 2006 оны эцсийн байдлаар 38 тэрбум төгрөгт хүрч, үүний 63 хувь буюу 24 тэрбум төгрөг нь гадаадын, 22 хувь буюу 8 тэрбум төгрөг нь дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгосон зээлийн авлага, 14 хувь буюу 5 тэрбум төгрөг нь өндәр хөгжилтэй оронд суралцагчдын зээлийн хүүгийн авлага байна.

Дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгосон сургалтын төлбөрийн зээлээс 2004 онд есөн суралцагчийн 3 сая төгрөг, 2005 онд таван суралцагчийн 4 сая төгрөг, 2006 онд 11 суралцагчийн 7 сая төгрөгийн зээл төлөгдсөн нь жил бүр 2 тэрбум төгрөгийн сургалтын зээл олгож байгаатай харьцуулбал хангалтгүй байна. 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө СТС-гийн зээлээр суралцаж төгссөн 21 мянган төгсөгчийн 8 тэрбум төгрөгийн зээл, түүний хүүгийн төлбөрийг Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор чөлөөлжээ. Сургалтын зээл, түүний хүүг төлүүлэлгүй чөлөөлсөн нь сургалтын зээлийн агуулга, ач холбогдлыг бууруулж төлөлтөд муугаар нөлөөлж байна гэлээ. Аудит хийсэн шалгалтынхан ийн өгүүлж байна. Хэрвээ уншигч та өөрөө эсвэл таны дотны хүмүүс гадагшаа явж суралцах хүсэлтэй бол нийтлэлд маань дурьдагдах тоо баримтыг төвөгшөөлгүй нэг хараарай гэж хичээнгүйлэн хүсье.

Эх сурвалж2:
Төлбөрөө төлөөгүй хүмүүсийг шүүхэд өгөхөөр материалыг нь цуглуулж байна

- Сургалтын төрийн сангийн талаар үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнгийн талаар БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэнгээс тодруулахад:

- Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад суралцахаар яваад эх орондоо эргэж ирээгүй, ирсэн ч төлбөрөө төлөөгүй байгаа хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?
- 1997 оноос өндәр хөгжилтэй оронд Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Одоо 11 дэх жилдээ үргэлжилж байна. Тус шалгалтаар суралцагчид эх орондоо эргэж ирж ажиллах, зээлийн төлбөрөө төлөх нь хангалтгүй байна гэж үзсэн. Энэ хугацаанд 1000 орчим хүн гадагшаа суралцахаар явснаас 360 гаруй нь ирсэн. Шалгалтаас хойш ажлаа нэлээд эрчимжүүлсэн. Боловсон хүчнээ суралцуулахаар захиалсан яамдууд явсан хүмүүсийнхээ араас тодорхой хэмжээгээр хөөцөлддөг. Холбоо барих талаар арга хэмжээ авч байна. 321 хүн одоо суралцаж байна. Ирчихсэн байгаа хүмүүс нь гэрээт газраа 5-6 жил ажиллавал сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлнө гэж журманд заасан. Ийм гэрээтэй 100 гаруй хүн бий. СТС-ийн Удирдах зөвлөлийн хоёрдугаар сарын хурлаар хэлэлцээд 51 хүнийг болзол хангасан гэж үзээд чөлөөлөхөөр яригдаж байна.

Хамгийн гол нь оюутнууд маань явчихаад эргэж ирдэггүй. Зарим нь улсын зардлаар магистрт сурчихаад үргэлжлүүлээд докторантурт сурах зэрэг хүндэтгэх шалтгаан бий л дээ. 2003 оноос хойш явж байгаа хүмүүсээс үл хөдлөх хөрөнгийн барьцаа авдаг болсон. Ирэхгүй бол байрыг нь хураагаад авчихна. 100 гаруй хүний үл хөдлөх хөрөнгийн баримт эхээрээ хадгалагдаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдаад эргэж ирэхгүй байгаа суралцагчдын ихэнхи нь хөтөлбөрийн эхэн үед явж байсан хүмүүс. Эргэж ирсэн ч гэрээт бус газар ажиллаж байгаа бол зээлээс чөлөөлөх боломжгүй. Төлбөрөө төлөөгүй хүмүүсийг шүүхэд өгөхөөр материалыг нь цуглуулж байгаа. Эрхээ эдэлчихээд, үүргээ биелүүлэхгүй бол арга хэмжээгээ бид авна аа.

- Гадаадад суралцагчдыг ямар журмаар сонгон шалгаруулдаг вэ, зарим тохиолдолд зөвхөн нэг хүнд зориулаад хоёр оронд суралцах хоёр тушаал гаргачихсан байх юм. Танил талтай нь явчихаад байгаа юм биш үү гэдэгтэй та санал нийлэх үү?
- Үүнийг үгүйсгэхгүй. Сонгон шалгаруулалтын комисс тусдаа байдаг. Санхүүжүүлэх үүргийг л би хүлээдэг. Тухайн хүний виз нь гараагүй бол дараагийн улс руу шилжүүлсэн тохиолдол бий. Сайдын тушаал гарчихсан бол бид түүнийг өөрчлөх эрхгүй шүү дээ. Эрх биш чадалтай хүмүүс л явж байгаа. Сонгон шалгаруулалтыг ил тод, боловсронгуй болгох, төрийн сан дээр нь төвлөрүүлэх төсөл хэлэлцэж байгаа.

Эргээд төлөгдөхгүй юм бол СТС-гийн зээл гэж олгох хэрэг байна уу Зээлийн асуудал ер нь хавтгайраад байна уу, Сүүлийн үед суралцагчийн сурлагын дүнг ч харгалзахаа больжээ.
- Монгол Улсын хэмжээнд дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа 150 мянган оюутан байна. Түүнээс 28 мянга нь төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар, 17 мянган оюутан төрийн албан хаагчийн хүүхэд гэдгээр суралцаж байна. Гурван оюутны нэг нь төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдаж чадаж байна. Зээл тусламжид хамрагдахаар хүсэлтээ гаргаж байгаа маш олон оюутан байна.

Энэ санхүүжилтэд эмзэглээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Төр хэрэгтэй хүндээ мөнгөө зараад эргүүлээд авах ёстой. Ирээдүйн хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Сурлагын амжилт гаргаж чадах чадвартай хүнд олгох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Төгсөгч нь гэрээт газраа ажиллаад зээлээс чөлөөлөгдөх журмаар зээлийг олгодог болъё. Суралцагчаа сонгох эрхийг нь сургуульд нь олгодог байх журманд шилжих хэрэгтэй байна. Сурч чадахгүй бол сургалтын сангийн зээлээс хасдаг болох нь зүйтэй.

- Сургалтын төрийн сангийн зээлийн эргән төлөгдөх асуудал хэдийд цэгцрэх вэ?
- Гуравдугаар сараас ажил эрчимжиж сайжирна. Ер нь тийм аймаар муу болчихсон юм байхгүй шүү дээ. Зээлийг эргэн төлүүлэх ажил л хангалт муутай байгаа. Нийгмийн хэрэгцээ шаардлагын нэлээдийг хангаж байгаа үзэж байна.

Эх сурвалж- З:
ЗГ-ын тэтгэлгийг сайн сурлагатан авна гэдэг ховор тохиолдол
БСШУ-ны вэб сайтад нэгэн уншигч сэтгэгдлээ бичиж үлдээжээ. Жирийн л нэг иргэний сэтгэгдэл. ЗГ-ын тэтгэлгийг сайн сурлагатай хүүхэд авна гэдэг ховор тохиолдол л доо. Жишээ нь гэхэд Японы засгийн газрын тэтгэлэг хүсч байгаа бол ядаж л халаасанд чинь 15 мянган доллар байх хэрэгтэй. Харин Хятадынхыг хүсч байгаа бол таван мянган доллар гэсэн байх аа. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд бүгд тус тусдаа тарифтай.

Харин Турк явахыг хүсч байгаа бол сайн бэлдэхэд л болно. Учир нь Туркийн засгийн газар манайхаас оюутнууд сургах дуртай байдаг учир авлигал өгөх шаардлагагүй. Монгол хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан энә болов уу гэж би боддог. Боловсролын яам болон их, дээд сургуулиуд нь авлигалд хүзүүгээ хүртэл шигдчихсэн. Хөгжингүй орны их сургуулиуд руу мөнгөтэй нь л явж байна. Энэ үнэн гэдгийг бүгд мэддэг хэрнээ хэн ч юу ч хийхгүй юм. Боловсролын яамны авилгачид нь ч гэсэн ичиж улайхаа мэдэхээ байчихсан. Яана даа монголын чадварлаг залуус минь.

Эх сурвалж 4:
Төрийн зардлаар суралцагчдын нэрс нууц:
СТС-гийн зээлээр суралцахаар яваад эргэж ирсэн, ирээгүй хүмүүсийн уртаас урт, зузаанаас зузаан жагсаалт тус санд хадгалагдаж хэвтэх. Уг нь нээлттэй шалгаруулалтад оролцоод л явсан юм бол бүх нэрийг нь нууцлаад байх шаардлагагүй л баймаар. Ил тодоор сонгон шалгаруулсан уу эсвэл ямар нэг "но" байна уу.

Баримттай жишээ дурьдвал: УИХ-ын Тамгын газарт референтээр ажиллаж байгаад, 1997 онд ХБНГУ-д Гётегийн институтад суралцахаар яваад эргэж ирэлгүй 10 жил болж байгаа Пүрэвжавын БАТХИШИГ. НЗДТГ-ын нэр дээр 2001 онд АНУ-ын НьюСофвельсийн ИС-д ОУЭЗБУ-ын менежерээр суралцахаар явсан Нямдагвын ДАВААНЯМ, Дундговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар 1998 онд АНУ-ын Брекяангийн ИС-д суралцахаар явсан Халтарын БАТСУУРЬ, 1998 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын захиалгаар Бриж Фордын ИС-д явсан Мандахын БАТ-ЭРДЭНЭ... зэрэг гурван зуу гаруй хүн сураггүй.

Чимээ тасраад ихэнх нь арав гаруй жил болжээ, хөерхий. Тэдний талаар хэл сураг тавьдаг газар, хүн ч үгүй бололтой. УИХ-ын ТГ-ын захиргаа, ОНХХ, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох хүмүүсээс лавлахад сураггүй болсон хүнийг бид яаж мэдэхэв дээ. Тэндээ л амьдардаг гэсэн ш дээ. Ажлаас чөлөөлөгдсөн хугацаандаа л ирээгүй бол манайд харьяалагдахаа больчихдог юм хэмээсэн хэг ёг гэсэн хариулт илгээх юм. Хариуцлага гэдгийг төрийн албаныхан тэр дундаа УИХ, ЗГ-ын хэрэг эрхлэх газар, яамдын түвшинд иймэрхүү байдалтай л хэрэгжүүлж байна.

Эх сурвалж 5:
БСШУ-ы сайд Н.Болормаа аудитын дүнгийн талаарх саналдаа:
Өнгөрсөн 11 жилийн хугацаанд нэг хичээлийн жилд зарим өрхөөс 2-3 гишүүн гадаадад төрийн зардлаар суралцсан тохиолдол гарсан байна. Энэ асуудлыг журмаар зохицуулах нь хүндрэлтэй боловч, сонгон шалгаруулах журамд нэг хичээлийн жилд нэг өрхөөс нэгээс дээш суралцагч элсэх асуудлыг зогсоосон. Суралцагч нь захиалагч байгууллага, СТС-тай байгуулсан гэрээнийхээ дагуу зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэг хүлээж, үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг.

УИХ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь суралцагчдын авсан зээлийн телбөрийг цагдаа шүүхийн байгууллагаар барагдуулж түүгээр нь СТС-ийн эх үүсвэрийг арвижуулах ажил биш юм. Төрийн албыг өндәр боловсрол, соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй хүмүүсээр бэхжүүлэх ажил гол зорилго нь байсан боловч зарим суралцагч, захиалагч байгууллага үүрэг хариуцлагаа дутуу ухамсарлаж байгаа тул энә ажилд зарим дутагдал доголдол гарсан байна. 2005 онд шинэчлэгдсэн журмын дагуу сүүлийн 3 жилд сонган шалгаруулалтыг захиалагч байгууллагууд бие даан гүйцэтгэж байгаа боловч байдал сайжрах төлөвгүй хэвээр байна гэсэн "бөөрөнхий" тайлбарыг аудитад илгээжээ. Тэгэхээр яам энэ талаар яг ямар бодитой ажил хийх нь вэ гэдгийг хүлээхээс өөр аргагүй гэж үү. Уншигч та дээрх хэд хэдэн эх сурвалжаас сургалтын зээл хэрхэн эзэндээ хүрч зарцуулагддаг, гарсан зөрчлийг БСШУЯ юу гэж үзэж байгаа талаар мэдээлэл авч амжсан гэж бодож байна. Бодит амьдрал дээр ямар байгаа талаар цөөн хэдэн баримт сөхөж үзье. Цөөн гэдэг үгийг та анхааралдаа аваарай.

Баримт:
Зээлийн хэмжээг нэг суралцагчид жилийн 16 мянган ам.доллараар тогтоон мөрдөж ирсэн боловч, албан ёсны шийдвэр нь байсангүй.
1999 оноос өндөр хөгжилтэй оронд суралцах оюутанд олгох сургалтын зээлийн хэмжээг жилийн 16 мянган ам.доллараар тогтоон мөрдөж ирсэн гэх боловч, энэ талаар санхүү, төсвийн болон боловеролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан ёсны шийдвэр алга байна. Тухайлбал нэг хичээлийн жилд нэг өрхөөс суралцахаар явсан Нямгаваагийн Сарнай, Лянхуа нарын сургалтын нэг жилийн төлбөрт 56.4 ам. доллар, Ононгийн Алтан, Мичид нарт 64 мянган ам.доллар, Чинчулууны Раднаабазар, Алтан нарт 80 мянган ам.доллар олгосон байна.

Зөвхөн нэг хичээлийн жилд л гэхэд 22 өрхийн нийт 46 оюутны сургалтын төлбөрт өрх тус бүрт 50-80 мянган ам.доллар олгожээ. Жил дараалаад айл болгоноос хичнээн хүүхэд явсныг энд дурьдсангүй. Too цааш явж өгнө. 1997-2006 онд өндәр хөгжилтэй 31 оронд суралцсан 923 хүний 294 нь сургуулиа төгсөж эх орондоо ирсэн. 319 нь захиалагч байгууллагатай болон МТС-тай байгуулсан гэрээгээ зөрчин эх орондоо ирээгүй, 270 нь одоо суралцаж байна. Төгсөөд ирсэн 294 хүнээс 31 нь тодорхой ажил эрхлээгүй байна. Дээрх хугацаанд нийт суралцагчдад олгосон 24.8 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээлээс 38 хүний 104.5 мянган ам.доллар л төлөгджээ. 24.8 тэрбумаас ердөө л 104.5 мянган ам.доллар л энэ арван жилийн хугацаанд төлөгдсөн байна шүү дээ.

Төрийн 27 байгууллагын захиалгаар суралцагчдын, тухайлбал УИХТГ-ын захиалгаар суралцсан 27 хүний 10 нь, ЕТГ-ын 3 хүний хоёр нь, БОЯ-ны 27 хүний 14 нь, ЭМЯ-ны 74 хүний 29 нь, БСШУЯ-ны захиалгаар суралцсан 279 хүний 113 нь эх орондоо эргэж ирээгүй байна. Ингээд тоочоод байвал баримт мундахгүй л дээ...

Нийт тусламжийн 0.4 хувийг нь л олимпиадад тэргүүн байр эзэлсэн, амжилттай суралцсан оюутнуудад олгожээ. 2004-2006 онд зарцуулсан буцалтгүй тусламжийн 44 хувийг төрийн албан хаагчийн гэр бүлээс их дээд сургууль, коллежид суралцаж буй нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцахад, нийт хөнгөлттэй зээлийн 60 хувийг өндөр хөгжилтэй орны магистр, докторантурт суралцах төрийн албан хаагчийг дэмжихэд зарцуулжээ. Харин олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүн байр эзэлсэн болон амжилттай суралцагчдад 2004-2006 онд 44 сая төгрөг буюу буцалтгүй нийт тусламжийн 0.4 хувийг олгожээ.

Сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдсан суралцагчийг сурлагадаа тодорхой амжилт гаргасан байхыг шаарддаг байсныг 2002 оноос хүчингүй болгожээ. Оюуны чадавхи сайтай боловч төлбөрийн чадваргүй оюутнуудад тусламж үзүүлэх анхны зорилгоосоо гажиж сургалтын зээл, буцалтгүй тусламжид хамрагдагсдын хүрээг хэт өргөжүүлэн төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хүртэл хамруулах болсон байна. 1994-2004 онд сургалтын зээл буцалтгүй тусламжид хамрагдагсад 8-40 мянга болтлоо өсчээ. Зээл, тусламж авсан зарим суралцагч хангалтгүй суралцаж, сургуулиа орхисноос зээл, тусламжийн хөрөнгө үргүй зарцуулагдаж, сургуулиа орхигсдын сургалтын төлбөрийн хэмжээгээр их дээд сургуулиуд СТС-д өртэй үлдэж сурах чадвар идэвхийг дэмжсэн бодлого дутагдаж байгааг харуулж байна.

БСШУЯ-ны СТС-ийн дэргэдэх сонгон шалгаруулах, санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах зөвлөл 1999 оноос ажиллаж байгаа гэх юм. "Сонгон шалгаруулах" хэмээх гоёхон нэртэй энэ зөвлөл "ил тод" ажиллаж, "шалгалт өгдөггүй" иргэдийн "хүсэлтээр" шийдвэрээ гаргадаг бололтой. Харин СТС-ийн удирдах зөвлөл жил тутам хуралдах ёстой боловч 2000 оноос хойш хуралдсан тухай баримт материал алга. Ингээд бичээд байвал их л юм байна. П.Лхагвасүрэн даргын хэлснээр Удирдах зөвлөл шалгалтын дараа хуралдангуутаа 51 хүнийг зээлээс чөлөөлөхөөр болчихож. Нэмээд тэрбум гаруй төгрөгийн асуудал гарч ирэх нь. Үнэхээр ном журмаараа гэрээт газраа ажиллаад чөлөөлөгдөж байгаа бол сайн л байна. Харин хуудуутай нөхөд дунд нь цохиж явахыг үгүйсгэхгүй.

Хэрвээ та "шалгаруулалтанд" нэлээн өндөр "өргөгч цамхаггүй" л бол гадагшаа гарч суралцах хүсэл чинь горьдсоны гарз болсоор байхнь ээ. Монгол Улсын төрийн албаны /бас үр сад нь/ хэмээх нэлээд томхон , гуншингийн ард цоллуулаад явсан /эх орноосоо суралцахаар мордсон эрхэм/ тэд ядаж эргэж ирээд таван жил ажиллачихаад, зээл төлбөрөөсөө албан ёсоор чөлөөлөгдөөд, дуртай бол буцаад яваасай. Сурахаар биш ердөө л виз гаргуулж гадагшаа явахыг хүсэгчид улсын мөнгөөр ингэж туйлах хэрэг байна уу. Сурахыг хүссэн, эх орондоо эргэж ирээд илүү ихийг хийх чадварлаг залуус өчнөөн л байна шүү дээ. Ядаж тэд өөрөөсөө ичдэг болоосой доо.

Төрийн албаны гэх нэг эрхмийг явуулаад сураггүй алдаж байхаар, их дээд сургуулийнхаа сор нь болсон эрдэмтэн багш нараа залуу судлаачдаа явуулаач дээ. Харин тэднийг эргэж ирээд ядаж хэдэн жил ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх талаар яамны эрхмүүд ажлаа чиглүүлээсэй. Ядах нь ээ хэдэн багш нараа сургачихвал тэд эргэж ирээд оюутнуудад сурснаа экспортлоно биз дээ. Түшмэл ах ирээд хэнд юугаа ч заах юм билээ дээ.

Жирийн иргэдийн дунд төрийн албаны томчууд арын хаалгаар өөрсдийн хамаатан садан үр хүүхдээ явуулдаг байх гэсэн хардалт байсаар байгаа нь хэр ортой вэ? Энә хар хэр удаан үргэлжлэх бол... Эс бөгөөс төрийн зардлаар суралцахаар яваад сураггүй бологсдыг "эх орноосоо урвагчид" гэж нэрлэе. Цаг төрийн асуудал цаашид үргэлжлэх болно. Та ч бас саналаа бичээрэй.


О.Болормаа. /Цаг төр/Дугаар 28

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.