Асашёорюү Д.Дагвадорж: 2010 онд би гэрлэнэ, надтай сууя гэсэн 100 хүүхэн байна

2010/01/19
Share |
Асашёорюү Д.Дагвадорж: 2010 онд би гэрлэнэ, надтай сууя гэсэн 100 хүүхэн байна

Шинэ оныг аварга маань эх орондоо угтсан гэдгийг ойр дотныхноос нь бусад хүмүүс мэдээгүй болов уу.

Тэрээр шинэ оноо хэрхэн угтсан талаарх Японы сэтгүүлчийн асуултад “Нэгдүгээр сарын нэгэнд буюу 2010 оны анхны шинэ нарыг Морин дээрээ мордсон сүрлэг Чингис хааныхаа дэргэдээс харж үнэхээр их эрч хүчийг авсан” хэмээн хариулжээ. Мөн тэрээр сайн сайхан, хиргүй тунгалгийг билэгдэн цоо шинэхэн цагаан унаатай болжээ. “Mersedes”-ийн сүүлийн үеийн загвар болох “Mersedes S1000 limo” буюу хун цагаан өнгийн лимузин түүний шинэ гангараа болсон байна.

2010 онд би гэрлэнэ. Цаана чинь надтай сууя гэсэн 100 хүүхэн байна

Үргэлж л хар цагаан хэл ам хойноосоо дагуулж байдаг Их аварга Д.Дагвадорж маань ээлжит шуугианаа тарьжээ. Шинэ он гарахын өмнөхөн Такасаго дэвжээнийхэн цагаан будааны боов хийн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарсан нэгэн үдшийг сайхан өнгөрүүлжээ. Тэр үеэр Д.Дагвадорж 2010 онд тавьсан зорилгоо сэтгүүлчдэд танилцуулж. Гэхдээ дарсанд багагүй халамцсан байсан аваргын мэдэгдэл олон хүний гайхал бас инээдийг хүргэсэн байна.

2010 онд аварга өөртөө ямар зорилго тавьсан бэ?
Юун түрүүнд аварга маань дөрөв түрүүлж, бас гэрлэнэ гэжээ. Чухам хэнтэй гэрлэх вэ гэхэд харин зуу гаруй хүүхэн байгаа. Өнөөдөр энд л гэхэд 7-8 нь ирчихсэн байна гэсэн хачин жигтэй хариулт өгчээ.
Мөн өөрийг нь байнга шүүмжилж байдаг Сумогийн холбооны Үчидатэгийн талаар “Тэр эмэгтэйд дахин шүүмжлүүлэх юм бол дэлхийн бүх хэлээр би чамд хайртай гэж хэлнэ” гэжээ. Үүнийг нь Японы сэтгүүлчид “Сүүлийн үед Асашёорюу хайр дурлалдаа умбаад л иймэрхүү зүйл яриад байгаа биз дээ” хэмээн өөр хоорондоо ярилцсан гэнэ. Гэнэн бас дэггүй хүүхдийнх шиг аваргын дээрх үйлдэлд уншигч та өөрөө дүгнэлт хийнэ биз ээ.


Их аварга Д.Дагвадорж:
ОЛОН ХОТООР ЯВЖ НЭГ ӨРӨӨНД ГАНЦААРАА УНТАХДАА ИХ АЙДАГ

Долоо хоногийн өмнө Их аварга маань Японы “Фүжи” телевизийн өглөөний алдартай нэвтрүүлэг болох “Telephone shocking” нэвтрүүлэгт оролцжээ. Япон, Солонгосчууд хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгийг маш ихээр хийдэг. Энэ нэвтрүүлэг нь ч хөнгөн байдлаар хийгддэг чөлөөт нэвтрүүлэг юм байна. Гэхдээ энэ нэвтрүүлэг нь маш алдартай бөгөөд анх удаа сумоч оролцож буй нь энэ аж. Дагвааг студид орж ирэхэд үзэгчид “Аса хайртай, хайртай” гэж алга ташин шуугилдаж байлаа.

Японы нэр хүндтэй хошин шогийн жүжигчин Шимура Кен, зохиолч Хосокисан зэрэг нэр хүндтэй хүмүүсээс Асад гоёмсог цэцгийн баглаа, бэлгийн хамт хүргүүлсэн байлаа. Ингээд нэвтрүүлгийн зарим асуулт хариултаас сонирхуулъя.
Хөтлөгч аваргын мэндийг асууж урдуур нь алхангаа үнэхээр том биетэй юмаа хэмээн шагширна. Бас нэгэн нэр хүндтэй эрхмээс аваргатай заавал хамт хоолонд орохыг хүссэн захидал ирсэн болохыг танилцуулна./

Аса-Заавал хамт хоолонд орно оо.

Хөтлөгч-Хоол гэснээс та бэлтгэлгүй үедээ ямар хоол иддэг вэ?
Аса-Энгийн л хоол иднэ. Угаасаа хоол голоод байдаггүй юм.

Хөтлөгч-Энгийн хоол иддэг ээ. Чянко / Сумо бөхчүүдийн иддэг хоол/ иддэггүй гэж үү? Эсвэл зөвхөн бэлтгэлийнхээ үеэр л иддэг юм уу?
Аса-Сумо нарын иддэг Чянко бол маш олон төрлийн ногоо, мах ордог шим тэжээлтэй хүнд хоол л доо. Тэгэхээр нэг л хоолоо өдөр болгон идээд байж болохгүй.

Хөтлөгч- Аан. Эрүүл мэндийн дэглэм барихгүй бол болохгүй гэж үү?
Аса-Тийм ээ, үүнийг сайн бодолцох хэрэгтэй. Бас уйдчихдаг юм.

Хөт-Та үнэхээр хүчтэй хүн. Гэхдээ Хоккайдод усанд живсэн тийм ээ?/Үзэгчид инээлдэнэ./
Аса-Тэгэхэд үнэхээр халуун, хэцүү байсан юмаа. /инээв./

Хөт-Нээрээ яагаад живсэн юм бэ?
Аса-Живсэн юм биш ээ. Зүгээр л сайхан шумбамаар санагдсан юм. Үнэхээр халуун байсан учраас тэсэлгүй гол руу орохоор шийдсэн л дээ. Хэвлэлийнхэн ч бас хамт орсон мөртлөө намайг дараа нь живсэн гээд биччихсэн байсан.

Хөт-Тэгвэл зүгээр л шумбасан байх нь ээ?
Аса-Тийм ээ, намайг живсэн гэсэн мэдээлэл цацагдсаны дараа маш олон хүн “Зүгээр үү, зүгээр үү?” гэж утсаар ярьсан. Би “Зүгээр л байгаа биз дээ” гэсэн дээ. /инээв./

Хөт-Ер нь та хэр сэлдэг вэ?
Аса-Сайн чадахгүй байх. Шууд л доошоо живээд өгөх байх.

Хөт-Ийм том биеэр сэлнэ гэдэг нээрээ хэцүү байх?
Аса-Алт түүх цэнгээнт нэвтрүүлэгт орон сэлж байсан ч их удаан байсан.

Хөт-Нэг сонирхолтой зүйл байна. Би таныг их аймхай гэж сонссон. Яг юу тийм аймаар байдаг юм бэ?
Аса-Сүнс ч юмуу гараад ирвэл үнэхээр аймаар шүү дээ.

Хөт-Сүнс ээ.Та сүнс харж байсан юм уу?
Аса-Хараагүй л дээ. Гэхдээ л аймаар санагддаг.

Хөт-Сүнс байдаг гэдэгт итгэдэг байх нь ээ?
Аса-Байдаг юм биш үү. Магадгүй энэ өрөөний дээгүүр, доогуур одоо ч нисч байж мэднэ шүү./Үзэгчид ий ий гэж дуу алдах үед Аса “за за байхгүй” хэмээн тайвшруулав./

Хөт-Орой үдшээр харанхуй газраас айдаг уу?
Аса-Аймаар санагддаг шүү. Ялангуяа Жюүгёо болох үеэр олон хотуудаар явж янз бүрийн хотуудаар хоноглох шаардлага гардаг учраас эвгүй санагддаг. Тэгээд хоноглох өрөөгөө эхлээд сайтар шалгадаг даа.

Хөт-Юу?
Аса-Жаахан эвгүй санагдаад байвал ганцаараа биш залуу бөхчүүдтэй бөөнөөрөө нэг өрөөнд унтах санал тавьдаг.

Хөт-Тэгэхээр та сүнс байгаа эсэхийг мэдэрдэг хэрэг үү?
Аса-Магадгүй. Мэдрэгдээд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Айсан гэдгээсээ би ичдэггүй. Утсаар “Хөөе, энд ганцаараа айгаад байна. Хүрээд ир” гээд л хэн нэгнийг дуудчихдаг. Тэгээд тэд гэнэт яасан бэ гэж асуувал нь “Ядаргаатай юм бэ. Хурдан унт” гээд л загнаад унтуулчихдаг даа./инээв./

Хөт-Нээрээ сумо нар аймаар хурхирдаг уу?
Аса-Харин тийм юм шиг байна лээ. Сүүлийн үед би нэлээд жин нэмсэн байсан л даа. Тэгээд хажуу өрөөнийхөө хүнд мангас гэж хүртэл хэлэгдсэн байна билээ. “Ингэж аймаар хурхирдаг хүн хэн байдаг байна вэ” гэсэн чинь тэр нь би байсан гэсэн.


Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.