Өлгийн царцаа нь хүртэл мөнгөөр хооллодог болоо юу

2010/01/19
Share |
Хүмүүс:
Өлгийн царцаа нь хүртэл мөнгөөр хооллодог болоо юу

Эрх дархтнууд хувь, хувьсгалын ажлаа нэгэн дээвэр дороос амжуулдаг болжээ

Баян-Өлгий аймгийн удирдлагуудын дундах албан тушаал, хөрөнгө мөнгө, авлига, хээл хахуулийн сүлжээ цагаандаа гарч, сүүлдээ бүр нутгийн зон олон нь дийлэхээ больж арга ядахдаа Засаг даргын Тамгын газраа гороолсоор багагүй хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, энэ нутгийн өндөр, дээд албан тушаалтнууд нь төсвийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулах, чадварлаг боловсон хүчнээ үндэслэлгүйгээр ажлаас халж, танил тал хамаатан саднаа төрийн албанд “шингээх” мэтээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж үндсэндээ хариуцлагын тогтолцоо гээчийг бүрэн халжээ.

Гэхдээ хамгийн гол нь энэ бусармаг явдал хоёр жил гаруйн хугацаанд хэний ч хараа хяналтгүй “ногоон гэрэл”-ээр үргэлжилсэн нь, жигтэй юм. Харин энэ оны эхээр тус аймгийн Ардчилсан намынхан аймгийн удирдлагуудад хариуцлага тооцох ялангуяа, Засаг дарга С.Хавалыг огцруулах хүртэл арга хэмжээ авах тухай саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа оруулсан. Гэвч МАХН-ын гишүүд олонхоороо түрүү барьж, арьсаа хамгаалаад үлджээ. Харин энэ бүхний эцэст Өлгий хотын төв талбайд хугацаагүй суулт үргэлжилсээр байна.

Энд тус аймгийн аудитын шалгалттай холбоотой баримт дэлгэхэд, санхүүгийн төлбөрийн зөрчил нь өмнөх оноос 68,8 хувиар өссөн байх юм. Харин нийт дүнгээрээ 1,3 тэрбум төгрөгийн төлбөр гарчээ. Тодруулбал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын V хуралдаан Засаг даргын Тамгын газарт 20 гишүүнтэйгээр, төрийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан хоёр өдөр үргэлжилжээ. Хуралдаанаар 140 гаруй аж ахуйн нэгж байгууллагын санхүүд, 30 аж ахуйн нэгжийн гүйцэтгэлд Аудитын газраас явуулсан шалгалтын дүнтэй танилцаж хэлэлцсэн аж. Тэгэхэд аймгийн хэмжээнд санхүүгийн аудитаар 1,4 орчим тэрбум, гүйцэтгэлийн аудитын дүнгээр нэг тэрбум гаруй төгрөгийн төлбөр зөрчил илрүүлсэн байна. Харин санхүүгийн төлбөрийн зөрчил нь өмнөх оноос 570 сая төгрөгөөр огцом өссөнийг тогтоожээ.

Түүнчлэн улсын төсвөөс өлгийчүүдэд хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн салбарт царцааг устгахад 2008 онд 90 сая, өнгөрөгч онд 135 сая буюу нийт 225 сая төгрөг өгсөн аж. Гэтэл ХХААЖДҮ-ийн газрын ерөнхий нягтлан бодогч Мереурт тэргүүтэй хэдэн нөхөр дансны аргаар 50 гаруй сая төгрөгийг нь халаасалсан юм байх. Мань хүн энэ ажлаа гүйцэлдүүлэхдээ санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн огт мөнгө аваагүй хүний өмнөөс гарын үсэг зурж улсын мөнгийг луйварддаг байсныг аудитаас тогтоожээ. Уг нь төрийн сангийн мөнгийг сумдад хуваарилахдаа заавал дансаар шилжүүлэх ёстой байдаг аж. Мөн гүйцэтгэлийн дүнгийн аудитаар нэгдсэн эмнэлгийн барилгын засварт 100 сая төгрөг зарцуулсан ч жил хүрэхгүй хугацааны дараа “Сэхээн амьдруулах тасгийн” шал нь цөмөрч, дээвэр нь ховхорчээ. Тэр ч бүү хэл, сумдын хөдөө аж ахуйн салбарт 105 сая төгрөгөөр зоорь, хүлэмж барьсан мэтээр санхүүгийн тайланд тусгажээ. Гэвч үнэн чанартаа ногоо тарьдаг жирийн иргэний зоорь, хүлэмжний зургийг гүйцэтгэлдээ хавсарган эрх дархтнууд нь мөнгө “идчихсэн” байх жишээтэй баримтуудыг тоочоод байвал олон байна.

Энэ нутагт нүүрлээд буй бас нэг “идээ, бээр” нь газар олголтын асуудал юм. Тодруулбал, аймгийн Засаг дарга нь өөрийн гараар инженерийн шугам сүлжээ бүхий газарт захирамж гарган нэлээд га газрыг танил талдаа олгочихсон байх юм. Тэгээд ч энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байсан аж. Харин аз болоход эрхэм даргын булхайтай энэ үйлдлийг аудитын шалгалтаар тогтоосон байна.

Баян-Өлгий аймагт 2008 онд газрын алба нь 521,3 га газрыг оршин суугч, иргэддээ өмчлүүлжээ. Түүнчлэн 3,2 га газарт ашиглалтын гэрээ хийж, гэрчилгээ олгосон байна. Харин үүнийг С.Хавал дарга овжноор ашиглан аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий хувийн эзэмшилд зөвшөөрөгдөөгүй хэсэгт нийт 51 аж ахуй нэгж, иргэдэд нийт 25830 м.кв талбайг эзэмшүүлжээ. Түүнчлэн Засаг даргын ядуучуудад олгосон хэмээх бяцхан газарт аль хэдийнэ хоёроос гурван давхар баячуудын хаус сүндэрлэсэн аж. Энэ бүгдээс ажаад байхад, улсын маань хүн амын талаас илүү хувь нь бөөгнөрсөн Улаанбаатар хотод болдог эх захгүй газрын маргаан, хуудуутай наймаа, түүнийг дагасан хээл хахууль орон нутагт тэр дундаа баруун хязгаарт халдварлажээ. Бүр биелэлээ олсон гэхэд болохоор байна. Уг нь Баян-Өлгийн төв Өлгий хот нь бусад аймгийг бодоход өндөр уулсын дунд тэгтлээ хашигдаагүй, харьцангуй задгай уужим талбайтай шүү дээ. Нөгөөтэйгүүр, оршин суугчдын хувьд аль болох үйлдвэрлэл үйлчилгээ, төр захиргаандаа ойр амьдрахыг зорих нь гарцаагүй. Гэхдээ энгийн иргэдийн хувьд энэ нь бүтэшгүй зүйл гэнэ. Ядаж л сул талбай байхгүй, тэгээд ч холбогдох газар олгодог байгууллагад нь ч юм уу танилгүй бол гэх мэтчилэн тоочоод байвал зовлон мундахгүй бололтой. Жишээ нь хотын ойролцоох малын бэлчээрийн нийт долоон га газрыг хувьд шилжүүлсэн нь малчдын тухайд, төвөгтэй байдаг бол эзэмшигчийн хувьд, мод тарих бодол тээсээр 10-аад жилийн нүүр үзэж байгаа гэнэ шүү. Ёстой л аманд ч үгүй… болсон юм байх.

Аудитын газрын дүгнэлтээр дээрх газруудыг хууль зөрчиж олгосноос гадна үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж буй газрыг зөвхөн дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх журам хэрэгжихгүй байна гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан жишээ татвал аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Зархум цэцэрлэгт хүрээлэн дотор хоёр давхар хаус барьж, амьдардаг болжээ. Тэгээд ч болоогүй хүрээлэнгээр зочилсон хүмүүсээс татвар авдаг гэнэ. Мөн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын эхнэр аймгийн, цэцэрлэгийн эрхлэгч, хатагтай Гулнар байгууллагын-хаа хашаанд хоёр давхар хаус бариулсан туршлагыг Ерөнхий боловсролын гуравдугаар 10 жилийн захирал Турлен амьдралдаа хэрэгжүүлээд амжиж. Түүнчлэн аймгийн холбооны дарга Узбен ажлынхаа нэг давхар барилга дээр нэмж давхар бариад ажил, амьдралаа зэрэгцүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар давхрыг тэр чигээр нь гэрээ болгосон бөгөөд дээшээ гарч гэртээ, доошоо бууж төрийн албаа залгуулах жишээтэй.

Өө тийм, ажил ахуйгаа ойртуулсан бас нэг жишээ байна. Аймгийн Спорт хорооны дарга Бахыт байгууллагынхаа барилгыг өргөжүүлэн хувьдаа дэлгүүр, эмийн сан, гуанз ажиллуулж эхэлсэн гэнэ. Тэгэхээр өлгийн эрх дархтнууд хувь, хувьсгалын ажлаа нэгэн дээвэр дороос амжуулдаг моодтой болоод байгаа юм байх аа.

О.Сэлэнгэ /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.