С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн хуучиршгүй баримтууд

2010/01/22
Share |
С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн хуучиршгүй баримтууд

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэвлэлээр С.Зоригийг хөнөөсөн алуурчин илэрч, ойрмогхон аймаг руу ажлын хэсгийнхэн гэмт хэрэгтэнг баривчлахаар явсан тухай мэдээлэл гарсан. Гэвч энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрынхан яаран үгүйсгэж “Илрээгүй. Сэтгүүлчид андуурсан” гэх залруулга гаргах нь тэр. Улс төрийн нөхцөл байдал ээдрээнд орж, улс төрчид өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хэн нэгнээ буруутан болгохыг эрмэлзэх эгзэгтэй агшин бүрт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг сөхөж тавих нь аль хэдийнэ хэвийн үзэгдэл болсон. Нэг ёсны энэхүү үйлдэл нь улс төрийн ашиг хонжоо хайсан улстөрчдийн өгөөш болж ирснээс бус гэмт хэрэгтэн нь тодордоггүй орхигдсон хэргийн нэг болсон гэхэд худлаа болохгүй биз ээ.

Гэсэн ч агсан гэдэг тодотголын дор арван жил “насалж” буй Санжаасүрэнгийн Зоригийн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх хэллэг нь улам бүр үнэд орж, ардчиллын төлөө хийсэн бүхэн нь өнгөрсөн цагийн үнэ цэнэтэй үүх түүх болон үлдэж байна. Иймээс ч та бид ардчиллын түүчээгийн нас нэмсний баярыг бус “Ардчиллын аллага”ыг хэн үйлдэв гэдэгт хариулт хайж, хий дэмий л таалал төгссөн тэр бараан өдөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, “Алуурчин нь хэн бэ” гэсэн хариултгүй асуултыг чангахан шиг тавих төдийхнөөр арван жилийг үдсэн.

ЭЭЖИЙГ НЬ ЗАНАЛХИЙЛЭХЭЭС АЛУУРЧИН “АЖЛАА” ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ
Иймд уншигч танд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн улс төрийн гэмт хэргийн бараан түүхийн богинохон хэрнээ эгзэгтэй баримтуудаас нэхэн хүргэе.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цаг орчим. Ээж Г.Доржпаламынх нь гэрийн утас энэ үед дуугарчээ. Тэр дуудлагад хэн нь мэдэгдэхгүй нэгэн этгээд “Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн агаад энэ тухай хүүдээ дуулгажээ. Тэр үед хүү нь “Ээжээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэсэн ч тэрээр дөрвөн цагийн дараа хоёр алуурчны гарт гэртээ 18 хутгалуулж, амь насаа алдсан юм. Эндээс алуурчид аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулсан байсан төдийгүй энэ нь тухайн үед яригдсан “Шуналын сэдэлтэй гэмт хэрэг байсан” гэх нэгэн сэжүүрийг нь үгүйсгэнэ. Бас аль эрт С.Зориг агсныг Монголоос ч төдийгүй бус ертөнцөөс явуулах зорилго хэрэгжиж эхэлсэн гэдгийг нотлох биз ээ.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛУУРЧИД ХЭТЭРХИЙ ОЛОН БАЙЖЭЭ
Сайн хүү төрүүлсэндээ баярлаж, хэдхэн хоногийн өмнө “Хувьсгал хийсэн хүүгээрээ бахархахгүй бол би өөр юугаараа бахархах билээ” гэж чин сэтгэлээсээ ярилцлага өгч суусан ээжийнх нь сэтгэлийг өнчрүүлсэн гэмт хэргийн эзэн гэгдэж зөвхөн   1998  оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийтдээ 12 орчим хүн сэжиглэгдэж, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийн барсан байх юм. Тэдний нэрс н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөи/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний дунд УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авилга авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Бат-чулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн.

Мөн улс төр судлаач гэх Л.Эрдэнэтуул нэгэнтээ “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдлийг ч хийжээ. Бас одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай. Энэ дунд онцлохгүй байхын аргагүй зарим сэжигтэн бол нийгэмд уруу дорой амьдарч байгаа, архи дарсанд дуртай, гэмт хэргийн ертөнцөд ойр дотно байдаг Батаа, Оюунаа гэсэн нэртэй хүмүүс байлаа. Тэд “Алуурчид нэг нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх Д.Булганы мэдүүлгийн золиос болон нэг хэсэгтээ л нуувчинд орох, өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шаардлагатай болж, Цагдаагийн ерөнхий газрын хардлагын бай болж байсан юм. Харамсалтай нь, тэдний хэнээс нь ч Цагдаагийн ерөнхий газрынхан өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.

Зүгээр л тухайн үед Тэмт хэрэг тун удахгүй илэрнэ. Бид алуурчныг олж чадна” гэдэг бардам хэрнээ төөрөгдүүлсэн хариултыг өгсөөр 2010 онтой золгов. Харин энэ дунд 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж “Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан нь нотлогдсон. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн мэдээлэл тухайн үед шинээр цацагдаж байсан ч төдийлөн үнэд хүрч чадалгүй замхарчээ.

ГЭМТ ХЭРЭГТЭН ИЛЭРЧИХСЭН БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болоод ажлыг хэсгийн дарга нар Тэмт хэрэгтэнг баривчилахад ядах юм байхгүй. Бид бараг хэн гэдгийг нь мэдэж байна” гэх утгатай мэдэгдлийг хийж байжээ. Нэг ёсны тухайн үед “Гэмт хэрэг нь илэрчихсэн байсан юм биш үү” гэдэг итгэл найдвар ард түмэнд төрж, улмаар цагдаа хийгээд тагнуулынхан ч ажлаа сайн хийж буй гэдэг үнэлгээг авч байсан бололтой. Үүнд дараах мэдэгдлүүд бодит хариулт өгч байна. Хэргийн үйл явц хумигдаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон.

ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн:   Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.

Хууль зүйн сайд Л.Цог: Сэжиглэж тогтоосон хүн байгаа (1999 оны дөрөвдүгээр сар)
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэгдүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгуй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Уг нь тийм хэцүү хэрэг биш шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг нотлох үүрэгтэй хурандаа Б. Эрдэнэсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Н.Чулуунбат (1999 оны тавдугаар сар) Д.Цогтбаяр: Баримтаар дутна гэж байхгүй Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй ээ. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Цогтбаяр

ЦАГДААГИЙНХАН АЛДСАН ГЭНЭ

Хэрэг гарсан тэр шөнөөс эхэлж, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газарт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийг олон удаа шинээр байгуулсан. Мөн шинэ УИХ сонгогдох бүрт л гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаг. Гэвч гарсан үр дүн гэж байхгүй. Зөвхөн хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд гэхэд л С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг МАХН болон АХ эвслийнхэн улс төрийн ашиг хонжоо хайсан нэг гол зангилаа болгосон байлгүй. Үүний зэрэгцээ, ажлын хэсгийн гишүүдийг нь ч өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хүмүүсээр сольж байсан удаатай. Хамгийн эгзэгтэй нь, тэрхүү ажлын хэсгүүд нь хийж ирсэн ажлаа үргэлжлүүлэх бус нэг нэгнийгээ үгүйсгэх, хол зөрүүтэй мэдэгдэл хийх төдийхнөөр өөрсдийн мөрдөн шалгах ажлаа олон нийтэд тайлагнаж ирсэн юм. Үүнийг ажлын хэсгийг удирдаж байсан дарга нарынх нь дараах мэдэгдлээс харж болно.

Өмнөх ажлын хэсэгт эрүү үүсгэж байгаа

Д.Мөрөнгийн ярилцлагаас харахад “Би УИХ-ын гишүүн болсон. Энэ хэрэг надад хамаагүй боллоо” гэсэн утгатай.

Яагаад шинэ Засгийн газар бүрэлдээд энэ хэрэгт анхаарал тавина, хэргийг илрүүлнэ гэж ярьсныг би одоохондоо мэдэхгүй байна. Прокурорын байгууллага хавтаст хэргийн матөриалтай танилцаад, хэргийг шалгах явцад гарсан алдаатай зүйл дээр нь хуучин ажлыг хэсэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газар байсан цустай зангиа ЭЦГ-ын хогийн савнаас гарсан. Зангианы асуудал ч энэ дотор байгаа. Ялангуяа энэ хэрэг дээр Батаа, Оюун гэсэн нэртэй болгоныг шалгах гэж их болхи үйлдэл хийсэн шүү дээ.

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах /2000 оны аравдугаар сар/

Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн нь тодорхой болсон

Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000- тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.

Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадорж /2000 оны арванхоёрдугаар сар/

Анхнаасаа цагдаагийнхан энэ хэрэгт алдсан нь үнэн

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудлага очсноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь.15 хүн хэргийн газар руу орсон байдаг.

Дараа нь ажлын хэсгээс ал баны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдолд хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй.

УЛС ТӨРИЙН АЛЛАГА ХЭМЭЭХ СЭЖМҮҮД…
Энэ мэтээр Цагдаагийн газрын удирдлагууд өмнөх» хойдхоо үгүйсгэж, нэг нэгэндээ эрүү үүсгэж суух хооронд УИХ-ын сонгууль болжээ. Сонгуулийн дүнгээр ардчиллын андаа хөнөөсөн байж болзошгүй гэх хардлагын эзэн болсон АХ эвсэл ялагдал хүлээж, МАХН УИХ-д 72 хүний суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэдний дунд “Би УИХ-ын гишүүн болбол С.Зоригийг хэрэг илэрнэ. Эвслийн Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй” гэсэн эрч хүчтэй мэдэгдлээр өөрийн сурталчилгааг хийж байсан ЦЕГын дарга асан, хурандаа Д.Мөрөн орж ирэх нь тэр. Гэвч Д.Мөрөн УИХ-ын гишүүн боллоо гээд хэрэг илрээгүй гэдгийг онцлох хэрэгтэй.

Энэ мэтээр эгийн голын эрэг дээр цахилгаан станц босгох хүсэлтэй Чехийн “Тех-нарт” хэмээх бичил барилгын компанийн лобби хаашаа чиглэж байсан бэ, Ерөнхийлөгч асан Н.Баганбанди С.Зориг агсныг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байсан. Энэ тухай хэлэлцэх хурал нь аллага болсон өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тодорхой бус шалтгаанаар хойшилсон… гээд угаллагыг улс төрийн хэрэг гэдгийг нь баталж өгөх хангалттай олон сэжим өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Тэгвэл нийтлэлч Баабарын “1998″ он гэсэн нийтлэлд дахин шинэ сэжим хөндөгдсөн нь Н.Энхбаяр С.Зориг агсантай хүч хавсран М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан ч эргээд С.Зоригийн ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн гүйцэтгэх засаглалыг нураах ажлыг гардаж, ямар ч үнээр хамаагүй ирэх 2000 оны сонгуульд өөрийн мэдэлдээ авсан МАХН-ыг ялуулах зорилго агуулж эхэлсэн гэдэг санааг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн 1998-2000 оны тэмдэглэл өрнөнө.

Хамгийн гол нь өдгөө 20 насыг насалсан Монголын ардчиллын 10 жил нь С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн мэдээллээр “баяжиж”, С.Зориггүй ардчилал ямар бохир, ямар увайгүй болж ирснийг гэрчилж буй та бид хэзээ алуурчныг нь олж мэдэх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Иймээс ч бид ардчилал амьд байгаа эсэхэд эргэлзэж, ардчилал алдагдсан гэдэг нь улам бүр баталгаажиж буй он жилүүдэд “Алдагдсан ардчиллын амьгүй албат буюу С.Зориг агсны “амьд түүх” улам зузаан болно гэдэгт эргэлзэмгүй.

Сэтгүүлч  Г.Отгонжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ard tumen ilruulsen ene hereg ilersen. ard tumen ali hediin ilruulsen. harin gemt heregtnuud ni bultiitlee gaihaad bas eereed baigaa yum bich uu?
IP:103.26.194.29  2015-04-20 15:37:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.