Хүмүүс: Т Бадамжунай | |
Бирд гэгч тогоон чинээ гэдэстэй хэрнээ хялгасан хоолойтой амьтны тухай үлгэрт гардаг. Тэгээд ч цадаж ханашгүй шуналтай хүмүүсийг бирдтэй зүйрлэдэг болсон биз ээ. Харсан бүхнээ өөрийн болгож, хавьтсан болгоноо идэж ууж явдаг бирд шиг нэгэн бол УИХ-ын гишүүн Т.Бадамжунай. Нийслэлийн өнгөтэй өөдтэй болгоныг өөрийн болгож, эрхий дарам газрыг ч М.Энхболдтойгоо нийлэн зарж, тэр ч бүү хэл гудамжны самбараас хүртэл мөнгө олдог энэ эрийн тачаалд хязгаар гэж үгүй. “Хадгаламж”-ийн банкны 14 тэрбумаас казинод үрэлцсэн гэж дээлээ нөмрөхөө дөхсөн ч мань эр цаасан дээр гарын үсэг зурж аваагүй учраас азаар мултарсан удаатай. Тэр Тавантолгойн “Энержи Ресурс”-аас ч хувь эзэмшдэг. Үүнээс гадна мань эрийн нэгэн шунал нь хурдан удмын адууг азарга азаргаар нь цуглуулах явдал юм. Өнгөрөгч намар түүнд бялдуучилсан хүмүүс Хэнтий, Сүхбаатар аймгуудаар явж хурдны морьдыг үнэ цохин худалдаж авчирч өгчээ. Гэвч саяхнаас хэрэг мандах нь тэр. Сүхбаатар аймгийн нэгэн эр адууны цусыг сэлбэх санаатай хотын ойролцоох уяачдаар бууж мордсон юм байх. Гэтэл нутгийнх нь адуучны алдсан хонгор зүсмийн хээр үрээ айлын жүчээнд байхыг харжээ. Мэдээж хэрэг нөгөө хүн эзэн холбогдогчийг нь тогтоох гэж оролдолгүй яахав. Юу болсон гэж санана? Уг адууны эзэн УИХ-ын гишүүн Т.Бадамжунай болж таарах нь тэр. Энэ явдал мэдээж Т.Бадамжунайд хүрэлгүй яахав. Сонгууль энэ тэр хаяанд ирсэн энэ үед сав л хийвэл дээлээ нөмөрчих гээд байдаг Т.Бадамжунайгийн үнхэлцэг нь хагарчих шахан эзэнд нь хонгор үрээг багагүй мөнгөний хамт илгээх болсон гэнэ шүү.
Эх сурвалж: Маш нууц сонин