"Эрдэнэт" үйлдвэрийг арилжаалах нь зөв үү

2010/01/23
Share |
Хүмүүс:

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу цагтаа эхэлж, гишүүдийн ирц ч хангалттай бүрдсэн байв. Гишүүдийг ингэж “хүмүүжилтэй” болгосон арга нь ирцийн мэдээллийг өдөр бүр холбогдох сайтуудаар олонд дэлгэдэг болсноос үүдэлтэй юм.

Гэхдээ гишүүдийн хуралдаанд оролцож буй байдал нь нэг л биш ээ. Хуралдааны эхэнд гишүүд идэвхтэй нь аргагүй “цэц булаалдан” сүрхий сууна. Харин төгсгөлд нь ганц, хоёроороо цувж гарсаар сүүлдээ бүр хэлэлцэж буй асуудалд санал, шүүмж хэлэх тоотой хэдхэн гишүүн нь л танхимд үлддэг уламжлалтай болжээ.

Энэ өдрийн хуралдааны эхний асуудал нь Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлэг байв. Тиймээс уг асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газраас оруулсан асуудлыг нэгтгэн санал хураахад, гишүүд 73.9 хувь нь дэмжсэн юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналд тус бүрээр нь санал хураахад олонх нь дэмжив. Мөн хуулийн төсөлд оруулах найруулгын чанартай зарим асуудалд санал хураалгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Харин дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Д.Хаянхярваа гишүүн танилцуулав.

УИХ-ын гишүүн Су.Батболд, Р.Амаржаргал, Д.Арвин, Х.Баделхан, Я.Батсуурь, Д.Одбаяр, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 20-ны өдөр хэлэлцжээ.

Тухайн үед гишүүн С.Оюун, Р.Гончигдорж, Н.Энхболд, З.Энхболд нар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1930 онд баталсан “Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенци”, мөн 1957 оны 105 дугаар конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орсон тул хуулийг конвенциудын хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Мөн хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй, харин гишүүн Н.Энхболд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж, дэмжсэнийг байнгын хорооны санал дүгнэлтэд дурьджээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан хуулийн төсөл санаачлагчид болон Батлан хамгаалахын сайдаас гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Батбаяр, Ц.Нямдорж нар асуулт хүргэж хариулт авлаа. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны горимын саналаар санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжиж, улмаар 78.8 хувийн саналаар батлав.

Мөн өдрийн хуралдааны ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөгдөх асуудал бол Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай болон Жагсаалтад өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байв. Үүнтэй холбогдуулан төсөл санаачлагчийн илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонсов.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар тогтоолын төслүүдийн талаарх танилцуулгадаа, УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн хэрэгжих хугацаа дуусч байгааг дурьдлаа. Тиймээс Засгийн газраас “Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж 2009 оны зургадугаар сарын 24-ний өдөр парламентад өргөн мэдүүлсэн аж. Харин энэ хугацаанд эдийн засгийн салбарт хийх бүтцийн өөрчлөлтийн талаар баримталж ирсэн хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд зарчмын шинжтэй зарим өөрчлөлт орсон байна. Тухайлбал, УИХ-ын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан, түүнчлэн Концессын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар уг тогтоолын төслийг эргүүлэн татаж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзээд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг дурьдав.

Харин уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын зарим төрийн өмчит хуулийн этгээдийг хамруулахаар тусгаж, эрүүл мэндийн болон боловсролын салбарын өмчийг хувьчлах шаардлагагүй гэж үзсэн байна.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан гишүүн Н.Ганбямба, Х.Баделхан, П.Алтангэрэл, С.Бямбацогт, Ц.Сэдванчиг, С.Оюун, Д.Балдан-Очир, Д.Одбаяр нар төсөл санаачлагч болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан яригдсан хамгийн чухал асуудал бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад өмч хувьчлал явагдсан ч үр өгөөж нь хомсхон байгааг гишүүд дуу нэгтэй хэлж байв. Түүнчлэн хувьчлалын буянаар 200-300 тэрбум төгрөгийн ашиг олсон боловч ганц ч үйлдвэр барьж чадаагүйд нэр бүхий гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин энэ зуур самбарт үг хэлэх гишүүдийн нэрс”овоорсон ч” хуралдааны уур амьсгал нэг л назгайрсан байдалтай харагдана. Улс төрийн гол хүчнүүдийн гишүүд хоёр талаасаа босч нэгнийхээрээ “айлчлан” үг хэлээгүй л бол асуудлыг тоохгүй өөр хоорондоо шивэр авир хийнэ.

Энэ үеэр гишүүдийн анхаарлыг хамгийн их татсан асуудал бол Оросын талтай тохиролцсоны үндсэн дээр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн монголын талын хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гарган арилжаалах гэсэн заалт байв.

Гэхдээ аливаа асуудал ямагт хоёр талтай байдаг учраас гишүүдийн зүгээс олон янзын байр суурь, хардлага, эргэлзээ олонтаа гарч байсан. Тухайлбал, монголчуудын “саалийн үнээ” гэгдэх “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчилснаар одоогийн төсөвт орж буй ашиг нь хэвээрээ байж чадах болов уу. Уг нь бид зүгээр шахуу сууж байгаад л уг үйлдвэрийн зөвхөн ногдол ашгаас 100 тэрбум төгрөг олдог шүү дээ. Түүнчлэн Оюутолгой болон стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг түшиглэн байгуулагдах хуулийн этгээдийн Монгол Улсад ногдох хэсгийн зохих хувийг оруулж төрийн өмчийн оролцоотой “Монгол эрдэс” ХК байгуулж, хувьцааг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж арилжаалах нь зөв үү гэх мэт олон асуудалтай тулгарч байв. Тиймээс “ангийн дарга” энэ бүгдэд байр сууриа нэгтгэх шаардлагатайг хэлээд уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.

О.Сэлэнгэ /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.