Нэг улс, нэг зах зээлээс л хамааралтай байж болохгүй

2010/01/26
Share |
Хүмүүс:
Нэг улс, нэг зах зээлээс л хамааралтай байж болохгүй

Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбаттай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Эрдэс баялгийн салбар өнөөдөр тэргүүлэх салбар болоод байна. Бидэнд энэ тэргүүлэх салбараас юу үлдэх гэж байна вэ?
-Одоогоор Монголын эдийн засагт экспортын болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эрдэс баялгийн салбар үйлдвэрлэж, ДНБ-ний 40-50 хувийг эзэлж, улсын төсвийн 30-40 хувийг бүрдүүлж байна. Энэ бүхнээс үзэхэд эрдэс баялгийн салбар тэргүүлэх байр суурь эзэлж байгаа нь үнэн. Уул уурхайн мэргэжлийн хүний хувьд хэлэхэд энэ бахархууштай зүйл.

Харин үндэсний эдийн засгийн аюулгүй байдал талаасаа муу зүйл. Нэг салбар улсын эдийн засгийг бүхэлд нь авч явна гэдэг, тэр тусмаа гадаад зах зээл дэх үнэ, хэрэглээнээс хамааралтай байдаг бол энэ сайн үзүүлэлт биш. Тэгэх тусмаа манайх өөрөө уул уурхайн бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиглаж чадахгүй байгаа нөхцөлд гадаад зах зээлээс үнэхээр хамааралтай байгаа. Эцсийн бүтээгдэхүүн гэдэг тодорхой түвшинд нэмүү өртөг шингэсэн утгаараа шат дамжлага нь ач холбогдолтой болохоос биш Монгол өөрөө том хэрэглэгч биш. Уул уурхай эрдэс баялгийн үйлдвэр хамгийн тэргүүлэх салбар, үүнийг л хөгжүүлээд байна гэж бодвол тэр буруу.

Гэхдээ өнөөдөр эдийн засгийн бусад салбар хөгжөөгүй байна. Сүүлийн 20-иод жилд уул уурхайн аж үйлдвэрийн салбар нэг их хөгжөөгүй. Энэ салбар том байр суурь эзэлж байгаа гол учир нь сүүлийн 20-иод жилд дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ асар их өссөнтэй холбоотой. Тийм учраас тэр их үнийн өсөлтийг дагаж манай эдийн засагт уул уурхайн эзлэх байр суурь өсөөд байсан. Энэ хооронд бид ганц Оюутолгойн орд газрыг эзэмших гэж л зургаан жил хоосон ярилаа. Энэ бол асар их цаг хугацаа. Хугацаа алдана гэдэг чинь мөнгө, боломжийг их алдаж байгаа гэсэн үг. Дэлхийн зах зээлд үнэ өндөр байх үед ахиухан зэс үйлдвэрлээд гаргасан бол Монголын эдийн засагт их л хуримтлал бий болох байсан. Тэгтэл энэ оргил цаг үеийг төдийлөн ашиглаж, эдийн засгийн хямрал гараад ирэхэд өөрийгөө хамгаалах эдийн засгийн чадавх бий болгож чадаагүй. Урьд зэсийн үнэ 7000-800 байхад олсон тэр мөнгө хаачив?. Хэрэглэчихсэн л байхгүй юу. Дандаа нийгмийн халамжийн олон зүйлд зарцуулсаар байгаад хуримтлал бий болгож чадсангүй. Тэгээд хүнд байдал гараад ирэхээр өндөр хүүтэй зээл гуйгаад л, улс орнуудаас эдийн засгийн хамааралтай болох ажлаа өөрснөө хийгээд байгаа юм.

-Хуримтлал үүсгэж чадаагүй нь сонгуулиар хэт их амлалт өгөөд байгаагаас болоод байгаа. Тэгэхээр энэ амлалтуудыг зогсоох л хэрэгтэй юм шиг санагдах юм?
-Сонгуулиар есөн шидийн бүтэх бүтэхгүй амлалтаар санал худалдаж авч байгаа нь хамгийн болхи бүдүүлэг, нарийсгаад үзэх юм бол гэмт хэргийн бүрдэлтэй байж болох юм хийгээд байна. Сонгуулийг иргэний өөрийнх нь ухамсрын үндсэн дээр жинхэнэ ард түмний элч байж чадах уу? үгүй юу? гэдгийг сайн мэдэж байж саналаа өгөх ёстой. Гэтэл бид хэн их юм амлана тэрийг сонгодог. Нэр дэвшигч ч өөрөө, улс төрийн намууд ч хөтөлбөрөө гаргахдаа баахан худлаа амлалт өгч байна. Нэг нь саяыг, нөгөө нь 1.5 саяыг ч гэх шиг.

Ганц Оюутолгойн сургаар л амлаад байсан. Нөгөө Оюутолгойгоо ашиглаад эхэлье гэхээр есөн шидийн шалтаг заагаад хойшлуулаад байдаг. Ингээд ам ажил хоёр зөрсөөр байгаад эцсийн бүлэгт олон түмэн сонгогчдыг толгойг нь эргүүлж хууран, нөгөө талд нь хуримтлал бий болгох цаг хугацаагаа алдаад байгаа юм. Цаашдаа сонгуулийн систем сонгууль явуулах журмыг нарийн зааглаж өгөхгүй бол сонгуулийг арилжааны хэрэгсэл шиг болгоод байж болохгүй ээ. Муугаар хэлэхэд хуурах мэхлэх хэлбэр бий болоод байна

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аар ярьж байгаа. Сонгуулийн системээ өөрчилбөл дээрдэхгүй юу?
-Сонгуулийнхаа системд байгаа юм биш ээ. Энэ можаритор систем их зөв систем юм. Үндсэн хуулиа ч энийг бодож бид хийсэн. Порпорциональ систем бол их хурал намуудын мэдэлд ирлээ гэсэн үг. Нам тэр хүмүүсээсээ дээрээс нь сонгогдсонд тооцоод явна. Одоо бол сайн ч, муу ч хүн сонгоод байгаа. Порпорциональ систем болохоор хэдэн хүний нэр дуулгаад намыг нь сонгоно. Энэ нэг их явууртай эд биш. Улс төрийн намууд нь төлөвшиж дуусаагүй, шилжилтийн шатандаа явж байгаа улс оронд хэрэглэдэг систем биш.

-Эргээд уул уурхайнхаа сэдэв рүү оръё. Манай улс “Алт” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн сайн, муу талыг дүгнэж хэлэхгүй юу?
-1990-ээд оны үеэс ЗХУ тусламжаа зогсоон, зээл өгөхөө больж, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд тарж, тэрнээс Монголын эдийн засагт ирж байсан дэмжлэгүүд байхгүй болсон. Монгол өөрөө өөрийгөө тэтгэх шаардлага гарч ирсэн. Тэр үед хамгийн гар дор, богино хугацаанд, харьцангуй бага зардлаар ихээхэн валютын эх үүсвэр бий болгох эх сурвалж алт л байсан. Урьд бид алтыг ЗХУ-ын хэмжээгээр үнэлж дүгнэдэг байсан. Алтны нөөц 200 тонноос дээш байх юм бол эдийн засгийн хувьд үр ашигтай байна гэж үзэж Толгойт, Бугантын ордуудыг 1970-аад оны эхээр ашиглаж байлаа. Тэр үед бид жилд 600 кг алт л олборлодог байсан. Манай нутагт алтгүй аймаг сум бага. Гэхдээ хэмжээ нь их бага. Тэрийг бид урьд тоодоггүй хэрэглэдэггүй байсан. 1990-ээд онд гадаад худалдааны баланс хүндэрч, төлбөрийн чадваргүй орны дансанд орлоо.

Ингээд байгаа юмаа ашиглъя гээд “Алт” хөтөлбөр боловсруулсан. Улсын том үйлдвэр байгуулахыг хүлээж байх цаг байгаагүй. Тэгээд боломжийг хувийн хэвшлийнхэнд олгоод, хөрөнгөө яаж босгохыг нь өөрсдөд нь даатгасан. Тэр үед банкны барьцаанд тавьдаг хөрөнгөтэй хүн байгаагүй. Тэгэхээр олборлох алтаар нь барьцаалж байгаад зээл өгч эхэлсэн. Банк ч алт олборлогчид ч сайн ажилласан. Ингээд 1990-ээд оны эхэн үеийн тэр хүнд байдлаас “Алт” хөтөлбөр аварсан. Гэхдээ тэр үед бид “нинжа” гэдгийг үнэндээ бодоогүй. 2000 оноос “нинжа” нар гарч ирээд үйлдвэрүүдийн хаягдал орчимд газар ухаж, угааж байснаа өөрснөө энд тэнд газар ухаад, сүүлдээ металл хайгчтай болж, газар сэндийлээд эхэлсэн. Улсаас зөвшөөрөл авдаггүй, дээр нь байгалийг их сүйтгэж байна. Зүгээр нэг шороог усаар угааж байгаа биш цианит, мөнгөн ус гэж үйлдвэрлэлийн нарийн технологи, горимоор хэрэглэдэг юмыг бидон саванд хийж аваачаад усанд угааж хордуулж байгаа юм. Энэ “Алт” хөтөлбөртэй холбоогүй ч хөтөлбөрийн гарз тал. Түүнээс гадна алт олборлогчдын дунд ч дутагдал мундахгүй байна. Зарим нь нөхөн сэргээлтийг сайн хийж байхад зарим нь хам хум халтар хултар хийж байна. Зарим нь ерөөсөө зугтаачихаж байна.

Алтны үнэ сүүлийн 5-6 жил өсөлттэй явж байна. Одоо унци алт 1000 шүргээд байна. “Алт” хөтөлбөрийг хийж байх үед 250 доллар байсан бол одоо 4-5 дахин өсчээ. Тиймээс энэ чиглэлээр байгаа боломжоо ашиглах л хэрэгтэй. Олз гарзыг зөв зүйтэй дүгнэж, гарзыг байхгүй болгох талаар нарийн шийдвэр хэрэгтэй. Сум багийн дарга нар нутагт ирээд газрыг нь сэндийлж, усыг нь ширгээж байхад яагаад зүгээр хараад байгаа юм бэ?.

-Тэр гарз тал болоод байгаа “нинжа” нарыг тэгээд дийлэх юм уу?
-Тэрийг хорих хэрэгтэй, шуурхай мэдээлэх хэрэгтэй шүү дээ. Ийм хяналтын, зөвшөөрлийн систем байхгүй байна. Одоо гар аргаар алт олборлохыг хуульчилъя гэж яриад таван жил болж байна. УИХ-д энэ тухай хууль гурав ороод батлагдаагүй, журам маягийн юм гарсан. Хуулиар зохицуулж чадахгүй байгаа юмыг журмаар чадахгүй ээ. Үүнд төрийн нарийн зохицуулалт, хяналт хэрэгтэй. Үндсэн хуульд Монголын эдийн засаг төрийн зохицуулалттай байна гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зүгээр л гаргуунд нь орхичихоод муу байна гэж яриад байх хэрэггүй. Нөгөө талаас УИХ-ын гишүүд, төрийн албаныхан Монгол Улсад ан амьтан, ой мод, ус ургамал, газрын хэвлий түүний баялаг бүх ард түмний өмч гэсэн буруу сурталчилгаа хийж ард түмнийг замбараагүй байдал руу түлхэж байна. Үндсэн хуульд тийм заалт байхгүй. Үндсэн хуульд төрийн өмч гэсэн заалт бий. Гэтэл манайхан тийм ойлголттой учраас бүх ард түмний өмчөө гээд хэдэн бугаа хядаад дууссан, одоо хэдэн модоо хөрөөдөөд дуусч байна. Яаж байгаа юм бэ гэхээр эзэн нь юмаа мэдэж байна гэдэг. Гэтэл төр мэдэж модондоо гоожин олгож, ан агнахад зөвшөөрөл өгч, хураамж авч байх ёстой. Гадныханд 30-аад мянган доллароор зөвшөөрөл өгч байгаа. Тэгээд “Албал аз чинь, чадахгүй бол хохь чинь. Алаагүй гээд буцааж мөнгийг чинь өгөхгүй” гэдэг. Гэтэл өөрсдийнхөндөө бүх ард түмний өмч юм чи дураараа бол гэсэнтэй адил хандаж байна.

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан ч хэрэгжиж чадахгүй байгаа. Хэрэгжүүлж чадахгүй байгаа гол шалтгаан юундаа байна?
-Монгол дэлхийн гурван усны хагалбар нутаг учраас энэ талын хамгаалалт дээр анхаарах ёстой. Нөгөө талаасаа Монгол Улсын газар нутгийн 30-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авна гээд Дэлхийн байгаль хамгаалах байгууллагад амлалт авчихсан. Хойч үедээ нутаг усаа цэвэр ариунаар нь унаган төрхөөр нь үлдээж өгөх юмсан гэсэн монголчуудын байгалиа шүтэж ирсэн хэвшил . Үүнээс үзэхэд энэ хуулийн агуулга, зорилго нь их зөв. Хуулийн зохицуулалт, хэрэгжүүлэх үе шатны хувьд авах юм байхгүй.

Монголын газар нутагт хэдий хэмжээний баялаг байгааг бид мэддэггүй. 1:50 мянгын машстабын зураглал гаргаж, дараа нь жинхэнэ хайгуулын ажил хийж байж мэднэ. Ингэж судалсан талбай нийт нутгийн 22-хон хувь байгаа. Ийм судалгаа хийхэд асар их мөнгө шаардлагатай. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг өөрсдөөр нь эрсдэлийг нь даалгаад, “Та нар судалгаа хий. Юм олбол цаашаа яахаа хоёулаа ярья. Юм олохгүй бол уучлаарай, бид энд зарсан мөнгийг чинь эргэж өгөхгүй” гэсэн тохироотой байхгүй юу. Тэгээд баахан зөвшөөрөл өгсөн. Хөрөнгө оруулагчид ч судалгаа хийж байгаа. Тэгтэл гэнэт хууль гаргаад “энд судалгаа хийлгэхгүй ээ” гэчихэж байгаа юм. Тэгэхлээр нь нөгөөдүүл чинь “мөнгөө авнаа” гэнэ. Тийм их мөнгө өгөх боломж Монголд байхгүй. Ингээд бөөн өрөнд унаж байгаа юм. Энэ нэгдэх нь.

Хоёр дахь нь хүний эрсдэл хүний мөнгөөр цаг хожоод юмаа мэдэж авах боломжоо алдаж байна. Гурав дахь нь чухал ховор элемент, алмаз, уран гэх мэт ховор эрдэс олохыг хэн байг гэхэв. Тэр боломжуудыг алдаж байна. Тэгээд өнөөх л урьдынхаа мэдэхгүй хэвээрээ үлдэж байна. Аж ахуйн нэгжүүдийг ингээд хорьчихоор жолоодлогогүй “нинжа” нар тэнд чөлөөтэй үзнэ дээ. Өнөөдрийн судалгаа хийж байгаа хүмүүсийг хохироогоод, чөлөө зөвшөөрөлгүй хүмүүст дураараа дургих боломж нээгээд , гадаад дотоодын баахан улсад бөөн өртэй болоод дуусах л хууль болсон доо.

-Тэгвэл ямар зохицуулалт хийвэл болох байсан бэ?
-Үе шат тогтоогоод, судалгааных нь түвшин ийм болсон газрыг зогсооё, үүнээс цааш нэмж зөвшөөрөл олгохгүй, зөвшөөрөл аваад ажлаа эхлээгүйг нь хүчингүй болгох зэргээр ялгавартай зохицуулах байсан. Тэгвэл хэрэгжүүлэхэд их амар.

-Оюутолгойн гэрээ байгуулахдаа 34 хувийн хөрөнгө оруулалтаа манайх гаднаас зээлээр авахаар болсон. Гэтэл Цөмийн энергийн тухай хуульд 51-ээс доошгүй хувийг үнэгүй авахаар тусгасан. Энэ хоёр хуулийн зөрчилдөөн бас нэлээн маргаан үүсгэх төлөвтэй байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Оюутолгойн 250 сая ам.долларын зээл утгагүй, маш буруу зүйл болсон. Нэгэнт гарын үсэг зураад талыг нь авчихсан болохоор одоо яая гэхэв. Зүгээр л ийм ордоо бидэнд итгэж хамтарч ашиглах болсонд баярлаж байна , та нарт талархал болгож 250 сая доллар бэлэг болгож байна гэвэл болж байна. Ер нь ингүүлэх чиглэлээр ажиллах ёстой байсан. Унац ашгийг төсөөлсөн улсууд бол тэр зэргийн юмыг хийчихдэг л байхгүй юу. Бид тэгэх байсан юмыг хүүтэй зээл аваад, бөөн өр болгоод тэрнийгээ ард түмэнд өгч байна. Ард түмэн баярлалаа л гэхээс, тэр өрийг авсан хүн болгон төлөхгүй, татвар төлөх чадвартай хэд нь л төлнө шүү дээ.

Нөгөө талаар манайх 34 хувийн хөрөнгө оруулах огт хэрэггүй байсан. 100 хувь эрсдэлийг нь хөрөнгө оруулагчид даатгаад 16-17 төрлийн татвар, төлбөр хураамжаа аваад суухад л тухайн орд газрыг ашиглаад олох орлогоос 50 гаруй хувийг авчих бололцоотой. Гэтэл хөрөнгө оруулна гэдэг чинь үүнийгээ дагаад тэнд байх хариуцлагаас хуваалцах ёстой болно. Байгаль орчны талаар ноцтой зөрчил гарлаа гэхэд бид бас хөрөнгө оруулагч, бас хариуцна. Давагдашгүй янз бүрийн хүчин зүйл боллоо гэхэд нөгөө 34-өөрөө л хохирно шүү дээ. Тийм юманд өөрийгөө аваачиж хүзүүгээ тайрдсан дээр тавьж цавчуулж байх ямар хэрэг байна. Тийм их мөнгөтэй юм бол 10 аймагт ноолуурын үйлдвэр бариад түүхий эдээ Хятадын зах зээлээс хамааралгүй болгохгүй юу. Аялал жуулчлалаа өргөжүүлж, зам тавьж, орчин үеийн сайхан бааз байгуулахгүй юу.

Ураны хувьд их хэцүү. Ураны хувьцааных нь 51-ээс доошгүй хувийг манайх үнэгүй авна гэсэн нь бас л буруу хандлага. Одоохондоо ураны ашиглалтын зөвшөөрөлтэй газар гуравхан байгаа. Тэр гурав нь бүртгүүлж, олох мөнгөнийхөө талаас илүү хувийг зүгээр өгнө гэдэг хөрөнгө оруулагч хэд гарахыг бүү мэд. Нэлээн л наймаалцах болов уу. Яаж ойлгох юм, яаж хэрэгжүүлэх юм бол. Эрх биш нэг гарц олох л байх. Яг бичсэнээрээ бол хэрэгжүүлэхэд нэн хэцүү.

-Нүүрс экспортлохын тулд төмөр зам тавих болсон. Харин ямар царигтай төмөр зам, хаашаа тавих вэ гэдэг дээр маргаж эхэллээ. Аль гарц нь зөв бол?
-Гол учир тэр царигандаа байгаа юм биш. Хэрэв цариг гэж ярих юм бол 1430 мм-ийн өргөнтэй нарийн нь дэлхийн төмөр замын сүлжээний ерөнхий стандарт. Оросынх 1524 мм-ийн өргөнтэй. Орост төмөр зам стратегийн том судас болдог, өөрөө том ч нутагтай том ч гүрэн учраас дэлхийн стандартаас өөрөөр хийж авсан. Ер нь өргөн төмөр зам бол их зардалтай, их хүнд зам. Дээр нь явдаг галт тэрэг, вагон нь хүнд. Тийм хүнд юмны доодох төмөр замын байгууламж далан хайрга, шпал энэ болгон нь хүнд даацад зориулагдсан их нүсэр байдаг. Үүнийгээ дагаад зардал өндөртэй. Орос шиг том гүрэнд аюулгүй байдал хангагдаж байвал их зардал гол асуудал биш. Нарийн нь мэдээж үүнийхээ эсрэг зардал багатай, хөнгөн зам.

Харин Монголд хаанаас хаашаа барих вэ гэсэн асуудал гарч ирнэ. Таван толгойн коксжих нүүрсний гол хэрэглэгч Хятад, Япон, Солонгос, Австрали. Харин Орос коксжих нүүрсний том хэрэглэгч биш. Өөрөө өөрийгөө хангадаг. Манайхаас коксжих нүүрсийг өөрөө хэрэглэх гэж авахгүй. Гол нь 5000 гаруй км төмөр замаар тээхэд гарах тээврийн хөлсийг Орос авах гэж байгаа юм. Нөгөө мундаг БАМ-ын зам 30 хувийн ашиглалттай байгаа. Монголын коксжих нүүрсийг тээвэл эдний төмөр замын ашиглалт амилаад ирнэ. Ванино станц руу явахад 4440-өөд км газар явна. Находко гэхэд 100 км-ын л наана цаанатай. Гэтэл Таван толгойгоос урагшаа хятадын хил хүрэхэд 260-270-аад , бүр Тяньжин ч юм уу Шар далайн боомт хүрэхэд 1500-1600 км байгаа шүү дээ. Тэгэхээр тээврийн зардал 5000 км зөөхөд хэд болох билээ, 1500 км зөөхөд хэд болох билээ. Бид аль болох зах зээлд бага өртөгтэй хүргэхийг бодох ёстой. Гэхдээ энэ хоёр зам хоёулаа хэрэгтэй. Хэрэв зөвхөн урагш тавьчихвал хятадын зах зээл төмөр замын горимонд янз бүрийн өөрчлөлт ороод хаадаг боодог юм боллоо гэхэд өөр гарцтай байх ёстой.

Тэр гарц нь Оросын өргөн төмөр зам. Нэг зах зээлээс хамаарахгүй байхын тулд энэ хоёр төмөр зам хоёулаа байж байг. Ерөөсөө чөлөөтэй өрсөлдүүлээд аль түрүүн бэлэн болсноор нь зөөж байх хэрэгтэй. Хоёулаа маргааш ч орсон хэрэгтэй л байна. Үйлдвэрийн том том их даацын хүнд тоног төхөөрөмж орж ирнэ. Эхлээд төмөр замаа барих ёстой. Хойд төмөр хэр ашигтай байхыг сампиндаж байж л мэднэ. Хойд төмөр замыг барьж ашиглалтад оруулаад Орос тэр замаараа хятад руу хий зөөж, буцахдаа коксжих нүүрс зөөгөөд байж болно. Герман өөрийнхөө коксжих нүүрсний үйлдвэрийг байгуулаад зөөе гэж байгаа. Манайхаас Герман руу тээхэд Хятадаас тээснээс хоёр хоног хожиж байгаа. Хоёр хоног гэдэг бол орчин үед мөнгө. Хоёрдугаар Хятадын коксжих нүүрс тэр болгон чанарын шаардлага хангадаггүй байна. Тэгэхээр хойшоо зам тавьбал Герман сайн нүүрс авна, Орос замынхаа хөлсийг авна, Манайх аль алинаар нь хожно. Ингээд Европ, Азийн гурван зах зээлтэй байхад манайх болоод л явчихна.

-Гол нь үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй гээд байгаа шүү дээ?
-Үндэсний аюулгүй байдал гэдэгт хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээр хандаж болохгүй. Төмөр замаар өөр ачаа орж ирнэ, баахан Хятадууд орж ирээд л десант буух юм ярьж байгаа. Тийм юм гарахгүй. Муудаж маргадаг юм зөндөө байсан. Хятад, Вьетнам хоёр ямар найрамдалтай байлаа. Хэдэн жил муудлаа. Хятад хоёр улсын хил дээрх төмөр замын наана байдаг гурван рейлсийг л хуулаад хаячихсан. Бусад зам нь байж л байсан. Хэрэв бүр тэрэндээ тулдаг юмаа гэж бодоход Монгол өөрийнхөө нутагт байгаа хэсгээс 2-3 рейлсийг аваад хаячихгүй юу. Одоо бол ийм бүдүүлэг юм байхгүй л дээ. Гэхдээ магадгүй Далай лам тэр замаар нь нэг яваад хаачихлаа гэхэд л хойд төмөр замруугаа явах боломжтой л байх хэрэгтэй.

Даяаршиж байгаа энэ үед нэр хүнд асар өндөр болж байгаа, эдийн засаг нь гүйцэгдэх аргагүй хөгжиж орон тийм юм хийхгүй дээ. Дээр нь цөмийн зэвсэгтэй таван гүрэн, Монголын эрх чөлөө тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй байдлыг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хамгаална гэсэн үүрэг аваад гарын зурчихсан байгаа. Үндэсний аюулгүй байдал гэдгийг нэг улсаас, нэг зах зээлээс хамааралтай байж болохгүй л гэж бодох хэрэгтэй.

Ш.Эрдэнэчимэг /МОНЦАМЭ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
baatar muu byalduuch nohoi
IP:112.72.13.144  2015-01-24 18:57:23
Professional Salon Facial Products ”I was recommended this website by my cousin. I am not sure whether this post is written by him as no one else know such detailed about my problem. You are wonderful! Thanks!”
IP:68.71.54.96  2015-10-11 01:20:11
Salon Beauty Products ”You got your point here, hehe, you surely did. In moments like this, I think that �the WEB� is the greatest invention of all human inventions. Or at least it�s most entertaining one!”
IP:68.71.54.96  2015-10-11 01:21:06
Professional Skincare ””Hi. I go through a few of one�s other posts and wished to understand in the event you would be interested in exchanging blogroll links?”
IP:68.71.54.96  2015-10-11 01:23:38
quthrfdd XFSOGdgcjbrpopzcis, [url=http://fobpfcvtitmn.com/] fobpfcvtitmn[/url], [link=http://sfzzispwnebb.com/ ]sfzzispwnebb[/link], http://xhgmvznytffo.com/
IP:46.161.9.32  2016-10-31 11:42:07
BrieriAnigeld Раздаем по 50$ просто так. Выберите счет, инвестируйте полученные 50$ и наблюдайте за тем, как растут уже ваши деньги. Получите http://rancat.xyz/track/BDP50 - 50 USD здесь
IP:78.85.73.48  2017-01-09 15:41:56
ErickVes wh0cd5735549 viagra cialis levitra
IP:46.161.9.20  2017-05-20 10:24:09
ErickVes wh0cd27053 crestor generic viagra generic motilium
IP:46.161.9.20  2017-07-10 08:59:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.