Ч.Сайханбаярын хуурамч дипломын ард авлигын асар том сүлжээ ажилласан. Үүнийг шалгуулна

2010/02/01
Share |
Хүмүүс:
Ч.Сайханбаярын хуурамч дипломын ард авлигын асар том сүлжээ ажилласан. Үүнийг шалгуулна

СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандорж: Ч.Сайханбаярын хуурамч дипломын ард авлигын асар том сүлжээ ажилласан. Үүнийг шалгуулна

Засаг даргыг шалгасан хэлтсийн дарга ажилгүй болжээ

Сонгинохайрхан дүүргиин Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж Засаг дарга Ч.Сайханбаярын хуурамч дипломыг илрүүлсний "шагналд" ажлаасаа халагджээ. Энэ бол хотын дарга нарын увайгүй үйлдлийн илрэл. Улс төрчдийн хор, найраанд оролгүй шударга ажилласан төрийн албаны мэргэшсэн удирдлага ямар хурдан хугацаанд ажилгүй болж гудамжинд гарсан талаар иргэн М.Баасандоржтой ярилцлаа.

-Таны бие сайн уу?
-Бусдын дарамтанд орохоор хүн ямар хурдан бие нь муудаж өвддөгийг үзэж байна даа. Аргаа бараад эмнэлэгт эмчлүүлж байна.

-Та төрийн албанд шударга ажиллаж хууль бус үйлдлийг илчилсний төлөө энэ сарын 22-нд ажлаасаа халагдлаа. Чимээгүй суухаар шийдсэн үү?
- Яалаа гэж дээ. Би маргааш /өнөөдөр/ Авлигатай тэмцэх газарт хандах гэж байна.

-Яасан гэж тэр вэ?
-Та эхлээд энэ бичгийг уншчих. Ч.Сайханбаяр нь (Московский Автомобильно Дорожный Институт) МАДИ-г төгссөн гэдэг нь худлаа байгаа биз дээ. Хоёр өөр дугаартай диплом нь эргэлзээтэй байсан. Нэгдүгээр сарын 26-ны өдөр миний бие "81 дүгээр суваг" ХХК-ийн захирал Т.Цогт-Эрдэнээр дамжуулан Ч.Сайханбаярыг Орост сурч байсан эсэхийг тодруулсан. Тус сургуулийн проректор Ременцов 08-1/389 тоот албан бичгийг нэгдүгээр сарын 26-нд гаргаж Ч.Сайханбаяр тэднийд сурч байгаагүй, төгсөөгүй болохыг тодорхойлсон албан бичгийг долоо хоногийн дотор илүүлсэн

-Тэгэхээр хуурамч тодорхойлолт хийж баталгаажуулсан ОХУ-аас Монгол Улсад суугаа Консул, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын холбогдох ажилтнууд, ГХЯ-ны холбогдох албаныхан хуурамч бичиг баримт захиалсан хэрэгт холбогдож таарах нь ээ?

-Энэ хэрэг яг нэг жил болж байна. 2009 оны нэгдүгээр сарын 22-нд иргэн Сандагаас манай хэлтэст гомдол ирүүлсэн. Түүний өргөдөлд, "Засаг дарга Ч.Сайханбаяр нь хуурамч дипломтой гэж яригддаг. Үүнийг нягтлан шалгаж өгнө үү" гэж хүссэн байсан. Дотоодод төгссөн гээд байгаа Удирдлагын академийн магистрын дипломыг нь шалгахад Үндэсний архивын газар болон сургуулийнх нь архиваас хуулбар нь олдоогүй. Тиймээс таны хэлээд байгаа асуудал бас ортой байгаа юм шүү.

-Та Ч.Сайханбаяраас хуурамч дипломынх нь талаар асууж байв уу?
-Асуусан. "Би тийм сургууль төгсөөгүй. Наадах чинь хуурамч диплом байхгүй юу даа" гэж өөрөө хэлдэг юм шүү дээ. Москва хотод сургууль төгссөн асуудлыг нь сөхөхөөр хоёр диплом гаргаж ирдэг. Эхлээд Засаг даргаар ажилд орохдоо төрийн албан хаагчийн анкетан дээр нэг дипломын дугаар бичиж хуулбарлаад нотариатаар баталгаажуулсан байдаг. Тэрийг тулгаж шалгахаар эх хувь нь олддоггүй, өөр диплом авчирдаг. Огт өөр дугаартай. Манай шалгалтын явцад хоёр өөр, хоёр диплом гаргаад ирж байгаа биз дээ. Засаг дарга Ч.Сайханбаяртай би 2009 оны хоёрдугаар сарын 3-нд уулзсан санагдаж байна. Орой ажил тарж байхад намайг уулзъя гэж Ч.Сайханбаяр дуудсан.


Өмнөх өдөр нь манай байцаагч түүнтэй уулзаад асуудлыг нягталсан байдаг юм. Асуудал үүсэнгүүт л намайг дуудаж байгаа нь тэр л дээ. Яваад ортол Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Баасансүрэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Нямбаатар нартай хамт байсан. Намайг арын өрөө рүүгээ ороод ир гэсэн. Ортол, "Нэгдүгээрт, бичиг баримт маань хуурамч. Нэг насны зөрүүтэй адилхан залуус байна хамтарч ажиллая" гэсэн.

-Та хоёр өмнө нь уулзаж байсан юм уу. Насаа мэдэлцэж байхыг бодоход?
-Үгүй. Бид анх удаа л уулзаж байгаа нь тэр. Би Ч.Сайханбаярыг огт мэдэхгүй. Засаг дарга болоод хоёр сар болсон байх. Хурал дээр нэг, хоёр таарсан, нүүр тулж анх уулзаж байгаа нь тэр. Уулзангуутаа л "Нас ойролцоо сайхан залуус байна. Хоёулаа бие биенийгээ сайхан дэмжиж ажиллая. Бичиг, баримт маань хуурамч нь үнэн. Яагаад улс төрд орсон нууцаа дэлгэе. Манай бизнесийн хэдэн сайхан найз байдаг. Тэд улстөрд орж бие биенээ татаж салж хагацахааргүй сайхан найзууд болцгоосон. Тэгээд л намайг улс төрд ор гэсэн. Найз нарынхаа дэмжлэгээр явсаар яалт ч үгүй дүүргийн Засаг дарга болчихлоо. Надад хоёр, гурван нүүрсний уурхай байна. Бас жаахан мөнгөтэй. Би чамайг бусад талаар ч дэмжиж болно. Хоёулаа хамтарч ажиллая" гэсэн.

-Та ямар хариулт хэлэв?
-Би тэр үед гайхаад юу ч хэлээгүй. Би ямар ч байсан асуудлыг тодруулж байгаа, судлах ажил дуусаагүй байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь хоёр сонинд Мэргэжлийн хяналтынхан Засаг дарга Ч.Сайхшбаярыг шалгаж хуурамч дипломтойг нь тогтоолоо гэсэн утгатай нийтлэл гарсан байсан. Би тэр нийтлэл гарсныг ч мэдээгүй. Хэн, яаж яваад үүнийг гаргасныг нь мэдэхгүй. Гэтэл тэр өдрөөс эхлэн Засаг дарга Ч.Сайханбаяр над руу утасдаж, "Чамтай би эр хүн шиг яриад, тохирсон биз дээ. Чамайг ална. Хэний захиалгаар ийм юм хийснийг чинь би мэдэж байна" гэж баахан заналхийлсэн. Тэрнээс хойш намайг байнга янз бүрээр дарамталдаг болсон. Миний ажилд байнга шалгалт оруулна. Миний эсрэг хийж болох бүх зүйлийг хийлгэсэн дээ. Ч.Сайханбаярын цаана УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бий. Энэ хүн намайг “Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтаас зайлуулж өгөөч” гэдэг хүсэлтийг олон даргад тавьсан байна лээ.

-УИХ-ын гишүун Ц.Батбаяр таныг ажлаас чинь зайлуулах хүсэлт тавьсныг та яаж мэдсэн юм бэ?
-Олон удаа намайг янз бүрийн байдлаарсонинд бичүүлж байсан. “Зодоон хийлээ, ёс зүйгүй” гэх мэтээр мэдээ тарааж байсан учраас би танадаж мэдсэн юм. НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн надад “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас чамайг ажлаас нь чөлөөл гэж шахаад байна” гэж хэлж байсан. Би итгээгүй. Ажлаа сайн хийгээд шударга явж байхад болно гэж бодсон. Өнөөдөр даргын хэлснийг үнэн гэдгийг ойлгож байна

-“Хуурамч дипломыг нуун дарагдуулбал 40 сая төгрөг өгье” гэж Засаг дарга Ч.Сайханбаяр танд амласан юм бишүү?
-Тийм санал тавьсан. Асуудлыг би харьяаллынх нь дагуу АТТ-т өгсөн. Шалгаад дотоодод төгссөн диплом нь хуурамч гэдгийг нь тогтоосон. Оросын хоёр дипломын асуудал бий. "Нэгийг нь хаясан. Хаяснаа би нөхөн бичүүлж авсан" гэж ярьдаг. Өөрөө гүйж байгаад хоёрдугаар сард Монголд суугаа ОХУ-ын ЭСЯ-аар дамжуулаад "Сургууль төгссөн нь үнэн" гэсэн бичиг авчирч өгсөн. АТГ-ынхан над руу бичиг явуулж “Танайх энэ хэргийг өөрийн шугамаар дахин нягтлаж шалгаад манайд эргүүлэн хариу мэдэгдэнэ үү” гэсэн. Хоёрдугаар сарын 27-нд албан тоотоор ГХЯ-аар дамжуулан түүнийг "ОХУ-д сурч төгссөн" гэсэн лавлагаа гаргаж өгөөч гэж бичиг явуулсан. Хоёрдугаар сард явуулсан бичиг дөрөвдүгээр сар гарч байхад хариу нь ирдэггүй. Тавдугаар сард би албан тоот явуулж "Бичиг хэргийг шийдвэрлэх хугацаа хэтэрлээ. Дипломат шугамаар ажил хийж байхад яагаад ингэж удааширдаг юм бэ" гэж асуусан. Тавдугаар сарын 7-нд "Энэ сургуулийг төгссөн нь үнэн байна" гэсэн утгатай бичиг Оросын Элчингээр дамжуулан авчирч өгсөн. АТГ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж энэ хэргийг хаасан юм. Иргэд энэ хугацаанд манайд их мэдээлэл ирүүлж байсан. "Энэ хүн ямар ч сургууль төгсөөгүй. Машины ченж байсан" гэх мэтээр мэдээлдэг юм. Ч.Сайханбаяр 1989 онд Орост сургуульд явсан гэж хэддэг ч анх удаа 1992 онд хил давсан баримт байна. 1991онд анх гадаад паспорт авсан хүн 1989 онд сургуульд явах уу.

1989 онд Орост сургуульд сурах хүн яамнаас томилолт авдаг байж. Тэр үед тухайн сургуульд дөрвөн хүн яамны томилолтоор яваад 1994 онд хоёр нь төгсч ирсэн байдаг. Тэд одоо амьд сэрүүн ажил хийгээд явж байна. Түүнийг танихгүй гэдэг. Ч.Сайханбаярыг сургууль төгсөөгүйн төлөө яагаад би ажлаасаа халагддаг юм бэ?. Одоо би төрийн албан хаагч биш иргэн болсон. Хэргийн эцсийг нь үзнэ.

-Таныг бизнес, улс төрийн бүлэглэл нугачин дарж байхад яаж эцснйг нь үзнэ гэж?
-Орост суугаа сэтгүүлч нөхдөөр дамжуулан Ч.Сайханбаярыг сургууль төгсөөгүйг нь олж мэдлээ. Маргааш (өнөөдөр) энэ талаар мэдээлэл хийнэ. Элчин сайд, ГХЯ-аар дамжуулан дөрвөн сар болоод олж авч чадаагүй бичгийн хариуг "81 дүгээр суваг" сонины захирлын нэр дээр би хүсэлт гаргаж долоо хоногийн дотор авлаа. "Манай сургуульд Монгол Улсын иргэн Чулууны Сайханбаяр гэж хүн огт суралцаж байгаагүй. Устчихсан, нөхөөд авчихсан гэх хоёр өөр дугаартай дипломыг манай сургууль олгож байгаагүй болно" гэсэн хариуг би өчигдөр авлаа. Түүний булхайгаас болж би улс төрийн эолиос болжээ гэдгээ сая л ойлголоо. НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн "Чи ажлаа аятайхан хий л дээ. Чамайг ямар ч байсан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс зайлуул гэж намайг шахаад суулгахгүй байна. Чи уг нь ажлаа сайн хийдэг л дээ" гэж наймдугаар сард сануулж байсан. Сая намайг ажлаас өөрчилсөн шалтгаанаа манай газрын дарга тайлбарлаж чадахгүй эвгүй байдалтай л сууна. Би төрийн албаны салбар эөвлөлд гомдлоо тавьсан. Цааш ньТАЗ-д нь ч хандана. Би хуульч хүн.

Тэдний гаргасан шийдвэр ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Ч.Сайханбаяр гэмт хэрэг хийсэн нь тодорхой байна. Ямар ч боловсролгүй, ямар ч сургууль төгсөөгүй байж гарч ирчихээд мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн захиргааны албан хаагчийг улс төрийн бүлэглэлүүдийн эолиос болгож болохгүй. Энэ бол ганц Ч.Сайханбаярын асуудал биш. Үүний цаана их том бүлэглэл бий болж бизнесээ өргөжүүлдэг, иргэдийг хохироодог сүлжээ аалзны тор шиг хэрчихэж. Би тэдний үүр, уурхайг ил гаргана. Манай дүүргийн ажил байдал үүнээс болоод л гацаанд орсон шүү дээ. Яагаад бид шударга хүмүүсийг дэмжиж болдоггүй юм бэ. Иргэдийн хурлын зарим төлөөлөгч үнэний төлөө, иргэдийнхээ эрх ашгийн төлөө явж Ч.Сайханбаярын булайг дэлгэж байхад хотын Засаг дарга Г.Мөнхбаяр үүнийг дэмжихгүй байгааг нь ойлгохгүй байна. Эндээс хэн нь, хэний талд орж байгаа нь харагдаж байгаа юм биш үү

Д.Мягмар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.